Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 1084

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/00712 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Б ийн хариуцагч Б.Р д холбогдуулан орон сууц хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Б 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 80а байрны   тоот хаягт байрлах, 22.9 м.кв талбайтай, 000415462 тоот гэрчилгээний дугаартай 1 өрөө орон сууцыг худалдан авч үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлж улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж авсан байдаг. Б.Б нь анх иргэн Б.Ц буюу түүний компанийн барьж байсан орон сууцнуудад хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд оронд нь орон сууцнууд авахаар харилцан тохирсон байдаг. Ингээд санхүүжилт хийсний хариуд нийтдээ 4-5 орон сууцнуудыг авсан. Гагцхүү энэ маргаан бүхий орон сууцыг л бодитоор нь авч чадаагүй яваад байсан. Өмчлөх эрхийг нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 110.1, 183.1 дэх хэсгүүдэд заасны дагуу олж авсан. Улсын бүртгэлийн газраас ирсэн лавлагаагаар бол Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 80а байрны   тоот хаягт байрлах орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Б.Б гэж маш тодорхой харагдаж байгаа. Хариуцагч уг орон сууцтай холбоотой талаар ямар ч баримт байхгүй. Хариуцагч тал уг орон сууцыг бусдаас худалдан авсан гэж байгаа ч энэ талаар баримт байхгүй. Хэрэв үнэхээр худалдан авсан, бусдад хуурч мэхлэгдсэн бол тусдаа асуудлаа шийдвэрлүүлэх ёстой байх. Нэхэмжлэгч маргаан бүхий орон сууцыг хууль журмын дагуу худалдан авч, өмчлөх эрхийг олж авсан боловч хариуцагч орон сууцнаас гарахгүй байгаагаас шалтгаалж өөрийн өмчлөлийг бодитоор хэрэгжүүлэх боломжгүй болоод байна. Ийм учраас эрхийн улсын Ү-2205058609 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 80а байрны,   тоот орон сууцыг хариуцагч  Б.Р ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Миний бие Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 80а байрны   тоот хаягт байрлах орон сууцыг “Э” ХХК-д инженерээр ажилладаг байхдаа худалдан авсан. Миний бие тус байранд 2015 оны 02 дугаар сараас хойш амьдарч байна. Энэ хугацааны бүх байрны төлбөр зэргийг миний бие төлж байсан нь Төрийн банкны хуулгаар нотлогдоно. Би Б.Б гэдэг хүнийг огт танихгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын Ү-2205058609 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 80а байрны,   тоот орон сууцыг хариуцагч  Б.Р ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Рэнцэндоржоос 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205058609 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хороолол 80а байрны   тоот орон сууцнаас  Б.Р ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх шаарлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн билээ. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Учир нь хариуцагч нь тус байрыг “Э” ХХК-д инженерээр ажиллаж байхдаа тус компапи захирал н.Ц аас худалдан авч 2015 оны 2 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл тус орон сууцанд амьдарч засвар үйлчилгээ тог цахилгааны мөнгийг төлж шударгаар өмчилж авсан байдаг. н.Ц захиралаас ороп сууцны гэрчилгээг нэр дээрээ гаргуулж авахаар удаа дараа хандаж байсан боловч бусдын барьцаанд байгаа бусдад төлөх өр төлбөрөө төлж санхүүгийн асуудлаа шийдчихээд чиний байрны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгнө гэж хэлдэг байсан. Гэтэл гэнэт Б.Б гэдэг хүн шүүхэд албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгснөөр шүүх түүнийг орон сууцны омчлөгч гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, татгалзалаа нотлох, үгүйсгэх, маргаан бүхий орон сууцны шударга өмчлөгч болохоо нотлох үүднээс Б.Ц ыг гэрчээр асуулгах хүсэлтийг удаа дараа шүүхэд гаргаж байсан боловч шүүгч маргааны бодит үйл баримтыг мэдэж байгаа гэрчийг шүүх хуралдаанд оролцуулах хариуцагчийн хүсэлтийг удаа дараа хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж хариуцагчийн хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, мөн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Р д холбогдуулан орон сууц хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч нь “...”Э” ХХК-д инженерээр ажиллаж байхад Б.Ц захирал ажлын хөлсөнд уг орон сууцыг өгсөн. 2015 оны 02 дугаар сараас хойш орон сууцны ашиглалтын зардлыг төлөөд эзэмшиж байгаа. Миний эзэмшил хууль ёсны дагуу үүссэн” гэх тайлбарыг гаргаад, өөрийн эзэмшлийг хууль ёсны дагуу үүссэн гэх байдлаа нотлох зорилгоор Б.Ц ыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШЗ2020/00893 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн байна. /хх-67/

 

Анхан шатны шүүхээс 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудас үйлдэж гэрчээр Б.Ц ыг дуудаж шүүхийн мэдэгдлийг хүргүүлэхдээ шүүх хаягийг буруу бичсэнээс мэдэгдэл хүрч чадаагүй нь шүүхийн мэдэгдэх хуудас болон шуудангийн магадлагаа гэх буцаасан баримтаар тогтоогджээ.

 

Гэтэл анхан шатны шүүх гэрчийн оршин суух хаяг нь тодорхойгүй нөхцөл байдал бий болсон гэж шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, гэрч асуулгах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргаснаар уг захирамжийг үндэслэлгүй гэж үзэж тус шүүхийн тогтоолоор хүчингүй болгосон байна.

 

Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэрч Б.Ц д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч ирээгүй тул түүнийг албадан ирүүлэхийг цагдаагийн байгууллагад даалгаж шүүгчийн захирамжаар шийдвэрлэжээ. Дээрх шүүгчийн захирамжийн дагуу цагдаагийн байгуулага ажиллагаа хийхэд гэрч Б.Ц нь уг хаягт бүртгэлтэй боловч орон нутагт барилгад ажиллаж байгаа гэсэн тодорхойлолт ирсэн нь захирамжийн заалт биелэгдсэн гэж үзэхгүй.

 

Анхан шатны шүүх гэрч асуулгах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь буруу болжээ. Шүүх гэрчийн мэдүүлэг авах нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой. Учир нь гэрчийн мэдүүлэг авснаар хариуцагчийн эзэмшил хууль ёсны дагуу үүссэн эсэх нь тодорхой болно.

Иймд давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт эрх зүйн дүгнэлт өгөх, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/00712 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        А.МӨНХЗУЛ                                                                                     

                          ШҮҮГЧИД                                         Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ