Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2021/ДШМ/30

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        Т.Б-д холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Д даргалж, шүүгч Д.Б, шүүгч В.Ц нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                        Прокурор                                                         Б.Б

                        Шүүгдэгчийн өмгөөлөгч                                С.П, Э.М

                        Шүүгдэгч                                                        Т.Б

                        Нарийн бичгийн дарга                                  Б.Д нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.О даргалж, ерөнхий шүүгч Р.А, шүүгч П.Г нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 15 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Б-ийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Т.Б-д холбогдох 2112000000105 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Т.Д-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн Дэнж хороолол гэх газарт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Т.Б

 

Шүүгдэгч Т.Б нь 2020 оны 02 дугаар сард Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн нутаг дэвсгэрт өөрийн жолоодож явсан машин дотроо бага насны хүүхэд буюу 12 настай хохирогч С.Нийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон буюу хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Т.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 15 дугаартай тогтоолоор: ... Шүүгдэгч Т.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь эрүүгийн 2112000000105 дугаартай хэргийн материалтай танилцахад шүүгдэгчийн өмгөөлөгч Э.М нь 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Прокурорын газарт хүсэлт гаргаж, түүний хүсэлтийг прокурорын 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 49 дугаартай тогтоолоор хангахаас татгалзан шийдвэрлэж, өмгөөлөгчид хариу мэдэгдэх хуудсыг мөн өдрөө хүргүүлсэн байх бөгөөд мөн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр яллах дүгнэлтийг шүүгдэгчид гардуулан хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хүсэлт, гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргаж болно...” гэж,  мөн хуулийн 2 дахь хэсэгт “...шүүх, прокурорын шийдвэрт энэ хуульд заасан хугацаанд гомдол гаргаж болно...” гэж,  мөн хуулийн 15.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...оролцогч нь мөрдөгчийн шийдвэр, ажиллагаанд гаргах гомдлыг хяналт тавьж байгаа прокурорт, хяналт тавьж байгаа прокурорын шийдвэр, ажиллагааны талаарх гомдлыг тухайн нэгжийн дээд шатны прокурорт шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор гаргана…”,  мөн хуулийн 4 дэх хэсэгт “....гомдол гаргагчид гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн, түүний үндэслэл, уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор дээд шатны прокурорын газарт гомдол гаргаж болохыг тайлбарлана...” гэж тус тус заажээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.М Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 15.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй бөгөөд миний эрхийг хязгаарлаж, прокурор гомдлыг шийдвэрлэсэн өдрөө хэргийг шүүхэд шилжүүлсэн гэсэн гомдол үндэслэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан оролцогчийг эрхийг хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн дээрх алдааг залруулсны эцэст хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв гээд

 Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б-д холбогдох эрүүгийн 2112000000105 дугаартай хэргийг Архангай аймгийн Прокурорын газарт буцааж; Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Т.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж; Тогтоолыг прокурор болон шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Б-ийн бичсэн эсэргүүцэлд: Архангай аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Б би эрүүгийн 2112000000105 дугаартай шүүгдэгч Т.Бд холбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Уг хэргийг тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2021/ШТ/15 дугаартай шүүхийн тогтоолоор хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.

Шүүхийн тогтоолд: Шүүгдэгч Т.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь эрүүгийн 2112000000105 дугаартай хэргийн материалтай танилцахад шүүгдэгчийн өмгөөлөгч Э.М нь 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн прокурорын газарт хүсэлт гаргаж, түүний хүсэлтийг прокурорын 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 49 дугаартай тогтоолоор хангахаас татгалзан шийдвэрлэж, өмгөөлөгчид хариу мэдэгдэх хуудсыг мөн өдрөө хүргүүлсэн байх бөгөөд мөн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр яллах дүгнэлтийг шүүгдэгчид гардуулан хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хүсэлт, гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргаж болно...” гэж,  мөн хуулийн 2 дахь хэсэгт “...шүүх, прокурорын шийдвэрт энэ хуульд заасан хугацаанд гомдол гаргаж болно...” гэж,  мөн хуулийн 15.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...оролцогч нь мөрдөгчийн шийдвэр, ажиллагаанд гаргах гомдлыг хяналт тавьж байгаа прокурорт, хяналт тавьж байгаа прокурорын шийдвэр, ажиллагааны талаарх гомдлыг тухайн нэгжийн дээд шатны прокурорт шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор гаргана…”,  мөн хуулийн 4 дэх хэсэгт “....гомдол гаргагчид гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн, түүний үндэслэл, уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор дээд шатны прокурорын газарт гомдол гаргаж болохыг тайлбарлана...” гэж тус тус заажээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.М Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 15.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй бөгөөд миний эрхийг хязгаарлаж, прокурор хүсэлтийг шийдвэрлэсэн өдрөө хэргийг шүүхэд шилжүүлсэн гэсэн гомдол үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан оролцогчийн эрхийг хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн дээрх алдааг залруулсны эцэст хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүхийн тогтоолыг 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч танилцаад,  шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж дүгнэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Прокуророос яллагдагч Т.Бд эрүүгийн 2112000000105 дугаартай эрүүгийн хэрэгт үйлдсэн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 148 дугаартай яллах дүгнэлтийг 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 10 цаг 30 минутад яллагдагч Т.Бд гардуулсан бөгөөд мөн өдөр яллагдагч Т.Бы өмгөөлөгч Э.М-ээс гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэж, энэ талаарх мэдэгдэх хуудсыг түүнд гардуулж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхийн шийдвэрт дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 15.7 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгүүд нь хэргийн оролцогч нарын гомдол, хүсэлтээ хэнд хандаж, ямар хугацаанд гаргах боломжтой талаар зохицуулсан хэм хэмжээнүүд юм.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Яллах дүгнэлт гардуулсны дараа хэргийн талаар гаргасан хүсэлт, гомдлыг шүүхэд шилжүүлнэ” гэж хуульчилсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд яллах дүгнэлтийг ямар хугацаанд яллагдагчид гардуулах болон яллах дүгнэлтийг гардуулахыг хойшлуулах талаар зохицуулалт байхгүй. Тиймээс яллах дүгнэлтийг гардуулсны дараа өмгөөлөгчийн гомдол гаргах эсэхийг хүлээлгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлснийг түүний гомдол гаргах эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй байна.

Яллагдагчийн өмгөөлөгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед хүсэлт, гомдол гаргаж болох бөгөөд хэргийг шүүхэд шилжүүлсний дараа ч гомдол, хүсэлт гаргах эрх нь нээлттэй ба дээрх эрхийг нь хязгаарлаагүй гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх нь дээрх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн байх тул тус шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШТ/15 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд прокурор оролцуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:  Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 15 дугаартай тогтоолоор шүүгдэгч Т.Бд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 15.7 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг зөрчиж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна гэсэн үндэслэлээр буцаасан. Хэрэгт өмгөөлөгчийн гаргасан хүсэлт, яллагдагчид яллах дүгнэлт гардуулсан тэмдэглэл зэрэг авагдсан байгаа. Мөн дээр нь хэргийг хэзээ шүүхэд шилжүүлсэн зэрэг нь тодорхой байгаа. Эдгээр зүйлс нь нэг цаг хугацаанд буюу 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр яллах дүгнэлтийг яллагдагчид гардуулж, хэргийг тухайн өдөр анхан шатны шүүх рүү шилжүүлсэн. Мөн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр шийдвэрлэж хариу өгсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд яллах дүгнэлтийг үйлдсэний дараа өмгөөлөгч гомдол, хүсэлт гаргасантай холбоотой яллах дүгнэлтийг яллагдагчид гардуулах хугацаа, хориглолт хязгаарлалт, мөн тухайн хэргийг шүүхэд шилжүүлэх буюу дээд шатны прокурорт гомдол гаргах эрхийг нь хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ гэсэн ийм заалт байхгүй учраас яллах дүгнэлтийг гардуулсны дараа хэргийн оролцогчоос гаргасан гомдол, хүсэлтийг шүүхэд шилжүүлнэ гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан заалтыг баримтлан хэргийг шүүхэд шилжүүлсэн. Үүнийг өмгөөлөгчийн гомдол, эсэргүүцэл гаргах эрхийг хязгаарласан гэж үзэхгүй байна. Яагаад гэхээр хуульд түдгэлзүүлнэ гэсэн зохицуулалт байхгүй учраас энэ ажиллагаа бол хуульд заасны дагуу явагдсан гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс гомдол гаргах эрх нь нээлттэй байхад хэрэг шүүхэд шилжсэн үндэслэлээр гомдол гаргаагүй гэж тайлбарлаж байгаа. Харин гомдол гаргах  боломжтой байсан бөгөөд өмгөөлөгчийн эрхийг хязгаарлаагүй гэж үзэж байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 15 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэсэн дүгнэлттэй байна гэв.  

 

Шүүгдэгчийн  өмгөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан саналдаа:  Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 15 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна. Яагаад вэ гэхээр хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан. Бидний хувьд улсын ерөнхий прокурор хүртэл гомдол гаргах эрхтэй байгаа юм. Гэтэл хэргийг шүүх рүү шилжүүлсэн хойно хэнд, хаашаа гомдол гаргах вэ гэдэг асуудал үүсэж, бидний эрх хязгаарлагдаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасантай зэрэгцэн прокурорт гомдол гаргасан бол энэ өөр асуудал болно. Гэтэл прокурорын зүгээс яллах дүгнэлт гардуулахаас өмнө түүнд гомдол гаргасан байдаг. Тэгээд прокурорын хариуг аваад улсын ерөнхий прокурор хүртэл явах эрх нээлттэй байсан боловч энэ эрхийг бүрэн хязгаарласан явдал болсон гэв.

 

Шүүгдэгчийн  өмгөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний бие өмнө нь гаргасан тайлбартаа саналаа тодорхой дурдсан бөгөөд тайлбараа бүрэн дэмжиж байна. Нэг зүйлийг нэмж хэлэхэд 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн мэдэгдэх хуудсанд гомдол гаргасан бол улсын яллагчийн яриад байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг үндэслээд дээд шатны прокурор нь миний гомдлыг шүүх рүү шилжүүлэх боломжтой байсан гэж өмгөөлөгч хүний хувьд харж байна. Харин өмнө нь гаргасан гомдол, хүсэлтэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэг хамаарахгүй гэж бодож байна. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 15 дугаартай тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлийг тухайн анхан шатны шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна. Тиймээс нөхөн гүйцэтгэх боломжтой шат буюу хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд Т.Бд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурор Б.Б-ийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Быг 2020 оны 02 дугаар сард Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн нутаг дэвсгэрт өөрийн жолоодож явсан машин дотроо бага насны хүүхэд буюу 12 настай хохирогч С.Нийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон буюу хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэж үзэж,  түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчин, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн эрхийг хязгаарласан гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.М нь 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Прокурорын газарт хүсэлт гаргаж, түүний хүсэлтийг прокурорын 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 49 дугаартай тогтоолоор хангахаас татгалзан шийдвэрлэж, өмгөөлөгчид хариу мэдэгдэх хуудсыг мөн өдрөө хүргүүлж,   2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр яллах дүгнэлтийг шүүгдэгчид гардуулан хэргийг шүүхэд шилжүүлсэн ба прокурорын дээрх тогтоолыг эс зөвшөөрсөн тохиолдолд уг тогтоол гарснаас хойш ажлын 3 хоногийн дотор тухайн нэгжийн дээд шатны прокурорт  гомдол гаргах эрхтэй байсан боловч хэргийн оролцогчийн уг эрхийг нь хязгаарлажээ.

 

    Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажиллагааг гүйцэд хийгээгүй бөгөөд энэ нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.

 

Мөн хэргийг харьяалах шүүхэд шилжүүлсэн тухай яллагдагчид мэдэгдээгүй, яллагдагчийн өмгөөлөгчийн хэрэгт хяналт тавьж байгаа прокурорт гаргасан хүсэлтийг хэрэгт хавсаргаагүй байна.

     

     Иймд дээрх зөрчлүүдийг арилгуулах үүднээс Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 15 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                                                                            

                                                       ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 15 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.Д

 

                             ШҮҮГЧИД                                      Д.Б

 

                                                                                     В.Ц