Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2021/ДШМ/31

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        Д.Б, Т.Д нарт холбогдох

      эрүүгийн хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Д даргалж, шүүгч Д.Б, шүүгч В.Ц нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                        Прокурор                                                          Б.Б      

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 М.А

Шүүгдэгч                                                         Д.Б

                        Нарийн бичгийн дарга                                    Б.Д нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Р.А даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б-ийн гаргасан давж заалдах гомдол болон прокурор Ш.Н-ийн бичсэн эсэргүүцэл зэргийг үндэслэн Д.Б, Т.Д нарт холбогдох 1912003330226 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Т.Д-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

   Монгол Улсын иргэн, 1975 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Мэлзий гэх газарт оршин суух, урьд Архангай аймгийн Сум дундын шүүхийн 1994 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 203 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 311 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 40.000 төгрөгөөр торгох ялаар, мөн шүүхийн 1999 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийн 4 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ялаар, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 219 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Д.Б

 

Монгол Улсын иргэн, 1971 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Эрэг гэх газарт оршин суух, урьд Архангай аймгийн хэсгийн ардын 1 дүгээр шүүхийн 1989 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 26 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 156 дугаар зүйлд зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар, мөн шүүхийн 1993 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил  2 сарын хугацаагаар хорих ялаар, Архангай аймгийн Сум дундын шүүхийн 1994 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 136 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Т.Д

 

Шүүгдэгч Д.Б нь тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 04 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн нутаг дэвсгэрт байрлах Харгайт гэх газраас хохирогч П.Н-ын эзэмшлийн 2 тооны үхэр, хохирогч Г.А-ы эзэмшлийн 3 тооны үхэр, хохирогч Д.Д-ийн эзэмшлийн 6 тооны үхэр, нийт 11 тооны үхрийг хулгайлж, бусдад нийт 7.350.000 төгрөгийн хохирол учруулсан,

   шүүгдэгч Т.Д нь 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр эрүүгийн 1912003330226 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...Т.Ч нь хээр морь унасан, ганцаараа 10 гаруй тооны үхрүүд туугаад явж байсан...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 Архангай аймгийн Прокурорын газраас Д.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Т.Дт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Д.Б-г бусдын олон тооны малыг хулгайлсан, шүүгдэгч Т.Д-ийг зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Т.Дийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож;  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бгийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 30-34 АРА улсын дугаартай Портер маркийн 6.200.000 /зургаан сая хоёр зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий автомашин буюу үнийг хурааж улсын орлогод оруулж, Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 84 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суугаа Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэрээс явахыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хориглож; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тус тус тооцож солихыг Д.Бд мэдэгдэж; Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж; Шүүгдэгч Д.Б, Т.Д нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.Б, Т.Д нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгч А.Н нь нотлох баримтаа бүрдүүлж өөрт учирсан хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж; Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж; Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Б, Т.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Б-ийн гаргасан давж заалдах гомдолд: Д.Б миний бие сум дундын шүүхийн 147 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Би н.Ч-оос 11 тооны үхрийг авсан нь үнэн. Тухайн үед би хулгайн үхэр гэдгийг мэдээгүй авсан. Тэрнээс би Өлзийт сумын нутгаас өөрийн машинаар  явж дээрх үхрүүдийг аваагүй. Миний хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.

 

Прокурор Ш.Н-ийн бичсэн эсэргүүцэлд: Архангай аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Н би тус аймаг дахь сум дундын Эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/147 дугаартай шийтгэх тогтоолыг 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянавал:

Тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр зааж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 3 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бг  эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суугаа Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэрээс явахыг 3 жил 6 сарын хугацаагаар хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тус тус солихыг Д.Бд мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бгийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 30-34 АРА улсын дугаартай Портер маркийн 6.200.000 төгрөгийн үнэлгээ бүхий автомашин буюу үнийг хурааж  улсын орлогод оруулж, шүүгдэгч Т.Дийг зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шүүгдэгч Д.Б, Т.Д нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.Б, Т.Д нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгч А.Н нь нотлох баримтаа бүрдүүлж өөрт учирсан хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шийтгэх тогтоолыг 2021 оны  08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч танилцахад шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад “... шүүгдэгч Т.Д-ийг зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэсэн атлаа 2 дугаар заалтад “...шүүгдэгч Т.Дийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар ... шийтгэсүгэй” гэж заасан нь шүүгдэгч Т.Дийг Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулж байгаа нь ойлгомжгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан худал мэдүүлэх гэмт хэрэг нь 1, 2 гэсэн зүйл заалтуудтай бөгөөд шүүгдэгч Т.Дт тус зүйлийн аль хэсэгт зааснаар ял оногдуулсан нь тодорхойгүй буюу шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт ... шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг ... тусгана” гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэн эсэргүүцэл бичиж байна.

Иймд тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/147 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтад “шүүгдэгч Т.Дийг” гэсний ард “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар” гэж нэмж өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд прокурор оролцуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч Д.Б, Т.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд 147 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Бг бусдын олон тооны малыг хулгайлсан гэм буруутайд тооцож, түүнд 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг шүүгдэгч нь эс зөвшөөрч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хуульд заасан хорих ялыг багасгаж өгнө үү гэсэн утга бүхий гомдол гаргасан. Уг гомдолтой холбоотойгоор хэлэхэд тухайн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх талаар маргаж байсан учраас түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагатай холбоотой анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэж байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрт гомдлын дагуу өөрчлөлт оруулах боломжгүй тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эсэргүүцлийн тухайд хэлэхэд шүүгдэгч Т.Дийг зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял оногдуулахдаа буюу шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг орхигдуулж бичсэн байсан. Иймд тухайн хуулийн зүйл, заалтыг нэмж бичиж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.А шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Д.Б нь бичиг үсэг мэдэхгүй яллагдагч байсан. Тиймээс намайг өмгөөлөгчөөр авч бид хоёрын хувьд хамт энэ хэрэг дээр явж байсан. 2019 оны 04 дүгээр сарын 27-ны үед алдагдсан үхрүүдийг яах ч аргагүй н.Ч гэдэг хүн тууж аваачиж өгсөн нь тогтоогдож байдаг. Тэгээд н.Ч-той шарга морины наймаа хийсэн байдаг. Тэгтэл н.Ч нь 4 үхрийг нь өгье, үлдсэнийг нь Хотонт сум руу хүнд өгөх юм байгаа гээд гадаа нь үлдээгээд явсан байдаг. Тэгээд цагдаа сэргийлэх болохоор нь юу болов гэтэл тэр шөнө нь боогоод үхсэн үйл явдал болсон нь баримттай тогтоогддог. Миний зүгээс хэлэхэд н.Ч гэдэг хүн үхрүүдийг туугаад явж байсныг нотлох гэрчүүд гарч ирээд байдаг. Мөн Өлзийт сумын нутгаас 11 тооны үхрийг Портер машинаар авчрах боломж байхгүй бөгөөд хэд хэдэн удаа тастаж авчрахаар байдаг. Гэтэл үүнийг гэрчлэх гэрч байхгүй, үхрийг тууж авчирсан хүн маань нас барсан тул Д.Бгийн хувьд үхсэн хүний ясыг өндөлзүүлээд яах вэ, манай гадаа байсан нь үнэн, би н.Ч-оос авсан нь үнэн гэж анхан шатны шүүх хуралдаан дээр ч гэсэн энэ хэргийг би хүлээн зөвшөөрч байна, хариуцлагаа хүлээе гээд өнөөдрийг хүртэл явж байна. Уг хэрэг дээр эргэлзээтэй байдал байсан гэдгийг анхаарч үзэхийг хүсье. Энэ хэрэг дээр холбогдох хүсэлтүүдийг гаргаж Улсын ерөнхий прокурор хүртэл буюу 3 шатны прокурорт хүсэлт гаргаж явсан нь үнэн. Нэгэнт одоо Д.Бгийн хувьд машинаараа яваагүй боловч машиныг нь хураасан шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөөд байж байна. Яагаад вэ гэхээр энэ хэргийг нотлох сэжүүрүүдийг шалгаж өгөхгүй, гаргасан хүсэлтүүдийг удаа дараа хэрэгсэхгүй болгож байгаа нь өнөөдөр 3 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлээд байж байгаа хүний хувьд хүнд л байгаа. Мөн түүний биеийн эрүүл мэндийн байдал маш хүнд байдалтай байдаг. Үнэхээр н.Ч гэдэг хүн амьд сэрүүн байсан бол энэ хэргийн хувьд өөр байдлаар шийдэгдэх байсан. Ямар шугамаар, яаж эдний гадаа авчирсан юм гэдэг асуудал яригдана. Гэрт байсан хүмүүс нэг л өдөр 11 тооны үхэр бий болсон гэж ярьдаг. Одоо Д.Бгийн хувьд энэ хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа гэдгийг шүүх бүрэлдэхүүнээс анхаарч үзэхийг хүсье. Өнөөдөр Д.Бгийн хувьд гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа тул 3 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 жил болгон багасгаж өгнө үү. Д.Бгийн хувьд мэдээж хэрэг энэ ялыг биелүүлнэ. Түүний хувьд хөдөө байдаг бөгөөд эрүүл мэндийн шалтгаанаас бусад шалтгаанаар төв рүү очоод холбогдох эрүүгийн хариуцлагыг эсэргүүцээд байхгүй. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заасан 3 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг багасгаж, Д.Бд 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү. Энэ ялыг Д.Бгийн хувьд эдлээд дуусах тодорхой юм. Шүүгдэгч талын зүгээс шийтгэх тогтоолын бусад заалттай маргаад байх зүйл байхгүй бөгөөд хүлээн зөвшөөрч байгаа болно. Тийм учраас гомдлыг хангаж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж өгнө үү. Т.Дийн хувьд хэлэхэд анхан шатны шүүхийн зүгээс үнэхээр процессын алдаа гаргасан нь үнэн. Үүнийг давж заалдах шатны шүүхийн зүгээс засах боломж нь байгаа тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Д.Бгийн гаргасан давж заалдах гомдол болон прокурор Ш.Н-ийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчилгүй байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Бг тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 04 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн нутаг дэвсгэрт байрлах Харгайт гэх газраас хохирогч П.Н-ын эзэмшлийн 2 тооны үхэр, хохирогч Г.А-ы эзэмшлийн 3 тооны үхэр, хохирогч Д.Д-ийн эзэмшлийн 6 тооны үхэр, нийт 11 тооны үхрийг хулгайлж, бусдад нийт 7.350.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Т.Дийг 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр эрүүгийн 1912003330226 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...Т.Ч нь хээр морь унасан, ганцаараа 10 гаруй тооны үхрүүд туугаад явж байсан...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь тус тус хэрэгт цугларсан нотлох баримтуудаар  тогтоогдсон гэж дүгнэн хэргийг шийдвэрлэжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн,  гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ тогтоогдсон, шүүгдэгч Д.Бг бусдын олон тооны малыг хулгайлсан, шүүгдэгч Т.Дийг зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Түүнчлэн  шүүгдэгч Д.Б, Т.Д нарт холбогдох гэмт хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч нарт оногдуулсан ял тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хор хохирол, гэм буруудаа хандах хандлагад тухайн цаг хугацаанд тохирсон  байна.

 

Шүүгдэгч Д.Б шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч  “... Д.Б миний бие сум дундын шүүхийн 147 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Би н.Ч-оос 11 тооны үхрийг авсан нь үнэн. Тухайн үед би хулгайн үхэр гэдгийг мэдээгүй авсан. Тэрнээс би Өлзийт сумын нутгаас өөрийн машинаар  явж дээрх үхрүүдийг аваагүй. Миний хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан ч  давж заалдах шатны шүүх хуралдаан дээр тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч анхан шатны шүүхээс оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг багасгаж өгөхийг хүссэн болно.

 

Түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хор уршиг арилсан, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж гэж үзэв.

 

Мөн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн.

 

 Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Дийг зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон атал ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн  зохих зүйл, хэсгийг заагаагүй орхигдуулсан байх тул энэ талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

 

Иймд дээд шатны прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч Д.Бгийн гомдлыг хангаж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                    ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...шүүгдэгч Д.Бг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар” гэснийг “шүүгдэгч Д.Бг 2 /хоёр/ жилийн хугацаагаар” гэж өөрчилж, “... шүүгдэгч Т.Дийг” гэсний урд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар” гэж нэмж, 6 дахь заалтын “ 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар” гэснийг “2 жилийн хугацаагаар” гэж  өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

           

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.Д

 

                             ШҮҮГЧИД                                      Д.Б

 

                                                                                     В.Ц