Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2024/0286

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.М,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Д.Ц,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.М,

Маргааны төрөл: Байгаль орчин аялал, жуулчлалын яамны сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/ дүгээр тушаал хуульд нийцсэн эсэх газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

  1. Нэхэмжлэгч Д.Мээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар ашиглах гэрчилгээг хүчингүй болгох тухай А/ дүгээр тушаал”-ыг хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанд “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар ашиглах гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/ дүгээр тушаал”-ыг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон болно.
  2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/******* тушаалаар иргэн Д.Мд Богдхан уулын дархан цаазат газар тусгай хамгаалалттай газар нутгийн Ж*******ын аманд м.кв талбайг 5 жилийн хугацаатай ашиглуулах эрх олгож, 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр дугаар бүхий гэрчилгээ олгож, 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.А, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М., Д.М нарын хооронд газар ашиглах гэрээг байгуулжээ.
  3. 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр иргэн Д.М нь “” ХХК-тай “Аялагч түр буудаллах, отоглох байрны барилгын зураг төсөл гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан ба 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Аялагч түр буудаллах, отогдох байр барих зориулалтаар дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулсан байна.
  4. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн дугаар санлын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/******* тушаалаар иргэн Д.Мийн м.кв газрын ашиглах эрхийг хүчингүй болгожээ.
  5. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ******* дүгээр албан бичгээр иргэн Д.Мд газар ашиглах эрх нь хүчингүй болсон талаар дурьдаж, маргаан бүхий тушаалыг хавсралтаар хүргүүлсэн байна.
  6. Дээрх тушаалыг эс зөвшөөрч 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргасныг хүлээн авч тус шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэжээ.
  7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Миний бие Дгийн М нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” А/******* дугаар тушаалаар Улаанбаатар хотын ХУД-ийн нутагт орших Богдхан уулын ДЦГ тусгай хамгаалалттай газар нутгийн Ж*******ын аманд м кв талбайг “Аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах дугаартай гэрчилгээг 2021 оны 4 дүгээр сард яамнаас мэдэгдсэний дагуу хүлээн авсан билээ.

Гэрчилгээг хүлээн авснаас хойш зориулалтын дагуу газар ашиглахтай холбогдох дараах бичиг баримтуудыг хууль журмын дагуу бүрдүүлсээр, газрын төлбөрийг тогтмол төлсөөр ирсэн. Үүнд:

1. Эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг хийлгэсэн. 2. Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг тодорхойлуулж, хүлээн авсан (2021.05.11)

3 “” ХХК хөрсний итгэмжлэгдсэн лабораториор херсний шинжилгээг хийлгэсэн. (2021.07.21)

4. Богдхан уулын ДЦГ-ын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гурвалсан гэрээг холбогдох байгууллагуудтай байгуулсан. Гэрээ байгуулах хүсэлтээ 2022 оны 2 дугаар сард өгч, 8 сард гэрээг хүлээн авсан. 

5. ХУД-ийн Онцгой байдлын хэлтэст ашиглах газартаа хашаа барих, үйл ажиллагаа эхлүүлэх зөвшөөрөл хүсэж 2022.07.25нд өргөдөл өгч, 2022.08.25нд хариуг нь авсан. 

6. Гурвалсан гэрээний 7.2-т заасны дагуу Богдхан уулын захиргаанд 2023 оны 1 дүгээр сард гэрээ дүгнэх хүсэлт гаргасан боловч миний бүрдүүлж өгсөн бичиг баримтууд алга болсон байсан тул 7 дугаар сард дахин бүрдүүлж өгсөн. 

7. Түр буудаллах отоглох байрны барилгын талбайн инженер геологийн судалгаа, дүгнэлт гаргах ажлын гэрээ байгуулж, гүйцэтгүүлсэн. 2023.06 10 

8. Газрын хянан баталгаа хийлгэх зорилгоор Газрын төлөв байдал чанарын тодорхойлолт. Хөрсний шинжилгээг 2023.08 сард дахин хийлгэж, Геодез дүгнэлтийг 11 дүгээр сарын 20-нд гаргуулж авсан.

9. Хот байгуулалт хөгжлийн газарт Архитектур төлөвлөлтийн даалгавар гаргаж өгөх хүсэлтээ өгч гаргуулсан. 2023.08.24

10. Аялагч түр буудаллах отоглох байрны барилгын зураг төсөл гүйцэтгэх гэрээг “” ххк-тай байгуулсан. 2023.08.25

11. Газрын төлбөрт 2020-2023 онд нийт 10,429,725 төгрөг төлсөн. Үүнээс гадна судалгаа, шинжилгээ, зөвшөөрөл, дүгнэлт, хашааны материал захиалах болон холбогдох баримт бичгүүдийг бүрдүүлэхэд багагүй зардал гаргаад байна

Дээрх зөвшөөрөл, бичиг баримтуудыг бүрдүүлэхэд цаг хугацаа маш их зарцуулагдаж, 1 завшеерел гаргуулахад дор хаяж 1-2 сарын дараа хариу нь гарч байгаа нь цаг хугацаа алдах хүндрэл бэрхшээл учруулж байна. Газар ашиглах хугацаа тоолох тухайд гэрээний үүргээ биелүүлэх явцад төрийн байгууллага албан тушаалтнаас хамаарч гэрээний үүрэг зөрчигдсөн нөхцөл байдлууд үүссэнийг харгалзах нэг үзүүлэлт гэж бодож байна.

Гэтэл газар ашиглахын тулд хуулийн дагуу холбогдох бичиг баримтуудаа бүрдүүлсээр, төлбөрөө төлсөөр байхад 2023.11.02-ны пүрэв гаригийн 17 цаг 39 минутанд шуудан зөөгчөөс Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргааны 2023.10.27-ны өдрийн Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ, гэрчилгээг хураалгах тухай ******* тоот албан бичгийг хүлээн авсан. Уг бичигт Ж*******ын аманд буй газрын гэрчилгээг хүчингүй болгож гэрчилгээ, гэрээ зэргийг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны дотор хүлээлгэн өгөх тухай дурдсан байсан. Маргааш өглөө нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаан дээр очиж холбогдох ажилтнуудтай /Албаны дарга Э.Ц*******, хуулийн зөвлөх С.Х*******/ уулзаж Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн 2023 оны 10 дугаар сарын 27-ны едрийн ******* дугаартай албан бичиг, сайдын А/ тоот тушаалын учрыг нь асуухад “Яамны вэб сайтаар зарласан сонсох ажиллагааны мэдэгдэлд та верийн биеэр хүрэлцэн ирээгүй тул газар ашиглах гэрчилгээг хүчингүй болгосон. Гаргасан шийдвэрт санал гомдолтой бол яамны удирдлага, хууль хяналтын байгууллагад хандаж болно” гэж хариулсан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу тушаал гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Б*******д 2023 оны 11 дүгээр сарын 08-нд бичгээр өргөдөл гаргасан. Уг өргөдөлд ямар нэгэн хариу ирээгүй. Иймд шүүхэд хандан эрхээ сэргээлгэх, шийдвэрлүүлэх нөхцөл бүрдсэн гэж үзэж байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг дараах тохиолдолд хүчингүй болгоно” гэж заасан. Дээрх 40 дүгээр зүйлийн заалтуудыг харахад миний хувьд гэрчилгээ хүчингүй болгохоор хэмжээний зөрчил, хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй.

Байлгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2020 оны 07 сарын 02-ны өдрийн А/******* дугаар тушаал гарсанаас хойш манай зүгээс шалтгаалан газраа ашиглахгүй байх нөхцөл бүрдээгүй ба нөгөө талаасаа төрийн шат дараалласан олон дамжлага, хүнд суртлын улмаас манайх өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа эхлэж чадахгүй тухай бүрийн эрх олж авах бичиг баримтуудаа бүрдүүлсээр явна. Иймд 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийн гэрээ, дугаартай гэрчилгээг хүчингүй болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/ дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Газартай холбоотой асуудлаар бидний эрх зөрчигдөж байна гэж үзэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад 2023 оны 11 сард өргөдөл, хүсэлт гаргахад боломжгүй гэсэн хариу өгсөн учраас бид шүүхэд хандсан. Газар олгох шийдвэр 2020 оны 7 сард гарсан. Гэрчилгээг 2021 оны 4 сард хүлээж авсан. Тухайн үед Засгийн газрын гишүүд солигдож байсан. Дархан цаазат газар олгосон шийдвэрүүд хүчингүй болно гэсэн албан бус мэдээллүүдийг сонсож байсан учраас бид хүлээсэн. Гэрчилгээ гарсан эсэхийг 1 цэгийн үйлчилгээнээс байнга асуудаг байсан.

Гэрчилгээ бичигдээгүй, байхгүй гэсэн хариуг өгдөг байсан. Бид 2021 оны 04 дүгээр сард гэрчилгээг авсан бөгөөд 2020 оны 07 дугаар сар гэсэн огноотой байсан. Гэрчилгээгээ д албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Эргэлтийн цэг тогтоолгосон. 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хөрсний итгэмжлэгдсэн лабораториор хөрсний шинжилгээ хийлгэсэн. Гэрээ байгуулах хүсэлтийг 2022 оны 02 дугаар сард өгсөн. 8 дугаар сард албан ёсоор хүсэлтийг хүлээж авсан. 1 жил гаруй хугацааны дараа буюу 2023 оны 09 дүгээр сард тушаал гарч цуцлагдсан. Энэ 1 жилийн хугацаанд зураг төсөв хийлгэх болон бусад ажлуудыг хийж байсан. Гуравласан гэрээг дүгнүүлэхээр 2023 оны 01 дүгээр сард Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын захиргаанд албан ёсоор бичиг баримтыг бүрдүүлж өгсөн. Гэтэл тэдгээр баримт бичгийг үрэгдүүлсэн байсан. Тиймээс бид 7 дугаар сард дахин бүрдүүлж өгсөн.

Газрын хянан баталгаа хийлгэх зорилгоор газрын байдал, чанарын тодорхойлолт хүссэн шинжилгээг 2023 оны 08 дугаар сард дахин хийлгэж, дүгнэлтийг 11 сарын 20-ны өдөр хүлээж авсан. 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Хот байгуулалт, хөгжлийн газарт архитектур төлөвлөлтөд даалгавар гаргуулах хүсэлтээ гаргасан. 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр аялах, түр буудаллах, отоглох байрны барилгын зураг төсөл гүйцэтгэх гэрээг ******* ХХК-тай байгуулсан. Газрын төлбөрт 2020-2023 онд нийт 10,4 сая төгрөгийг төлсөн. Судалгаа шинжилгээ, зөвшөөрөл, дүгнэлт, хашааны материал захиалах болон холбогдох баримт бичгүүдийг бүрдүүлэхэд багагүй зардлууд гарсан байдаг. 2022 оны 08 дугаар сард дүүрэг, Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын захиргаатай гуравласан гэрээ байгуулснаас хойш үйл ажиллагаа эхэлдэг.

Бид хууль дүрэм журмынхаа дагуу үйл ажиллагаа явуулсан. Гэтэл 2 жилийн хугацаанд газар дээр ямар нэгэн ажил хийгээгүй гэж хэлсэн. Газар цуцалсан захирамжийг өөрийн биеэр очиж авсан. Сонсох ажиллагааны мэдэгдэл нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайтад тавигддаг гэдгийг сүүлд мэдсэн. Гэрээнд бидний хаяг, цахим хаяг, утас зэрэг бүх мэдээллүүд байсан. Бидэнд газрын эрхийг цуцлах талаар мэдээлэл ирээгүй. Бидний эрх зөрчигдсөн. Хамгийн гол асуудал нь бидний өгсөн баримт бичгийг үрэгдүүлсэн. Энэ газрыг цуцлах шийдвэрт иргэний буруутай үйлдэл байхгүй гэж үзэж байна.” гэжээ.

9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Анх 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн гэрчилгээ дугаартай гэрчилгээ гарсан боловч тухайн гэрчилгээг гардуулахгүй, хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ байгуулахгүй явсаар 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр гэрээг байгуулсан. Гэрчилгээгээ гүй, төлбөр төлөөгүй гэж хариуцагч тал тайлбарлаж байгаа боловч үүнтэй холбоотой баримтыг хэрэгт хавсаргаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс гэрчилгээ гарсан эсэхийг байнга лавлан асуудаг байсан. 2 жил дараалан газрыг ашиглаагүй, газрын төлбөрийг хугацаандаа төлөөгүй гэсэн асуудлаарх маргаан захиргааны хэргийн шүүхэд байнга хянагддаг. Гэрчилгээ огноолж гарсан боловч гэрээгээ байгуулж өгөөгүй учраас тухайн газар үйл ажиллагаа явуулж болохгүй байсан. Гэрээ байгуулаагүй учраас хашаа барьж болохгүй гэж хэлдэг байсан. 2022 онд бид хашаагаа барьж, тухайн үеийн зургийг дроноор авч байсан. Энэ талаарх зургийг хэрэгт хавсаргасан. Богдхан уулын дархан цаазат газрыг хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээг 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгуулснаар бидэнд үйл ажиллагаагаа явуулах эрх үүссэн. Гэрээний салшгүй 1 хэсэг нь гэрчилгээ юм. Нийтлэг үндэслэлийн 1.1-т Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/******* дугаар тушаал, 1.2-т гэрчилгээ нь гэрээний салшгүй хэсэг байна гэж, гэрээний 7.2-т гэрээний биелэлтийг талууд дараа оны 02 дугаар сарын 25-ны дотор дүгнэж, шаардлагатай бол гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулна гэж заасан байдаг. Гэрээг дүгнээгүй гэсэн 2023 оны тушаал гараагүй. Тушаалын үндэслэлд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Газрын тухай хуулийн 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэсэн байдаг. Газрын тухай хуулийн 40.1.6 дах заалтад газрыг зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй бол гэсэн ойлголт байдаг. бид 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гэрээгээ байгуулсан.

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.А*******н, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын түр орлон гүйцэтгэгч н., иргэн Д.М гурвын хамтарсан гэрээ байгаа. Хүчин төгөлдөр гэрээ 2022 онд байгуулагдсан байхад 2023 онд буюу жилийн дараа цуцлах тушаал гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Сонсох ажиллагааг нийтэд мэдээлсэн нь юугаар нотлогдох нь тодорхойгүй. Үүнтэй холбоотой баримт хэрэгт байхгүй. Тиймээс сонсох ажиллагаа хууль ёсны дагуу явагдаагүй байна. Их хэмжээний хөрөнгө, цаг хугацаа зарцуулчихсан учраас сонсох ажиллагаанд очихгүй, тайлбар өгөхгүй байна гэж огт байхгүй. Хариуцагчийн тайлбарлаж байгаа тайлбарууд бүгд үндэслэлгүй гэж үзэж байна. Бид 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/ тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслээд тухайн хэргийг шийддэг. Хариу тайлбарт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 гэсэн заалтыг дурдаж байна. Тушаалд ийм заалт байхгүй шүү. Зөвхөн газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 буюу 2 жил зориулалтын дагуу ашиглаагүй гэж цуцалсан. Хэрэв тушаалд 40.1.5 дах заалт байсан бол бид төлбөр төлсөн баримтуудаа шүүхэд гарган өгөх байсан. Бид цаг хугацаандаа төлбөрөө төлж байсан. А/ дугаар тушаал нь хууль зөрчсөн, бусдын эрхэд халдсан байх тул хүчингүй болгож өгнө үү?” гэжээ.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/ дүгээр “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.4.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн Д.Мд олгосон газрыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/******* дугаар тушаалаар газар ашиглах эрхтэй болсон ч 2023 онд хүртэл нэхэмжлэгчээс газраа зориулалтын дагуу ашигласан талаарх тайлбараа Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байна.

Тус тушаал нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн тоот албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэсэн Д.Мд олгосон м.кв газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2. “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ: 27.2.2.хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх.” гэж зааснаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны албан ёсны цахим хуудсанд 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр сонсох ажиллагааг гүйцэтгэж мэдэгдсэн байна.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/ дүгээр тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул Д.Мээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дүгээр тушаалыг үндэслэлтэй гэж үзэж байгаа. Тус тушаал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 40.4.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслээд Д.Мд олгосон газрыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/******* дугаар тушаалаар газар эзэмших эрхтэй болсон ч 2023 он хүртэл тухайн газрыг ямар нэгэн зориулалтын дагуу ашиглаагүй. Уг тушаал нь Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслээд гарсан. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх гэж заасныг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны болон Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын захиргааны албан ёсны веб хуудсанд 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр сонсох ажиллагааг гүйцэтгэж мэдэгдсэн.

Гэтэл нэхэмжлэл талаас ямар нэгэн байдлаар хариу тайлбарыг ирүүлээгүй. Нэхэмжлэгч тад 2021 онд гэрчилгээгээ авсан 2022 онд гэрээ байгуулсан гэж байгаа боловч газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг нь хангалттай нотлогдож байна гэж үзэж байгаа. Газар дээр идэвхтэй үйл ажиллагаа хийгээгүй, гэрчилгээ авах талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүсэлт гаргаж гэрээ байгуулахаар хандаж байгаагүй. 2 жилийн хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн, гэрээ байгуулаагүй нь үндэслэлгүй байна. Мөн тухайн газарт ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа явуулаагүй. Үзлэгийн баримтаас харахад хашаа барьсан байна. Хашаа барих нь газрыг зориулалтын дагуу ашигласан гэж үзэх үндэслэл болохгүй.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

  1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.”Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.6.”хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заажээ.

1.2. Хуулийн дээрх зохицуулалт (нэгд) хүндэтгэн үзэх шалтаангүй байх; (хоёрт) газраа зориулалтын дагуу ашиглаагүй байх; (гуравт) 2 жил ашиглаагүй байх нөхцөл нэгэн зэрэг бүрдсэн тохиолдолд тус хуулийн дагуу гэрчилгээг хүчингүй болгохоор байна.

1.3. Маргаан бүхий тушаалаар газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байх тул энэ хүрээнд дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэв.

  1. Тодорхойлох хэсэгт дурьдсанчлан нэхэмжлэгчид Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/******* дугаар тушаал газар ашиглах эрх олгон, улмаар 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр дүгээр газар ашиглах гэрчилгээ олгож, газар ашиглах гэрээг 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгуулжээ. 

2.1. Дээрхээс үзвэл гурвалсан гэрээ байгуулснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад Байгаль орчин аялал, жуулчлалын яамны сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/ дүгээр тушаал гаргасан нь хуульд заасан 2 жилийн хугацаа өнгөрсөн байх зохицуулалттай нийцээгүй байна. 

  1. Нэхэмжлэгч газраа зориулалтын дагуу ашиглахаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр, Аялагч түр буудаллах, отоглох байрны талбайн инженер геологийн судалгаа хийх, 1:500 масштабатай байр зүйн дэвсгэр зураг үйлдэх тухай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г  2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр, Барилгын эх зураг, ажлын зураг хийхээр “Барилгын зураг төсөл гүйцэтгэх гэрээ”-г  2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр, Хөрс судлалын итгэмжлэгдсэн лабораторийн дүн, Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт зэргийг тус тус гаргуулж, мөн барилгын Загвар зураг батлуулахаар хандсан болох нь Хот байгуулалт, хөгжлийн газрын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 10/734 дүгээр албан бичгээр тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчсөн гэж үзэхээргүй байна.
  1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.”Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2.”Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ,”, 26 дугаар зүйлийн 26.1.”Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, гэж заажээ.

4.1. Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны акт гаргах эрх бүхий этгээд түүнийг гаргахаасаа өмнө бодит нөхцөл байдлыг тогтоож, шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судалж, оролцогчийн хувьд ач холбогдол нөхцөл байдлыг захиргааны гаргахаас өмнө тогтоох үүрэгтэй байна.

Гэтэл хариуцагчаас нөхцөл байдлыг тогтоож, үндэслэл бүхий шийдвэр гаргах ажиллагааг хийгээгүй, эрх нь хөндөгдөж болзошгүй этгээдийг оролцуулан тайлбар, санал гаргах боломжийг олгох үүргээ биелүүлэхгүйгээр сайдын 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/ дүгээр тушаалаар тушаалыг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасныг зөрчсөн байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасныг тус тус баримтлан иргэн Д.Мийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/ дүгээр тушаалыг хүчингүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
  3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.ДАМДИНСҮРЭН