| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2024/04706/И |
| Дугаар | 184/ШШ2024/03901 |
| Огноо | 2024-07-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 184/ШШ2024/03901
| 2024 7 30 | 184/ШШ2024/03901 |
|
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***
Хариуцагч:***
Хариуцагч: *-***
Зээлийн гэрээний үүрэгт 46,317,899 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагч *** хариуцагч****, нарийн бичгийн дарга Л.Баянболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: **** нар нь****2016 оны 9-р сарын 6-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг байгуулан 49,840,000 төгрөгийн зээлийг жилийн 8 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатайгаар зээлсэн. ***нар Сонгинохайрхан дүүрэг, 6-р хороо,****от хаягт байрлах 47.92м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2023 оны 8-р сарын 9-ний өдрөөс хойш зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг 2024 оны 3-р сарын 29-ний өдрийн 6/3737 тоот мэдэгдлээр мэдэгдсэн. **** зүгээс нэг талын санаачилгаар шүүхийн журмаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. 2024 оны 5-р сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээл 44,945,083 төгрөг, үндсэн хүү 1,351,107 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 210 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой зардал 21,500 төгрөг, нийт 46,317,899 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.
Хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбарын агуулга: Бид 2016 оны 9-р сарын 6-ны өдөр *** банкнаас 49,840,000 төгрөгийн ипотекийн зээлийг авсан. 2023 оны 6-р сард *** бөөрний архаг үрэвсэлтэй болж зээлийн төлбөрийг хугацаандаа төлж чадахгүйд хүрсэн. 2024 оны 5-р сарын 22-ны өдөр зөрчигдсөн төлбөр болох 3,900,000 төгрөгийг төлж, хэвийн хуваарьт орсон. Зээлийн гэрээнд заасан төлбөрийн хуваарийн дагуу төлж барагдуулах хүсэлттэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: *** ХК-ийн зүгээс ***л нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зээлийн гэрээний үүргийн зөрчил болох 1,351,316.82 төгрөгийг 2024 оны 5-р сарын 22-ны өдрийн дотор төлж барагдуулсан. Зээлийн гэрээний үүрэгт заасан төлбөрийг төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцсон.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч****анк ХК нь хариуцагч **нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 46,317,899 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хариуцагч зээлийн гэрээнд зааснаар сар бүр төлбөрөө төлөх үүрэгтэй болохыг, үүргээ зөрчвөл нэхэмжлэгч шүүхэд хандан нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. **** ХК нь **** нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 46,317,899 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 389,539.5 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ