Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2021/ДШМ/29

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

            Б.Б, У.Б, Х.А нарт холбогдох

              эрүүгийн хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, ерөнхий шүүгч Т.Д, шүүгч Д.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                        Прокурор                                                      С.Б

                        Шүүгдэгч нарын өмгөөлөгч                        Б.Ба 

                        Шүүгдэгч                                                      Б.Б

                        Нарийн бичгийн дарга                                Б.Д нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.О даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Б.Баийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Б, У.Б, Х.А нарт холбогдох 1712002840032 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасагт мөрдөгч ажилтай, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Цагаан давааны 39-507 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б.Б

 

 Монгол Улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Булган суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонгорж багийн Талын толгой хорооллын 04-04 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х.А

 

 Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Булган суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн Тамир хорооллын 59-5912 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, У.Б

 

 Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч ажилтай, шүүгдэгч Б.Б нь эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Х.Агийн зөвшөөрөлгүйгээр ойгоос бэлтгэсэн мод болон 55-65 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Тээврийн хэрэгсэл түр саатуулах байрнаас гарган Х.Ад хүлээлгэн өгч иргэн Х.А, У.Б нарт давуу байдал олгосон,

Х.А, У.Б нар бүлэглэж 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Булган сумын Тамир багийн нутаг Байц гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэж, 55-65 АРХ улсын дугаартай Портер маркийн автомашинаар тээвэрлэж, 100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Б.Бод холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Х.А, У.Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж,  прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор: Б.Б-ыг нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Х.А, У.Б нарыг бүлэглэж, зөвшөөрөлгүйгээр, ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5400/таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Аг 2 /хоёр/ жилийн хугацаагаар, шүүгдэгч У.Бийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бод оногдуулсан 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А, шүүгдэгч У.Б нарт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А, шүүгдэгч У.Б нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 69 дугаартай Архангай аймгийн Прокурорын газрын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Х.А, У.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 55-65 АРХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Х.Агээс 1.250.000 /нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөг, шүүгдэгч У.Бөөс 1.250.000 /нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгож, 55-65 АРХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч П.Т-т буцаан олгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А, шүүгдэгч У.Б нарт үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ болон тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн баримт бичгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарыг бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 100.000 төгрөгийг шүүгдэгч Х.А, У.Б нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлого болгож, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, шүүгдэгч Х.А, шүүгдэгч У.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ба-ийн гаргасан давж заалдах гомдолд: Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Б.Ба би эрүүгийн 1712002840032 дугаартай хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд Б.Бын өмгөөлөгчөөр оролцон Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд зааснаар давж заалдах гомдлыг гаргав. Анхан шатны шүүхээс Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400.000 төгрөгөөр торгохоор шийдвэрлэснийг доорх үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

1. Шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар:

Анхан шатны шүүх дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай  үндэслэлийг заагаагүй. Шийтгэх тогтоолын 16-18-р хуудсанд Б.Быг гэм буруутай гэж дүгнэхэд үндэслэл болгосон нотлох баримтуудыг дурджээ. Үүнд: Х.Агийн мэдүүлэг /1х-23-24, 85/, гэрч Л.Б-ын мэдүүлэг /1х-25-26/, гэрч Б.Д-ын мэдүүлэг /1х-29-30/, гэрч Б.Г-ын мэдүүлэг /1х-80/, гэрч Г.Б-ын мэдүүлэг /1х-81-82/, гэрч Б.Б-ын мэдүүлэг /1х-83-84/, гэрч Д.Б-ын мэдүүлэг /1х-88-89/, гэрч А.А-ын мэдүүлэг/1х-90/,

 Гэтэл хавтаст хэрэгт Х.Агийн жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /1х-6/, мод бэлтгэх эрхийн бичиг /1х-7/, хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах санал /1х 9/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1х-14-17/, Б.Бын хөрөнгө орлогын мэдүүлэг /1х-116/, жижүүрийн томилгоо /1х-128/, Банкнаас харилцагчийн мэдээлэл авах тогтоол, мэдээлэл /1х-225, 2х-4/, гэрч Б.Б-ын мэдүүлэг /Зх-163-164/ зэрэг Б.Быг цагаатгах талын нотлох баримтууд байхад шүүхийн зүгээс харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй.

2. Хэргийн үйл баримтын талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан мөрдөгч нь үзлэг хийх, хохирогч, гэрчээс мэдүүлэг авах зэрэг тодорхой ажиллагаануудыг прокурорын зөвшөөрөлгүйгээр бие даан явуулж болохоор зохицуулсан. Мөн Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын “Код:200 Шуурхай удирдлагын албаны үйл ажиллагаа”-ны журмын 200.4.9-д Цагдаагийн алба хаагч нь гэмт хэргийн талаарх дуудлагыг хүлээн авмагц....цагдаагийн албаны тухай хууль болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хойшлуулшгүй болон тодорхой ажиллагаа хийх..." талаар зохицуулж өгсөн байна.

Архангай аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч Б.Б нь тухайн хэрэг асуудал болсон өдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 10-нд Х.А нь зохих зөвшөөрөлгүйгээр мод тээвэрлэсэн гэх үндэслэлээр саатуулагдах үед жижүүрийн шуурхай албаны бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байсан учраас Х.Агээс гэрчийн мэдүүлэг авч, хойшлуулшгүй ажиллагаа явуулсан байх ба хавтаст хэргийн 116, 117-р талуудад цагдаагийн газрын даргын баталсан тухайн үеийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний томилгоо авагдсан байна.

3. Хууль хэрэглээний талаар: Эрүүгийн хуулийн 1.2-р зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална”, 1.2-р зүйлийн 5 дах хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болно” гэж зохицуулжээ.

Авлигын эсрэг хуулийн 3-р зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг” гэж тодорхойлжээ.

Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Б нь жижүүрийн шуурхай албаны бүрэлдэхүүнд ажиллаж байхдаа гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд хойшлуулшгүй ажиллагаа явуулсан үйлдэл нь Авлигын эсрэг хуулийн 3-р зүйлийн 3.1.3-т заасан албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилготой огт хамааралгүй, мөрдөгч Б.Бын ямар хувийн ашиг сонирхол хэрхэн гүйцэлдэж байгааг хэрэгт цугласан нотлох баримтаар тогтоогоогүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-р зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн субъектив талын шинж үгүйсгэгдэж байна.

Харин эрүүгийн мөрдөгч Б.Б нь Х.Агийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, бичиг баримт, мод бэлтгэх эрийн бичиг бүрэн, ямар нэг зөрчилгүй гэж үзэн тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаанаас гаргасан нь Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлд заасан хайнга хандах гэмт хэргийн шинжтэй илүү төстэй байх ба энэ үйлдлээс болж бусдад их хэмжээний хохирол учраагүй байх тул Б.Бод холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4-т заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй" гэж заасны дагуу шийдвэрлэж болно гэж үзэж байна.

Анхан шатны шүүхээс Х.А, У.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон ба Х.А, У.Б нар гэм буруугийн талаар маргаагүй, хохирол төлбөрөө бүрэн барагдуулахаа илэрхийлж шүүхээс тус бүр 2 жилийн хугацаагаар тэнссэн.

Анхан шатны шүүхийн дүгнэснээр Б.Б нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Х.А, У.Б нарт давуу байдал бий болгосон гэж үзвэл шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноор энэ давуу байдал үгүйсгэгдэж, гэмт хэргийн нийгмийн хор аюул арилж,  Б.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй.

Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар Б.Бод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ба шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Өмгөөлөгчийн хувьд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна. Өмгөөлөгчийн хувьд хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Б.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1  дүгээр зүйл  буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийн шинжтэй гэхээс илүү Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан хайнга хандах гэмт хэргийн шинжтэй илүү төстэй харагдаж байна. Б.Б нь тухайн үед жижүүрийн томилгоогоор албан үүргээ гүйцэтгэж байсан. Мөн мод хууль бусаар бэлдсэн гээд байгаа хоёр хүн нь эрүүгийн хариуцлагаа хүлээсэн байгаа. Ийм нөхцөл байдал байгаа учраас Б.Бод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Б.Баийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч ажилтай, шүүгдэгч Б.Б нь эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Х.Агийн зөвшөөрөлгүйгээр ойгоос бэлтгэсэн мод болон 55-65 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Тээврийн хэрэгсэл түр саатуулах байрнаас гарган Х.Ад хүлээлгэн өгч иргэн Х.А, У.Б нарт давуу байдал олгосон гэмт хэрэг, шүүгдэгч Х.А, шүүгдэгч У.Б нар нь бүлэглэж 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Булган сумын Тамир багийн нутаг Байц гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэж, 55-65 АРХ улсын дугаартай Портер маркийн автомашинаар тээвэрлэж, 100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан шүүгдэгч Б.Бын нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэлд,

 шүүгдэгч Х.А, шүүгдэгч У.Б нарыг бүлэглэж, зөвшөөрөлгүйгээр, ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн үйлдэлд тус тус үндэслэлтэй дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Бод холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Х.А, У.Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь зөв байна.

 

 Нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч Х.А, шүүгдэгч У.Б нарт тус бүрд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тус тус тэнсэж шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тус тус тохирсон байна.

 

Харин 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлд...Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно...гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч Х.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тэнссэн 2 жилийн хугацаа, шүүгдэгч У.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тэнссэн 2 жилийн хугацаа тус тус Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч байх тул тэдгээрийг тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

 

Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгчийн  гаргасан гомдол үндэслэлгүй байна.Учир нь:

 

Шүүгдэгч Б.Б нь цагдаагийн газар, хэлтэс, тасгийн дарга буюу эрх бүхий албан тушаалтан хэн аль нь түүнд 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Х.Агийн зөвшөөрөлгүйгээр ойгоос бэлтгэсэн мод болон 55-65 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх эрх олгоогүй байхад Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч албан тушаалын байдлаа ашиглан тээврийн хэрэгсэл түр саатуулах байрнаас гаргаж, улмаар Х.Ад хүлээлгэн өгч, Х.А, У.Б нарт давуу байдал олгожээ.

 

Цагдаагийн эрх бүхий алба хаагч тээврийн хэрэгслийг шалгаж зөрчилтэй гэж үзэж тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд саатуулсан тохиолдолд цагдаагийн хэн нэгэн алба хаагчийн шийдвэрээр тээврийн хэрэгсэл түр саатуулах байрнаас гаргах журамтай ба  Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч ажилтай Б.Б бичиг хийж, өөрөө ирж гаргасан талаар гэрч Б.Г мэдүүлсэн.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б цагдаагийн байгууллагын алба хаагч биш тохиолдолд уг тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл түр саатуулах байрнаас гаргах эрхгүй бас боломжгүй.

 

Гэтэл эрх олгогдоогүй байхад цагдаагийн алба хаагчийн эрх мэдлээ ашиглан тээврийн хэрэгслийг түр саатуулах байрнаас гаргаж бусдад давуу байдал олгосон үйлдэл хийсэн ба уг үйлдэл нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Тухайн үед шүүгдэгч Б.Бод Х.А, У.Б нарын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Булган сумын Тамир багийн нутаг Байц гэх газраас мод бэлтгэж, 55-65 АРХ улсын дугаартай Портер маркийн автомашинаар тээвэрлэж саатуулагдсан асуудлыг шийдвэрлэх эрх олгосон хууль, захиргааны хэм хэмжээний акт гараагүй, чиг үүрэг хүлээлгээгүй, шүүгдэгч Б.Бын хувьд дээрх үйлдлийг заавал биелүүлбэл зохих үүрэг биш, ямар нэгэн арга хэмжээ авах шаардлага байхгүй байсан тул хайнга хандах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж зүйлчлэлийг өөрчлөх  үндэслэлгүй болно.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                                                                         

                                                       ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад 21. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тэнссэн 2 жилийн хугацааг, шүүгдэгч У.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тэнссэн 2 жилийн хугацааг тус тус өршөөн хэрэгсэхгүй болгосугай гэж нэмж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6, 7, 9 дахь хэсэгт заасан заалтыг хасаж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

           

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.Ц

 

                             ШҮҮГЧИД                                      Т.Д

 

                                                                                     Д.Б