Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2016/00944

 

Л.Батжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/03100 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1040 дүгээр магадлалтай,

Л.Батжаргалын нэхэмжлэлтэй

“Ханжүгонсол” ХХК-д холбогдох

5 340 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Батжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 оны 8 дугаар сарын 23-ны өдөр “Ханжүгонсол” ХХК-тай орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгүүлэх тухай 18 тоот гэрээг байгуулж, 23 айлын сууцны 46.41 м.кв 2 өрөө байрыг 53 400 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохирсон ба байрны төлбөрийг цаг хугацаанд нь буюу төлбөр төлөхийг шаардах үед төлсөөр байрныхаа төлбөрийг төлж дууссан. Гэвч “Ханжүгонсол” ХХК-ийн ерөнхий захирал Лим Нонг нь 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 5 340 000 төгрөгийг төлөхгүй бол байрны гэрчилгээг гаргаж өгөхгүй гэж дарамталж байгаад үндэслэлгүйгээр 5 340 000 төгрөгийг нэхэж авсан учраас илүү авсан 5 340 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэл үндэслэлгүй. 2011 оны 8 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан гэрээтэй холбогдох гэрээний үнийн дүн болох 53 400 000 төгрөгөөс үлдэгдэл 5 340 000 төгрөгийг төлөөгүй байсан учраас гэрээг цуцалсан боловч 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр “Ханжүгонсол” ХХК-ийн конторт гэрээний үнийн дүнгийн 10 хувийг төлөхөөр харилцан тохиролцож компани тус төлбөрийг төлсөн тохиолдолд тухайн гэрээг хүчин төгөлдөр хэвээр үлдээхээр тохиролцож 5 340 000 төгрөгийг “Ханжүгонсол” ХХК-ийн дансанд шилжүүлэх, 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр нэмж 5 340 000 төгрөгийг шилжүүлэх, “Ханжүнгонсол” ХХК нь Л.Батжаргалд тус байрны өмчлөлийн гэрчилгээг гардуулан өгөхөөр харилцан тохиролцож 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр талууд гарын үсэг зурж хэлцэл хийсэн. Дээрх хэлцлийн дагуу Л.Батжаргал нь хавтаст хэргийн 12 хуудсанд авагдсан байгаа 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 5 340 000 төгрөгийг тохиролцооны бичгийн дагуу шилжүүлсэн. Тус компанид гэрээ цуцалсан болон Л.Батжаргалд мэдэгдэл хүргүүлсэн баримт байхгүй боловч талууд тохиролцсон тул Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-т заасны дагуу талууд бичгээр харилцан тохиролцоо үйлдсэн байдаг учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/03100 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.4-д зааснаар хариуцагч “Ханжүгонсол” ХХК-аас 5 340 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Батжаргалд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100 390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ханжүгонсол” ХХК-аас 100 390 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Батжаргалд олгож шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1040 дүгээр магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн101/ШШ2016/03100 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.4” гэснийг “492 дугаар зүйлийн 492.1.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Ханжүгонсол” ХХК-ийн төлсөн 100 500 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч төлөөлөгч хяналтын гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэлээ. Шүүх үнэнийг тодруулах үүрэгтэй атал шүүхийн шинэчилсэн байцаалтыг зохих ёсоор явуулалгүй гагцхүү нэхэмжлэгч талын мэдүүлсэн худал мэдүүлэгт үндэслэн бодит агуулгаас зөрсөн орчуулга дээр тулгуурлан буруу шийдвэр гаргасан учир дараах тайлбар гаргаж байна. 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн тохиролцооны бичгийг “Ханжүгонсол” ХХК-ийн захирал болон Л.Батжаргал, түүний дагуулж ирсэн гэх эмэгтэйгээр орчуулга хийлгүүлэн харилцан тохиролцож уг тохиролцооны бичгийг үйлдэж талууд гарын үсэг зурсан. Манай шүүхэд өгсөн 18 тоот гэрээ нь 304 тоот байрны гэрээ. 2011 оны 8 дугаар сарын 24, 25-ны өдрийн мөнгө шилжүүлсэн баримт ч гэсэн 304 тоотын байрны мөнгө гэж шилжүүлсэн байдаг. Гэтэл 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн мөнгө шилжүүлсэн баримт нь 57 дугаар байрны 8 тоот байрны төлбөрт шилжүүлсэн мөнгө. Нэхэмжлэгчийн илүү төлсөн гэх 5 340 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Учир нь Баянгол дүүргийн 7 дугаар хороо 57-8 тоот 46.41 м.кв талбайтай 2 өрөө 000345475 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй тус байр нь Л.Батжаргал, Л.Энхцэцэг гэх 2 хүний нэр дээр байдаг. Ийм байхад Л.Энхцэцэгийн итгэмжлэлгүйгээр Л.Батжаргал нэхэмжлэл гаргаад байгаа. 2014 оны 7 дугаар сарын 31-*ний өдөр 5 340 000 төгрөгийг Л.Батжаргал 57-8 тоотод төлсөн.  Үүний дагуу ч байрны гэрчилгээ гарсан. Уг орон сууцны барилгын захиалагчтай хийх 18 тоот гэрээний заалт тус бүр дээр 304 тоот 57-8 гэж өөрчлөн бичиж өгсөн зүйл байхгүй. 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр тохиролцооны бичиг үйлдэхээс өмнө Л.Батжаргалтай 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө 5 340 000 төгрөг төлж төлбөрийн баримтаа авчирвал 57-8 тоотод эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтуудыг авсны дараа эзэмших эрхийн гэрчилгээг 57-8 тоот дээр гаргуулан авч явсан нь тохиролцооны бичгийн дагуу болсон зүйл гэж ойлгож болно. Тухайлбал тухайн тохиролцооны бичиг нь 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр үйлдэгдсэн тул үүнийг авч хэлэлцэх боломжтой атал 2011 оны 8 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан гэрээг үндэслэж байгаа хэдий ч энэ гэрээ нь байрны 304 тоотын цуцлагдсан гэрээ бөгөөд энэ талаар тохиролцоо хийхээс өмнө урьдчилан тайлбарлаж өгсөн. 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн тус тохиролцооны бичиг нь “Ханжүгонсол” ХХК-ийн захирал Лим Нонг болон Л.Батжаргал нарын хооронд хийгдсэн тохиролцооны бичиг бөгөөд Лим Нонг би зөвхөн Солонгос хэл дээр үйлдэж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан ба тус нэхэмжлэлийг гаргахдаа орчуулуулж өгсөн боловч тухайн тохиролцоог хийх үед Лим Нонг би нэхэмжлэгч талаар торгууль төлүүлнэ гэж хэлж ярьсан зүйлгүй бөгөөд тохиролцооны бичиг дээр ч гэсэн “Торгууль” гэсэн үг бичээгүй. Гэтэл орчуулгын товчоон дээр орчуулга хийлгэхэд “Penalty-“ гэж бичсэнийг торгууль гэж орчуулсан байсан. Энэ нь гэрээ зөрчсөний төлбөр эсвэл тохиролцооны нөхөн төлбөр гэсэн утгаар бичсэн байсан болохоос хүчээр авсан мөнгө биш атал нэхэмжлэгч тал хүчээр дарамталж авсан мэтээр худал мэдүүлсэн байна. Лим Нонг миний бие Монгол хэлээр ярьж чадахгүй, ойлгохгүй учир тохиролцоо хийх үед Батжаргалын дагуулж ирсэн хэлмэрчид бүгдийг нь тайлбарлаж өгсөн болно. Энэхүү тохиролцооны мөнгө нь торгууль бус тухайн үед 57-8 тоот байрны үнийг м.кв тутам 1 700 000 төгрөгөөр өөрөөр хэлбэл 78 897 000 төгрөгөөр тооцсон бөгөөд 2014 оны 8 дугаар сарын дундуур 66 000 000 төгрөгөөр худалдаж НӨАТ 10%-ийг хасаад 60 000 000 төгрөгөөс 10%-ийг нөхөн төлбөр болгож өгье гэхэд Л.Батжаргал 10%-ийг нэмж төлье гэсэн тул тийнхүү тохиролцоонд хүрсэн. Тохиролцоо хийх үед Л.Батжаргалыг гэрээний тал дээр асуудалтай байгаа тухай ч мөн урьдчилан ярьж хэлээд тохиролцсон бөгөөд тухайлбал 2011 оны 8 дугаар сард тухайн байрны үнэ м.кв тутамд 1 250 000 төгрөгөөр тооцож байсан боловч Л.Батжаргал м.кв тутмыг нь 1 150 000 төгрөгөөр бодож худалдсан нь гэрээг байгуулах үед төлбөрөө 100% төлөх юм уу эсвэл 6 сарын дотор багтаан эзэмших эрхийн гэрчилгээнээс хамааралгүй төлбөрөө төлж барагдуулах нөхцөлтэй байсан. Өөрөөр хэлбэл хавсралт 2-ыг гаргаагүй байсан тул хавсралт 1-т компанийн тамга дарагдаагүй байсан учраас үүнийг хүчингүй гэрээ гэж үзэх боломжгүй гэж тайлбарлаж хэлсэн бөгөөд эдгээр шалтгааны улмаас тохиролцооны бичиг үйлдсэн. Гэрээнээс илүүтэй тохиролцооны бичиг чухал гэж үзэн тул гэрээний заалт бүхнийг авч үзэх шаардлагагүй атал энэ гэрээний нөхцөлийг үндэслэж байна. Түүнчлэн хууль эрх зүйн зарчмыг буруу тайлбарлах зөрчил гаргаж байна. Шүүхийн шийдвэрт үндэслэн “Ханжүгонсол” ХХК нь 18 тоот захиалгын гэрээнд заасны дагуу үл хөдлөх хөрөнгө эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч тал болох Л.Батжаргалын нэр дээр бүртгүүлж өгсний дараа түүнээс шаардаж Л.Батжаргал тус гэрчилгээ гарсны дараа 5 340 000 төгрөгийг төлөх ёстой гэсэн гэрээ байгуулсан гэж мэдүүлсэн боловч тухайн гэрээний заалтыг хэт дур мэдэн тайлбарлаж хариуцагчид ашиггүй байдлаар шийдвэрлэсэн. Үл хөдөл хөрөнгө эзэмших эрхийн гэрчилгээг бүртгэлийн газраас олгодог бөгөөд тухайн гэрээт хүн өөрөө хүсэлт гаргахад л болно. “Ханжүгонсол” ХХК нь хот төлөвлөлтийн газраас бүртгэлийн газарт илгээсэн тус байрны дугаар буюу 57-р байрны бичиг баримтын хуулбар болон “Ханжүгонсол” ХХК-тай гэрээ байгуулсан хүн нь төлбөрөө бүрэн төлж барагдуулсан учир эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгнө үү гэсэн албан бичиг бичиж өгснөөр тухайн хүн өөрөө хүсэлтээ гаргаж хураамжаа төлөөд авах боломжтой зүйл. Гэтэл гэрээний 2.3, 2.4-т заалтад тодорхой тусгасан байтал гэрчилгээ гарсны дараа 5 340 000 төгрөгийг төлнө гэсэн зүйд нийцэхгүй захиалга хийж гэрээний заалтыг үл тоомсорлон үндэслэлгүйгээр хариуцагч талд ашиггүй байдлаар шийдвэр гаргасан байна. 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл эзэмших эрхийн гэрчилгээгээ аваагүй тохиролд гэрээний 4.3-т заасныг үндэслэн захиалгыг цуцалж, өөрөө мэдэн худалдсаны дараа төлбөр тооцоог хийнэ гэдгээ хэлсэн боловч нэхэмжлэгчийн зүгээс ямар нэгэн арга хэмжээ авах юм уу холбоо барихгүй байсан учраас худалдахаар болоод байтал тохиролцоо хийсэн болно. Хариуцагч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг үндэслэн бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж байгаа ч гэрээний 3.3-т гэрээ байгуулсан хүн төлбөрөө 100% төлж барагдуулах хүртэл хууль ёсны эрх нь “Ханжүгонсол” ХХК байна гэж тов тодорхой заасан байгаа.  Нэхэмжлэгч нь гэрээгээ биелүүлээгүй учир гэрээг цуцалсан боловч тохиролцож тэр хэвээр хэрэгжүүлсээр ирсэн. Дээр дурдсанчлан гагцхүү Солонгос хэл дээр үйлдэгдсэн тохиролцооны бичгийг Монгол хэл рүү орчуулахдаа буруу илэрхийлснээр хариуцагч талд ашиггүй шийдвэр гарсан байх тул тухайн орчуулгыг хийсэн хүний залруулгыг хавсарган өгч байгаа бөгөөд тохиролцооны бичгийн тухайд зөвхөн нэхэмжлэгчийн мэдүүлгийг л үндэслэн шийдвэр гаргасан тул тухайн үед тохиролцоо хийсэн Лим Нонг миний мэдүүлэг болон бүртгэлийн газарт илгээсэн гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.4-т заасныг үндэслэн “Ханжүгонсол” ХХК-аас 5 340 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1040 тоот магадлалаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ёстой байхад мөн хуулийн 167.1.2-т зааснаар хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг зөрчсөн хууль бус буруу шийдвэр гарлаа гэж үзэж байна. Дээд шүүх доорх бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох заалт бүхий тогтоол гаргаж өгнө үү. Үүнд:

“Ханжүгонсол” ХХК-ийн захирал Лим Нонг 5 340 000 төгрөгийг Л.Батжаргалаас дарамталж аваагүй, 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр харилцан тохиролцож гэрээ нь цуцлагдсан 403 тоотыг 8 тоот болгон өөрчилж өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авахад шаардлагатай бичиг баримтыг “Ханжүгонсол” ХХК-аас гаргаж өгөхөөр болсон. Үүний дагуу Л.Батжаргал 5 340 000 төгрөг төлсөн. 2014 оны 7 дугаар сарын 25-нд харилцан тохиролцож тохиролцооны бичиг үйлдсэн уг баримт хүчин төгөлдөр байгаа. 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 5 340 000 төгрөгийг Л.Батжаргал 57-8 тоотод төлсөн. Үүний дагуу ч байрны гэрчилгээ гарсан. Уг орон сууцны барилгын захиалагчтай хийх 18 тоот гэрээний заалт тус бүр дээр 304 тоотыг 57-8 гэж өөрчлөн бичсэн өгсөн зүйл байхгүй гэжээ.  

ХЯНАВАЛ:

Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Л.Батжаргал нь хариуцагч “Ханжүнгонсол” ХХК-д холбогдуулан орон сууцны гэрчилгээ гаргаж өгөхгүй гэж дарамтлан, үндэслэлгүйгээр 5 340 000 төгрөгийг авсан гэсэн үндэслэлээр уг мөнгийг буцаан гаргуулах шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж, нэхэмжлэгчийн зүгээс мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлэх хугацааг хэтрүүлснээр гэрээг цуцлахад хүргэсэн боловч талууд харилцан зөвшилцөж, торгуульд 5 340 000 төгрөг төлөхөөр тохирсон, мөн анх захиалсан 304 тоот байрыг 8 тоот болгон өөрчилснөөр уг мөнгийг төлөх болсон гэж 2 үндэслэлээр маргасан байна.

Зохигчдын хооронд 2011 оны 8 дугаар сарын 23-ны өдөр “Орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгүүлэх тухай” гэсэн нэр бүхий гэрээ байгуулагдсан боловч тэдгээрийн тайлбараар гэрээ байгуулах үед орон сууц баригдаж, ашиглалтанд орсон байсан, сууцыг гэрээ байгуулснаар хүлээн авсан гэснээс үзэхэд ажлын үр дүн бий болгох зорилго байгаагүй, ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн шүүхийн дүгнэлт   Иргэний хуулийн 198 дугаар зүйлд нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Л.Батжаргалыг гэрээнд заасан төлбөл зохих 53 400 000 төгрөгийг төлж, үүргээ биелүүлснээс гадна нэмж 5 340 000 төгрөг төлсөн үйл баримтыг анхан шатны шүүх хохирол болох нь нотлогдоогүй гэж, давж заалдах шатны шүүх үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж тус тус үзэхдээ холбогдох хуулийн зохицуулалтын дагуу шаардах эрх үүсэх урьдчилсан нөхцөл тогтоогдсон эсэхийг дүгнээгүй нь хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болно. Нэхэмжлэгч нь 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр үлдэх төлбөр 5 340 000 төгрөгийг төлснөөс гадна 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдөр дахин 5 340 000 төгрөг төлжээ.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл нэхэмжлэгчийн зүгээс үлдэгдэл төлбөр 5 340 000 төгрөгийг гэрчилгээ авах үед буюу өмчлөх эрх шилжүүлэх материалыг бүрдүүлж, өгөх үед төлөх агуулгатай байх ба өмчлөх эрх шилжүүлэхэд шаардлагатай баримт хэдийд бэлэн байсан ач холбогдол бүхий уг байдал тодорхой бус байна. Нэхэмжлэгч нь үлдэх төлбөр 5 340 000 төгрөгийг гэрээ байгуулсан 2011 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс хойш 3 жил гаруйн дараа буюу 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр төлсөн нь үүргээ зөрчсөн эсвэл хариуцагч өмчлөх эрх шилжүүлэх баримтаа хожим нь бүрдүүлснээр уг мөнгөө төлсөн тул, үүргээ зөрчөөгүй эсэхийг тогтоох нь маргаанд ач холбогдолтой байна. Дээрх нөхцөл байдал тодорхой бус байхад хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэхийг буюу хуулийг зөв хэрэглэсэн эсэх талаар дүгнэх боломжгүй юм. Мөн хариуцагчийн зүгээс гэрээний зүйл болох орон сууц өөрчлөгдсөн, үүнтэй холбоотой уг мөнгийг төлөх болсон талаар маргаж байхад шүүх тодруулаагүй, огт дүгнээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцээгүй байна. Гэрээнд Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 23 айлын орон сууцны 304 тоот орон сууцыг шилжүүлэхээр тохирсон байх ба нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Ард-Аюушийн өргөн чөлөө гудамж, 57 дугаар байр 8 тоот байрны өмчлөх эрхийн гэрчилгээг авсан баримт хэрэгт авагджээ.

Иймд хариуцагчийн төлөөлөгч Лим Нонг, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алтанчимэг нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/03100 дүгээр шийдвэр, Нийслэлийн  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1040 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч “Ханжүгонсол” ХХК-аас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 100 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ц.АМАРСАЙХАН

                                     ШҮҮГЧ                                                                П.ЗОЛЗАЯА