| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00486/И |
| Дугаар | 145/ШШ2024/00407 |
| Огноо | 2024-09-19 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 145/ШШ2024/00407
| 2024 оны 09 сарын 19 өдөр | Дугаар 145/ШШ2024/00407 | Арвайхээр сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн …………… сумын ………… дугаар баг, ………………. тоотод оршин суух, Ц…………овгийн Ц………..ийн М…………ийн хүсэлттэй,
“С.Б……………ыг эрэн сурвалжлуулах” тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: Монгол Улсын иргэн Ц.М миний бие 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагч С.Б.т итгэмжлэл олгож миний нэрийн өмнөөс УБ хот СХД 20-р хороо, Сонсголон 18130 гудамж 50 тоот хаягт байрлах ................. тоот улсын бүртгэлийн дугаартай 320 кв.м талбайтай агуулахыг зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахыг зөвшөөрсөн. Үүний дагуу С.Б нь миний нэрийн өмнөөс тус барилгын өмнөх өмчлөгч Г.Н................тай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, холбогдох баримт бичгийг гаргуулж, барилгыг биет байдлаар нь хүлээн авсан. Тухайн хугацаанаас хойш барилга, барилгын түлхүүрээ авах хүсэлт, шаардлагыг удаа дараа утсан холбоогоор ярьж хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл барилгыг маань хүлээлгэж өгөөгүй. Үүнээс гадна барилгаар барьцаалж надаас 200 сая төгрөгийг авсан боловч буцааж өгөлгүй намайг хохироож байна. Барилгын түлхүүрээ авъя гэхээр түлхүүрийг нь манай ах аваад зүүн аймаг явсан удахгүй өгнө гэх мэтчилэн шалтаг тоочсоор өнөөг хүрч намайг хохироож байна. Иймд дээрх эд хөрөнгийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу хариуцагч С.Б.............ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Тус дүүргийн шүүхийн шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 184/Ш32024/16982 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох захирамжид “Нэхэмжлэлд бичигдсэн Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 1 хороолол, 8 байр, 26 тоот хаягаар хариуцагчид шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч С.Б............ тус хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь 18 дугаар хорооны тодорхойлолтоор тогтоогдож байна. Мөн хариуцагчийн гэж дурдсан ............ дугаар “ашиглалтад байхгүй”, ............ дугаар холбогдох боломжгүй байгаа тул хариуцагчийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Ц.М нь “С.Б………….ыг эрэн сурвалжлуулах” тухай хүсэлт тус шүүхэд гаргажээ.
2. Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
3. С.Б нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд түүний оршин суугаа газар тодорхойгүй байгаа нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худлдах, худалдан авах гэрээний хуулбар, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШЗ2024/18439 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамж зэргээр нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Санжжавын Бямбажав /ЦД86120697/-г эрэн сурвалжилахаар шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагч нь С.Б............ын оршин суугаа газрыг олж тогтоох боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.
4. Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул түүний улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, мөн хүсэлт гаргагч Ц.М “өөрийнхөө эзгүйд хэргийг шийдвэрлэх” тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.........ын Б /.........../-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар С.Б…………..ыг эрэн сурвалжлан, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч Ц.М…………..д мэдэгдэхийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА