Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 152/ШШ2024/00295

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сант сумын ... дүгээр багт оршин суух, регистрийн дугаар ...., Г ургийн овогт О-ын Бийн,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1963 онд төрсөн 61 настай. Би Малчин сумын 8 жилийн дунд сургуулийг 1980 онд төгсөөд эцэг, эхийн хамт мал маллаж байгаад 1981-1984 онд цэргийн алба хаасан. Улмаар 1985 оны 4 дүгээр сараас Увс аймаг дахь Хүнсний үйлдвэрийн даргын тушаалаар анх грушикээр ажиллаж эхэлсэн бөгөөд үйлдвэр дотроо талхны ачигч, талхчин, машинист зэрэг ажлуудыг 1995 оныг дуустал хугацаанд хийж байсан. Одоо тэтгэвэрт гарах гэтэл анх Увс аймаг дахь Хүнсний үйлдвэрт ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй тул тэтгэврээ тогтоолгож чадахгүй байна. 1993-2000 оны ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан. Иймд 1985 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оныг хүртэл Увс аймаг дахь Хүнсний үйлдвэрт грушик, талхны машины ачигч, машинистаар ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 78 дугаар зөвлөмжийн хуудас, О.Бийн 296347 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Архивын тасгийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 461 дүгээр цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Увс аймаг дахь Хүнсний үйлдвэрийн даргын 1985 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 82 дугаар Ажилд түр томилох тухай тушаал, 1987 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 25 дугаар Ажилд шилжүүлэн томилох тухай тушаал, 1988 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 193 дугаар Ажилд түр томилох тухай тушаал, 1989 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 26 дугаар Үр дүнгийн шагнал олгох тухай тушаал, хавсралт, 1993 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 31 дүгээр Ажилд түр томилох тухай тушаал, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэл хийсэн баталгаажилтын хуудас, гэрч Л.Б, Б.Ц нарын иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

3. Шүүхээс Л.Б, Б.Ц нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч О.Бийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч О.Бийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэгч О.Бийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч анх ажилд томилогдсон тушаал, ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байгаагийн улмаас ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан байна.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 78 дугаар зөвлөмжийн зөвлөмжийн хуудаст: О.Б нь 1985 оноос 1993 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймаг дахь Хүнсний үйлдвэрт ажилд орсон болон ажлаас чөлөөлсөн тухай бичсэн хөдөлмөрийн дэвтэр болон тушаал шийдвэр нь ажилласан жил тооцох шаардлага хангахгүй байгаа тул тэтгэвэр тогтоох боломжгүй байна. Иймд шүүхэд хандах шаардлагатай гэжээ.

4.2. Увс аймгийн Архивын тасгийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 461 дүгээр цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэрт Ойдовын Бийн 1985 оны 5 дугаар сараас 1995 оны 4 дүгээр сарыг дуустал Увс аймаг дахь Хүнсний үйлдвэрт ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлсэн байх тул цалингийн тодорхойлолтыг шийдвэрийн үндэслэл боломжтой гэж үзлээ.

4.3. Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харьяа Увс аймаг дахь Хүнсний үйлдвэрийн даргын 1985 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 82 дугаар Ажилд түр томилох тухай тушаалаар О.Бийг грушикийн ажлаас чөлөөлж, давсны цехийн ажилчнаар, 1987 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 25 дугаар Ажилд шилжүүлэн томилох тухай тушаалаар үйлдвэрийн слесарь О.Бийг талхны машины ачигчаар, 1988 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 193 дугаар Ажилд түр томилох тухай тушаалаар сахиулаар, 1989 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 26 дугаар Үр дүнгийн шагнал олгох тухай тушаал, хавсралтаар үр дүнгийн урмашуулал олгосон, 1993 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 31 дүгээр Ажилд түр томилох тухай тушаалаар цехийн ажилчнаар тус тус томилсон байх тул тушаалуудыг нь иргэний хэрэгт ач холбогдолтой гэж үзэн тушаалуудыг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ. Нэхэмжлэгч нь 1985 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оныг хүртэл Увс аймаг дахь Хүнсний үйлдвэрт грушик, талхны машины ачигч, машинистаар ажиллаж байсан гэх боловч дээрх тушаалуудаар эдгээр ажлаас гадна ажилчин, слесарь, манаачаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

4.4. О.Бийн 266347 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: 1985 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр үйлдвэрийн грушикаар авч ажиллуулав, 1993 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр манаачийн ажилд шилжүүлэн томилов гэсэн бичилтүүд хийгджээ. Тус дэвтрийг нээсэн он завсартай байгаагаас гадна нэхэмжлэгч О.Бийн талхны машины ачигч, машинист, ажилчин, слесариар ажиллаж байсан бичилтүүд хийгдээгүй байх тул хөдөлмөрийн дэвтрийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж үзсэн болно.

4.5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Л.Б, Б.Ц нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Л.Б Миний бие 1981 оноос 1998 он хүртэл Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харьяа Увс аймаг дахь Хүнсний үйлдвэрийн архины цехэд ажиллаж байсан. О.Б нь 1985 оноос 1993 он хүртэл тус Хүнсний үйлдвэрт грушик, талхчин, машинист зэрэг ажил хийж байсан. О.Б 1993 онд ажлаасаа гарсан гэж, гэрч Б.Ц Миний бие 1987 оноос 1998 он хүртэл Увс аймаг дахь Хүнсний үйлдвэрт грушик, талхчин зэрэг ажил хийж байсан. О.Б нь хэдэн онд тус Хүнсний үйлдвэрт ажилд орсны мэдэхгүй байна. Намайг 1987 онд тус үйлдвэрт ажилд ороход грушикаар ажиллаж байсан. О.Б нь 1993 он хүртэл грушик, талхчин, машинистаар ажиллаж байгаад ажлаас гарсан. О.Бийг хэзээ цэргийн алба хаасан эсэхийг мэдэхгүй байна гэж тус тус мэдүүлсэн бөгөөд тэдний шүүхэд өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох цалингийн тодорхойлолт, тушаалуудаар тогтоогдож байх тул тэдний мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой юм.

5. Нэхэмжлэгч нь 1985 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оныг дуустал Увс аймаг дахь Хүнсний үйлдвэрт грушик, ажилчин, слесарь, талхны машины ачигч, машинист, манаачаар ажиллаж байсан болох нь дээрх бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч О.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Г ургийн овогт О-ын Бийн 1985 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оныг дуустал Увс аймаг дахь Хүнсний үйлдвэрт грушик, ажилчин, слесарь, талхны машины ачигч, машинист, манаачаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч О.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ