Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 152/ШШ2024/00294

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Завхан сумын .... багт оршин суух, регистрийн дугаар ...., Я ургийн овогт Цын Гын,

Ажиллаж байсан байдал болон цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Г 1969 онд төрсөн, 55 настай. Ц.Г 8 дугаар анги төгсөөд илгээлтээр Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд тэмээчнээр ажилд орсон. Ц.Г нь 1985 оны 5 дугаар сараас 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нэгдэлд ажиллаад цэргийн албанд татагдсан. 1989 оны 10 дугаар сард цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн Завхан сумын Сандалай нэгдэлд тэмээчнээр ажилласан бөгөөд нэгдэл тарснаас хойш хувийнхаа мал маллаж байна. Ц.Г 1990-2000 оны ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан. Одоо малчнаар тэтгэвэрт гарах нас болсон бөгөөд тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд ажилд орсон, гарсан тушаал байхгүй, мөн цэрэгт явахад түүний Г нэрийг Ганболд гэж нэр буруу бичсэн зөрчилтэй байгаа тул тэтгэврээ тогтоолгож чадахгүй шүүхэд хандаж байна. Иймд Ц.Гын Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд 1985 оны 5 дугаар сараас 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тэмээчнээр ажиллаж байсан байдал, мөн 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Барилгын цэргийн 073 дугаар ангид цэргийн алба хаасан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет, Батлан хамгаалахын яамны Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 06/811 дүгээр лавлагаа, 634245 дугаартай цэргийн батлахын хуулбар, Ц.Гын хөдөлмөрийн дэвтэр, илгээлтийн эзний үнэмлэх, Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 147 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэл хийсэн баталгаажилтын хуудас, гэрч Ц.Ггийн иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Б.Пийн иргэний үнэмлэхийн болон цэргийн батлахын хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

3. Шүүхээс Ц.Г, Б.П нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цгийн Ц.Гын ажиллаж байсан байдал болон цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, 135.2.14-т зааснаар хүний ажиллаж байсан байдал болон тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч Ц.Гын ажиллаж байсан байдал болон цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

3. Ц.Гын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн талаар:

4. Нэхэмжлэгч Ц.Гын ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй байгаагийн улмаас ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан байна.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

5.1. Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 147 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэрт Санжидын Г-ын 1985 оны 5 дугаар сараас 1987 оны 8 дугаар сарыг дуустал Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлсэн байна. Тухайн баримтад нэхэмжлэгчийн овгийг Санжид гэж 1 үсгийн зөрүүтэй бичсэн байх боловч цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетад төрсөн он, сар, өдөр 1969.03.19, хэдэн оноос хаана, ямар ажил хийж байсан хэсэгт 1985 оноос Сандалай нэгдэлд тэмээчин гэж бичигдсэн байх тул цалингийн тодорхойлолтыг шийдвэрийн үндэслэл боломжтой гэж үзлээ.

5.2. Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдлээс Ц.Гад олгосон хөдөлмөрийн дэвтэрт түүний 1985 оны 1 дүгээр сараас 1989 оны 9 дүгээр сарыг дуустал, 1989 оны 11 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажилласан хоног, авсан цалин хөлсний талаар бичилт хийгдсэн байх боловч тус дэвтрийг олгосон он бичигдсэн хэсгийн бичиг арилсан, мөн нэхэмжлэгч нь 1985 оны 5 дугаар сараас ажиллаж эхэлсэн байхад хөдөлмөрийн дэвтэрт 1985 оны 1 дүгээр сараас ажилласан талаар бичилт хийгдсэн байх тул хөдөлмөрийн дэвтрийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна. Түүнчлэн илгээлтийн эзний үнэмлэхэд дарагдсан тамга бүдэг, ямар байгууллагын тамга болох нь тодорхойгүй байх тул тухайн баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй.

5.3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ц.Гг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Ц.Г Миний бие 1981 онсос 1993 оныг дуустал Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэл тоо бүртгэгч, бригадын дарга, нярав малчин зэрэг ажлуудыг хийж байсан. С.Г 1985 онд дунд сургууль төгсөөд 1985 оноос 1987 оны 10 дугаар сар хүртэл Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд тэмээчнээр ажиллаж байгаад цэргийн албанд татагдсан бөгөөд 1989 онд цэргээс халагдаж ирсэн гэж мэдүүлсэн ба түүний мэдүүлэг нь Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 147 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет зэрэг баримтаар тогтоогдож байх тул мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ.

6. Нэхэмжлэгч Ц.Г нь 1985 оны 5 дугаар сараас 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд тэмээчнээр ажиллаж байсан болох нь Архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 147 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет, гэрч Ц.Ггийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цгийн Ц.Гын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

7. Ц.Гын цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн талаар:

7.1. Батлан хамгаалахын яамны Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 08/1084 дүгээр лавлагаанд: Цын Ганболд БХЯ-ны сайдын 1988 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн н/507 дугаар тушаалаар Увс аймгаас 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 073 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1989 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн н/347 дугаар тушаалаар 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 634245 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэжээ.

7.2. 634245 дугаартай цэргийн батлахын хуулбарт: Биеийн байцаалт хэсэгт: Цын Ганболд, төрсөн он, сар, өдөр 1969.03.19, цэргийн алба хаасан байдал хэсэгт: ...Увс аймгийн цэрэг татлагын комиссоос цэргийн албанд татав /1987.10.18/ гэжээ.

Дээрх баримтуудад нэхэмжлэгчийн нэрийг Ганболд гэж нэрний арын үеийг зөрүүтэй бичсэн байх боловч цэргийн алба хаасны архивын лавлагаа болон цэргийн батлахад бичигдсэн нэхэмжлэгчийн овог, төрсөн он, сар, өдөр тохирч байх тул баримтуудыг нэхэмжлэгч Ц.Гынх гэж үзэх үндэслэлтэй.

7.3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Б.Пийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Б.П Ц.Г нь 1985 онд дунд сургууль төгссөн ба 1985 оноос 1987 оны 10 дугаар хүртэл Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд тэмээчнээр ажиллаж байгаад цэргийн албанд татагдсан бөгөөд 1989 онд цэргээс халагдаж ирсэн. Ц.Г бид хоёр 1987 оны 10 дугаар сард хамт цэргийн албанд татагдаж, миний бие Зүүнбаянгийн 169 дүгээр цэргийн ангид, Ц.Г Дорнод аймгийн 073 дугаар ангид цэргийн алба хаасан гэж мэдүүлсэн ба түүний мэдүүлэг нь Батлан хамгаалахын яамны Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 08/1084 дүгээр лавлагаа, 634245 дугаартай цэргийн батлахын хуулбар зэрэг баримтаар тогтоогдож байх тул мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ.

8. Иймд дээрх баримтуудыг үндэслэн Ц.Гыг 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Барилгын цэргийн 073 дугаар ангид цэргийн алба хаасан болохыг тогтоож шийдвэрлэв.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ц.Гын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Яргай ургийн овогт Цын Гын 1985 оны 5 дугаар сараас 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд тэмээчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Яргай ургийн овогт Цын Гыг 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Барилгын цэргийн 073 дугаар ангид цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ц.Гын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ