Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 152/ШШ2024/00387

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын ... дугаар багийн ... тоотод оршин суух, регистрийн дугаар ...., Х ургийн овогт С-гийн С-ын,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.С шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Миний бие 1963 онд төрсөн, 61 настай. Хэрэгт цугларсан баримттай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Би цэрэгт явахаас өмнө Увс аймгийн Барилга угсралтын трестийн материалын үйлдвэрт 1980 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 1980 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл нормчноор, 1981 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилчнаар, 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тоосгочноор ажиллаж байгаад цэрэгт явсан. Цэргээс халагдаж ирээд 1985 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Увс аймгийн Усны аж ахуйг удирдах газарт нормчноор, 1988 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Барилга угсралтын трестэд тоосгочноор, 1990 оноос 1994 оныг хүртэл Увс аймгийн Зам барилга ашиглалтын трест болон Авто зам ХК-ийн дэргэдэх Замчин хамтлагт хөгжимчнөөр ажиллаж байсан. 1988-1990 онд Хархираагийн тэжээлийн аж ахуй болон Нийтийн аж ахуйг удирдах газарт ажиллаж байсан боловч баримт олдохгүй байна. Миний хөдөлмөрийн дэвтэр гээгдсэн,зарим ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал, цалингийн баримтын дутуу учир шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 192 дугаар тодорхойлолт, Батлан хамгаалахын яамны Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 08/959 дүгээр лавлагаа, гэрч Ж.Ж, Ц.Э, Д.Г, Ч.П нарын иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

3. Шүүхээс Д.Г, Ч.Пнарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан, 1989 оны хүн амын тооллогын баримт, Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 325 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, Увс аймгийн Барилга угсралтын трестийн материалын үйлдвэрийн даргын 1980 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 18 дугаар Ажилд түр томилох тухай тушаал, 1980 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 58 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал, 1981 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 23 дугаар Ажилд түр томилох тухай тушаал, 1981 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 35 дугаар Түр хугацаагаар ажилчин авч ажиллуулах тухай тушаал, хавсралт, 1981 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 56 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь Алтан гадаст одонт Барилга трестийн даргын 1988 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 277 дугаар Ажилд түр томилох тухай тушаал, төрснийг бүртгэх анкет зэрэг баримтуудыг нотлох баримтаар бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч С.Сын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч С.Сын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэгч С.Сын хөдөлмөрийн дэвтэр, ажилд томилогдсон тушаал, ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байгаагийн улмаас ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан байна.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 325 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэрт Сгийн Сын 1986 оны 1 дүгээр сараас 1987 оны 9 дүгээр сарыг дуустал Увс аймгийн Усны аж ахуйг удирдах газарт ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлсэн байх тул цалингийн тодорхойлолтыг шийдвэрийн үндэслэл боломжтой гэж үзлээ.

4.2. Увс аймгийн Барилга угсралтын трестийн материалын үйлдвэрийн даргын 1980 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 18 дугаар Ажилд түр томилох тухай тушаал, 1980 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 58 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал, 1981 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 23 дугаар Ажилд түр томилох тухай тушаал, 1981 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 35 дугаар Түр хугацаагаар ажилчин авч ажиллуулах тухай тушаал, хавсралт, 1981 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 56 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Увс аймаг дахь Алтан гадаст одонт Барилга трестийн даргын 1988 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 277 дугаар Ажилд түр томилох тухай тушаалууд нь нэхэмжлэгч С.Сын 1980-1988 онд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт ач холбогдолтой байх тул тушаалуудыг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ.

4.3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Ж.Ж, Ц.Э, Д.Г, Ч.П нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулахаар шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч нь Ж.Ж, Ц.Э нарыг гэрчээр оролцуулах тухай хүсэлтээсээ татгалзсан ба гэрч Д.Г Миний бие 1984 оноос 1991 онд хүртэл Усны аж ахуйн Барилга трестэд мастер, бригадын даргааар ажиллаж байсан. С.С нь 1985 оноос 1988 оны 8 дугаар сар хүртэл Усны аж ахуйг удирдах газарт нормчин, Усны аж ахуйн Барилга трестэд тоосгочноор тус тус ажиллаж байсан. Дараа нь 1988 оноос 1990 он хүртэл Хархираагийн тэжээлийн аж ахуй болон Нийтийн аж ахуйн удирдах газрын дэргэдэх Солонго хамтлагт хөгжимчнөөр ажиллаж байсан. С.С нь 1982-1985 онд цэргийн алба хаасан гэж , гэрч Ч.П Миний бие 1989 онд ЗХУ-д техник мэргэжлийн сургууль төгсөөд Зам барилга ашиглалтын трестэд замчнаар томилогдон ажиллаж эхэлсэн ба мөн энэ үеэс Замчин хамтлагт хөгжимчнөөр ажиллаж байгаад цэргийн албанд татагдсан. 1991 онд цэргээс халагдаж үргэлжпүүлэн Замчин хамтлагт хөгжимчнөөр 1994 оныг хүртэл ажилласан. 1991 онд намайг Замчин хамтлагт хөгжимчнөөр үргэлжлүүлэн ажиллахад С.С нь ажиллаж байсан. С.С нь 1994 он хүртэл Зам барилга ашиглалтын трест болон Авто зам ХК-ийн дэргэдэх Замчин хамтлагт хөгжимчнөөр ажилласан гэж тус тус мэдүүлсэн бөгөөд тэдний шүүхэд өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох цалингийн тодорхойлолт, тушаалуудаар тогтоогдож байх тул тэдний мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой юм.

4.4. С.Сын 1991 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин С.О-ийн төрснийг бүртгэх анкетад: Эцгийн овог нэр - Сгийн С, ажилладаг байгууллага Зам барилга ашиглалтын трест, эрхэлдэг ажил хөгжимчин... гэж бүртгэгдсэн байна. Баримтад нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдалтай хамраалтай мэдээлэл тусгагдсан байх тул баримтыг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзсэн болно.

4.5. С.Сын 1989 оны хүн амын тооллогын баримтад түүний ажиллаж байсан байдалтай хамааралтай мэдээлэл тусгагдаагүй байх тул тухайн баримтыг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж үзлээ.

5. Нэхэмжлэгч С.С нь Увс аймгийн Барилга угсралтын трестийн материалын үйлдвэрт 1980 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 1980 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл нормчноор, 1981 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилчнаар, 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тоосгочноор, 1985 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Увс аймгийн Усны аж ахуйг удирдах газарт нормчноор, 1988 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Барилга угсралтын трестэд тоосгочноор, 1990 оноос 1994 оныг хүртэл Увс аймгийн Зам барилга ашиглалтын трест болон Авто зам ХК-ийн дэргэдэх Замчин хамтлагт хөгжимчнөөр ажиллаж байсан болох нь дээрх бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч С.Сын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Х ургийн овогт Сгийн Сын Увс аймгийн Барилга угсралтын трестийн материалын үйлдвэрт 1980 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 1980 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл нормчноор, 1981 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилчнаар, 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тоосгочноор, 1985 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Увс аймгийн Усны аж ахуйг удирдах газарт нормчноор, 1988 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Барилга угсралтын трестэд тоосгочноор, 1990 оноос 1994 оныг хүртэл Увс аймгийн Зам барилга ашиглалтын трест болон Авто зам ХК-ийн дэргэдэх Замчин хамтлагт хөгжимчнөөр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч С.Сын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ