| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 2012000000351 |
| Дугаар | 2021/ДШМ/27 |
| Огноо | 2021-08-10 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 2021/ДШМ/27
Прокурор Б.Б
Хохирогчийн өмгөөлөгч Ч.Д
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б
Шүүгдэгч Н.Г
Нарийн бичгийн дарга Б.Д нарыг оролцуулан
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.О даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч Ч.Д-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Н.Гэд холбогдох 2012000000351 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Т.Д-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн 1980 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн Хоршооллын хуурай гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Н.Г
Шүүгдэгч Н.Г нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Хоёр модны улаан толгой гэх газраас хохирогч Ч.Аын 13 тооны хонийг өөрийн 88-18 АРА улсын дугаартай автомашиныг ашиглан хулгайлж, түүнд 1.220.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Архангай аймгийн Прокурорын газраас Н.Гэд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Н.Г-ийг бусдын олон тооны малыг, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гэд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 85 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 88-18 АРА улсын дугаартай Хюндей портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг, Мустанг-5 маркийн улсын дугааргүй 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий мотоциклийг шүүгдэгч Н.Гээс тус тус гаргуулж, улсын орлого болгож, 88-18 АРА улсын дугаартай Хюндей портер маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Р.Н-д буцаан олгож; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хохирогч Ч.А нь мал ирж хайсны хохирол, төл буюу гэм хорыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж; Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч түүний өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж; Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Гэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч Ч.Д-ийн гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/119 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Н.Г нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн иргэн А-ын 13 тооны хонийг хулгайлж, зарж борлуулсан гэмт хэргийг үйлдсэн гэж анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн олон зүйл, заалтыг ноцтой зөрчсөнийг үл хайхран хэргийг шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.
1. Хохирогчийн гомдлоор хэргийг шалгаагүй, харин хэргийн холбогдогч нарын мэдүүлгээр хэргийг шалгасан.
2. Гэрчүүдийн мэдүүлэг бүгд зөрүүтэй, гэрчүүдээс 2-3 удаа мэдүүлэг авсан ч мэдүүлгийн зөрүүг арилгаагүй.
3. Мөрдөгч мэдүүлгээрээ хохирогчид хамааралгүй автомашины эзэмшигчийн талаарх асуудалдаа хохирогчийг оролцуулан хамаатуулж мэдүүлэг авсан нь нэг талыг барьж, хэрэг илрүүлэх биш хэргийн холбогдогч нарт ашигтайгаар хэргийн үйл баримтыг үгүйсгэх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
4.Мөрдөгч хохирогчийн гомдлоор хэрэг шалгаагүй гагцхүү холбогдогч нарын эрх ашгийг хамгаалсан ажиллагаа явуулсан гэдэг нь дараах байдлаар нотлогддог.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ”,
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “мөрдөгч прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж иргэний нэхэмжлэгчээр тогтооно”,
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “хохирогчийн эрхүүдийг ноцтой зөрчсөн, энэ талаарх асуудлаа шүүх хуралдааны явцад хяналтын прокурор Б.Б-аас тодруулахад улсын яллагч нь “хохирогчоор тогтоосон байхад иргэний нэхэмжлэгчээр тогтоох шаардлагагүй” гэснийг анхаарч хуульд заасан хийгдвэл зохих ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй байна гэж үзэж байгааг хүлээн авна уу.
Энэ мэтчилэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл “нотолбол зохих байдал”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 1.6 дахь хэсэгт заасан “нотолбол зохих ажиллагаа”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “шүүх прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай бүрэн гүйцэд бодит байдлаар хянан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэсэн дээрх хэрэгт хамааралтай ач холбогдолтой зүйлсийг хянаж, эх сурвалжийг магадалж чадахгүйгээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн олон олон алдаа байгаа нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүйг анхаарч үзнэ үү.
Энэ гэмт хэргийн урьдаас төлөвлөн үгсэн хуйвалдаж бүлэглэн үйлдсэн, хэргийн холбогдогч М.Ж нь эх сурвалжаа зааж хэргийн газрын үзлэгээр баримтжуулсан фото зураг хавтаст хэрэгт байгааг мөрдөгч прокурор үнэлж шалгаагүй байхын зэрэгцээ Зөрчлийн тухай хуулийн 15.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг нуун далдалсан гэж 750.000 төгрөгөөр торгосон нь үндэслэлгүй юм.
Мөрдөгч прокурор нь М.Ж-ыг хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэж байгаа боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн, хулгайлах гэмт хэргийн холбогдогч гэдэг нь нотлох баримтаар тогтоогдсон байхад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар торгууль оногдуулсан нь үндэслэлгүй юм.
Мөрдөгч Э нь гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчид эрүү шүүлт тулгаж хүнлэг бус хэрцгий хандаж нэр төрийг нь гутаан доромжлохыг нь хориглоно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “сэжигтэн, яллагдагч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа тэдэнтэй хүнлэг бусаар харьцаж, нэр төр, алдар хүнд, бие махбод, сэтгэл санаанд хохирол учруулах арга хэрэглэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж, гэрчээс мэдүүлэг авахдаа “чи гэрч болоод байхдаа яадаг юм бэ” гэхчлэн хэргийн бодит үнэнийг ярьсныг нь гуйвуулан айлган сүрдүүлсэн байдаг. Гэрч тухайн автомашинд эр хонь ч байсан, олон тооны хонь ч байсан гэдгийг хэлсэн байдаг. Энэ мэт олон эргэлзээтэй зүйлсийн эргэлзээг тайлаагүй маш ноцтой олон зөрчлүүд байгаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үзлэг хийх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч гэмт хэрэг гарсан байдал, хэрэгт ач холбогдол бүхий бусад байдлыг тогтоох, тодруулах зорилгоор хүний бие, эд зүйл, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтан, хэрэг гарсан газарт үзлэг хийнэ”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлд хэргийн газрын үзлэг хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тодруулах зорилгоор хэргийн газрын ажиллагаа тогтоосон тээврийн хэрэгсэл мал амьтныг хамруулан үзлэг туршилт хийхээр заасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.5 дугаар зүйлд “мөрдөн шалгах туршилт хийх” ... хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг арилгах зорилгоор туршилт хийлгүүлэх шаардлагатай байна гэж үзэж байна. Учир нь 13 тооны эм хонь хулгайлсан гэдэг. Зөвхөн яагаад эм хонь гэж, бусад гэрчүүд уг автомашинд эр хонь ч байсан гэдэг. Эм хонь, хурга хулгайлаад зарж борлуулах гээд явж байх уу гэдэг нь логикийн хувьд эргэлзээтэй.
Иймээс олон эргэлзээтэй зүйлийн эргэлзээг тайлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн нотолбол зохих байдлыг тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг хэзээ, хаана, яаж үйлдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “гэмт хэргийг хэн, хэн үйлдсэн”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн шинж чанар хэр хэмжээг тогтоох шаардлагатай” байна гэдгээ дахин дахин илэрхийлж байна.
Иймээс Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, дахин хуулийн хүрээнд шалгуулахаар буцааж өгнө үү. Жич: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.9 дүгээр зүйлд заасны дагуу гомдлыг хавтаст хэрэгт хавсаргана уу гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч Н.Гэд холбогдох хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцээд түүнийг бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн нөхцөл байдалтай тохирсон дүгнэлт хийж хэргийг шийдсэн гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Хохирогчийн өмгөөлөгчийн гаргаж байгаа олон тооны зөрчилтэй гэсэн зүйл нь энэ хэрэгт байхгүй бөгөөд хэргийн бодит байдалтай тохирсон байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Хэргийн зүйлчлэлийн хувьд алдуул мал завших гэмт хэргийн шинжийг хангаагүй. Учир нь богино хугацаанд буюу хохирогч өөрөө тухайн өмчлөлийн малаа олж авах боломжтой нөхцөл байдалд байхад нь Н.Г нууцаар машин механизм ашиглан үйлдлээ хөнгөвчлөн хонинуудыг авч явсан байдаг. Харин тухайн хонинууд шүүгдэгчийн өмчлөлд бүрэн шилжсэн бөгөөд чөлөөтэй захиран зарцуулах боломжтой нөхцөл байдал үүсээгүй. Яагаад гэхээр хохирогч хэд хоногийн дотор юм уу, эсхүл богино хугацаанд ирээд авах боломжтой байхад шүүгдэгч нь захиран зарцуулсан тул завших гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэж байгаа юм. Яллах дүгнэлтэд машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан гэж бичсэн байгаа. Тэгэхээр яг мотоцикл гэдгийг орхигдуулсан байна гэж дүгнэхгүйгээр хэргийг шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Ч.Д шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний хувьд өөрийнхөө гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Бүх гэрчүүд буюу түүнд дотор н.Ж-ын өгсөн гурван удаагийн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй байдаг. Н.Гийн эхнэрийн хоёр удаагийн мэдүүлэг бас хоорондоо зөрүүтэй байдаг. Мөн аавынх нь ч гэсэн мэдүүлэг зөрүүтэй байгаа. Ер нь энэ хэрэг дээрх бүх хүмүүсийн мэдүүлэг зөрүүтэй байдаг. Хоёр гэрчийг анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр оролцуулсан боловч бас хоёулаа зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Ядаж гэрчүүдийнхээ мэдүүлгийн зөрүүг арилгуулах хэрэгтэй байна гэж би прокурорт хэлж байсан. Үнэхээр 20 гаруй хонь, 10 гаруй хонины зөрүү гараад байхад яагаад туршилт хийж болдоггүй юм зэрэг энэ мэтчилэн хэргээ хянаж чадсангүй. Энэ талаар би анхан шатны шүүх хуралдаан дээр ч гэсэн хэлж байсан. Хохирогчийн хувьд хохирсон нь үнэн. Хохирогч нь бусад хохирлоо нэхэмжлэх бөгөөд дээрээс нь 13 эм хониныхоо төлийг нэхнэ гэж байгаа. Тухайн эм хонинууд энэ жил төллөөд төлөө өгсөн байх байсан. Иймд хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцааж, дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулан бүлэглэн хулгай хийсэн этгээдүүдийг оролцуулж өгнө үү. Энэ хэргийг Н.Г ганцаараа үйлдээгүй гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлүүд байгаа гэж байна. Гэтэл энэ хэрэг дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан ноцтой зөрчил нэг ч байхгүй. Харин хэрэг шалгаж байхад бага зэрэг алдаа гарах асуудал байдаг. Түүнээс биш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан ноцтой зөрчил гаргасны улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нэг ч зөрчил байхгүй. Ийм учраас хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм. Миний хувьд Н.Гийг алдуул мал завшсан гэж үзнэ. Яагаад гэхээр 10 км зайтай гэдэг нь нотлогдсон. Энэ талаар шүүх хуралдаан дээр ирсэн хоёр гэрч хэлсэн бөгөөд мөн дээр нь А өөрөө мэдүүлгээрээ энэ талаар хэлсэн. Тийм учраас А шөнө малаа шуурганд алдчихаад Н.Гийнд очоогүй. Харин М, Ж зэрэг бусад айлуудаар очиж үзээд тасраад ирсэн хонинуудаа авсан байдаг. Харин прокурорын зүгээс шуурганд хонь тасарсан талаар үндэслэлтэй зүйл хэллээ. Харин тэр тасарсан малаас зарим хонь нь Н.Гийн хоньтой нийлсэн байдаг. Түүнээс биш Н.Г нь идэвхтэй үйлдлээр А-ын бэлчээр дээрх хониноос авсан зүйл байхгүй. Энэ талаар хэрэгт нэг ч нотлох баримт байхгүй. Н.Гийн хувьд өөрийнхөө хонийг туух гэж мотоциклтой очсон байдаг. Тэгээд айлын хонь нийлсэн байхад хамт туугаад ирсэн үйл явдал болсон байгаа юм. Энэ бол хулгай хийж байгаа үйлдэл биш юм. Харин тэр завших санаа чинь гэртээ 10 гаруй хоносны дараа эзэн нь хонио ирж авахгүй болохоор аваад явъя гэсэн санаа төрж байгаа юм. Улсын дээд шүүхийн практикаас үзэхээр алдуул мал гэдгийг ойлгохын тулд идэвхтэй үйлдэл хийсэн эсэхийг харах ёстой. Гэтэл Н.Гийн хувьд ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийгээгүй байдаг. Дараагийн асуудал нь тухайн хонинууд эзнийхээ хараа хяналтаас гараад өөр хүний хараа хяналтад тохиолдлын шинжтэй шилжсэн үйл явдал байгаа юм. Энэ хэрэгт Жаргалбаяр ямар ч хамааралгүй. Мөн аав нь ч гэсэн ямар ч хамааралгүй. Өмгөөлөгч миний хувьд энэ үйлдэл нь алдуул мал завших гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байна. Н.Гэд холбогдох хэрэг дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн ээдрээтэй нөхцөл байдал харагдаж байгаа тул шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх боломжтой юм. Н.Гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байна. Энэ шинжээрээ Н.Гийн холбогдсон хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой юм. Хэрэв прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзвэл Н.Гэд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан зорчих эрхийг хязгаарлах ялаар солих боломжтой гэж үзэж байна. Энэ боломжийг шүүхийн зүгээс хэрэглэн хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсье. Н.Гийн хувьд хохирогчид төлөх хохирол төлбөр байхгүй. Өөрийнх нь үйлчлүүлэгч хохирол төлбөр нэхэмжлээгүй байхад өмгөөлөгч нь хохирол төлбөр нэхэмжлэх эрхийг заасан хууль Монгол Улсад байхгүй. Харин нэхэмжлэх зүйл байвал нотлох баримтаа гарган өгч нэхэмжилдэг юм. Хохирогч нэхэмжлээгүй байхад хохирогчийн өмгөөлөгч эрх хэмжээгээ хэтрүүлэн хил хязгаар давж нэхэмжлэх эрх байдаггүй юм. Иймд Н.Гэд холбогдох хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулан шийдэж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, хохирогчийн өмгөөлөгч Ч.Д-ийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Шүүгдэгч Н.Г нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Хоёр модны улаан толгой гэх газраас хохирогч Ч.А-ын 13 тооны хонийг машин механизм ашиглан хулгайлж, түүнд 1.220.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх зөв дүгнэн хэргийг шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.Гэд холбогдох гэмт хэргийн зүйлчлэл тохирсон, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, шүүгдэгч Н.Гэд анхан шатны шүүхээс оногдуулсан ял гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм бурууд тохирсон байна.
Харин шийтгэх тогтоол гарсны дараа буюу 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсантай холбогдуулан тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гэд анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих үндэслэл бий болсон тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй юм.
Хохирогч Ч.А хохирол 1.220.000 төгрөг болон хонио эрж хайсны зардалд 500.000 төгрөг нэхэмжилнэ гэсний дагуу шүүгдэгч Н.Г 1.700.000 төгрөг хохирогчид төлсөн байхад анхан шатны шүүх мал эрж хайсны хохирлыг жич нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх ба мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Мустанг 5 маркийн мотоциклийг хурааж, улсын орлого болгосон заалтыг агуулгын хувьд өөрчлөх шаардлагатай байх тул шийтгэх тогтоолын 4, 6 дахь заалтуудад өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогчийн өмгөөлөгч Ч.Д-ийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Хохирогч Ч.А 2020 оны 10 дугаар сарын 8-9-нд шилжих шөнө 20 гаруй хонь алдсан талаар 2020 оны 10 дугаар сарын 13-нд Архангай аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан байдаг. Улмаар 2020 оны 11 дүгээр сарын 18-нд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ 10 дугаар сарын 09-ний өглөө хонио бүртгэж үзэхэд 20 гаран 30 орчим тооны хонь дутуу байсан, Ж-ын хонь М-ийн хоньтой нийлсэн байсан, тэр хонин дотор миний 10 гаран бог байсныг ялгаж авсан, 800 гаруй хоньтой болохоор нарийн тоо, толгойг нь бүртгэж чаддаггүй талаар мэдүүлсэн байна. Мөн хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийн хүрээнд хохиролд 1.220.000 төгрөг болон хонио эрж хайсны зардал 500.000 төгрөг нэхэмжилнэ гэсний дагуу шүүгдэгч Н.Г хохиролд 1.700.000 төгрөг төлжээ. Хохирогчийн мэдүүлгүүдээс дүгнэхэд хохирогч өөрөө яг ямар насны, хэдэн тооны бог алдсанаа тодорхойлж чадаагүй ч түүний нэхэмжилсэн дүнгээр шүүгдэгч хохирлыг төлж барагдуулсан байхад хохирогчийн гомдлоор хэргийг шалгаагүй, харин хэргийн холбогдогч нарын мэдүүлгээр хэргийг шалгасан гэж үзэх үндэслэлгүй юм.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд А.Ж-ыг Н.Гтэй бүлэглэж хулгай хийсэн талаар нотлох баримт байхгүй байх тул гэмт хэргийг үл мэдээлсэн зөрчил үйлдсэн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 15.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг буруу гэж дүгнэх боломжгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9 дэх хэсэгт зааснаар хохирогч өөрт учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй тул түүнийг заавал иргэний нэхэмжлэгчээр тогтоох шаардлагагүй болно.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг дутуу шалгасан, хэргийн үйл баримт гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул хохирогчийн өмгөөлөгчийн хэргийг прокурорт буцааж, дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах талаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэв.
Шүүгдэгч Н.Г нь хэрэг давж заалдах шатны шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 53 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-ийн цагдан хоригдсон 53 хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.Д
ШҮҮГЧИД Д.Б
В.Ц