| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2023/00232/и |
| Дугаар | 152/ШШ2024/00292 |
| Огноо | 2024-07-05 |
| Маргааны төрөл | Нас тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 152/ШШ2024/00292
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, регистрийн дугаар ..., Б ургийн овогт Ц-ийн Гын,
Нас тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Г /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1981 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын Нэгдсэн эмнэлэгт төрсөн юм. Эцэг эхээс гурвуулаа бөгөөд эгч Ц.Г нь 1979 оны 12 дугаар сарын 13-ны өдөр, дүү Ц.Г нь 1985 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төрсөн. Гэтэл эгч, дүү нар маань улсын бүртгэлд бүртгэгдсэн байгаа боловч намайг төрснийг улсын бүртгэлд бүртгээгүй байна. Миний бие гадаад руу явах гээд бичиг баримтаа бүрдүүлтэл төрсний гэрчилгээ шаардлагатай болж Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс төрсний гэрчилгээний лавлагаа, төрөлтийн бүртгэлээ шүүлгэсэн боловч 1981-1984 оны хоорондох бүртгэлээс төрөлтийг бүртгэсэн бүртгэл гарч ирээгүй ба иргэний улсын бүртгэлд бүртгэгдээгүй болохоо мэдлээ. Үндэсний архивын сан хөмрөгөөс архивын лавлагаа автал тухайн лавлагаа дээр бүртгэлтэй байгаа ч хэдэн онд төрсөн талаар байхгүй, лавлагааг үндэслэн иргэний улсын бүртгэлд төрснийг бүртгэх боломжгүй байгаа тул Увс аймгийн Улаангом суманд 1981 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төрөлт бүртгэлгүй талаарх лавлагаа, Ц.Г, Ц.Г нарын төрсний бүртгэлийн лавлагаа, Б.Цийн гэр бүлийн 1989 оны хүн ам, орон сууцны тооллогын архивын лавлагаа, Ц.Гын 0188047 дугаартай суурь боловсролын гэрчилгээ, гэрч Б.Ц, Ц.Я нарын иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Шүүхээс Б.Ц, Ц.Я нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан, шүүхийн санаачилгаар шинжээчийн дүгнэлт гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Гын 1981 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-т заасан нас тогтоолгох тухай хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч Ц.Гын нас тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгч Ц.Гын төрөлтийн бүртгэл Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдээгүй тул 1981 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Үндэсний архивын сан хөмрөгийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 03-06/1903 дугаар архивын лавлагаанд: 1989 оны хүн ам, орон сууцны тооллогоор Балжиннямын Ц - өрхийн тэргүүлэгч, 34 настай эрэгтэй, Ций Я эхнэр, 29 настай, эмэгтэй, Цийн Г 9 настай, эмэгтэй, Цийн Г 7 настай, эрэгтэй, Цийн Г 3 настай, эрэгтэй, Ций Д дүү, 17 настай, эрэгтэй гэж бүртгэгдсэн байна. Ц.Гын 1979 онд төрсөн, эгч Ц.Гийг 9 настай, 1985 онд төрсөн, дүү Ц.Гыг 3 настай гэж тооллого явуулсан сараас шалтгаалан 1 насаар дарж бүртгэсэн байна. Иймд Ц.Гыг 7 настай гэж бүртгэснийг 1 насаар дарж бүртгэсэн гэж үзэв.
4.2. Ц.Гын 0188047 дугаартай суурь боловсролын гэрчилгээнд төрсөн он 1981 тэмдэглэсэн байх тул тухайн баримтыг хэрэгт ач холбогдолтой гэж үзлээ.
4.3. Шүүхийн санаачилгаар Ц.Г нь хэдэн настай байж болохыг тогтоолгохоор шинжээч томилсон ба Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 253 дугаар дүгнэлтэд: Ц.Г нь 40-45 настай байх боломжтой гэжээ. Иймд тухайн шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзсэн болно.
4.4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.Ц, Ц.Я нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Б.Ц Миний хүү Ц.Г нь 1981 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн. Ц.Гын эгч нь Ц.Г 1979 онд, дүү Ц.Г 1985 онд төрсөн. Ц.Гыг төрсний бүртгэлд бүртгүүлсэн зсэхийг санахгүй байна. Ц.Г 1996 онд дунд сургуулиа төгссөн гэж, гэрч Ц.Я Миний бие 3 хүүхэд төрүүлсэн бөгөөд том охин Ц.Г нь 1979 оны 12 дугаар сарын 13-ны өдөр, дунд хүү Ц.Г нь 1981 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр, бага хүү Ц.Г нь 1985 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн. Ц.Г 1988 онд Улаангом сумын 2 дугаар сургуульд элсэн орж 1996 онд 8 дугаар анги төгссен. 1998 онд Улаангом сумын 1 дүгээр 10 жилийн дунд сургуулийн 10 дугаар анги төгссөн. Ц.Гыг тухайн үед төрсний бүртгэлд бүртгүүлсэн эсэхийг сайн санахгүй байна гэж тус тус мэдүүлсэн байна. Гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг нь Үндэсний архивын сан хөмрөгийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 03-06/1903 дугаар архивын лавлагаа, Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 253 дугаар дүгнэлтээр тогтоогдож байх тул тэдний мэдүүлгийг хэрэгт ач холбогдолтой гэж үзэв.
5. Иймд дээрх бичгийн нотлох баримтууд болон гэрч Б.Ц, Ц.Я нарын мэдүүлэг зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-т зааснаар нэхэмжлэгч Булгадар ургийн овогт Цийн Гыг 1981 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ц.Гын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.13 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б ургийн овогт Цийн Гыг 1981 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ц.Гын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ