Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2020/0168

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: У.Х*******. /РД:ПЙ*******/

Хариуцагч: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Э.Ж*******.

Гомдлын шаардлага: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Э.Ж*******гийн 0151924 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Батболд, гомдол гаргагчийн өмгөөлөгч С.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Д******* нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч У.Х******* шүүхэд гаргасан гомдол, түүний үндэслэлдээ: 0151924 дугаартай шийтгэлийн хуудсыг миний хаягаар хүргүүлсэн байх бөгөөд шийтгэлийн хуудсыг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гардаж авсан.

Тус шийтгэлийн хуудаст У.Х******* намайг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дах хэсэг заасан зөрчил үйлдсэн гэх үндэслэлээр торгох шийтгэл оногдуулсан байна.

У.Х******* би 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ховд аймгаас Улаанбаатар хот руу зорчихоор автобусны зогсоол дээр байхад 40 орчим насны эрэгтэй хүн ирээд энэ хайрцагтай зүйлийг дайгаад аваад яваад өгөөч. Чамайг Улаанбаатарт очихоор манай дүү чамаас очоод авчихна. Төлбөрт 20 000 төгрөг өгье өө гэхээр зөвшөөрөөд би аваад явсан.

2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Эмээлт товчоонд миний зорчиж байсан автобусанд цагдаа, мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар шалгалт хийж тухайн хүний дайсан бор хайрцагтай ачааг задлахад тухайн хайрцагнаас 6 ширхэг тарваганы мах гарч ирсэн. Хүний дайсан тухайн 6 тарваганы мах гарч ирсэн хайрцаганд тарваганы мах байгаа эсэхийг би мэдээгүй болно. Миний авч явсан тарваганы мах байсныг би мэдэж байсан бол ачааны доор хийх, нуух гэх мэтээр авч явах байсан.

Тухайн 6 ширхэг тарвага байсан хайрцагны дээр хөх балаар 9897-той дугаар бичигдсэн бөгөөд тухайн дугаарлуу залгаж, дайсан ачаанд чинь тарваганы мах байсныг мэргэжлийн хяналтын улсын байцаагч хурааж авсан. Торгууль мөнгөө өөрөө төлөөрэй гэж ярихад За. Тэгнээ гэж байсан.

Нөгөөдөр нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар очихоос өмнө ярихад дээрх дугаар холбогдох боломжгүй болсон байсан.

Огт танихгүй хүний дайсан ачааг авч явсны төлөө тухайн тарвагыг намайг худалдсан, худалдаж авсан гэж торгуул оногдуулсанд гомдолтой байна.

Мөн Тухайн улсын байцаагч Э.Ж******* намайг зөрчил үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гарын үсэг зур, гарын үсэг зурахгүй бол гаргахгүй, утсаар ярьж болохгүй, хурдан гарын үсэг зур гэж тулган шаардаж, өрөөндөө үндэслэлгүйгээр хорьж байсан.

Би хүчээр гарч, утсаар ярьж өмгөөлөгчтэй холбогдож, өмгөөлөгч ирснээр тус шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрсөн гэж гарын үсэг зурахгүйгээр гарсан.

Иймд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Э.Ж*******гийн 0151924 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч нь 2019 оны 11-р сарын 18-ны өдөр Ховд аймгаас Улаанбаатар чиглэлд зорчихдоо, хүний гуйлтаар 20000 мянган төгрөгийн ачаа тээвэрлэж явсан. 2019 оны 11-р сарын 19-ний өдөр Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх газар дээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шалгалтаар түүний дайж явсан ачаанаас хориотой амьтны мах буюу тарваганы мах илэрсэн үйл явдал болсон. Энэ үйл явдлыг нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуульд зааснаар хориотой, ан амьтны, махыг, худалдах худалдан, авах зөрчил үйлдсэн гэж шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагаа явуулахад У.Х******* нь хориотой ан амьтны махыг худалдсан худалдан авсан үйл баримт тогтоогдоогүй. Ийм Зөрчлийн тухай хуулийн 2.1-р зүйлийн 1 дэх хэсэгт хууль, Захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн нь энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ. Энд заасан Хориотой амьтны махыг дайж авч явсан үйлдлийг Зөрчлийн тухай хуулиар зөрчилд тооцохгүй бөгөөд У.Х******* нь Зөрчлийн тухай хуульд заасан хориотой, ан амьтны махыг худалдсан эсвэл худалдаж авсан зөрчил байхгүй байна. Иймд Зөрчлийн тухай хуулийн 7.6-р зүйлийн 5-д зааснаар худалдах, худалдан авах зөрчил болоогүй байх тул тухайн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Улсын байцаагч нь зөрчилд холбогдогчийг тулган шаардах, айлган сүрдүүлэх, албадахыг хориглоно гэсэн зарчмыг зөрчсөн. Зөрчлийн хуулийг төсөөтэй хэрэглэж миний үйлчлүүлэгчийг тухайн махыг худалдаж авсан байж болзошгүй гэж магадлалдаа үндэслэж Зөрчлийн шийтгэлийг оногдуулсан үндэслэлгүй байх тул тухайн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн гаргасан тайлбартаа, өмгөөлөгч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй байж шүүхэд худал мэдүүлэг өгч байна гэдэг зүйлийг ярьж байна. Худал мэдүүлэг өгөх нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа намайг гэмт хэрэгт холбогдуулан тайлбарыг өгч байна. Би Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд 2019 оны 11-р сарын 21-ний өдрийн 10 цагаас эхэлж оролцсон. Намайг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст мэдүүлэгт сууж байхад Над руу У.Х******* өөрөө залгаж хэлж байсан. Би мэдүүлгээ дуусгаад Улсын байцаагчийн өрөөнд өмгөөллийн гэрээгээ байгуулаад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд шууд оролцсон. Миний гаргаж өгч байсан гомдол хүсэлт, өмгөөллийн гэрээ зэрэг бүх зүйл хавтас хэрэгт хавсрагдаагүй, энэ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үед нотлох баримтаар гаргуулж авсан. Тухайн өмгөөллийн гэрээг хавтас хэрэгт хавсаргаагүй нь эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн үйлдэл байгаа. Зөрчил үйлдсэн этгээдийг олж тогтоох ажиллагаа явуулъя, тэмдэглэлд өөрчлөлт оруулъя мөн мэдүүлэгт өөрчлөлт оруулъя гэж хүсэлт гаргаж байхад хүлээж авдаггүй. Хэрвээ өмгөөллийн гэрээгүй зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бол Прокурор болон Нийслэлийн мэргэжлийн хяналтад гаргасан хүсэлтийг хүлээж авахгүй байх байсан. Өмгөөлөгчийн гэрээ байсан болохоор миний гаргаж өгсөн хүсэлтүүдийг хүлээж аваад өмгөөлөгчид хандаж хариу тайлбаруудаа өгсөн байгаа. Миний зүгээс эрх бүхий албан тушаалтанд гаргасан хүсэлтдээ айлган сүрдүүлсэн талаар дурдаж өгөхөд хариу тайлбар ирүүлээгүй нь үүнийгээ хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож болно. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа тэмдэглэл үйлдсэн байдаг энэ нь хавтаст хэргийн 60 дугаар хуудсанд авагдсан байдаг. Ямар зөрчлийг илрүүлсэн байна гэхээр У.Х******* нь 2019 оны 11-р сарын 19-ний өдөр 6 ширхэг тарвагыг агнасан гэсэн байна. Шалган нэвтрүүлэх товчоон дээр байж байхдаа У.Х******* нь эдгээр тарвагыг агнасан байх уу, хэрвээ агнасан гэж үзвэл тухайн тарвагыг өөрөө өөрөөсөө худалдаж авсан байх уу, ийм байдлаар тухайн үйл явдлыг өөрийн үйл ажиллагааг хөнгөвчлөх байдлаар утга агуулгын илэрхий алдаатай тэмдэглэлүүд үйлдсэн байна. Мөн зөрчлийн тухай хуулийн 2.1-р зүйлд зааснаар зөрчил нь зөвхөн зөрчлийн тухай хуульд заасан мөн захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл байдаг гэж заасан. Хэрвээ У.Х******* нь худалдсан юм бол худалдаж авсан хүн байхгүй, агнасан юм бол агнасан гэдгээ яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Өмнө эрх бүхий албан тушаалтан, шүүгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн илэрхийлж байгаа байр суурь нь зөрчлийн хуулийг ийм байх гэсэн таамаглалаар зөрчлийн хуулийг төсөөтэй хэрэглэж байр сууриа илэрхийлж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Зөрчлийн тухай хуулийн 1.2-р зүйлийн 4-д зааснаар энэ хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглоно гэж заасан байдаг. Дайж авч байгаа нь төсөөтэй гэж хэрэглэх нь үндэслэлгүй. Зөрчлийг газар дээр нь илрүүлсэн юм бол 2019 оны 11-р сарын 19-ний өдөр газар дээр нь худалдах, худалдан авах зөрчлийг илрүүлсэн юм бол өнөөдөр худалдсан, худалдан авсан иргэд байхгүй байгаа. Яагаад зөрчлийн тухай хуулийг төсөөтэй хэрэглээд миний үйлчлүүлэгчид хариуцлага оногдуулаад зөрчил үйлдсэн бусад этгээдийн хариуцлагаас чөлөөлж байгаа юм бэ энэ үндсэн хуульд заасан тэгш эрхийн зарчимд нийцэхгүй гэж үзэж байна. Зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шийдвэрийг гаргасны дараа тухайн хэргийн оролцогчийн эрхийг эдлүүлээгүй байж яагаад буруугаар тайлбарлаж байгаа хэрвээ хэргийн оролцогчийн эрхийг эдлүүлээд У.Х*******ийг зөрчил үйлдээгүй гэдгийг нотлуулах зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан бол өнөөдөр зөрчил үйлдсэн хүн нь хариуцлага хүлээгээд зогсож байх ёстой байсан. Тэгэхээр Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэж, Зөрчлийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн У. Х******* нь Ховд аймгаас ******* ХОҮ дугаартай тээврийн хэрэгслээр 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Эмээлт дэх шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтрэхдээ 6 ширхэг тарвага авч явсан нь хяналт шалгалтаар илэрсэн байна.

Иргэн У.Х*******ийн дээрх буруутай үйлдлийг Байгаль орчны хяналтын улсын байцаагч Э.Ж******* шалгаад Зөрчил шалган шийдвэрдлэх тухай хуулийн 6.6 дугаар үйлийн 1,1-дэх заалтыг /зөрчил үйлдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол/ үндэслэн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Иргэн У.Х*******ийн авч явсан тарваганы 3 ширхэг бүтэн, 3 ширхэг тарваганы түүхий махыг Амьтны тухай хуулийн 11 дүгээр 1.9-д заасны дагуу Зооноз-ын ӨСҮТ-д дуудлагаар хүлээлгэн өгсөн байна.

Дээрх үйлдэлд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дах заалтын дагуу 2.040.000 төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Улсын байцаагч Э.Ж*******гийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 0151924 дугаартай шийтгэлийн хуудсанд холбогдогч У.Х******* гарын үсэг зураагүй боловч эрх бүхий албан тушаалтнаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 6-д заасны дагуу харилцаа холбооны хэрэгсэл ашиглан шийтгэлийн хуудсыг хүргүүлсэн байна. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 5-д заасны дагуу Прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, хянуулсан байна.

Иймд улсын байцаагч Э.Ж*******гийн гаргасан шийдвэрийг эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Улсын байцаагч н.Ж******* Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан мөн энэ У.Х*******ийн асуудал дээр 6 ширхэг тарваганы мах оруулж ирсэн асуудлыг хянан шалгах явцад, зөрчилд холбогдогчид эрх үүргийг бүрэн танилцуулаад мөн гарын үсэг зуруулаад зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авахад татгалзах зүйл байна уу, гэж асуухад өөрийн гаргасан тайлбар мэдүүлэгтэй ямар нэг асуудал байхгүй хуулийн хугацаанд нь торгуулийг төлж барагдуулна гэсэн тайлбар өгсөн байгаа. Яагаад тарвагатай холбоотой асуудлыг ярьж байна гэхээр Амьтны тухай хууль болон 2017 оны Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын А/278 тоот тушаалаар ахуй зориулалтаар тарвагыг агнахыг 3 жилийн хугацаатай зөрчлийн тухай хуулиар хориглосон юм. Энэ А/278 тоот тушаалыг Зөрчлийн тухай хуульд шинээр оруулж ирсний дагуу манай байцаагч У.Х*******т хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж шийтгэл оногдуулсан. Энэ үйл ажиллагааг явуулах үед У.Х******* нь тухайн барааг ямар хүнээс авсан, ямар зорилгоор, хэнд аваачиж өгөх гэж байсан талаараа эх сурвалжаа зааж өгөөгүй мөн газар дээр нь үзлэг хийсэн үзлэгийн фото зураг ч хавтас хэрэгт байгаа энэ талаараа У.Х******* нь мэдүүлэгтээ яриагүй. Зөрчилд холбогдогч нь өөрөө эх сурвалжаа зааж өгөх ёстой. Мөн худалдаж аваагүй, агнаагүй юм бол түүнийгээ заавал нотлох баримтаар өөрийнхөө эх сурвалжийг зааж өгөх ёстой гэтэл огт эх сурвалжаа зааж өгдөггүй. Улсын байцаагч н.Ж******* нь 6 ширхгийг тарвагыг хурааж аваад шинжилгээнд хүргүүлсэн байгаа. Тэгэхээр манай байцаагчийн У.Х*******т оногдуулсан шийтгэвэр нь үндэслэлтэй байна. Ямар нэг тулгасан хавчиж мэдүүлэг аваагүй. Хэрэг шийдэгдээд дуусгавар болсны дараа зөрчилд холбогдогч нь өмгөөлөгч аваад өмгөөлөгч нь прокурорт хүсэлт болон гомдол гаргасан. Прокурор албан ёсоор хариу ирүүлсэн байсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлдэг 4 субъект байдаг. Энэ субъектийн нэг нь манай байгууллагын н.Ж******* Улсын байцаагч Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьдаг субъект нь прокурор өөрөө юм. Энэ хэрэг дээр прокурор шийтгэл оногдуулахыг зөвшөөрсөн хэргийн материал хэргийн бүрдэлтийн байдал дээр хяналт тавиад зөвшөөрсөн тухай тэмдэглэл байгаа. Тэгэхээр гомдол гаргагчаас тавьж байгаа гомдол гаргагчийн шаардлагыг бидний зүгээс хүлээн авах боломжгүй. Хууль тогтоомжийн дагуу энэ асуудлыг шийдвэрлэсэн байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

Гомдол гаргагч У.Х******* Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Э.Ж*******гийн 0151924 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох гомдлын шаардлага гаргажээ.

Гомдол гаргагч Ховд аймгаас Улаанбаатар хот руу явахад иргэнээс дайж явуулсан ачаа нь тарваганы мах байсныг мэдээгүй бөгөөд шалгалтаар илрүүлсэн улсын байцаагч зөрчил гаргасан жинхэнэ эзнийг тогтоох ажиллагаа хийгээгүй, Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж торгууль оногдуулсан нь хууль бус гэж маргажээ.

Иргэн У.Х******* 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Ховд аймгаас нийслэл хот руу зорчиж ирэхдээ Амьтны тухай хуулиар агнахыг хориглосон хугацаанд агнасан тарвага авч явсан нь эмээлт дэх шалган нэвтрүүлэх товчооны шалгалтаар илэрсэн байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын улсын байцаагч Э.Ж******* уг зөрчлийг илрүүлэн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр холбогдогч У*******гийн Х*******аас мэдүүлэг авч тэмдэглэл[1] үйлдсэн байх бөгөөд гомдол гаргагч Х******* 6 ширхэг тарвага авч явснаа хүлээн зөвшөөрч тэмдэглэлд гарын үсэг зуржээ.

Тухайн үед гомдол гаргагч 6 ширхэг тарвагыг хүн дайсан гэж тайлбарласан боловч чухам хэн гэдэг хүн ачаа дайсан хотод хэн тосч авах талаар тодорхой тайлбарлаагүй бөгөөд улсын байцаагчийн зүгээс тарвага дайсан хүнийхээ нэр хаягийг хэлээгүй, эх сурвалжаа заагаагүй тул Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага оногдуулсан байна.

Шүүх агнахыг хориглосон тарвага тээвэрлэсэн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Агнуурын амьтан,тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж....торгоно. гэж даасны дагуу шийтгэл оногдуулсан улсын байцаагчийн маргаан бүхий шийтгэлийн хуудас хууль зөрчөөгүй гэж дүгнэн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Учир нь Амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Агнуурын амьтныг дор дурдсан хугацаанд ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно., 9.1.3-д....тарвагыг жил бүрийн 10 дугаар сарын 16-ны өдрөөс дараа оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл;, 12 дугаар зүйлийн 12.1-д энэ хуулийн 25.3-д заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглоно. гэж хуульчилснаас гадна Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 09 дүгээр сарын 22-ний өдрийн А/278 дугаар тушаалаар тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг 3 жилийн хугацаагаар хоригложээ.

Гэтэл гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс агнасан 6 ширхэг тарвагыг У.Х******* хэнээс худалдан авсныг тогтоогоогүй байж Зөрчлийн тухай хуулиар торгууль оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй. гэснийг зөрчсөн, миний үйлчлүүлэгчийг тулган шаардаж, дарамталж, айлган сүрдүүлж мэдүүлэг авсан, тарвагыг худалдаж авсныг тогтоох нь улсын байцаагчийн үүрэг бөгөөд нэгэнт худалдсан, худалдаж авсан эзэн нь тогтоогдоогүй тул энэ нь зөрчил биш гэх тайлбар хууль бус байна.

Учир нь хууль тогтоомжоор хориглосон заалт зөрчиж агнасан тарвага авч явсан У.Х*******ийн зөрчил нэгэнт тогтоогдсон, харин хэнээс худалдаж авсан болох, эсхүл хэн гэдэг хүн хот руу дайж явуулсан хотод хэн гэдэг хүн тосч авах талаар тодорхой тайлбарлаагүй, тухайн 6 ширхэг тарвагыг авч явсан нь У.Х*******ийн буруу байгаагүй талаар хангалттай нотлоогүй байхад эрх бүхий албан тушаалтан түүнийг худалдаж авсан эсэх талаар тогтоох ажиллагаа явуулах үүрэг хүлээхгүй.

Өөрөөр хэлбэл гомдол гаргагчийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн мэдүүлгийг үндэслэн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн улсын байцаагчийн ажиллагаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ:, энэ зүйлийн 1.1-д зөрчил үйлдсэн нь ил тодорхой.....бол; гэсэнтэй нийцсэн гэж дүгнэв. Түүнчлэн эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн У.Х*******т хариуцлага оногдуулахдаа тулган шаардсан, дарамталсан, айлган сүрдүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс Нийслэлийн Прокурорын газрын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурорт 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гомдол гаргасныг Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 12 дугаар сарын 02-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх бөгөөд гомдол гаргагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу дээд шатны прокурорт гомдол гаргаагүй байна.

Нөгөө талаар Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлд Амьтны тухай хууль зөрчсөн зөрчилд шийтгэл оногдуулахаар зохицуулсан байх бөгөөд гомдол гаргагч У.Х*******ийн гаргасан зөрчил нь энэ хууль болон Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын сайдын тушаалаар агнахыг хориглосон тарвагыг агнасан байдалтайгаар авч явсан нь тогтоогдсон байх тул Зөрчлийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн гэж үзэх боломжгүй.болно.

Түүнчлэн хариуцагч иргэн У.Х*******ийн дээрх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 300000 төгрөгийн торгууль оногдуулсан бөгөөд авч явсан 6 тарваганы экологи-эдийн засгийн үнэлгээний 2040000 төгрөгийн нөхөн төлбөр тогтоосонтой гомдол гаргагч маргаагүй байна.

Хариуцагч улсын байцаагч нөхөн төлбөрийг оногдуулахдаа хууль зүйн үндэслэлийг тодорхой заагаагүй зөрчил байх боловч энэ үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох боломжгүй бөгөөд эрх бүхий албан тушаалтны мэдлэг, ур чадварын талаарх гомдлоо дээд шатны байгууллага, албан тушаалтанд гаргах боломжтой талаар Прокурорын хариу мэдэгдэх хуудсанд тодорхой дурджээ.

Ийнхүү дүгнэхэд иргэн У.Х*******ийн гаргасан зөрчилд хариуцлага оногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг гомдол гаргагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан үндэслэлүүдээр хүчингүй болгох үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг үндэслэн ТОГТООХ нь:

1.Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.3, 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг баримтлан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Э.Ж*******гийн 0151924 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох иргэн У.Х*******ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР

 

 

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас