Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2021/ДШМ/28

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        Д.С-д холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Б даргалж, ерөнхий шүүгч Т.Д, шүүгч В.Ц нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Б.Б, яллагдагч Д.С, нарийн бичгийн дарга Б.Д нарыг оролцуулж нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЗ/447 дугаар захирамжтай Д.С-д холбогдох эрүүгийн 2112000000096 дугаартай хэргийг прокурорын гаргасан эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Б-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1979 онд төрсөн, 42 настай, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Наранбулагийн 34-3а тоотод оршин суух, Архангай аймгийн сум дундын шүүхийн 1996 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 135 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Архангай аймгийн шүүхийн 1997 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 06 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дүгээр зүйлийн 4, 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 7 жил хорих ялаар, Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 217 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дүгээр зүйлийн 1, 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 7 жил 6 сар хорих ялаар, мөн шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сар хорих ялаар, мөн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 7 жил хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Д.С

 

Д.С нь 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Наранбулагийн 05-09 тоот хашаанд хохирогч А.Оыг “өнөөдөр би уумаар байна, хашгирмаар байна, үзмээр байна” гэж орилсон гэх шалтгааны улмаас зодож, хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун шилбэний ар хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЗ/447 дугаар захирамжаар яллагдагч Д.Сд холбогдох 2112000000096 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

 

Давж заалдах шатны шүүхэд прокурор Б.Б гаргасан эсэргүүцэлдээ: “Архангай аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Б би эрүүгийн 2112000000096 дугаартай яллагдагч Д.Сд холбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн 2021 оны 05 дугаар  сарын 19-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд шүүгчийн 2021/ШЗ/447 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.

 Шүүгчийн захирамжид “Эрүүгийн 2112000000096 дугаартай хэргийн материалтай танилцахад ...хэрэгт яллагдагчаар татагдсан Д.С ганцаараа хохирогчийг зодсон талаар гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэг өгчээ. Яллагдагч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэггүй бөгөөд түүний мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан байна. Хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад прокурор ямар үндэслэлээр хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг яллагдагч Д.С учруулсан гэж үзэн яллагдагчаар татсан нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэрч, хохирогч, яллагдагч нь өөр өөрийн эрх, үүрэг бүхий тус тусдаа субъект байтал хохирогч болон яллагдагчаас гэрчийн мэдүүлэг авч байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байна гэж үзэхээр байна. Иймд яллагдагч Д.Сд холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй” гэж дүгнэсэн байна.

Шүүгчийн захирамжийг 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Уг гэмт хэрэг үйлдэгдэх үед хэргийн газарт хохирогч А.О, гэрч Б.Ц, Т.Д, яллагдагч Д.С нар байсан бөгөөд хэрэгт авагдсан хохирогч А.Оын “...Тэнд байхад Ц миний баруун шанаа хэсэг рүү маш хүчтэй нэг удаа цохисон..., ...Д намайг... толгой хэсэг, чихний ар хэсэг рүү баруун гараараа 2-3 удаа цохиж байсан..., ...С миний хөлийн ар хэсэгт модоор цохисон. Мөн намайг газар унасан байхад толгой, баруун нүдний орчим баруун хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Ц-ийн “...Харин С О-ыг газар унагаж толгой хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөөд байхаар нь би очиж салгахад...” гэх мэдүүлэг, гэрч Т.Д-ийн “...Ц О руу түлээний холтос шидэхэд О-ын зүүн хацар хэсэг рүү оносон. ...би гүйж очоод О-ыг 2 цохисон. С ах О-ыг “намайг зоддог хэн бэ” гээд өшиглөж, бас гараараа зодоод байсан...” гэх мэдүүлгээр хохирогч А.Оыг гэрч Б.Ц нь түлээний холтсоор зүүн хацар хэсэгт нь 1 удаа цохисон, гэрч Т.Д нь баруун гараараа хохирогчийн толгой, чихний доод хэсэгт 2-3 удаа цохисон, яллагдагч Д.С нь хохирогчийг газар унасан байхад нь баруун хөлийн ар хэсэгт нь модоор цохиж, толгой, баруун нүдний орчимд нь баруун хөлөөрөө 2-3 удаа өшиглөж, мөн гараараа цохисон үйл баримт тогтоогдсон байна.

Тус аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.О-ын 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 121 дугаартай дүгнэлтэд “хохирогч А.Оын биед учирсан гэмтлүүдээс хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун шилбэний ар хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна” гэсэн байх тул хохирогчийн биед учирсан хөнгөн зэрэгт хамаарах дээрх гэмтлүүд нь яллагдагч Д.Сын “хохирогчийг газар унасан байхад нь баруун хөлийн ар хэсэгт нь модоор цохиж, толгой, баруун нүдний орчимд нь баруун хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн, гараараа цохисон” гэх үйлдэлтэй шалтгаант холбоотой байна. Харин гэрч Б.Ц-ийн “хохирогчийн зүүн хацарт түлээний холтсоор 1 удаа цохисон” үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан “зүүн хацарт зулгаралт” гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болох нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.О-ын 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 121 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байсан тул Б.Ц, Т.Д нарыг хохирогч А.Оын биед гэмтэл учруулахгүйгээр халдаж зодсон үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулж холбогдох баримтыг хэрэгт хавсаргасан болно. Хохирогч А.Оаас 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гаргасан бусдад зодуулсан талаарх гэмт хэргийн шинжтэй гомдлыг шалгах ажиллагааны явцад болсон үйл явдлыг тодруулах зорилгоор 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүн” гэж үзэж эрх үүргийг нь тайлбарлан өгч гэрчийн мэдүүлэг авсан, шинжээчийн дүгнэлт гарсны дараа буюу түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсоны дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэргийн улмаас ... эрүүл мэндийн ... хохирол хүлээсэн хүн” гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлан өгч 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан, хохирогчийн эрүүл мэндэд ямар хохирол учирсан, түүнийг хэн учруулсныг урьдчилан тогтоох боломжгүй байгаа гомдол мэдээллийг шалгах шатанд яллагдагч Д.С-аас болсон үйл явдлыг тодруулах зорилгоор гэрчийн мэдүүлэг авсан зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн зөрчил гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь хэргийн газарт нийт 4 хүн байснаас 3 хүн нь хохирогчийн биед халдаж зодсон гэх утгатай гомдлыг гаргасан тул тэдний хэнийх нь үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд ямар хохирол учирсан болохыг урьдчилан дүгнэж, хохирогч, гэрч, яллагдагч хэмээн өөр хооронд нь ялгах боломжгүй байсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар тухайн хэрэг үйлдэгдэх үед байсан 4 хүнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүн буюу гэрч гэж үзэж эрх, үүргийг нь тайлбарлан өгч мэдүүлэг авчээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх заалтын агуулгад “гэрч” нь ямар нэгэн байдлаар хэрэгт холбогдолгүй хүн байх талаарх ойлголтыг хуульчлаагүй байх тул болсон үйл явдлыг тодруулах зорилгоор гэрчийн мэдүүлэг авсан хүнийг хэргийн бодит байдал тогтоогдсоны дараа хохирогчоор тогтоох, яллагдагчаар татах зэрэг нь хуулийн уг заалтыг зөрчсөн, тэдний хуульд заасан эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Яллагдагч Д.С-ын гэмт хэргийн талаарх гомдлыг шалгах ажиллагааны үед өгсөн гэрчийн мэдүүлэг болон эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсаны дараа өгсөн яллагдагчийн мэдүүлэг зэргийг прокурор яллах дүгнэлтийн үндэслэл болгоогүй, нотлох баримтаар үнэлээгүй болно. Мөн шүүгч захирамжлахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1 -д зааснаар “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэж үзэх үндэслэлтэй байгааг дурдах нь зүйтэй байна. Иймд тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЗ/447 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Прокурор Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: “Яллагдагч Д.С-д холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх урьдчилан хэлэлцүүлгээр хэлэлцээд прокурорт буцааж шийдвэрлэсэн. Прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж прокурорын зүгээс үзэж байна. Д.С-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой бөгөөд хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримтууд хэрэгт авагдсан байгаа. Мөн хэргийн бодит байдал буюу хохирогчийг гурван хүн зодсон боловч хэний үйлдлийн улмаас ямар гэмтэл учирсан болох нь тогтоогдож байгаа тул Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 447 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан анхан шатны шүүх нь “хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад прокурор ямар үндэслэлээр хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг яллагдагч Д.С учруулсан гэж үзэн яллагдагчаар татсан нь ойлгомжгүй байна” гэж дүгнэж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.

 

Өөрөөр хэлбэл, 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Т.Д, Б.Ц, А.О, Д.С нарын хооронд болсон үйл баримтыг тогтоож, Т.Д, Б.Ц, Д.С нарын хүч хэрэглэн халдсан үйлдлээс А.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг Д.С хохирогчийн биед ганцаараа хөнгөн хохирол учруулсан гэж дүгнэж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хуульд нийцсэн байна.

 

Анхан шатны шүүх нь Д.Сд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор тогтоов.     

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон                                            

                                                       ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЗ/447 дугаар захирамжийг хэвээр үлдээж, Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Б-ийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.Б

 

                              ШҮҮГЧИД                                     Т.Д

 

                                                                                      В.Ц