Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 145/ШШ2024/00412

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 145/ШШ2024/00412

Арвайхээр сум

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ……………… сумын ………… дугаар баг, ………… тоотод оршин суух, Т………. овгийн Т……..ын О……….лын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн ……… сумын ………. дугаар баг, ………… тоотод оршин суух, У…….. овгийн Н………ын Д…………..д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.О, хариуцагч Н.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.О шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Найз нөхдийн хүрээнд уулзаж байхад хардаад, зодож, нүдээд байдаг. Тийм учраас салах өргөдөл өгсөн. Байнга доромжилж, янз бүрээр хэлж, бие махбодоороо хохирч байгаа учраас одоо болъё. Айдасгүй гэр орондоо тайван баймаар байна. Бүр мөсөн салмаар байна. Би одоо 2 хүүхэд хараад, сургуульд сургадаг. Олон дахин нааш цаашаа яваад байж чадахгүй, зардал мөнгөнөөс эхлээд хэцүү байна. Би тэтгэвэрт байдаг. Том охин тэтгэврийг зээлээд гэр орондоо тавилга авсан. 3 сар гэхгүйгээр шууд салмаар байна гэв.

 

Хариуцагч Н.Д................шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Би салах талаар хүлээн зөвшөөрч байна. Энэ хүн их олон хүмүүстэй уулзаад, архи уугаад, баар ороод алга болчихдог. Сая дарамт үзүүлдэг гэж байна. Би Улаанбаатар хотод байдаг хүн яаж дарамт үзүүлсэн юм бол. Тэр талаар би ойлгохгүй байна. Тэгээд би одоо сална гэж бодож байна. Өмнө нь намайг хардсан гэж ярьж байна. Би үнэн байдлаар яръя. Ганбаа гэж хүнтэй утсаар ярьж байсан. Тэгээд чи тэр хүнтэй яагаад уулзаад, ярилцаад байдаг юм бэ? гэхэд үгүй би ярилцаагүй гээд байсан. Тийм байдлаас болоод асуудал гарсан. Ганбаа гэдэг хүнтэй 5 жилийн өмнөөс нууц амрагийн байдалтай явж байсан. Тэр нь дээр чи Ганбаа гэж хүнтэй утсаар ярихгүй байгаа гэчихээд яагаад худлаа хэлээд, яриад байдаг юм бэ? гээд тэрнээс болоод ийм асуудал болсон. Сүүлд бодоход миний буруу байсан юм байна лээ. Эхнэртээ ганц нэг удаа гар хүрч байсан нь үнэн. Би өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн хэдэн ямаагаа авмаар байгаа, сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Энэ талаар бид 2 харилцан тохирч болох байх  гэв.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

           1. Нэхэмжлэгч Т.О.............. нь хариуцагч Н.Д................д холбогдуулан “Гэрлэлт цуцлуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч Т.О........., хариуцагч Н.Д............. нар нь 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр албан ёсны бүртгэлтэй гэр бүл болж, ........ оны .......... дугаар сарын ..........-ний өдөр охин Д.А..........., ........... оны ......... дүгээр сарын ...........-ны өдөр охин Д.М....... нарыг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдсон.

 

3. Нэхэмжлэгч гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаагаа илэрхийлсэн, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан, зохигчид цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүйгээ илэрхийлсэн ба нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч Н.Д..............ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг талаар дурдаж, хариуцагч нэхэмжлэгчийн тайлбарыг эсэргүүцээгүй, хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан  байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар гэрлэлтийг цуцалж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

4. Зохигчийн , ........ оны .......... дугаар сарын ..........-ний өдөр охин Д.А..........., ........... оны ......... дүгээр сарын ...........-ны өдөр охин Д.М....... нар насанд хүрсэн байх тул хүүхдийн асрамж, тэтгэлэгийн талаар шүүх шийдвэрлээгүй. Хариуцагч дундын өмчлөлийн эд хөрөнгийн хувьд маргаантай гээд, нэхэмжлэгчээс ямаа гаргуулна гэсэн тайлбар гаргасан ч хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт энэ нөхцөл байдал дурдагдаагүй, ямар үнэлгээтэй, хэдэн тооны ямаа гаргуулах нь тодорхойгүй байх ба энэ асуудлаар нэхэмжлэгч, хариуцагч нар ярилцаад ойлголцох боломжтой гэсэн  тул дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаан  гаргаагүй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар У……….. овгийн Н……….ын Д………., Т…….. овгийн Т…….ын О….. нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Зохигчид дундын өмчлөлийн эд хөрөнгө, хүүхдийн асрамж, тэтгэлэгийн маргаан гаргаагүй  болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Д.........маас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.О..........д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор шийдвэрийн хувийг иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /Г.Дорждулам/-д даалгасугай.

 

5. Шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.ҮҮРИЙНТУЯА