| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00472/И |
| Дугаар | 145/ШШ2024/00401 |
| Огноо | 2024-09-17 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 145/ШШ2024/00401
| 2024 оны 09 сарын 17 өдөр | Дугаар 145/ШШ2024/00401 | Арвайхээр сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: “……………..” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн …………сумын ……… дугаар баг, ……….. тоотод оршин суух, Г………..ын Г…………..т холбогдох
“3706674.08 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “………” ХХК-ийн захирал С.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Г “…………..” ХХК-иас 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр БЗГ21-0347 тоот зээлийн гэрээ байгуулж 3,149,910 төгрөгийг жилийн 39.6 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлсэн. Г.Г…………..өөс удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй байгаа тул үндсэн зээлийн үлдэгдэл 2,127,541.93 төгрөг, үндсэн хүү 1,427,488.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 142,343.26 төгрөг, нотариатын зардал 9300 төгрөг нийт 3,706,674.08 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “……………. барьцаалан зээлдүүлэх газар” ХХК-иас нэхэмжилж буй 3,706,674.08 төгрөгийг төлөх нь үнэн. Энэ зээлийг 6 сарын хугацаанд багтаан төлж дуусгавар болгоно. 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл сар бүр 600,000 төгрөгөөр, үлдэгдэл 706,674.08 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 16-нд тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “………..” ХХК нь хариуцагч Г.Г................т холбогдуулан “3,706,674.08 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01 дүгээр тал/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Г................бүхэлд нь хүлээн зөвшөөрч шүүхэд хариу тайлбар гаргасан ба нэхэмжлэгч “…………” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн тайлбар бичгээр гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “…………………” ХХК нь хариуцагч Г.Гантөмөрт холбогдох “3706674.08 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74,260 төгрөгийн тавин хувь болох 37,130 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 37,130 төгрөг, хариуцагч Г.Г..................өөс 37,130 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “………….” ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА