Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 1030

 

 

 

 

 

 

 

 

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/00849 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Т” ХХК-ийн хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 20 796 349 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Б.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбартаа: “Т” ХХК нь “Э” ХХК -тай 2015 оны 03 дугаар сараас 2016 оны 07 дугаар сар хүртэл нийт 4 удаагийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний барьцаа болон барьцаа төлбөрийн алдангид 20 796 349 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Талуудын хооронд байгуулсан гэрээнд зааснаар ажил гүйцэтгэснээс хойш 1 жилийн дараа барьцаа төлбөрийн 5 хувь, ажил гүйцэтгэж хүлээлгэж өгснөөс 3 жилийн дараа үлдсэн 5 хувь буюу нийт гэрээний үнийн дүнгийн 10 хувийг буцаан авах зохицуулалттай. Барьцаа төлбөр гэдэг нь төлөх ёстой ажлын хөлснөөс авч үлдсэн төлбөр. Манай хийж гүйцэтгэсэн ажлууд доголдолгүй байдаг учир барьцаа төлбөрүүд олгогддог байсан тул үүний дагуу “Э” ХХК-д албан бичгээр хүсэлт тавьж, барьцаа төлбөрөө авахаар удаа дараа хандсан ч 2019 оны 07 дугаар сараас хойш хариу өгөөгүй. “Т” ХХК-ийн хувьд 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 40/15Г дугаартай гэрээгээр нэгдүгээр ээлжийн барилгын зоорийн давхрын өнгөлгөө, шатны хонгил, оффисын хонгил зэргийг хийсэн. 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр зоорийн давхарын үлдэгдэл өнгөлгөөний ажлыг хийж гүйцэтгэсэн. 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 40/15Г гэрээний нэмэлтээр оффисын өргөтгөл барилгын шалны засварын ажил, 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 86/15Г шал цутгалтын ажил 2 дугаар ээлжийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 57/16Б гэрээний дагуу шалны өнгөлгөөний ажлуудыг тус тус хийж гүйцэтгэсэн. Нийт 325 074 295 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ үнийн дүнд хоёр тал маргадаггүй. Хамтран ажиллаж байх явцад манай байгууллага ямар нэгэн алдаа дутагдалгүй захиалагч байгууллагын инженерүүдийн хяналтад ажиллаж, алдаа дутагдал гарсан тохиолдолд тухай бүрд нь засаж залруулж явсан. Гэрээт ажлын хөлснөөс 4 400 000 төгрөгийг олгож өгнө үү гэсэн хүсэлт бичсэн боловч “Э” ХХК -ийн захирал Я.Эрхэмбаяр гуйж гарын үсэг зуруулж хуурамч баримт үйлдсэн. 4 400 000 төгрөгийн баримтад нэмэгдсэн өртгийн албан татварын баримт ч шивээгүй тул энэ мөнгийг аваагүй. Үүнээс гадна манай компаниар 40 000 000 төгрөгийн баримтад гарын үсэг зуруулж ямар нэгэн асуудал үүсэхгүй гэж байсан. Шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулсны төлбөрт 3 610 000 төгрөгийг манай компани “Э” ХХК-д төлөх ёстой байсан ч “Эрин итнернэйшнл” ХХК шилжүүлсэн тул энэ төлбөрийг нэхэмжлэлийн үнээс хасна. Гэхдээ нэмэгдсэн өртгийн албан татвар 361 000 төгрөгийг авна. Хариуцагч манайхтай санхүүгийн тооцоо нийлээгүйгээс шалтгаалж барьцаа төлбөрийг өгөөгүй гэж байгаа боловч тооцоо нийлэх талаар хэд хэдэн удаа хүсэлт өгч байсан. Барьцаа төлбөрөөс алданги тооцох талаар гэрээнд байхгүй боловч Иргэний хуульд алданги тооцож болно гэж зааснаар алданги нэхэмжилсэн. Шинэ жилийн арга хэмжээнд төлсөн 3 610 000 төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж, НӨАТ-ын 361 000 төгрөгийг нэмж 10 614 233 төгрөг, алданги 6 932 116 төгрөг нийт 17 546 349 төгрөгийг “Э” ХХК -аас нэхэмжилнэ гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбартаа: “Э” ХХК  нь 2013 оноос эхэлж Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 1 000 гаруй айлын Эрин хороолол орон сууцны цогцолбор хорооллын барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн. Талууд нийт 4 удаагийн гэрээ байгуулж хамтран ажилласан бөгөөд 2016 онд 40/15г, 86/15г, 96/15г, 2017 онд 57/16г гэсэн гэрээ байгуулсан. “Т” ХХК-ийн явуулдаг үндсэн үйл ажиллагаа болох шатны бетонон өнгөлгөө болон шал цутгалтын ажлыг хийхээр тохиролцсон. Нийт гэрээний үнийн дүн 325 074 295 төгрөгийн ажил хийсэн. Энэ үнийн дүнд хоёр тал маргахгүй. “Э” ХХК  нь хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 203 362 036.50 төгрөгөнд орон сууцны бартер, 107 448 027 төгрөгийг дансаар шилжүүлсэн. “Э” ХХК  болон “Т” ХХК-ийн хооронд маргаан үүсэх нөхцөл байдал үүсээгүй. Гэрээний хувьд зөрчигдсөн зүйл байхгүй. Хувь хүмүүсийн хандлагаас шалтгаалж өнөөдрийн нөхцөл байдал үүсээд байгаа. Барьцаа биш ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрийн маргаантай нэхэмжлэлийн шаардлага байгаа. Нэхэмжилсэн үлдэгдэл ажлын хөлснөөс 2015 онд манай компанид хүсэлт гаргаж 4 400 000 төгрөгийг захирал Б.Энхцэцэг гарын үсэг зурж авсан. Шинэ жилийн арга хэмжээнд төлөх 3 610 000 төгрөгийг өмнөөс нь манайх шилжүүлсэн. Эдгээр үнийн дүн нэхэмжлэлийн шаардлагаас хасагдах ёстой. НӨАТ 361 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагад нэмж төлөхийг зөвшөөрнө. Манай тооцоогоор бодитоор 5 389 882.55 төгрөгийг “Т” ХХК-д төлөхийг зөвшөөрч байна. Гэрээнд алданги бодох заалт байхгүй тул алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар хариуцагч “Э” ХХК -аас 6 215 233 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, үлдэх 11 331 116 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261 931.75 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Э” ХХК -аас 114 394 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийн бодит байдал, нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж дүгнэлгүй хэт нэг талыг баримтлан нэхэмжлэгч талд ашигтайгаар энэ хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тухайлбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын гаргаж өгсөн нотлох баримтад гэрээний нийт дүн 325 074 295 төгрөг байгаа бөгөөд талууд энэ дүн дээр маргаагүй. Хариуцагч тал хариу тайлбартаа дансаар шилжүүлсэн мөнгө болон бартерт өгсөн мөнгө нь ажил гүйцэтгэлийн актуудын дүнтэй алдаагүй тулж байгаа нь нотолсон хариу тайлбар таарч байна. Санхүү бүртгэл тооцооны хувьд алдаагүй тохирч байна. Гэтэл манай компанийн хүлээж авсан ажил гүйцэтгэлийн хөлс, хариуцагч компаниас манай компанид 203 362 036.5 төгрөгийн бартерийн зүйл, дансаар шилжүүлсэн 107 448 027 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд гагцхүү бэлнээр авсан гэх 4 400 000 төгрөгийг “Т” ХХК хүлээн авсан гэж дүгнэн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл манай компани ажил гүйцэтгэлийн аливаа төлбөрийг гэрээний болон тооцоо нийлсэн огноог тодорхой бичиж нэхэмжилж тухай бүрт нь акт үйлдэж тооцоог дуусгадаг байтал зөвхөн энэ хуурамч баримт болгон үйлдүүлсэн 4 400 000 төгрөгийн баримтад үндэслэн шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг тал бүрээс нь, эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, эсвэл хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 20 796 349 төгрөг нэхэмжилснийг багасгаж 17 546 349 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...гэрээний дагуу ажлаа доголдолгүй хийж гүйцэтгэсэн бөгөөд ажил гүйцэтгэснээс хойш 1 жилийн дараа барьцаа төлбөрийн 5 хувь, ажил гүйцэтгэн хүлээлгэж өгснөөс 3 жилийн дараа үлдсэн 5 хувь буюу нийт гэрээний үнийн дүнгийн 10 хувийг буцаан гаргуулна” гэх, хариуцагч нь “...барьцаа биш ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 5 389 882 төгрөг болон НӨАТ 361 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Харин 4 400 000 төгрөгийг нэхэмжлэгчийн төлөөлөгч гарын үсгээ зурж авсан” гэх тайлбарыг тус тус гаргажээ.

 

Талуудын хооронд 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 40/15г тоот зоорийн давхрын шалны ажил гүйцэтгэх гэрээ, 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 96/15г тоот бетонон шал цутгах ажил гүйцэтгэх гэрээ, 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 86/15г тоот ашиглалтын дээврийн ажил гүйцэтгэх гэрээ, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 57/16г тоот бетонон шал өнгөлгөө хийх 4 ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж уг гэрээгээр 325 074 295 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь хэргийн 5-41 дүгээр талд авагдсан гэрээнүүд болон талуудын тайлбараар тогтоогдсон, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талуудын хэн аль нь маргаагүй.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн байна. Дээрх 4 гэрээний дагуу нэхэмжлэгчид хариуцагч 203 762 036 төгрөгний бартерийн орон сууц өгсөн, дансаар 107 448 024 төгрөг төлсөн талаар хэн аль маргаагүйгээс гадна хэргийн 54 дүгээр тал дах нэхэмжлэгчийн гаргасан харилцахын гүйлгээний жагсаалт гэх баримт, хэргийн 71-73 дугаар тал дах хариуцагчийн тайлбар зэргээр тогтоогджээ.

 

Талууд 325 074 295 төгрөгний ажил гүйцэтгэснээс нэхэмжлэгчид хариуцагчийн өгсөн 203 762 036 төгрөгийн бартерийн орон сууц, дансаар шилжүүлсэн 107 448 024 төгрөгийг хасч тооцвол 13 864 234 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

 

Дээрх 13 864 234 төгрөгөөс нэхэмжлэгч нь хариуцагч компанийг “шинэ жилийн арга хэмжээнд “Э” ХХК-д төлөх 3 610 000 төгрөгийг тус компанийн өмнөөс төлсөн”-ийг хасч НӨАТ-ын 361 000 төгрөгийг нэмж 10 615 235 төгрөг нэхэмжилнэ гэж, 4 400 000 төгрөгийн баримт дээр гуйж гарын үсэг зуруулсан хуурамч баримт тул хасахгүй гэж тус тус тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч “Т” ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ажлын гүйцэтгэлийн урьдчилгаа төлбөр болох 4 400 000 төгрөгийг бэлнээр олгуулахыг хүссэн хүсэлтийг хариуцагч “Э” ХХК-д гаргаж, уг хүсэлтийн дагуу хариуцагчаас 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр кассын бэлэн мөнгөний зарлагын баримтаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Энхцэцэг 4 400 000 төгрөг хүлээн авсан нь “Т” ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “Э” ХХК-д гаргасан хүсэлт, бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт зэргээр тогтоогдсон талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 4 400 000 төгрөгийг хүлээн аваагүй гэх агуулгаар маргасан тохиолдолд хэргийн оролцогч нь энэ байдлаа нотлох баримтыг гаргах, өөрөө олж авах боломжгүй бол уг нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасны дагуу шүүхэд хүсэлт гаргаснаар шүүх бүрдүүлдэг байна. Хэрэгт нэхэмжлэгчийн 4 400 000 төгрөгийг хүлээн авсан гарын үсэг бүхий баримт авагдсан. Уг баримтад нэхэмжлэгч гарын үсэг зурсан талаар маргаагүй боловч “хариуцагчийн гуйснаар гарын үсэг зурж хуурамчаар үйлдсэн, бэлэн мөнгө аваагүй” гэх тайлбар гаргаж маргасан учир бусад нотолгооны хэрэгслээр нотлох үүрэгтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг шүүхийн журмаар хүсэлт гаргаж бүрдүүлдэг уг нотлох баримт гаргах ба цуглуулах, бүрдүүлэх ажиллагааг анхан шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө гаргаж уг ажиллагаа дууссан байх учиртай. Хэргийн оролцогчийн зүгээс дээрх бичгийн баримтыг гэрч асуулгах, өөр бусад байдлаар уг нотлох баримтыг үгүйсгэх талаар хүсэлт анхан шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө гаргаагүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн гуйснаар 4 400 000 төгрөгний баримт дээр гарын үсэг зурж хуурамчаар үйлдсэн, ажлын гүйцэтгэлийн төлбөрийг тухай бүр нь акт үйлдэж, тооцоо дуусгадаг байсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

Анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх үед хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг үнэлж нэхэмжлэгчид хариуцагчаас 6 215 233 төгрөг гаргуулж шүүх шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Шүүх талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд алдангийн талаар тохиролцоогүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж заасныг үндэслэн хариуцагчаас алданги шаардах эрхгүй гэж дүгнэж 6 932 116 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/00849 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179 018 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         Ч.ЦЭНД

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ