Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2020/0169

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн би, Ж.Ц*******гийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт холбогдох  захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц******* нь шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: Уг захиргааны хэрэг нь шүүхэд хянан хэлэлцэгдэж байх явцад хариуцагчаас 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Нийслэлийн Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд иргэн Ж.Ц*******гийн өмчлөлийн газар дээгүүр авто зам барихаар төлөвлөгдсөн боловч одоогоор дээрх замын трассын зураг төсөл хийгдээгүй, Улаанбаатар хотыг хөгжүүлэх хэсэгчилсэн төлөвлөгөө, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан тухайн он буюу 2019, 2020 онуудын төлөвлөгөөнд авто зам барихаар тусгагдаагүй байна. Авто замын тухай хуулийн дагуу Замын зураг төсөл хийгдэж батлагдаагүй, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас зам барих, газар чөлөөлөх талаар тухайн иргэнтэй холбогдсон асуудал байхгүй... гэсэн байгаагаас, мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд маргаан бүхий нэхэмжлэлтэй холбоотой олон асуудлууд тодорхой болсон. Тухайлбал нэхэмжлэл гаргасан байгаа цаг үеийн байдлаар нэхэмжлэгчийн өмчлөлийн газарт авто замын трасст орж авто зам хараахан баригдаагүй байгаа нөхцөл байдал, авто замын барилгын ажил нь батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар жил бүр хэсэгчлэн батлуулж, хэрэгжүүлдэг бөгөөд тус байршилд энэ онд зам, барилгын ажил барих төлөвлөгөөнд тусгагдаагүй гэж үйл баримт, газрыг чөлөөлөх ажиллагаа хараахан эхлээгүй байгаа нөхцөл байдал зэрэг бодит нөхцөл байдлуудыг харгалзан үзэж нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлээ одоогоор шийдвэрлүүлэх шаардлагагүй, харин дээрх нөхцөл байдлууд бодитой бий болсон тохиолдолд тухайн үед нь шүүхэд нэхэмжлэлээ гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзээд нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

Иймд шүүхээс зохих дүгнэлтийг хийж, иргэн миний бие шаардлагатай тохиолдолд ирээдүйд энэ асуудлаар нэхэмжлэл гаргах эргүйгээр буюу энэ эрхийг минь нээлттэй үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц******* нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлт гаргасныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-д Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд дараахь эрх эдэлнэ, 28.2.3-д нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах, 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасны дагуу Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан хариуцагч Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2/780 дугаар албан бичигт ...1863531******* нэгж талбарын дугаартай газар нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага болон Ханын материал орчмын хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар авто замын трасст орсон байна. Авто замын барилгын ажил нь батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар жил бүр хэсэгчлэн батлуулж хэрэгжүүлдэг бөгөөд тус байршилд энэ онд зам барилгын ажил барих төлөвлөгөөнд тусгагдаагүй байна гэж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01-04/761 дүгээр албан бичигт ...Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас авто зам барих ажлын зураг төсөл ирүүлээгүй учир тус байгууллагын зүгээс газар чөлөөлөх үйл ажиллагаа явуулаагүй болно гэжээ.

Иймд нэхэмжлэгч Ж.Ц******* нь өөрийн өмчлөлийн газарт зам барилгын ажил барих, газар чөлөөлөх үйл ажиллагаа явагдсаны дараа, захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас хохирол учирч эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг үүгээр хязгаарлахгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Ц*******гийн Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдэсүгэй.

3. Энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН