| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2023/00456/И |
| Дугаар | 145/ШШ2024/00383 |
| Огноо | 2024-09-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 145/ШШ2024/00383
| 2024 оны 09 сарын 09 өдөр | Дугаар 145/ШШ2024/00383 | Арвайхээр сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг …………. сумын …………… дугаар баг, ………………. гэх газар оршин суух, Б……….. овгийн Б………….ын Д…………..ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймаг, ………….. сум ………… дүгээр баг, ………. гэх газар оршин суух, Т…………ийн Д………….
Хариуцагч: Өвөрхангай аймаг, ………..сум ……….. дүгээр баг, ………… гэх газар оршин суух, Т………..ийн Д……….р нарт холбогдох,
Хүүхдийн асрамж тогтоолгох, тэжээгчээ алдсаны тэтгэмж 2,800,000 төгрөг болон эд хөрөнгө бог мал гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 3,050,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагч Т.Д, Т.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нөхөр болох Т.Д…………..тай 2010 оноос 2022 он хүртэл хамт амьдарсан. Хамт амьдарч байх хугацаанд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж байгаагүй. ……… оны ……….. дугаар сарын ……….-ний өдөр охин Д.А………., ………. оны …….. дугаар сарын ………-ны өдөр хүү Д.А……….. нарыг төрүүлсэн. Нөхөр маань 2022 онд өвчнөөр нас барсны дараа төрсөн эгч болох Дуламсүрэн нь хүүхдүүдийг маань хүчээр авчхаад байгаа юм. Хүүхдүүдийн бичиг баримт бусад бүх зүйлийг хүчээр авч хүүхдүүдтэй минь уулзуулдаггүй өдийг хүрсэн. Мөнгө нэхэх юм уу, хүүхдүүдэд хэрэгтэй зүйлсийг нэхэж, өгөх юм бол уулзуулна гэж хэлдэг. Хүүхдүүдтэйгээ уулзах гэхээр эгч болох Дуламсүрэн нь элдвээр хэлж доромжилдог, хараадаг хүн. Намайг бичиг үсэг мэдэхгүй, боловсролгүй гэж их дарамталж байх суух газаргүй болгодог. Энэ их дарамтаас салж, хүүхдүүдээ өөрийн асрамжид авч хамт байх хүсэлттэй байна. Иймд охин Д.А….., хүү Д.А………. нарыг миний асрамжид үлдээж өгнө үү. Хүүхдүүдээ аваад явах чадвартай. Ажил хийж байгаа. Малыг надад өгөхгүй, хүүхдүүдэд өгнө гэж байгаа бол өөрсдөө мэд. Мөн өөрийн хувцсаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, виза картаа авна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Д...........ийн өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч Б.Д нь хүүхдийн асрамж тогтоолгох үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Д.......ээс өөрийн болон тодорхой бичиг баримтыг өөрийн хувцастай хамт гаргуулж авах, нөхөртэйгөө хамт амьдарч байхдаа бий болсон хөрөнгө буюу 50 толгой малыг хариуцагч Т.Д.......аас гаргуулах, төрөөс олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмжийн зөрүү 2,800,000 төгрөг гаргуулах зэрэг эдгээр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гаргасан байгаа. Нэхэмжлэгч нь 2023 оны 7 дугаар сараас хойш хүүхдүүдээсээ тусдаа амьдарч байгаа. Яагаад тусдаа амьдрах болсон бэ? гэвэл нэхэмжлэгч Б.Дуламсүрэнгийн нөхөр 2023 оны 6 дугаар сард нас барсан. Нас барсны дараа хүүхдүүд аавынхаа хамаатан садантай хамт амьдрах болсон. Ингээд өнөөдрийг хүртэл аавынхаа талд амьдарч байгаа. Энэ хугацаанад нэхэмжлэгч хүүхдүүдтэйгээ 2-3 удаа тодорхой хэмжээнд уулзсан. Хадмуудтайгаа үл ойлголцсоны улмаас өдийг хүртэл хүүхдүүдтэйгээ хамт амьдарч чадахгүй байгаа тул хуулийн дагуу хүүхдүүдийг өөрийн асрамжинд авах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Хоёр хүүхдийн хувьд нэг нь Арвайхээр сумын сургуульд, нөгөө нь Тарагт сумын сургуульд суралцаж байгаа. Хүүхдүүд ээжтэйгээ хүссэн үедээ уулзаж чадахгүй байгаа хүүхдийн эрх зөрчигдсөн асуудал үүсч байна. Гэр бүлийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгч хүүхдүүдийн хууль ёсны асран хамгаалагч, эрхийнхээ дагуу хүүхдүүдээ өөрийн асрамжинд авах хүсэлттэй байгаа. Ийм учраас Д.А, Д.А нарыг өөрийн асрамжинд үлдээх нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын хоёрдугаарт нь нэхэмжлэгч Б.Дуламсүрэнгийн хэрэглэж байсан өвлийн хувцас, өөрийнх нь виза карт, иргэний үнэмлэх, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ зэрэг нь хариуцагч Т.Дуламсүрэнгийн гэрт байгаа. Эдгээрийг харилцан тохиролцож авах боломжгүй байгаа учраас шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдгээр бүх зүйлийг авчраад өгөөч гэж шүүгчийн туслахаар дамжуулж хэлүүлсэн боловч өнөөдрийг хүртэл биелэгдээгүй байна. Тийм учраас маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Дараагийн нэхэмжлэлийн шаардлага болох төрөөс сар болгон олдгодог хүүхдийн мөнгө болох 100,000 төгрөгийг гэрээсээ явснаасаа хойш тооцож авахаар нэхэмжлэл гаргасан. Хүүхдийн мөнгө нэхэмжлэгч Б.Д......ийн дансаар орж ирдэг байсан ба хүүхдийн мөнгийг зээлэндээ зарцуулсан гэсэн тайлбар байдаг тул энэ нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж байгаа. Өөрөөр хэлбэл нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзаж, энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй гэж үзэж байна. Гуравдугаарт 50 толгой мал гаргуулах нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Гэтэл хариуцагч Т.Дуламсүрэн мэдэхгүй, надад хамаагүй гэсэн тайлбар гаргасан байсан тул давхар хариуцагчаар Т.Д........ыг татсан. Хариуцагч Т.Д.......ас 50 толгой мал хорогдоод 22 толгой мал байгаа гэсэн тайлбар гаргасан тул энэ нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байгаа 22 толгой малыг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байгаа. Дээрх нэхэмжлэлийн шаардлагуудаа дэмжиж байна гэв.
Хариуцагч Т.Д нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хоёр хүүхдийн асрамжийн асуудлаар өөрсдөөр нь шийдвэрлүүлэх саналтай байгаа. Учир нь өсвөр насны хүүхдүүд учраас өөрсдийнх нь саналаар шийдвэрлүүлэх нь зөв гэж үзэж байна. Хүүхдүүдийг ээж нь аваад явах боломжгүй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл өөрийн гэсэн орон гэр байхгүй, багаас нь хүүхдүүдийг бойжуулж авч явж байгаагүй учраас чадахгүй гэж үзэж байгаа. Хоёр хүүхдийнхээ ирээдүйг нь бодоод хүүхдүүдээ Б.Д.......д өгч чадахгүй. Манай хоёр хүүхэд ээжтэйгээ хамт байхгүй гэж хэлсэн. Хувцас, баримт бичиг зэргийг өгөхгүй гэж хэлээгүй. Ганцхан виза картыг нь би Б.Дуламсүрэнтэй тохиролцсон. Яагаад гэвэл Б.Д.... мөнгөө захиран зарцуулж чаддаггүй, юу гэж хэлнэ үү тэр үгээр л явдаг хүн. Б.Д.....ийн ээж нь Б.Д......нг багаас нь эхлээд айлын зарцаар явуулсан байсан. Манайх аваад 10 гаран жил дэргэдээ байлгасан. Тийм ч болохоор хүүхдүүдийг авах гээд байгаа нь зарцлах гэж л байгаа. Тэгээд хүүхдийн мөнгө, тэжээгчээ алдсаны мөнгө зэргийг авах зорилгоор л хүүхдүүдийг авах гэж байгаа. Хүүхдүүд нааш, цааш явахаар хүмүүжил, зан ааш зэрэгт нь өөрчлөлт ороод буруу замаар орохыг үгүйсгэхгүй. Хүүхдүүд ээжтэйгээ хамгийн сүүлд 12 дугаар сард уулзсан. Түүнээс хойш уулзаагүй. Ээжтэйгээ уулзаж хамт амьдрахдаа таараагүй, эмээтэй хэрэлдсэн, дахиж очихгүй гэж ирсэн. Б.Д хүүхдүүдээ авах ямар ч чадваргүй гэж үзэж байна. Тийм учраас хүүхдүүдийн саналаар хүүхдийн асрамжийн талаар шийдвэрлүүлмээр байна. Сая хүүхдүүд сургуульдаа сурахад нэг ч төгрөгөөр туслаагүй. Бид нар л бүх зүйлийг нь авч өгч сургуульд нь явуулсан гэв.
Хариуцагч Т.Д. нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Дуламсүрэн нь манайхтай 11 жил айл саахалт явсан. Манай ах нас бараад манайхтай айл саахалт байх уу? Манайхыг дагах уу? гэхэд Т.Дэгчийнд очиж амьдарна гээд явсан. Тэрнээс хойш эд нарын хооронд юу болсныг сайн мэдэхгүй байна гэв.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн сургалтын менежерийн 2024 оны 08 дугаар сарын тодорхойлолтод: Сурагч Д......р овогтой А.... РД:............../ нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 6б ангид энэ хичээлийн жилд суралцаж байгаа нь үнэн гэсэн,
Өрхийн эрүүл мэндийн төвийн Д.А, Д.А нарын эрүүл бойжиж байгаа нь үнэн гэсэн тодорхойлолт
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн төрсний бүртгэлийн лавлагаанууд,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн нэгдсэн сангийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн .......... дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаа,
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 641 дугаартай тодорхойлолтод: Иргэн Б.... овогтой Д нь 3 ам бүлтэй, хүүхдүүдийн хамт .............. тоотод түр оршин суудаг нь үнэн гэсэн,
“Хишиг тэгш хур” ХХК-ийн тодорхойлолтод: Б.......... овогтой Д......./ЙВ84092606/ нь “..........” ХХК-д эсгийний үйлдвэрт бутлагч самнагчаар ажилладаг. Б.Д нь 1 сарын 1000000-1500000 төгрөгийн цалин авдаг нь үнэн гэсэн,
Харилцах дансны харилцагчийн хуулга,
Ломбардны баталгаат зээлийн гэрээ
Өвөрхангай аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, Хамгааллын газрын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 01/144 дугаартай албан тоот, дүгнэлт,
Өвөрхангай аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 302 дугаартай албан тоот, тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхдийн тэтгэвэр үйлчилгээний лавлагаа,
Төрийн банкны Өвөрхангай салбарын 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаартай албан тоот, зээлийн дансны харилцагчийн хуулга зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Т.Дд холбогдуулан “Хүүхдийн асрамж тогтоолгох, баримт бичиг, эд зүйлс гаргуулах“ тухай, хариуцагч Т.Д…т холбогдуулан “50 толгой мал гаргуулах” тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч Т.Д… нь нэхэмжлэгч Б.Д......д холбогдуулан “3,050,000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд тус тус гаргасан байна.
2. Нэхэмжлэгч Б.Д нь Т.Д.....тай 2010 онд танилцаж, ......оны ..... дугаар сарын ....1-ний өдөр охин Д.А....., .... оны .... дугаар сарын .....-ны өдөр хүү Д.А............нарыг төрүүлсэн ба хамтран амьдрагч Т.Д.......... нь 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр нас барж, хүүхдүүд нь төрсөн эцэг Т.Д.........ын төрсөн эгч Т.Д............ийн асрамжид байгаа болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан төрсний гэрчилгээний хуулбар болон нас барсны бүртгэлийн лавлагаа зэргээр нотлогдож байна.
3. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт “Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаална” гэж тус тус заасан ба ........... оны .....дугаар сарын ............-ний өдөр төрсөн охин Д.А..., ....... оны ....... дугаар сарын ..........-ны өдөр төрсөн хүү Д.А....... нарын төрсөн эх нь нэхэмжлэгч Б.......... овгийн Б.........ын Д.......... мөн болох нь хэрэгт авагдсан хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байх тул хүүхдүүдийг төрсөн эх, нэхэмжлэгч Б.Д..............ийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.
4. Өвөрхангай аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, Хамгааллын газрын нөхцөл байдлын үнэлгээнд хүүхдийн асрамж тогтоохдоо хүүхдүүдийн саналыг харгалзан үзэх нь зүйтэй гэж дүгнэсэн байгаа ба охин Д.А...............л нь шүүхэд өгсөн саналдаа ээжтэйгээ хамт амьдрах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байгааг дурдах нь зүйтэй.
5. Хариуцагч Т.Д нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч Б.Д нь хүүхдүүдээ асран хамгаалж, асрамждаа байлгах чадвар чадамжгүй гэсэн байгаа ч энэ нөхцөл байдлаа хэрэгт нотлох баримтаар нотлоогүй, мөн нэхэмжлэгчийн эх байх эрх хзгаарлагдсан, хасагдсан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
6. Нэхэмжлэгч Б.Д “Хүүхдийн төрөөс олгосон тэтгэмжийн мөнгө 2,800,000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардалагаасаа татгалзсан болохоо шүүх хуралдаанд тайлбарласан, эд зүйл буюу хувцас, баримт бичиг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.Д хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан.
7. Хариуцагч Т.Д нь нэхэмжлэгч Б.Д.......д холбогдуулан “3,050,000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, энэхүү шаардлагын үндэслэлээ Т.Д, Б.Д нарын хамт амьдарч байхдаа авсан гэх малчны зээлийг төлөхөд зарцуулсан мөнгө гэж тайлбарласан. Нэхэмжлэгч Б.Д сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай маргаагүй ба малчны зээл төлөхдөө хариуцагч Т.Д......ээс мөнгө авсан болохоо зөвшөөрсөн тайлбар гаргасан. Тухайн малчны зээлийг Т.Д, Б.Д нар хамтын амьдралтай байхдаа авсан болох нь хэрэгт авагдсан Төрийн банкны “Зээлийн дансны харилцагчийн хуулга”-аар нотлогдож байгаа, хамтран зээлдэгч Т.Д......нас барсан байх тул нэхэмжлэгч Б.Д....ээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 50 хувь болох 1,525,000 төгрөг гаргуулан хариуцагч Т.Д.....д олгох нь зүйтэй байна.
8. Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Т.Д......т холбогдуулан “50 толгой мал гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, “22 толгой мал гаргуулах” болгосон. Хариуцагч Т.Д.... нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч Б.Д....ийн гэх мал байхгүй гэж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан ба нэхэмжлэгч Б.Д.... нь мал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй, өөрөөр хэлбэл “22 толгой мал” нь нэхэмжлэгч Б.Д...ийн өмч хөрөнгө гэсэн баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Д……ээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Д……д, нэхэмжлэгч Б.Д….ээс 31,899 төгрөг гаргуулан хариуцагч Т.Д……д тус тус олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2011 оны 7 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин ............ овгийн Д..............ын А..........РД:/........../, ........ оны ......... дугаар сарын ........-ны өдөр төрсөн хүү Б....... овгийн Д..........ын А.......... РД:/............/ нарыг төрсөн эх, нэхэмжлэгч Б.Д.............гийн асрамжид үлдээсүгэй.
2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Д………..ээс 1,525.000 төгрөг гаргуулан хариуцагч Т.Д………..д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1,525,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.Д………аас “22 толгой мал гаргуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Нэхэмжлэгч “Төрөөс олгосон хүүхдийн тэтгэмжийн мөнгө 2,800,000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Д………….ээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Д…………д, нэхэмжлэгч Б.Д………..ээс 31,899 төгрөг гаргуулан хариуцагч Т.Д…………д тус тус олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА