| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 1912004450095 |
| Дугаар | 2021/ДШМ/26 |
| Огноо | 2021-08-10 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 2021/ДШМ/26
Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/106 дугаар шийтгэх тогтоолтой Г.Тт холбогдох эрүүгийн 1912004450095 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Б-ы гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Б-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1993 онд төрсөн, 28 настай, эрэгтэй, Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Архангай салбарт ашиглалт засварын монтёр ажилтай, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Цогт-Уулын 1а-2 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Г.Т
Г.Т нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 20-ны шөнө 03 цагийн орчим Архангай аймгийн Цэнхэр сумын төв замд Toyota маркийн 94-49 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.2 дахь хэсгийг зөрчсөний улмаас явган зорчигч хохирогч Ц.Б-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/106 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Т-ыг согтуурсан үедээ Авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Г.Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуульд заасны дагуу ял оногдуулах болохыг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тт мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн хугацааг тоолж, Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Таас 4 173 450 төгрөгийг гаргуулж хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Цогт-Уулын 26-05 тоотод оршин суух хаягтай Ц.Б-т олгож, шүүгдэгч Г.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хохирогч Ц.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Б гаргасан гомдолдоо: “Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/106 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
1. Шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна. Шүүх шүүгдэгч Г.Тыг согтуурсан үедээ Авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэжээ. Гэтэл Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн буруутай гэсэн шинжээчдийн дүгнэлтийг нотлох баримт болгож байгаа боловч жолооч энэ тохиромжтой хурдыг сонгож яваагүй гэдэг нь өөр нотлох баримтаар нотлогдохгүй байна. Шинжээчийн дүгнэлтэд хохирогч Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д заасан “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалт зөрчсөн байх үндэслэлтэй гэж дүгнэсэн нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан. Шинжээчид тухайн зам тээврийн осол ямар шалтгааны улмаас гарсныг тодорхойлох боломжгүй гээд явган зорчигч, жолоочийн хэн нь гол буруутайг тогтоож чадаагүй эргэлзээтэй байна.
2. Анхан шатны шүүх дээрх эргэлзээтэй байдлыг арилгах зорилгоор 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар дахин шинжилгээ хийлгэхээр захирамж гаргасан. Ингэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4-т заасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид шинжээч томилох шийдвэрийг танилцуулна гэсэн журмыг зөрчсөн. Ингэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлд заасан шинжээчийг татгалзан гаргах хүсэлт гаргах, шинжээчид нэмэлт асуулт тавих эрх эдлэх боломж алдагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлд зааснаар шинжээчийн дүгнэлтийг танилцуулаагүйгээс дүгнэлтийг эс зөвшөөрч дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах боломжгүй болсон.
3. Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шийдэхдээ тус хуралдаанаар шинжлэн судлаагүй баримтуудыг нотлох баримтаар тооцож 4 673 450 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хохирогч Б нь 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаан дээр 20 орчим сая төгрөг нэхэмжилсэн 64 хуудас баримт гаргаж өгснийг хуурамч нотлох баримт бүрдүүлж шүүхэд гаргаж өгсөн гэж Цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулж байгаа ба энэ талаарх Цагдаагийн газрын албан бичиг хэрэгт хавсаргасан, хохирогч Б ч шүүхийн хэлэлцүүлэгт шалгагдаж байгаа талаараа мэдүүлсээр байхад хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь зүйд нийцэхгүй байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлага хангахгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Прокурор С.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: “Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 106 дугаар шийтгэх тогтоол нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Шийтгэх тогтоолын 6 дахь заалт буюу Г.Таас гаргуулж буй мөнгөн дүн дээр 7 дахь заалтаар хэрэгсэхгүй болгосон 3 160 071 төгрөгийг нэмж гаргуулан хохирогчид олгохоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Г.Тт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байна. Дээрээс нь нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Цагдаа шалгаад гэм буруутай нөхцөл байдал нь тогтоогдвол дахиад шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах үндэслэл үүсэх тул үүнийг шийдэлгүй орхисон нь зөв гэж үзэж байна. Иймд өөрийнхөө анхны гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч В.У давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Тт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүх Г.Т-ыг согтуугаар Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.
94-49 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Тыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.2-д заасныг, 86-88 АРХ улсын дугаартай автобусны жолооч мөн дүрмийн 14.1-д заасныг тус тус зөрчсөн гэсэн шинжээчийн дүгнэлтүүдийн дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь 94-49 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч болон 86-88 АРХ улсын дугаартай автобусны жолооч нарын хэн аль нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байхад зам тээврийн осол гарахад автобусны жолооч гэм буруутай эсэхийг шалгаж тогтоогоогүй байна.
Иймд Г.Тт холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзээд хэрэг прокурорт очтол түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Г.Т-т холбогдох эрүүгийн хэргийг Архангай аймгийн прокурорын газарт буцаасугай.
3. Хэргийг прокурорт очтол Г.Т-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.Б
ШҮҮГЧИД Т.Д
В.Ц