Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2021/ДШМ/25

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

          Д.Н, М.Т нарт холбогдох

        эрүүгийн  хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Б даргалж, ерөнхий шүүгч Т.Д, шүүгч В.Ц нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Б.Б, яллагдагч М.Т-ын өмгөөлөгч Г.Э, яллагдагч Д.Н, нарийн бичгийн дарга Б.Д нарыг оролцуулж нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЗ/510 дугаар захирамжтай Д.Н, М.Т нарт холбогдох эрүүгийн 1912003680215 дугаартай хэргийг прокурорын гаргасан эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Б-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1976 онд төрсөн, 45 настай, эмэгтэй, Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч ажилтай, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн ТОСК-ын байрны 42-33 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Д.Н

 

Монгол Улсын иргэн, 1968 онд төрсөн, 53 настай, эмэгтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн Жинсийн ухаа гэх газар оршин суух, ял шийтгэлгүй, М.Т

 

Д.Н, М.Т нар нь бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн Н.О-ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий Архангай аймгийн Ойн аж ахуйн даргын 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 25, Архангай аймгийн Ой агнуурын аж ахуйн даргын 1985 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 118, 1986 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 60, 1987 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 72, Архангай аймгийн Байгаль орчныг хамгаалах газрын даргын 1990 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 37 дугаартай тушаалуудын хуулбарыг, 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр мөн шүүхэд иргэн Н.О-ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий Архангай аймгийн Байгаль орчныг хамгаалах газрын даргын 1990 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 37, 1990 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 80, 1990 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 112 дугаартай тушаалуудын хуулбарыг тус тус хуурамч болохыг мэдсээр байж гаргаж өгсөн,

Д.Н нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Н.О-ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад давуу байдал бий болгох зорилгоор гэрч Ц.Н-д худал хэлж төөрөгдүүлэн Ж.О-ийн талаар мэдүүлэг өгүүлж мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЗ/510 дугаар захирамжаар яллагдагч Д.Н, М.Т нарт холбогдох 1912003680215 дугаартай эрүүгийн хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

 

Давж заалдах шатны шүүхэд прокурор Б.Б гаргасан эсэргүүцэлдээ: “Архангай аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Б би эрүүгийн 1912003680215 дугаартай яллагдагч Д.Н, М.Т нарт холбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд шилжүүлсэн. Тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд шүүгчийн 2021/ШЗ/510 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.

Шүүгчийн захирамжид: Хэрэгт яллагдагч Д.Ныг өмгөөлөгч гэдгийг нотлох баримт болох Монголын Хуульчдын холбооноос олгосон хуульчийн гэрчилгээ, өмгөөлөгчийн үнэмлэх эх хувиараа, дипломын хуулбар, мөн түүний яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “ам бүл 3, хүү, дүү нарын хамт” гэж мэдүүлсэн байх тул түүний хувийн байдлыг тогтоосон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудыг хэрэгт хавсаргаагүй байх тул яллагдагчийн хувийн байдлыг тогтоох, мөн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг талаарх баримтыг хэрэгт хавсаргаж ирүүлэх шаардлагатай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийг хэн үйлдсэнийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотолно гэж хуульчилсан байх тул тухайн гэмт хэрэгт яллагдагч Д.Ныг холбогдуулан шалгахдаа заавал өмгөөлөгч мөн эсэхийг нотлох нь зүйтэй байна. Иймд Д.Н, М.Т нарт холбогдох эрүүгийн хэрэгт хийгдэх дээрх ажиллагаанууд нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Хэрэгт Монголын Хуульчдын холбооны Архангай дахь салбарын зохицуулагч С.П-ийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “...Өмгөөлөгч Д.Н нь 1 310 дугаарын хуульчийн гэрчилгээтэй, шүүхэд төлөөлөх эрхийн 2 057 дугаарын үнэмлэх, гэрчилгээтэй гэж үзнэ...” гэсэн лавлагаа авагдсан бөгөөд уг лавлагаагаар яллагдагч Д.Н нь 1 310 дугаартай хуульчийн гэрчилгээтэй болох нь нотлогдож байна. Мөн гэрч Н.О, Ц.Н, Н.А, С.Б Ц.Ц, яллагдагч М.Т нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар яллагдагч Д.Н нь өмгөөлөгч мөн болох нь давхар нотлогдож гэмт хэрэг үйлдэх үедээ гэрч Н.О-т хууль зүйн туслалцаа үзүүлж байсан нөхцөл байдал тогтоогдсон. Прокурорын хувьд Д.Нын хувийн байдал тогтоогдсон, түүний хуульчийн гэрчилгээ, өмгөөлөгчийн үнэмлэх эх хувиараа, мөн дипломын хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудыг хэрэгт хавсаргах шаардлагагүй гэж үзсэн бөгөөд шүүхээс дээрх баримтуудыг хэрэгт хавсаргах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлд “хүсэлт, гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргаж болно”, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “баримт сэлт гаргаж өгөх, .... эрхтэй” гэсэн заалтуудыг үндэслэн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгөх боломжтой байхад шүүгчийн захирамжид “дээрх ажиллагаанууд нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна” гэж дүгнэсэн нь буруу байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Прокурор санал дүгнэлт хэлэхдээ анхан шатны шүүхийн тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг, хэрэгт авагдсан нотлох баримт ашиглахаас гадна ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой баримт гаргаж өгч болно” гэж хуульчилсан зэргийг давж заалдах шатны шүүх харгалзан үзнэ үү. Иймд тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЗ/510 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Прокурор Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: “Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЗ/510 дугаар захирамжаар шүүгдэгч Д.Н, Д.Т нарт холбогдох эрүүгийн хэрэгт хийгдэх ажиллагаа бүрэн хийгдээгүй буюу Д.Ныг өмгөөлөгч гэдгийг тогтоогоогүй, мөн түүний хувийн байдлыг тогтоосон зарим нотлох баримтуудыг хэрэгт хавсаргаагүй байна гэсэн үндэслэлээр прокурорт буцааж шийдвэрлэсэн. Прокурорын зүгээс шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагагүй, Д.Нын хувьд өмгөөлөгч болох нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр эсэргүүцэл бичсэн. Сая шүүх хуралдаан дээр танилцуулсан эсэргүүцэл болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЗ/510 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэсэн дүгнэлттэй байна.” гэв.

 

Яллагдагч М.Тын өмгөөлөгч Г.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Миний үйлчлүүлэгч М.Тын хувьд хэргээ хурдан шуурхай шийдвэрлүүлэх хүсэлттэй байдаг. Прокурорын бичсэн эсэргүүцлийн талаар хэлэхэд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид М.Ттай холбоотой зүйл дурдагдаагүй тул өмгөөлөгчийн зүгээс шүүхийн шийдвэртэй холбоотой санал хүсэлт байхгүй.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Д.Н, М.Т нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэрэгт яллагдагч Д.Ныг өмгөөлөгч гэдгийг нотлох баримт болох Монголын Хуульчдын холбооноос олгосон хуульчийн гэрчилгээ, өмгөөлөгчийн үнэмлэх эх хувиараа, мөн дипломын хуулбар, мөн түүний яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “ам бүл 3, хүү, дүүгийн хамт” гэж мэдүүлсэн байх тул түүний хувийн байдлыг тогтоосон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудыг хэрэгт  хавсаргаагүй байх тул яллагдагчийн хувийн байдлыг тогтоох, мөн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг талаарх баримтуудыг хэрэгт хавсаргаж ирүүлэх шаардлагатай талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Прокуророос Д.Н, М.Т нарыг иргэн Н.О-ийн хүсэлттэй ажилласан байдал тогтоолгох иргэний хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхдээ 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Ойн аж ахуйн даргын 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 25, Архангай аймгийн Ой агнуурын аж ахуйн даргын 1985 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 118, 1986 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 60, 1987 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 72, Архангай аймгийн Байгаль орчныг хамгаалах газрын даргын 1990 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 37 дугаартай тушаалуудын хуулбарыг, 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Байгаль орчныг хамгаалах газрын даргын 1990 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 37, 1990 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 80, 1990 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 112 дугаартай тушаалуудын хуулбарыг тус тус хуурамч болохыг мэдсээр байж гаргаж өгсөн, мөн Д.Н нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Н.О-ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад давуу байдал бий болгох зорилгоор гэрч Ц.Нямсүрэнд худал хэлж төөрөгдүүлэн Ж.О-ийн талаар мэдүүлэг өгүүлж мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан гэж дүгнэн Д.Нд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2, 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, М.Тд холбогдох хэрэгт мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай 19, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 04 дүгээр тогтоолууд нь хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзлээ.

 

Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх явцдаа гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлж мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагад гэмт хэргийн талаарх мэдээллийг өгсөн ба шүүхээс ирүүлсэн нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн талаарх мэдээллийн дагуу хэрэг бүртгэлтийн 191200257 дугаартай хэрэг нээж шалгасан байна. Хэрэг бүртгэлтийн явцад гэрч Э.М-ийн “Л.Д-ийн хавтаст хэргийн материалд үзлэг хийхэд Архангай аймгийн Архивын тасгийн лавлагаа болох Цэцэрлэг сумын Чөлөөт-Амьдрал нэгдлийн гишүүдийн их хувьчлалын баталгаажуулалтын материалын 176 дугаарт “Л.Даваасүрэн” гэснийг “Ж.Даваасүрэн” гэж засварласан байсан” гэх мэдүүлэг, гэрч Ж.Д-ийн “Тэгээд Д.Н өмгөөлөгч миний бичиг баримтуудыг авч шалгаж үзээд “Таны овог зөрсөн байна” гээд миний хажууд “Д” үсэг байлуу, “Ц” үсэг байлуу нэг үсгийг “Ж” үсгээр дармалаар засаж бичээд “Ингээд болчихлоо. Та одоо явж болно. Дуудсан цагт ирээрэй” гэж хэлээд, би өмгөөлөгчийн хөлсөнд 500 000 төгрөгийг бэлэн тоолж өгөөд сум руугаа буцсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Б-ийн “Тэгсэн овгийн эхний үсэг нь буруу байсан чинь Д.Н гэх өмгөөлөгч тухайн овгийн эхний үсгийг хар өнгийн балаар “Ж” үсэг болгож бичсэн юм” гэх мэдүүлэг, Архангай аймгийн Архивын тасагт хадгалагдаж байгаа Цэцэрлэг сумын Чөлөөт-Амьдрал нэгдлийн өмч хувьчлалын материалын 176-д “Л.Даваасүрэн” гэж бичсэн, Ж.Д-ийн хүсэлттэй ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэрэгт байгаа Цэцэрлэг сумын Чөлөөт-Амьдрал нэгдлийн өмч хувьчлалын материалын 176-д “Ж.Даваасүрэн” гэж бичсэн зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад прокурор “Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан гэрч Ж.Д-ийн “... Архангай аймгийн Архивын газраас би малчны өмч хувьчлалын бичиг авч өгсөн... Би Д.Нд баярын бичиг, өргөмжлөл явуулсан... “ гэх мэдүүлэг, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт-Амьдрал нэгдлийн даргын 1988 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 28 дугаартай тушаалын хуулбар, тус аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 129/2019/0017/И индекстэй иргэний хэргээс хуулбарлан авсан 2 ширхэг баярын бичиг зэрэг нотлох баримтуудаар гэрч Ж.Д нь Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт-Амьдрал нэгдлийн гишүүнээр ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул яллагдагч Д.Ныг тухайн нэгдлийн гишүүдийн их хувьчлалын баталгаажилтын баримтыг хуурамчаар үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна” гэж дүгнэн гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

 

Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1-д “Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг ...засварласан, өөрчилсөн”-ийг нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэж үзэхээр хуульчилжээ.

 

Өөрөөр хэлбэл, өмгөөлөгч Д.Н нь иргэн Ж.Д-ийн хүсэлттэй ажилласан байдал тогтоолгох иргэний хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхдээ Цэцэрлэг сумын Чөлөөт-Амьдрал нэгдлийн өмч хувьчлалын материалын 176-д бичигдсэн “Л.Даваасүрэн” гэх нэрийг “Ж.Даваасүрэн” болгож засварласан нь дээрх үндэслэлд хамаарах болно.

 

Мөн прокурор “Мөн тэрээр Н.О-ийн ажилласан жилийг тогтоолгож давуу байдал олгох зорилгоор гэрч Н.А, С.Б нарт худал хэлж төөрөгдүүлэн Ж.О-ийн талаар 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд мэдүүлэг өгүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон боловч уг үйлдэл нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарахгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Хэргийн нотлох баримт нь ... гэрчийн мэдүүлэг ... зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэжээ.  

 

Өөрөөр хэлбэл, өмгөөлөгч Д.Н нь иргэн Н.О-ийн хүсэлттэй ажилласан байдал тогтоолгох иргэний хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхдээ гэрч Н.А, С.Б нарт худал хэлж төөрөгдүүлэн Ж.О-ийн талаар мэдүүлэг өгүүлсэн нь нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэх үндэслэлд хамаарах болно.

 

Дээрх байдлаар прокурор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн ба үүнийг шүүх хуралдаанаар засах боломжгүй байх тул хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон                                                                    

                                                       ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЗ/510 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Б-ийн давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.Б

 

                             ШҮҮГЧИД                                      Т.Д

 

                                                                                     В.Ц