| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00458/И |
| Дугаар | 145/ШШ2024/00398 |
| Огноо | 2024-09-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 145/ШШ2024/00398
| 2024 оны 09 сарын 16 өдөр | Дугаар 145/ШШ2024/00398 | Авайхээр сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Өвөрхангай …………. сумын ………….. дүгээр багт оршин суух, Б…………. овгийн Г………..ийн Б………….ын хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.Б, нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, мөн 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Тарагт сумын “Хөдөлмөр” нэгдлийн туслах үйлдвэрт ажиллаж байсан. 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчид 1982 оны 06 дугаар сарын 10-ны өдөр олгосон Цэргийн батлахын хуулбарт: Г......ийн Б............. 1988 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 172 дугаар тушаалаар цэргиын албанаас халагдав гэсэн бичилттэй,
Хүсэлт гаргагчийн ............... дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: Г...........гийн Б..............ыг 1981 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Хөдөлмөр нэгдлийн туслах үйлдвэрт ажиллуулав, 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ардын армид алба хаах болсон тул үүрэгт ажлаас чөлөөлөв, 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Хөдөлмөр нэгдлийн туслах үйлдвэрт ажиллуулав, 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөв гэсэн бичилтүүдтэй,
Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 78 дугаартай архивын лавлагаанд: Г..........ийн Б..............ын Тарагт сумын Хөдөлмөр нэгдэлд 1981 оны 09 дүгээр сараас 1985 оны 12 дугаар сарыг дуустлах, 1989 оны 01 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг хүртлэх хугацааны цалингийн тодорхойлолт бичигдсэн,
Өвөрхангай аймгийн Тарагт сумын МБНН “Хөдөлмөр” нэгдлийн зөвлөлийн даргын 1985 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 56 дугаартай тушаалд: Фермийн уурын зуухны гачегараар Г.Б..............ыг ажиллуулсугай гэсэн,
Батлан хамгаалах төв архивын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаанд: Г...........гийн Б............ыг БХЯ-ны сайдын 1986 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн н/309 тушаалаар Өвөрхангай аймгаас царгийн албанд татагдаж, Ардын армийн 120 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн н/264 тушаалаар 504568 дугаартай Цэргийн батлахтай халагдсан гэсэн,
Өвөрхангай аймгийн Тарагт сумын МБНН “Хөдөлмөр” нэгдлийн зөвлөлийн даргын 1991 оны 003 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаартай тушаалд: Туслах үйлдвэрийн ажилчин Г.Б............ыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөв гэсэн,
1989 оны 11 дүгээр сарын 27, 1981 оны 09 сар, 1985 оны 06 сарын цалингийн тооцооны хүснэгтүүдэд: Г.Б……………. гэсэн
Гэрч Ч.А............... /РД:........../-ийн мэдүүлэгт: Би Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдэлд туслах үйлдвэрт 1981 оноос 1990 он хүртэл грушик, жолоочоор ажиллаж байсан. Г.Б.............. нь Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдэлд туслах үйлдвэрт 1981 оноос 1991 он хүртэл ажилчнаар ажиллаж байсан гэсэн,
Гэрч Л.Эрдэнэчимэг /РД................./-ын мэдүүлэгт: Би Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдэлд туслах үйлдвэрт 1981 оноос 1988 он хүртэл будагчинаар ажиллаж байсан байсан. Г.Б.............. нь Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдэлд туслах үйлдвэрт 1981 оноос 1986 он хүртэл ажилчинаар ажиллаж байгаад цэрэгт явж ирээд 1988 оноос 1991 он хүртэл нь Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдэлд туслах үйлдвэрт ажилчнаар ажиллаж байсан гэсэн,
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Г.Б............ нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлт гаргажээ.
2. Хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
3. Б………..н овгийн Г……….ийн Б………… /РД:............../ нь Өвөрхангай аймгийн Тарагт сумын “Хөдөлмөр” нэгдэлийн туслах үйлдвэрт 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, мөн 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 78 дугаартай архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Тарагт сумын МБНН “Хөдөлмөр” нэгдлийн зөвлөлийн даргын 1985 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 56 дугаартай тушаал, Батлан хамгаалах төв архивын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Тарагт сумын МБНН “Хөдөлмөр” нэгдлийн зөвлөлийн даргын 1991 оны 003 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаартай тушаал, 1989 оны 11 дүгээр сарын 27, 1981 оны 09 сар, 1985 оны 06 сарын цалингийн тооцооны хүснэгтүүд, гэрч Ч.А /РД:.................../, Л.Э /РД:..................../ нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар Б………..н овгийн Г……….ийн Б………… /РД:............../ г Өвөрхангай аймгийн Тарагт сумын “Хөдөлмөр” нэгдлийн туслах үйлдвэрт 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, мөн 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА