| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 2012001240124 |
| Дугаар | 2021/ДШМ/24 |
| Огноо | 2021-08-10 |
| Зүйл хэсэг | 21.1.1., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 2021/ДШМ/24
|
|
Прокурор С.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э
Шүүгдэгч Э.А
Нарийн бичгийн дарга Б.Д нарыг оролцуулан
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Г даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 500 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Б-ийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Э.Ат холбогдох 2012001240124 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Т.Д-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Архангай аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн ахлах мөрдөгч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн 37 дугаар байрны 26 тоотод оршин суух, ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Э.А
Шүүгдэгч хууль сахиулагч Э.А нь Архангай аймгийн Цэнхэр сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа эрүүгийн 181200423 дугаартай хэрэгт 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр С.Оийг хохирогчоор тогтоож, мэдүүлэг авсан мэт хуурамч тогтоол үйлдэж, мэдүүлгийн тэмдэглэлийг зохиож, хохирогчийн гарын үсгийг дуурайлган зурж, хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Архангай аймгийн Прокурорын газраас Э.Ат холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 500 дугаартай шүүгчийн захирамжаар: ...Яллагдагч Э.А нь 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн хамт оролцох болсон талаар өмгөөлөгчийн хамт илэрхийлсэн байх бөгөөд түүний өмгөөлөгчийн зүгээс тухайн хэрэгт хяналт тавьж буй хяналтын прокурорт 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүсэлт гаргажээ. Түүний хүсэлтийг аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын албан бичгээр буцаан хүргүүлсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өмгөөлөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргах эрхтэй, мөн хуулийн 15.4 дүгээр зүйл хүсэлт гомдлыг шийдвэрлэх, 15.7 дугаар зүйлд мөрдөгч прокурорын шийдвэр, ажиллагаанд гаргасан гомдлыг хянах талаар тус тус хуульчилсныг зөрчсөн байна. Энэ талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч гомдол гаргасныг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд өмгөөлөгчийн гаргасан гомдлыг шүүх үндэслэлтэй гэж үзэв.
Мөн гэрч С.Оийн мэдүүлэгт “...Хамгийн эхлээд Э.А Улаанбаатар хотод өөрөө ирж манай ажил дээр ирж надаас хохирогчоор мэдүүлэг авсан, Э.А манай ажлын байранд ирж мэдүүлэг авахдаа манай компьютер, хэвлэх төхөөрөмжийг ашигласан зүйл байхгүй. Өөрөө зөөврийн компьютертой ирж мэдүүлэг авсан. Ямар хэвлэх төхөөрөмжөөр хэвлэснийг нь санахгүй байна...” гэж мөн дахин мэдүүлэг өгөхдөө “...Э.А нь манай ажил дээр буюу Улаанбаатар хотод Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Метро бизнес төвийн 8 давхарт 801 тоот манай өрөөнд ирж надтай уулзаж Цэнхэр суманд манай дэлгүүрт хулгай орсон асуудлаар уулзаж тодруулсан нь үнэн боловч мэдүүлэг авч түүнийгээ хэвлэж надад танилцуулан гарын үсэг зуруулж аваагүй...” гэж эргэлзээтэй хоёр өөр агуулга бүхий мэдүүлэг өгсөн бөгөөд шүүгдэгч Э.А нь яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө мөн прокурорт хүсэлт гаргахдаа Архангай аймгийн Цэнхэр суманд гэж мэдүүлэг авсан газрыг алдаатай бичсэн, Улаанбаатарт С.Оийн ажил дээр очиж мэдүүлэг авсан, би тухайн үед өөр хэрэг дээр Улаанбаатар хотод ажиллагаа хийж байсан гэж мэдүүлсэн бөгөөд дээрх цаг хугацаанд Э.А нь Улаанбаатарт мөрдөн шалган ажиллагаа хийж байсан эсэхийг шалгаж тогтоох нь зүйтэй байна. Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэв гээд
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.А-т холбогдох эрүүгийн 2012001240124 дугаартай хэргийг Архангай аймгийн Прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Э.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Захирамжийг прокурор болон яллагдагч, түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор С.Б-ийн бичсэн эсэргүүцэлд: Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүх би тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЗ/500 дугаартай шүүгчийн захирамжийг 2021 он 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянавал:
Архангай аймгийн Цэнхэр сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа хууль сахиулагч Э.А нь эрүүгийн 181200423 дугаартай хэрэгт 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр С.Оийг хохирогчоор тогтоож, хохирогчийн гарын үсгийг дуурайлган зурж, хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт яллагдагч Э.Аыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан прокурорын 154/а дугаартай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Э.Ат холбогдох хэргийг 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд: Анхан шатны шүүх ... Яллагдагч Э.А 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн хамт оролцох болсон талаар өмгөөлөгчийн хамт илэрхийлсэн байх бөгөөд түүний өмгөөлөгчийн зүгээс тухайн хэрэгт хяналт тавьж буй хяналтын прокурорт 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүсэлт гаргажээ. Түүний хүсэлтийг аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын албан бичгээр буцаан хүргүүлсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өмгөөлөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргах эрхтэй, мөн хуулийн 15.4 дүгээр зүйл хүсэлт гомдол шийдвэрлэх, 15.7 дугаар зүйлд мөрдөгч прокурорын шийдвэр, ажиллагаанд гаргасан гомдлыг хянах талаар тус тус хуульчилсныг зөрчсөн байна. Энэ талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч гомдол гаргасныг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд өмгөөлөгчийн гаргасан гомдлыг шүүх үндэслэлтэй гэж,
мөн гэрч С.Оийн мэдүүлэгт “...Хамгийн эхлээд Э.А Улаанбаатар хотод өөрөө ирж, манай ажил дээр ирж мэдүүлэг авахдаа манай компьютер, хэвлэх төхөөрөмжийг ашигласан зүйл байхгүй. Өөрөө зөөврийн компьютертой ирж мэдүүлэг авсан. Ямар хэвлэх төхөөрөмжөөр хэвлэснийг нь санахгүй байна...” гэж, мөн дахин мэдүүлэг өгөхдөө “...Э.А нь манай ажил дээр буюу Улаанбаатар хотын Сүхбаатарын дүүргийн 6 дугаар хороо Метро бизнес төвийн 8 давхарт 801 тоот манай өрөөнд ирж надтай уулзаж, Цэнхэр суманд манай дэлгүүрт хулгай орсон асуудлаар уулзаж тодруулсан нь үнэн боловч мэдүүлэг авч, түүнийгээ хэвлэж надад танилцуулж гарын үсэг зуруулж аваагүй...” гэж эргэлзээтэй хоёр өөр агуулга бүхий мэдүүлэг өгсөн бөгөөд шүүгдэгч Э.А нь яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө, мөн прокурорт хүсэлт гаргахдаа Архангай аймгийн Цэнхэр суманд гэж мэдүүлэг авсан газрыг алдаатай бичсэн. Улаанбаатарт С.Оийн ажил дээр очиж мэдүүлэг авсан, би тухайн үед өөр хэрэг дээр Улаанбаатар хотод ажиллагаа хийж байсан гэж мэдүүлсэн бөгөөд дээрх цаг хугацаанд Э.А нь Улаанбаатарт мөрдөн шалгах ажиллагаа хийж байсан эсэхийг шалгаж тогтоох нь зүйтэй байна...” гэж тус тус дүгнэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Яллагдагч Э.Аын өмгөөлөгч Г.Э-аас 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр тус прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүхэд хандаж хүсэлт гаргасан байна.
Уг хүсэлтийг тус прокурорын газраас “Э.Ат холбогдох хэргийг Улсын ерөнхий прокурорын газраас хянаад 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 4/933 дугаартай тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ба хяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй гэж үзэж шийдвэрийг хэвээр үлдээсэн тул одоо таны гаргасан хүсэлт, гомдлын дагуу уг хэргийг тус аймгийн прокурорын газраас дахин хянах хууль зүйн үндэслэлгүй” гэж 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 5/118 дугаартай албан бичгээр буцаан хүргүүлжээ.
Улсын ерөнхий прокурорын газраас хэргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн гаргасан хүсэлт, гомдолд хязгаарлагдахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж, шийдвэр гаргадаг бөгөөд яллагдагч Э.Аын өмнө нь Улсын ерөнхий прокурорт гаргасан гомдлын агуулга нь түүний өмгөөлөгч Г.Э-ын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хяналтын прокурор С.Б-д гэж гаргасан хүсэлтийн үндэслэлтэй нэг адил агуулгатай байгаагаас гадна дээд шатны прокурор эрүүгийн хэргийн оролцогч нэг бүрийн гомдлын дагуу удаа дараа уншиж, хянах бүртээ өөр өөр хууль зүйн дүгнэлт хийж, гомдлыг өөр өөрөөр шийдвэрлэнэ гэж дүгнэх нь учир дутагдалтай байна.
Учир нь тус эрүүгийн хэрэгт хяналт тавьж байгаа прокурор яллах дүгнэлт үйлдэж, шийдвэрээ гаргасан байхад яллагдагч, тэдгээрийн өмгөөлөгч нар ээлжлэн удаа дараа дээд шатны прокурорт гомдол гаргах, улмаар дээрх гомдлуудыг дээд шатны прокурорууд шат дараалан хянах нь яллагдагч нарт үйлдсэн гэмт хэрэгтээ цаг хугацаа хожих, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүн таслах ажиллагааг удаашруулах нөхцөлийг бүрдүүлэхээр байна.
Гэрч С.О нь “Э.А хотод өөрөө ирж, манай ажил дээр ирж надаас хохирогчоор мэдүүлэг авсан, Э.А манай ажлын байранд ирж мэдүүлэг авахдаа манай компьютер, хэвлэх төхөөрөмжийг ашигласан зүйл байхгүй. Өөрөө зөөврийн компьютертой ирж мэдүүлэг авсан. Ямар хэвлэх төхөөрөмжөөр хэвлэснийг нь санахгүй байна” гэх мэдүүлгийг өгсөн боловч тэрээр дахин мэдүүлэг өгөхдөө “тухайн үед А надтай манай дэлгүүрт хулгай орсон асуудлаар уулзсан бөгөөд би өөрийгөө тухайн асуудлаас болж хохирсон, тус дэлгүүрийн барааны мөнгө төлбөрийг би өөрөө гаргасан учраас хохирогч гэж өөрийгөө ойлгож байсан. Тэгээд энэ талаар А нь надтай уулзсан учраас хохирогчоор мэдүүлэг өгсөн гэж өмнө мэдүүлэгтээ хэлсэн юм. Яг албан ёсоор надаас байцаалт авсан зүйл байхгүй, хэргийн талаар асуучхаад явсан” гэж өмнө өгсөн мэдүүлгээ тодорхой тайлбарласан нь С.Оийн мэдүүлгийг эргэлзээтэй гэж үзэх үндэслэлгүй юм. Түүнчлэн иргэн хүний хувьд С.О нь эрх зүйч, хуульч биш учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мэдүүлэг гэх мөрдөн шалгах ажиллагааны нэг хэлбэрийг бүрэн дүүрэн ойлгож мэдэхгүй байх боломжтой бөгөөд тэрээр мөрдөгч Э.Атай уулзаж хэргийн талаар ярилцсан үйл явцыг мэдүүлэг авсан гэж ойлгосон тухайгаа дахин мэдүүлэгтээ дурдсан байна.
Яллагдагч Э.А нь Улаанбаатарт очиж С.Отэй уулзсан болох нь нэгэнт тухайн хоёр оролцогчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа бөгөөд хэрэгт Э.Аын мөрдөн шалгах ажиллагаа явуулсан гэх Улаанбаатар хотын Сүхбаатарын дүүргийн 6 дугаар хороо Метро бизнес төвийн хяналтын камерын бичлэг устаж, үзлэг хийх боломжгүй талаар гэрчийн мэдүүлэг авагдсан зэргээс дүгнэхэд яллагдагч Э.А нь Улаанбаатар хотод мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эсэх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй юм.
Хэрэгт авагдсан Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч С.М-ын 13, 40 дугаартай дүгнэлтээр хохирогчийн мэдүүлгийн тэмдэглэлд зурагдсан гарын үсэг нь түүний гарын үсэг биш болох нь тогтоогдсон ба тэрээр гэрчийн мэдүүлэг өгөхдөө тухайн хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлд би гарын үсэг зураагүй талаараа мэдүүлсэн зэрэг нотлох баримтуудаар Э.Аын гэм бурууг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх боломжтой гэж үзлээ.
Иймд Э.Ат холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 500 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд прокурор оролцуулж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурорын зүгээс эсэргүүцлээ дэмжиж оролцож байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 500 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Давж заалдах шатны шүүхэд гаргасан прокурорын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 09 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурор С.Б-ийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Аыг Архангай аймгийн Цэнхэр сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа эрүүгийн 181200423 дугаартай хэрэгт 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр С.Оийг хохирогчоор тогтоож, мэдүүлэг авсан мэт хуурамч тогтоол үйлдэж, мэдүүлгийн тэмдэглэлийг зохиож, хохирогчийн гарын үсгийг дуурайлган зурж, хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэж үзэж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагаа гүйцэд явуулаагүй, тухайн ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлт гаргах эрх, мөн хуулийн 15.4 дүгээр зүйл хүсэлт, гомдол шийдвэрлэх ажиллагаа, 15.7 дугаар зүйлд мөрдөгч прокурорын шийдвэр, ажиллагаанд гаргасан гомдлыг хянах талаар тус тус хуульчилсныг зөрчсөн талаар гаргасан өмгөөлөгчийн гомдлыг шүүх хүлээн авсан нь үндэслэлтэй болжээ.
Шүүгдэгч Э.А нь 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн хамт оролцох болсон талаар өмгөөлөгчийн хамт илэрхийлсэн байх бөгөөд түүний өмгөөлөгчийн зүгээс тухайн хэрэгт хяналт тавьж буй хяналтын прокурорт 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүсэлт гаргажээ.
Гэтэл түүний хүсэлтийг аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын 2021 оны 01 дугаар сарын 13-ны өдрийн 5/118 дугаарын албан бичгээр Э.Ат холбогдох хэргийг Улсын ерөнхий прокурорын газраас хянаад 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 4/933 дугаартай тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд хяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй гэж үзэж шийдвэрийг хэвээр үлдээсэн тул одоо таны гаргасан хүсэлт, гомдлын дагуу уг хэргийг тус аймгийн прокурорын газраас дахин хянах хууль зүйн үндэслэлгүй байна” гэсэн үндэслэлээр буцаан хүргүүлсэн байна.
Хяналт тавьж байгаа прокурорт гаргасан хүсэлтийг дээд шатны прокурор хүлээн авч, буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, хүсэлтийг шийдвэрлэлгүй албан бичгээр хариу өгч байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.34 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн байх ба үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв болжээ.
Харин Э.Аыг Улаанбаатарт мөрдөн шалгах ажиллагаа хийж байсан эсэхийг шалгаж тогтоох ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй байна гэж үзэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Э.А нь Архангай аймгийн Цэнхэр суманд С.О-ээс мэдүүлэг аваагүй, Улаанбаатар хотод С.О-ийн ажил дээр очиж уулзсан болох нь тогтоогдож байгаа тул үүнийг дахин шалгах шаардлагагүй, энэ талаарх тэдний мэдүүлгийг зөрүүтэй гэж үзвэл шүүх мэдүүлгийн зөрүүг арилгах боломжтой тул заавал мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй болно.
Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 500 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 500 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.Д
ШҮҮГЧИД Д.Б
В.Ц