Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2020/0164

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн би, Говь-Алтай аймгийн Засаг даргын нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлд холбогдох  захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Р******* нь Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 60 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 25 дугаар захирамжаар В.Р*******ийг Говь-Алтай аймгийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7 дахь хэсэгт заасны дагуу түүний бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч надад үүрэг болгосон.

Тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг судлан үзэхэд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Б*******д сахилгын шийтгэл ногдуулж, төрийн албанаас халах тухай Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/34 дүгээр захирамжийг хүчингүй болгосон Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 60 дугаар тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг биелүүлж, Ч.Б*******ийг урьд эрхэлж байсан албан тушаал буюу аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилох нь Засаг даргын хуулиар олгосон бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад болохгүй, цаашид Ч.Б*******тэй хамтран ажиллаж, Засаг даргын чиг үүргийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасны дагуу Төрийн албаны зөвлөлд холбогдуулан гаргасан Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 60 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна.

Иймд тус захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тухай шүүгчийн захирамж гаргаж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Говь-Алтай аймгийн Засаг даргын Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 60 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий Төрийн албаны зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээр тус шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 9042 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн захирамжийн 1 дэх заалтаар В. Р*******ийг Говь-Алтай аймгийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлж, 2 дахь заалтаар Говь-Алтай аймгийн Засаг даргыг шинээр томилох хүртэл хугацаанд бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахыг Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Ж.Г*******ад даалгажээ.

Тус шүүхэд 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Ж.Г******* нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлт гаргасныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрх эдэлнэ 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасны дагуу Төрийн албаны зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаар уг асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алддаг болох; мөн хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох тухай үр дагаврыг нэхэмжлэгчид тайлбарлан танилцуулсан болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Засаг дарга Төрийн албаны зөвлөлд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Төрийн албаны зөвлөлд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН