Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 1175

 

 

 

 

 

 

 

 

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/01140 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Х” ХХК-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3 359 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани “Х” ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, нийт 2 827 584 төгрөгийн үнэтэй эм, эмнэлгийн хэрэгслийг худалдахаар тохирч, гэрээнд заасан барааг хүлээлгэн өгсөн.

Хариуцагч “Х” ХХК нь гэрээний зүйлийг хүлээн авсан атлаа үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байна.

Иймд 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар үлдэгдэл төлбөрт 1 900 000 төгрөг, алдангид 1 453 500 төгрөг, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад нотариатын хөлсөнд төлсөн 5 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус шүүхэд гаргасан тайлбартаа: “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Энэ талаарх хариу тайлбар, татгалзлаа шүүх хуралдаан дээр тодорхой тайлбарлах болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус үндэслэн хариуцагч “Х” ХХК-аас 2 227 020 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 131 980 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 50 582 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх “Х” ХХК-нд 2 412 264 төгрөгийн үнэ бүхий эм, эмийн бэлдмэлийг хүлээлгэн өгсөн ба хариуцагч үүнээс 927 584 төгрөгийг төлсөн байх тул үндсэн төлбөрийн үлдэгдлийг 1 484 680 төгрөг гэж тооцох нь зүйтэй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Учир нь нэхэмжлэгч “Э” ХХК нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрүүдийн хооронд нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үндсэн үнээр тооцож, ямар нэгэн алданги тооцохгүй гэж харилцан тохирсон.

Тодруулбал, манай байгууллагатай 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан Эм бараа худалдах-худалдан авах гэрээний дагуу алданги нэмж тооцохгүй гэсэн атлаа алданги тооцсон нь үндэслэлгүй. Бизнесийн, хамтын, олон жилийн харилцаатай байсан, манай байгууллага нь тухайн цаг хугацаанд санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалтай байсан зэргийг харгалзан үзэлгүй ийнхүү нэхэмжилсэн байна.

Хэрэв алданги төлөх бол нийт 927 584 төгрөгөөс 50 хувь буюу 436 792 төгрөгийг төлөх боломжтой гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3 359 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

“Э” ХХК нь “Х” ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр эм, бараа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдагч тал болох “Э” ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд гэрээний хавсралт 1-д заасан нэр төрлийн эм барааг бөөний үнээр захиалгын дагуу нийлүүлэх, худалдан авагч нь падаанаар бараа хүлээн авч үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн байна.

 

Хэргийн 44-51 дүгээр талд авагдсан бараа материалын зарлага гэх баримтаас дүгнэвэл 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 263 160 төгрөгийн үнэ бүхий эм, бараа, 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 273 481 төгрөгийн үнэ бүхий эм, бараа, 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 363 100 төгрөгийн үнэ бүхий эм, бараа, 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 267 565 төгрөгийн үнэ бүхий эм, бараа, 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 274 995 төгрөгийн үнэ бүхий эм, бараа, 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 343 710 төгрөгийн үнэ бүхий эм, бараа, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 247 468 төгрөгийн үнэ бүхий эм, бараа, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 378 785 төгрөгийн үнэ бүхий эм, бараа нийт 2 412 264 төгрөгийг үнэ бүхий эм, барааг худалдагч нь худалдан авагчид нийлүүлжээ.

 

Иймд анхан шатны шүүх “Э” ХХК нь “Х” ХХК-нд 2 412 264 төгрөгийн үнэ бүхий эм, эмийн бэлдмэлийг хүлээлгэн өгсөн, үүнээс төлсөн 927 583 төгрөгийг хасч тооцвол “Х” ХХК нь 1 484 680 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж зөв дүгнэсэн байна.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.4.-т “Худалдан авагч тал гэрээгээр тохирсон хугацаанд эм, барааны төлбөрөө хийж үүргийн биелэлтийг хангаагүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувийн алданги төлнө” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тодорхойлолттой нийцжээ.

 

Иймд “Э” ХХК нь “Х” ХХК-аас 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх 235 хоногийн алдангид 1 744 405 /1 484 680 х 0,5% 7 423 х 235 хоног/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хязгаарлаж 742 340 төгрөгөөр тодорхойлж хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

Нэхэмжлэгч нотариатын зардалд 5 500 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан хохирол гэж дүгнэсэн ба нэхэмжлэгч уг шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй байна.

 

Хариуцагч анхан шатны шүүхэд нэхэмжлэлийг эсэргүүцэж буй үндэслэл бүхий тайлбараа гаргаагүй тохиолдолд давж заалдах гомдолд дурдсан үйл баримтад талууд алданги төлөхгүй гэж тохиролцсон гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй, төлсөн төлбөрөөс алданги төлнө гэх тайлбар нь хуульд нийцэхгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/01140 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

       

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                                         ШҮҮГЧИД                                     Г.ДАВААДОРЖ

 

                                                                                               Э.ЗОЛЗАЯА