| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00425/И |
| Дугаар | 145/ШШ2024/00391 |
| Огноо | 2024-09-13 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 145/ШШ2024/00391
| 2024 оны 09 сарын 13 өдөр | Дугаар 145/ШШ2024/00391 | Арвайхээр сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн …………. сумын …………. дугаар баг, …….. тоотод оршин суух, Ш………. овгийн Ж………….гийн Н…………ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ………….р сумын …………. дүгээр баг, ………. тоотод оршин суух, Б……….. овгийн П………….ийн Б…………д холбогдох,
“Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Н..........., хариуцагч П.Б.............н/цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Б.Х.........., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие П.Б............тай 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. ........... оны ........... дугаар сарын .............-ны өдөр охин Б.Б..........ыг төрүүлсэн. Би П.Б...............тай суухаас өмнө нэг охинтой байсан. Охиныг маань П.Б миний нэр дээр шилжүүлээд надаар овоглочих гэхээр нь гэрлэлтээ батлуулахаас өмнө П.Баярсайханы нэр дээр шилжүүлсэн. Бид хоёр 2022 онд найраа хийсэн ба найраа хийхээсээ өмнө хамт амьдардаг байсан. П.Б охинтой болсноос хойш архи ууж, агсам тавьж, зоддог болсон. Тэгээд юм л бол баян, ядуу, танайх малгүй, манайх малтай гэж ялгаж харьцдаг байсан. Мөн өөрийн охин Б.Буянжаргалыг хүүхдээ биш гэж ярьдаг байсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Намайг жирэмсэн байхад зодож, хүүхдээ зулбуулж байсан учраас цаашид эвлэрэх ямар ч боломжгүй, гэрлэлтээ цуцлуулна гэв.
Хариуцагч П.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Ж.Н……………..ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад хариу тайлбарыг гаргаж байна. Ж.Н…… бид хоёр 2021 оны 01 дүгээр сард гэрээ бариад хамт амьдарч эхлээд охин Б.Б………. 2022 оны 05 дугаар сард төрсөн. Том охин Буянхишиг нь Ж.Н……..ын дагавар хүүхэд юм. Миний хувьд 2008 оноос барилга дээр туслахаар ажиллаж эхэлсэн бөгөөд Ж.Н………..той хамт амьдрах хугацаанд барилга дээр 1-3 сар орчим ажиллаад гэртээ ирж 1-2 сар амардаг байсан. Гэртээ амрах хугацаанд хааяа найз нөхөдтэйгээ баяр ёслолоор архи пиво уух үе байсан. Байнга бол уудаггүй байсан. Архи уусан үедээ хэл амаар маргах асуудал байснаас Ж.Н…………ыг зодож нүдэж байгаагүй. Бид хоёрыг хамт амьдрах хугацаанд Ж.Н өөрийн эгч, ах, дүүгээ амьдралд их оролцуулдаг, өөрийн гэсэн толгойгүй хүн шиг хамаг асуудлаа гэрийнээсзэ асуудаг тэд нар нь Ж.Н…………рын өмнөөс шийдвэр гаргадаг тэр байдал нь бид хоёрын дунд зөрчил үүсэхэд их нөлөөлсөн. Тийм болохоор танайхан ихэнхи нь бүтэн амьдралтай хүн байхгүй, чиний амьдралд байнга оролцоод байх юм, чи надтай л амьдрана, ах эгч нартайгаа амьдрахгүй шүү дээ гэж зөндөө хэлж байсан ч өөрчлөгдөөгүй. 2023 оны 01 дүгээр сард гэж санаж байна, бага охины хүүхдийн хадгаламжийн дансыг эхнэрийн нэр дээр шилжүүлж өгөхөд дансанд 300,000 төгрөг байсан. Энэ мөнгөтэй нь хамт Ж.Нямдолгорын нэр дээр шилжүүлж өгсөн. Тэр мөнгийг би аваагүй. Миний хувьд Ж.Н…………той анх гэр бүл зохиож байсан. Гэр бүлээ бүрэн бүтэн байлгаж, болж бүтэх талаас нь хичээсэн боловч Ж.Нямдолгортой амьдрах нь манай гэрийнхэнд болон надад маш их дарамттай хэцүү байсан. Би 2023 оны 03 дугаар сард хот руу барилгын ажилдаа яваад намар 08 сард гэртээ ирээд түүнээс хойш 2 сарын дараа буюу 2023 оны 11 дүгээр сард Ж.Н. надаас саллаа гээд эгч, ээж нь ирээд гэрийн тавилгаа ачаад явсан. Тэрнээс хойш нэг удаа фэйсээр холбогдоход нэг залуу манай хоёр охиныг тэвэрсэн зураг над руу явуулсан. Тэгэхээр нь тэр зургийг устгаад дахиж Ж.Нямдолгортой яриагүй. Нэг удаа залгахад Ж.Н. дугаараа сольсон байсан. Миний хувьд эвлэруүлэн зуучлах ажиллагаа явуулахгүйгээр гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Мөн өөрийн төрсөн охин Б.Б…..ийн асрамжийг Ж.Н……..т тогтоохыг болон охиндоо тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин охин Б.Б……гт хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Б.Б………гийн төрсөн эцэг нь байдаг бөгөөд Ж.Н. Б.Б………..ийг төрсөн аав руугаа яв гэж хэлдэг байсан. Тийм болохоор төрсөн эцгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Х………. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь хариу тайлбартаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, бага хүүхэд Б.Б………..даа хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа гэсэн байгаа. Том хүүхэд Б.Б нь өөрийн хүүхэд биш учраас төрсөн эцгээр нь хүүхдийн тэтгэлэг төлүүлэх тайлбар гаргасан. Том хүүхдэдээ хүүхдийн тэтгэлэг төлөхгүй, харин бусад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Н нь хариуцагч П.Б...............д холбогдуулан “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч Ж.Н, хариуцагч П.Б нар нь 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр албан ёсны бүртгэлтэй гэр бүл болж, .............. оны .......... дүгээр сарын ...............-ны өдөр охин Б.Б.............ийг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдсон.
3. Нэхэмжлэгч гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаагаа илэрхийлсэн, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан, зохигчид цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүйгээ илэрхийлсэн ба зохигч 2023 оноос хойш тусдаа амьдарсан, хариуцагчийн удаа дараа үйлдсэн гэр бүлийн хүчирхийллийн улмаас нэхэмжлэгч гэмтэж байсан талаар нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарлаж, хариуцагч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбарыг мөн шүүх хуралдаанд гаргасан байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар гэрлэлтийг цуцалж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
5. Хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар ........... оны ............. дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Б.Б...........ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, хүүхэд суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг П.Б..............аас тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
6. Зохигч дундын эд хөрөнгийн маргаан гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчинг бүрдүүлэх, хүүхдээ хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх, хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хүүхдийг сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд сургууль, хүүхдийн болон бусад холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдтэй хамтран ажиллах, хүүхдийг хууль тогтоомжид заасан нийгмийн үйлчилгээнд хамруулах, хүүхдийн нэр төр, эрүүл мэнд, хувийн нууцыг хадгалж, хувийн орон зайг хамгаалах, хүүхдийг хүндэтгэн сонсож, шийдвэр гаргах, хүүхдийг хөгжиж, төлөвшихөд нь дэмжин туслах, хууль тогтоомжид заасны дагуу хүүхдийнхээ өмнөөс хариуцлага хүлээх, хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах гэж тус тус заасан эцгийн үүргээ хүүхдүүдтэйгээ хамт амьдарч байгаа эсэхээс үл хамааран биелүүлэхийг хариуцагч П.Б............, хариуцагчийг эцгийн үүргээ биелүүлэхэд нь саад болохгүй байхыг нэхэмжлэгч Ж.Н...............нарт тус тус даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар Б……….. овгийн П…………ийн Б……….., Ш……… овгийн Ж………..ийн Н…………нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар зааснаар ........... оны ............. дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Б.Б...........ыг төрсөн эх, нэхэмжлэгч Ж.Н..........ийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгүүдэд зааснаар зааснаар ........... оны ............. дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Б.Б...........ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, хүүхэд суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг П.Б................аас тэтгэлэг гаргуулан, сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгүүдэд заасан эцгийн үүргээ хүүхдүүдтэйгээ хамт амьдарч байгаа эсэхээс үл хамааран биелүүлэхийг хариуцагч П.Б..........д, эцгийн үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Ж.Н..............т тус тус даалгасугай.
5. Талууд дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаан гаргаагүй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч П.Б...........аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Н.............т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
7. Шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор шийдвэрийн хувийг иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /Г.Дорждулам/-д даалгасугай.
8. Шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА