Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2022/ДШМ/30

 

 

 

 

 

 

 

 

2022             05            12                                       2022/ДШМ/30

 

 

..........т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Н.Энхмаа, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор П.Даваасүрэн,

Шүүгдэгч .........., түүний өмгөөлөгч Б.Баярмагнай,

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан,

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 277 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор П.Даваасүрэнгийн гаргасан эсэргүүцлээр шүүгдэгч ..........т холбогдох 2134000000290 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Монгол Улсын иргэн,

 

.......... нь 2021 оны 07 дугаар сарын 06-07 -нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутагт хохирогч ..........ыг зодож түүний биед баруун өгзөгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун зүүн хацар,баруун шуу, нуруу баруун өвдөг, шагайнд зулгаралт, зүүн гуя баруун шилбэнд цус хуралт гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас ..........т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч ..........т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2134000000290 дугаартай хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцааж,

 

Хэргийг прокурорт очтол ..........т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг "СD"-г хэргийн хамт прокурорт хүргүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор П.Даваасүрэн бичсэн эсэргүүцэлдээ: Төв аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор П.Даваасүрэн би тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 277 дугаартай шүүгчийн захирамжийг 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 18 цаг 00 минутад хүлээн авч Хянавал:

 

... Тус аймгийн Прокурорын газраас ..........ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж, прокуророос яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2022 оны 03 дугаар сарын 02 -ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхдээ тухайн үйл баримтыг харсан гэх гэрч, хохирогч, ... шинжээч эмч нарыг биечлэн оролцуулан шүүхийн хэлэлцүүлгийг хийсэн атлаа хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж дүгнэж, прокурорт буцаасан нь үндэслэлгүй ба хэрэгт мөрдөн шалгах ямар ажиллагааг хийх талаар тодорхой тусгаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангахгүй байна.

 

Мөн шүүгчийн захирамж нь Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгосон, мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу оролцогчдын гомдол гаргах эрхийг хангахдаа " хохирогч "-ийн гомдол гаргах эрхийг дурьдаагүй зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна. Иймд ..........т холбогдох Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 277 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор П.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа хангалттай хийгдсэн. Мөрдөн байцаах ажиллагаагаар юуг тодруулахаар буцааж байгаа нь ойлгомжгүй. Тийм учраас шүүгчийн захирамжийг хүчингүй болгон анхан шатны шүүхэд хэргийг буцааж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай, тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Мөрдөн байцаалтын шатанд шинжээчийн дүгнэлттэй холбоотой яллагдагчийн эрхийг зөрчсөн. Шинжээч томилох тогтоол гаргасан атлаа шинжээчийг байцааснаас өөр ажиллагаа хийгээгүй. Хохирогчид олон тооны гэмтэл учирсан байдаг. Энэ гэмтлийг хэн учруулсан нь тодорхойгүй. Прокурорын гаргасан дээрх зөрчлийг арилгуулахаар буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч .......... тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогчийн хувийн байдлыг тодорхой болгомоор байна. Дуудлагад ирсэн 2 цагдаа бүгдийг харсан. Энэ 2 цагдаагаас мэдүүлэг аваагүй байсан тул хүсэлт гаргаж мэдүүлэг авхуулсан. Энэ 2 цагдаад гомдолтой байна гэв.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ..........т холбогдох 2134000000290 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор П.Даваасүрэнгийн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй гарсан байна. Мөрдөгч, прокурор нь мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Тухайлбал:

 

Шүүгдэгч .......... нь 2021 оны 07 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутагт хохирогч ..........ыг зодож түүний биед баруун өгзөгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун зүүн хацар, баруун шуу, нуруу, баруун өвдөг, шагайнд зулгаралт, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт гэмтлүүд учруулсан гэх нөхцөл байдалтай холбогдуулан мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч ..........аас /хх-н 30/ мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мэдүүлэг авахын өмнө түүнд хэргийн талаар мэдэх бүх зүйлээ үнэн зөв мэдүүлэхийн чухлыг тайлбарлаагүй, насанд хүрээгүй гэрч ........../хх-н 32/, ........../хх-н 34/, ........../хх-н 80/ нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар хууль ёсны төлөөлөгчийг тогтоолгүй мэдүүлэг авсан байна.    

 

Насанд хүрээгүй гэрч нарын хууль ёсны төлөөлөгчөөр тогтоодвол зохих этгээдүүд нь шүүгдэгчтэй садан төрлийн холбоотой, уг хэрэгт гэрчээр оролцсон байх тул анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 2-т заасан насанд хүрээгүй гэрч нарын хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдвол зохих этгээдүүдийг ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн үндэслэлээр хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын ажилтныг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож болно гэсэн гэснийг зөрчсөн байна гэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Прокурорын газарт “яллагдагч ..........ийг хохирогч ..........тай нүүрэлдүүлэн мэдүүлэг авхуулах, хохирогчийн биед үүссэн гэмтлийн зэргийг тогтоолгохоор бүрэлдэхүүнтэй дахин шинжээч томилуулах, н.Хашчулуу, н.Бат-Өлзий нараас гэрчийн мэдүүлэг авхуулах” зэрэг мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргажээ. /хх-н 168/

 

Өмгөөлөгч Б.Баярмагнайгийн хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 4-т заасны дагуу 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 45 дугаартай прокурорын тогтоолоор хангаж шийдвэрлэсэн /хх-н 169/ байна.

 

Гэтэл прокурор яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг бүрэн хангасан мөртөө хүсэлтэд заасан бүрэлдэхүүнтэй шинжээч томилж хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох дахин шинжилгээ хийлгүйгээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2.3-т заасан “... нэмэлт ба дахин шинжилгээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т зааснаар хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэснийг зөрчсөн байна.

 

Мөн хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.5-д заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэрэг  хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай нотолж чадаагүй байна.

 

Учир нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй гэрч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мэдүүлэг аваагүй, гэрч нарын болон хохирогч ..........ын мэдүүлэг хоорондоо ноцтой зөрөөтэй, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнайгийн бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, дахин шинжилгээ хийлгэх тухай хүсэлтийг хүлээн авч шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол гаргасан атлаа уг мөрдөн шалгах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.5 дугаар зүйлийн 1, 27.8 дугаар зүйлийн 2-т заасан Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.1-т зааснаар явуулаагүй байна. 

 

Шүүгчийн захирамжид заасан ажиллагаанууд нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа байх тул дээрх ажиллагаануудыг хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан байна.

 

Прокурорын “...мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу оролцогчдын гомдол гаргах эрхийг хангахдаа “хохирогч” –ийн гомдол гаргах эрхийг дурдаагүй зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрсөн байна” гэсэн эсэргүүцэл үндэслэлтэй байх боловч энэ нь шүүгчийн захирамжийг хүчингүй болгох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарахгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Хэргийг прокурорт очтол шүүгдэгч ..........т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 277 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор П.Даваасүрэнгийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч ..........т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХДАВАА

                        ШҮҮГЧИД                                           Н.ЭНХМАА

                                                                                    Р.МӨНХ-ЭРДЭНЭ