Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 184/ШШ2024/04053

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: УБ, тоотод оршин суух ******* овогт *******н ******* /*******/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ, тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /*******/-д холбогдох

 

4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.*******аас хариуцагч Б.*******д холбогдуулж гаргасан 4,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

 

... М.******* нь өөрийн Хаан банкны тоот данснаасаа хариуцагч Б.*******гийн Хаан банкны тоот дансанд 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 2,500,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 2,000,000 төгрөгийг тус тус үндэслэлгүйгээр шилжүүлж хохирсон юм. Анх Баянхошуу дахь Тойрог дэлгүүрийн худалдагч найзад минь мөнгө хэрэгтэй байна гэж 2 удаа мөнгө зээлээд гүйлгээний утга дээр нь гэж бичээд явуулаад өгөөч гэснээр Хаан банкны тоот данс руу нийт 4,500,000 төгрөгийг үндэслэлгүйгээр шилжүүлсэн. Манай гэр бүл тус ын ажилладаг Тойрог дэлгүүрээр байнга үйлчлүүлдэг учраас сайн таньдаг байсан ... М.******* гэх хүний тоот данснаас 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Б.*******гийн тоот дансанд 2,500,000 төгрөг орсон. Харин 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 2,000,000 төгрөг шилжүүлсэн гэдэг боловч энэ баримт байхгүй учир энэ шаардлагаасаа татгалзаж байна. Дээрх 2,500,000 төгрөг нь яг үнэндээ *******ын дансыг ашиглаж аас *******д шилжүүлсэн мөнгө юм. Нэгэнт нас барсан учир гар гараа дагана гэдэг үг шиг энэ мөнгийг *******гаас шаардаж байна ... гэв.

2. Хариуцагч Б.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ... Хариуцагч нь М.******* гэх хүнийг танихгүй, энэ хүнтэй ямар нэгэн мөнгө төгрөгийн асуудал байхгүй. 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр М.******* гэх хүний данснаас 2,500,000 төгрөг шилжиж ирсэн. Үүний учир нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр талийгаач надаас 2,300,000 төгрөг зээлээд зээлсэн мөнгөн дээр 200,000 төгрөг нэмж өгнө гэсэн хэлцэл хийсэн. Үүнийг зөвшөөрч би гэх хүний дансаар дамжуулж д 2,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн байдаг. зээлсэн мөнгөө надад буцааж өгөхдөө М.******* гэх хүний дансаар шилжүүлсэн ба гүйлгээний утга дээр нь өөрийнхөө утасны дугаар болох дугаарыг бичсэн байдаг. нь эгчийнхээ дэлгүүрт ажилладаг, надаас хэд хэдэн удаа мөнгө авч, тодорхой хэмжээний хүүтэй нь хамт өгдөг байсан. Мөнгө зээлэх, эгүүлж өгөхдөө дандаа өөр өөр хүний дансаар өгч, авдаг байсан. Өөрийнх нь данс шийдвэр гүйцэтгэлд өртэй тул битүүмжлэгдсэн гэж хэлж байсан. Ийм учраас М.******* гэх хүний дансыг ашиглаж над руу мөнгө шилжүүлсэн. Миний хувьд М.******* гэх хүнтэй мөнгөний асуудал үүсгээгүй тул мөнгийг буцаан өгөх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримт: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.05.29-ний өдрийн 184/ШЗ2024/09550 дугаар Хүсэлт хангахаас татгалзах тухай захирамж, тус шүүхийн шүүгчийн 2023.06.07-ны өдрийн 184/ШЗ2023/10318 дугаар Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшлуулах тухай захирамж, тус шүүхийн шүүгчийн 2023.12.20-ны өдрийн 184/ШЗ2023/22322 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай, 2024.04.11-ний өдрийн 184/ШЗ2024/08737 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.11.20-ны өдрийн 210/МА2023/01957 дугаар магадлал, М.*******ын Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын 2024.01.31-ний өдрийн №2-132/95 дугаар хариу мэдэгдэх хуудас.

 

4. Хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримт: Хаан банк дахь Б.*******, Б. нарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулж үндэслэлгүйгээр шилжүүлсэн 4,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа талийгаач Б. нэхэмжлэгчийн дансыг ашиглаж хариуцагчид 2,500,000 төгрөг шилжүүлсэн, гэвч нас барсан, нэхэмжлэгчийн данснаас уг мөнгө хариуцагчийн дансанд шилжүүлэгдсэн тул нэхэмжилж байгаа, 2,000,000 төгрөг шилжсэн баримт нь байхгүй учир нэхэмжлэлийн энэ шаардлагаас татгалзана гэжээ.

 

2. Хариуцагч Б.******* нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, маргаж буй үндэслэлээ нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд мөнгө төгрөгийн тооцоо байхгүй, талийгаач нь надаас зээлсэн 2,500,000 төгрөгөө 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгчийн дансаар шилжүүлсэн байсан гэж тайлбарласан.

 

3. Шүүх талуудын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. Иргэний хуулийн 8 дугаар зүйлд иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлийг заасан бөгөөд хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл, иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн шүүхийн шийдвэр, хуульд заасан бол иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн захиргааны шийдвэр, оюуны үнэт зүйл бүтээх, гэм хор учруулах, үндэслэлгүйгээр эд юмс олж авах, эзэмших, иргэний эрх зүйн харилцааг үүсгэсэн хууль зүйн үйл явдал бий болох, иргэний эрх зүйн харилцаа үүсгэхээр хуульд заасан бусад үндэслэл нь иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл болно.

Шүүх нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, иргэний эрх зүйн хамгаалалтыг хуулиар тогтоосон журам, аргаар хэрэгжүүлдэг.

 

5. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Хаан банк дахь нэхэмжлэгч М.*******ын тоот, хариуцагч Б.*******гийн тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбараар 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгчээс хариуцагчид 2,500,000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

Ийнхүү нэхэмжлэгчээс хариуцагчийн дансанд мөнгө шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байгаа боловч энэ нь талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх, цаашлаад хариуцагчийг нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг зөрчсөн, шилжүүлсэн мөнгөний хэмжээнд үндэслэлгүй хөрөнгөжсөн этгээд гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

6. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, мөн үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай гэсэн хоёр тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байхаар зохицуулжээ. Гэхдээ үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл нь нэгдүгээрт маргааны зүйл болох эд хөрөнгө /мөнгө/ нэхэмжлэгчийн хөрөнгөөс дутсан буюу хариуцагчийн эзэмшилд тэр хэмжээгээр шилжсэн байх, хоёрдугаарт тухайн эд хөрөнгийг нэхэмжлэгч өөрөө шилжүүлсэн үйл баримт нотлогдож, тогтоогдсон байх шаардлагатай.

 

7. Бодит байдалд нэхэмжлэгч С.*******, хариуцагч Б.******* нар нь бие биеэ танихгүй, тэдний хооронд ямар нэгэн хэлцэл, гэрээ хийгдээгүй байх ба харин нэхэмжлэгч нь бусдын хүсэлтээр буюу талийгаач Б.ын хүсэлтийн дагуу түүний мөнгийг хариуцагч Б.*******д шилжүүлсэн болох нь банкны дансны хуулгаар гүйлгээний утгад гэх талийгаач Б.ын утасны дугаарыг тэмдэглэсэн байдал, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... яг үнэндээ *******ын дансыг ашиглаж *******д шилжүүлсэн мөнгө юм аа ... , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... зээлсэн мөнгөө надад буцааж өгөхдөө М.******* гэх хүний дансаар шилжүүлсэн ... нь эгчийнхээ дэлгүүрт ажилладаг, надаас хэд хэдэн удаа мөнгө авч, тодорхой хэмжээний хүүтэй нь хамт өгдөг байсан, мөнгө зээлэх, эргүүлж өгөхдөө дандаа өөр өөр хүний дансаар өгч, авдаг байсан ... гэх тайлбар зэргээр нотлогдож байна.

Түүнчлэн хариуцагч Б.*******гийн Хаан банкны тоот дансны хуулгаар хариуцагч нь Б.д удаа дараа мөнгө шилжүүлж, авч байсан, тухай бүр өөр өөр этгээдийн дансаар харилцаж, гүйлгээний утга дээр эсвэл гэсэн утасны дугаараа тэмдэглэж байсан үйл баримт тогтоогдож байх ба энэ талаар хариуцагчийн татгалзал, тайлбарыг үгүйсгэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

8. Тиймээс нэхэмжлэгчийн данснаас шилжсэн 2,500,000 төгрөг нь нэхэмжлэгчийн өөрийнх нь мөнгө биш харин бусдын мөнгөн хөрөнгө байсан гэж үзэх тул тэрээр хариуцагч Б.*******гаас мөнгийг шаардах эрхтэй этгээд биш байна. Мөн нэхэмжлэгч нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хариуцагчид 2,000,000 төгрөг шилжүүлсэн гэх боловч энэ шаардлагаа шүүхэд нотолж чадаагүй ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тус шаардлагаасаа татгалзсан тайлбарыг гаргасан.

 

9. Урьд нь нэхэмжлэгч М.*******аас хариуцагч Б.Оюундолгорт холбогдуулж 36,750,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 210/МА2023/01957 дугаар магадлалаар тогтоогдож байна.

Дээрх магадлалын үндэслэх хэсгийн 2.а-д М.*******ын ... тоот Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар ... 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 2,000,000 төгрөг, 2,500,000 төгрөг ... нийт 34,250,000 төгрөгийг гэх утгаар шилжүүлсэн байна гэж дүгнэсэн байдлаас үзэхэд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар өмнө нь өөр хариуцагчид холбогдуулж нэхэмжлэл гаргаж байсан гэж үзэхээр байна.

 

10. Иймд шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.*******гаас 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

11. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.*******гаас 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН