Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 1060

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Э ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2020/00956 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Э ын хариуцагч Ц.О т холбогдуулан хамтын үйл ажиллагаанд оруулсан 92 000 000 төгрөгийн үлдэгдэл 32 000 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хамтын үйл ажиллагааны алдагдал 15 000 000 төгрөг, холбогдон гарсан зардал 15 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Л.Э ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Д,

Хариуцагч: Ц.О ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Э миний бие Япон улсаас машин оруулж ирэх гээд Ц.О ийн машины хамт Монгол руу ачуулсан. Машинаа ачуулахад Ц.О  нь гаалийн татвар, ачаа тээврийн хөлс өгөх мөнгөгүй байхаар нь би хүнээс 40 000 000 төгрөг авч Ц.О ийн машины гаалийн татвар ачаа тээврийн зардлыг төлж өгсөн. Монголд машинууд буухад Ц.О  нь миний машинуудыг өгөөгүй өөрөө авч надад 4 ширхэг машин өгөөд бусдыг нь өөрөө зарсан. Миний бие Япон улсаас машин оруулж ирэхэд нийт 92 000 000 төгрөг гаргасан боловч үүнээс 16 000 000 төгрөгийн Prius 30 маркийн машин, 3 ширхэг нийлээд 17 000 000 төгрөгийн үнэтэй Prius-ийн задаргаа, 27 000 000 төгрөг бэлнээр авч нийт 60 000 000 төгрөгийг Ц.О ээс гаргуулж авсан боловч үлдэгдэл 32 000 000 төгрөгийг Ц.О  нь одоо болтол өгөхгүй байна. Ц.О  тэй тооцоо нийлж мөнгөө нэхэхээр би чамаас болж шатсан энэ мөнгийг чинь өгөхгүй гэж маргаж, намайг зодож цохин орилж хашхираад байдаг бөгөөд Ц.О  шатсан зүйл байхгүй. Японоос оруулж ирсэн машинаас зарагдаагүй машин сэлбэг байгаа. Ц.О  нь Япон улсаас 14 ширхэг автомашин худалдан авсан нь үнэн бөгөөд бид хоёр Япон улсаас нийт миний авсан машинтай 28 ширхэг, 21 000 000 төгрөгийн сэлбэг, 14 000 000 төгрөгийн дугуй худалдан авсан. Ц.О  нь нийт 28 машин хамтран оруулж ирснээс миний 14 машины дөрвийг нь надад өгөөд үлдсэн 10 машин нь хаана байгаа нь мэдэгдэхгүй надад өгөхгүй, мөнгө нь хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа ба 35 000 000 төгрөгний сэлбэг, дугуйг зарж мөнгийг нь бас хувьдаа авсан. Миний бие Японд очоод Ц.О ийн мөнгөнд нэг ч гар хүрээгүй. Намайг бусдыг залилдаг олон хүнийг хохироосон гэж худал гүтгэж байна. Миний бие олон удаа Япон улс руу явж машин оруулж ирж өгөхдөө бусдыг хохироож байсан нэг удаа байхгүй. Энэ удаад Ц.О  нь хамтран ажиллана гэж миний оруулж ирсэн машинуудыг хувьдаа авч зараад захиалга өгсөн хүмүүсийн машиныг өгөөгүйгээс болж өрөнд ороод байна. Сөрөг нэхэмжлэлдээ Ц.О  нь намайг худал гүтгэн үндэслэлгүй 30 000 000 төгрөгийн авлагатай гэж бичсэн байна. Би Ц.О т нэг ч төгрөгийн өглөг байхгүй, харин өмнө нэхэмжилсэн 32 000 000 төгрөгийн нэхэмжлэлээ дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Э тай 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Япон улс руу наймаа хийхээр явсан. Би тэр үед 62 000 000 төгрөг банкаар Япон руу шилжүүлж, өөрөө явахдаа 30 000 000 төгрөгөөр иен солиулж явсан юм. Биднийг очиход Л.А  надад 14 ширхэг машин, Л.Эрдэнэбатад 4 ширхэг машин авсан байсан. Бид тэнд тооцоо хийгээд надад 400 000 иен өг гэхэд Л.Э хоёулаа хамтаръя гэсэн санал тавьж, би түүнийг хүлээн зөвшөөрсөн. Би энэ наймаанд 110 000 000 орчим төгрөг гаргасан. Л.Э өөрийн гэсэн мөнгөгүй, хүн хүнээс мөнгө зээлж явсан байсан бөгөөд миний оруулсан мөнгөнөөс хүмүүсийн өрийг төлж эхэлсэн. Энэ үед би дургүйцлээ илэрхийлж байгаад хуваасан. Л.Э аас өөрөө авлагатай үлдсэн бөгөөд чи надад өгөх ёстой гэхэд Л.Э чи шүүхээр яваад ав гэсэн. Би Л.Э аас авлагатай мөртлөө түүнд өглөгтэй мэт нэхэмжлэл гаргасан байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна. Тийм учир Л.Э ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Л.Э нь Л.А  гэдэг хүнээр дамжуулж уг бизнесийг хийсэн байдаг бөгөөд Л.А  гэдэг хүнийг бол Ц.О  танихгүй, итгэлцлийн улмаас 2 600 000 иен Л.А  руу шилжүүлсэн. Ингээд очиход нь 12 ширхэг машин, Л.Э ын 4 ширхэг машин гээд 16 ширхэг машин бэлдчихсэн байсан. Л.Э нь Ц.О т худалдаж авсан машинаа сэлбэг хэлбэрээр задлаад оруулж ирье, ингэсэн нь өндөр үнээр ашигтай гэсэн санал тавьсан. Нэг машиныг 5 000 000-7 000 000 төгрөгөөр оруулж ирэх боломжтой, нэг машинаас 10 000 000 төгрөгний ашигтай гэсэн. Нэхэмжлэгч Л.Э задаргаагаар оруулж ирсэн машинаа бүтнээр оруулж ирсэн машинтай адилтгаж нэхээд байна. Авсан 16 машиныхаа задалж хувааж авъя, үлдсэн машинаа бүтэн хэлбэрээр нь оруулж ирье гэсэн. Тэгээд Т.Божи дээр очоод дахин 10 машин авахаар тохироод нийтдээ 26 машин болсон. Үүнээс toyota aqua машиныг Ц.О ийн дүү нь тусдаа мөнгө шилжүүлж авсан. Нийт 25 машин гааль дээр ирсэн. Ингээд машин оруулж ирэхэд Ц.О ийн зүгээс 2 600 000 иен шилжүүлсэн. Ц.О ийн визний хугацаа дуусаад 1 100 000 иенийг өгөөд дугуй авсан. Ц.О  явсны дараа 2 500 000 иенээр машин худалдаж авсан гээд мөнгөө одоо шилжүүлээд талыг нь дараа шилжүүлж болно гээд Ц.О ийн зүгээс 11 000 000 төгрөг шилжүүлсэн. н.Аюурзана гэдэг хүнээс Л.Э ахын мөнгөнөөс урьдчилаад 1 250 000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдэгдэл 900 000 төгрөг нэмээд Монголд ирсний дараагаар 7 сард контейнер ирсний дараа үлдэгдлийг нь өгсөн. Монголд 5 контейнер ирсэн, эхнээс нь эхлээд торгууль төлж эхэлсэн. Эхний контейнераа алдахгүйн тулд хүнээс мөнгө зээлээд дараагийн контейнераа авахын тулд эхний сэлбэгээ зараад дараагийн контейнер гээд л явж байсан. Ц.О  нь Л.Э ын 1 машинаас 10 000 000 төгрөг олно гэсэнд нь итгэж байсан. Гэтэл тэр хүнд огт тийм асуудал байгаагүй учраас Ц.О  цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн байгууллага энэ хэргээс татгалзсан ба авч хэлэлцээгүй. 5 контейнерийн төлбөр тооцоо нийт 30 362 300 төгрөгийн алдангид орсон, энийгээ 2 хуваахаар 15 181 150 төгрөг болж байгаа. Үүнийг бид хоёр хувааж төлөх ёстой. Анх ашиг алданги бүх зүйлээ хуваана гэж тохиролцсон байсан. Үүнээс гадна үйл ажиллагаанаас тусдаа зардал надаас гаргуулж байсан. Тусдаа зардал 15 000 000 төгрөг, үйл ажиллагааны зардал 15 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн мөнгө 30 000 000 төгрөг гэсэн шаардлагын дагуу нэхэж байгаа боловч Л.Э ын онгоцны тийз, Японд амьдарч байсан зардал гэх мэт зөндөө зүйлийг тооцвол их гарна. Иймд Л.Э аас 30 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.О ээс хамтын үйл ажиллагаанд оруулсан 92 000 000 төгрөгийн үлдэгдэл 32 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгч Л.Э аас хамтын үйл ажиллагааны алдагдал 15 000 000 төгрөг, холбогдон гарсан зардал 15 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317 950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2020/00956 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна. Үүнд 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр анх нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд янз бүрийн аргаар хойшлсоор байгаад 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хурлаа хийсэн. Энэ хугацаанд хариуцагч Ц.О  нь талуудын маргаантай тооцоо нийлж чадаагүй, худалдан борлогдоогүй машин тенхник сэлбэг хэрэгсэлийг бүгдийг зарж борлуулсан. Л.Э миний бие харилцан итгэлцлийн аман хэлэлцээгээр захиалагын гэрээгээр Япон улсаас үйлчлүүлэгчийн өмнөөс машин болон сэлбэг хэрэгслийг оруулан ирж хүлээлгэн өгч ажилладаг гэдгийг шүүгч хэрэгт авч үзээгүй. Надад итгэж захиалсан машины урьдчилгаа мөнгийг үйлчлүүлэгээс дансаар авч "татвар, өөр бусад зүйлд зарцуулсан” гэдгээ хариуцагч Ц.О  нь хүлээн зөвшөөрч гэрчүүд нотлоод байхад "хамтран ажиллах гэрээний хөрөнгө гэж эсрэгээр дүгнэж хэргийг шийдсэн. Л.Э миний бие нь өмнөх үйлчлүүлэгчийн мөнгөөр Япон улсаас дуудлага худалдаагаар авсан 4 машин, Ц.О ийн захисан 10 машин, сүүлд захиалж авсан 14 машин, бусад сэлбэг хэрэгсэлийг Япон улсаас ачуулж, тээвэрлүүлэн тоо ёсоор Монгол Улсад оруулж ирэх, орж ирсэн машин, бусад сэлбэг хэрэгсэлийг хариуцагч Ц.О  хүлээн авч худалдан борлуулах үүргийг тус тус хүлээн хэлэлцээр хийсэн нь "захиалгын болон үүргийн гэрээнд” Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.6 дахь хэсэгт заасанаар тодорхой ойлгогдож байна. Цаг хугацаа болон хуулийг буруу хэрэглсэнээр Л.Э ын үйлчлүүлэгчдын аман хэлэлцээр, итгэлцлэлээр Япон Улсаас машин худалдан авхаар " Урьдчилсан төлбөрийн мөнгийг” хамтын ажиллагааны хөрөнгө оруулалтын мөнгө буруу дүгнэсэн. Ингэж дүгнэхдээ тээвэр, тээвэр зуучын төлбөр гаалийн хураамж, татварт төлсөн баримтыг "үнэлэн шууд алдагдалд” тооцон шийдвэрлэсэн зэрэг нь: маргалдагч талуудын хэлцлийн мөн чанар, хэт нэг талын ашиг сонирхолд нийцүүлэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Л.Э нь хариуцагч Ц.О т холбогдуулан хамтын үйл ажиллагаанд оруулсан 92 000 000 төгрөгний үлдэгдэл 32 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс хамтын үйл ажиллагаанаас бий болсон алдагдал 15 000 000 төгрөг, түүнтэй холбоотой гарсан зардал 15 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

Нэхэмжлэгч нь “...бид хамтраагүй. Л.Амарсайханд захиж 4 автомашин авахуулсан байсан. Kh.Boji-оос 10 автомашин өөрийнхөө мөнгөөр авсан. Нийт 28 автомашин ачуулсан. 102 000 000 төгрөгтэй явснаас 91 500 000 төгрөгийг автомашин, сэлбэгт өгсөн” гэх, хариуцагч нь “...Л.Амарсайханд 2 600 000 иен шилжүүлж 12 автомашин авсан, өөрт үлдсэн 1 100 000 иенийг Л.Эрдэнэбатад үлдээж Kh.Boji-оос 10 автомашин өөртөө авахуулсан. Л.Амарсайханд Л.Э 17 000 000 төгрөг шилжүүлж 4 автомашин авсан. Араас 18 208 000 төгрөг шилжиж ирсэн. Гаалиас автомашин авахад Л.Э 40 000 000 төгрөг өгсөн...” гэх тайлбар гаргасан байна.

 

Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг тодруулаагүй, хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, оруулсан хөрөнгө оруулалтаа буцаан шаардсан уу эсхүл өөрийн мөнгөөр худалдан авсан автомашин, сэлбэгийг хамт ачуулж авч чадаагүйгээс худалдан авсан мөнгөө шаардсан уу эсхүл бусдын нэрийн өмнөөс ачаа ачуулахад төлсөн зардлаа шаардсан уу гэх байдлыг нарийвчлан тогтоогүйгээс талуудын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн нь тодорхой бус үлджээ.

 

Хэрэв талууд хамтран ажилласан бол ашиг орлого, алдагдлаа хэрхэн тооцсон байдал, автомашин сэлбэг авахад хэн хэдэн автомашины үнэд хэдэн төгрөг төлсөн, хэн сэлбэг авахад хэдэн төгрөг төлсөн гэх байдал, хэрэв гарсан зардлаа шаардсан бол Япон улсад ачилтын зардалд хэн хэдэн төгрөг төлсөн, Монгол улсад гаалийн татвар болон тээвэр зуучийн зардал, торгуульд хэн хэдэн төгрөг төлсөн гэх байдал буюу хэргийн бодит үйл баримт бүрэн тогтоогдоогүй байна.

 

Талууд оруулж ирсэн автомашины тоо, сэлбэгт оруулсан мөнгө, сэлбэгийг хувааж авсан эсэх, гааль, ачилт, тээвэр зуучийн зардал, торгууль дээр хэн хэдий хэмжээний зардал төлөх үүрэг хүлээсэн дээр маргасан бөгөөд энэхүү үйл баримт тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт өгч хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй.

 

Иймд хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, маргааны зүйлийн талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс эрх зүйн үнэлэлт дүгнэлт өгч хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2020/00956 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                                       

                                       ШҮҮГЧИД                                        Ч.ЦЭНД

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ