Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 128/2017/0237/з |
Дугаар | 221/МА2017/0655 |
Огноо | 2017-09-12 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2017/0655
Г.М-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Будхүү, нэхэмжлэгч Г.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, хариуцагчийн өмгөөлөгч Д.Я, гуравдагч этгээд Ш.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 464 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор, Г.М нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Оюуны өмч, улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 464 дүгээр шийдвэрээр: Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2-т заасныг тус тус баримтлан иргэн Г.М-ын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Оюуны өмч, улсын бүртгэлийн хэлтэст холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн барьцааны гэрээг бүртгэсэн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Тодруулбал, шүүхийн шийдвэрт “Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2-т заасныг тус тус баримтлан иргэн Г.М-ын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Оюуны өмч, улсын бүртгэлийн хэлтэст холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн барьцааны гэрээг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож” шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, эсхүл нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбоотой харилцааг зохицуулна” гэсэн. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байж, улсын бүртгэл буюу захиргааны акт хүчингүй болох учиртай. Гэтэл бүртгэл нь нэхэмжлэгчийн өөрийн олгосон, хүчин төгөлдөр итгэмжлэлийн үндсэн дээр хийгдсэн барьцааны гэрээний дагуу хийгдсэн болно. Барьцаалагч, барьцаалуулагчийн хамтарсан мэдүүлэг, эсхүл өмчлөгчийн гаргасан мэдүүлгийг үндэслэн бүртгэл хийгдэхээр 28.1, 28.2-т заасан бөгөөд барьцаалагч буюу зээлдүүлэгч, түүнчлэн итгэмжлэлийн үндсэн дээр барьцаалуулагчийн хэн аль нь энэхүү мэдүүлгийн талаар маргаагүй, эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзээгүй байхад шүүх буруу дүгнэлт өгсөн байна. Ижил төстэй маргааныг хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын 2017 оны 1-р сарын 23-ны өдрийн 21 тоот тогтоолд заахдаа “бүртгэл хийхэд барьцаалагч болон барьцаалуулагч нарын гарын үсэг бүхий мэдүүлэг байхгүй байгаа нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн боловч уг заалт нь өмчлөгч буюу нэхэмжлэгч нарт хамааралгүй, барьцаалагч болон барьцаалуулагч нарт хамааралтай”, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлд захиргааны актын үндсэн зохицуулалт, утга агуулгыг өөрчлөхгүй алдаа нь “хэлбэрийн төдий” буюу засаж болох илэрхий алдаа гэж үзэхээр заасан бөгөөд ийм алдаа бүхий захиргааны актыг хүчингүй болгодоггүй, харин захиргаа өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах боломжтой. Нөгөө талаар энэхүү бүртгэлийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байсан нь хэргийн үйл баримтаас харагддаг. Банкинд бус хувь хүнд барьцаалах байсан бол зөвшөөрөхгүй байсан гэдэг үндэслэлийг захиргаа бүртгэл хийхдээ мэдэх боломжгүй, барьцаанд тавих үндсэн хүсэл зоригийг хангалттай нотолсон баримт бүртгэлийн байгууллагад ирүүлсэн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.5.1-д заахдаа нэхэмжлэгч хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн болохоо нотлох үүрэгтэй бөгөөд ийнхүү нотолж чадаагүй, өөрөөр хэлбэл барьцаалагч барьцаалуулагч хамтран мэдүүлэг гаргасан байлаа ч бүртгэл хийгдэх л байсан. Нөгөө талаар барьцаалагч барьцаалуулагчийн хооронд зээлийн ба барьцааны асуудлаар иргэний маргаан шийдэгдэж дууссан, энэ талаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан тухайд шүүх ямар нэг дүгнэлт өгөөгүй. Энэ нь хоорондоо холбоотой хэргийн талаар зөрүүтэй шийдвэр гарч ойлгомжгүй байдал үүсгэхэд хүргэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-д заасанчлан захиргааны актаар нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг тогтоож байж хүчингүй болгох байтал ийнхүү зөрчсөн эсэх нь бодитоор тогтоогдоогүй байхад хэргийг шийдсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хойшлуулах хүсэлтийг нэхэмжлэгч гаргаж байсан боловч үнийн санал өгч байсан зэргээс бүртгэлийг хүлээн зөвшөөрч байсан нь харагддаг. Банкинд бус иргэнд барьцаалуулснаас үүдэлтэй хохирол буюу хүүгийн зөрүүний хохирлоо нэхэмжлэх эрх нь нэхэмжлэгчид нээлттэй байгаа болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчийг авч оролцуулах боломж олгоогүй. Нэхэмжлэгч дээр дурдсанаар бүртгэлийг хүлээн зөвшөөрч ирсэнийг нотлох баримт байсаар атал гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тал дээр шүүх дүгнэлт өгөөгүй” гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ дараах байдлаар хуулийг зөрчиж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна. Үүнд: Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг буруу ойлгож шийдвэрлсэн, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх өөрөө өөрчилж хянан шийдвэрлэсэн. Учир нь нэхэмжлэгч нар шүүхэд бичгээр болон шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 054 тоот барьцааны гэрээг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байдаг. Гэтэл шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг зөвтгөж өөрчлөн шийдвэрлэлээ. Анхан шатны шүүх захиргааны хэргийн шүүхийн маргаанаас хуулиар тусгаарлагдсан маргаан буюу иргэний хэргийн шүүхийн маргаантай уялдуулж хэргийг хянан шийдвэрлэлээ. Учир нь Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг шүүхийн шийдвэртээ тусгаж түүнийг шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь хуулийг зөрчиж байна. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бид хүлээн авч түүнд хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан байгаа бөгөөд эцэслэн шийдвэрлэгдээгүй шүүхийн шийдвэр, магадлалыг шийдвэрт үндэслэл болгож байгаа нь хуулийг зөрчиж байна. Маргаан бүхий барьцааны гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль болоод Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмын дагуу хариуцагч байгууллага нь бүртгэлийг хийж гүйцэтгэсэн нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болоод хариуцагч байгууллагын тайлбарт буруу үнэлэлт дүгнэлт өгсөн. Захиргааны хэргийн анхан шатны шүүх гуравдагч этгээд миний өмгөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн асуудлаар гаргасан хүсэлт, тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөгүй байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэглэвэл зохих хууль тогтоомжийг хэрэглээгүй, буруу хэрэглэсэн, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон үйл баримтуудад буруу үнэлэлт дүгнэлт өгсөн гэж үзэж байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх боловч шүүхийн шийдвэрийн үндэслэл буруу, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байх тул зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Тодруулбал,
Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 25 дугаар байрны 8 тоот, улсын бүртгэлийн Y-2204006257 дугаарт бүртгэлтэй 43 м.кв талбай бүхий дөрвөн өрөө орон сууцны өмчлөгч Н.Б, Г.М, Б.Д, Б.М, Б.Х нараас 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр иргэн Р.Э тухайн орон сууцаа банкны зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн итгэмжлэл олгосон байх бөгөөд уг итгэмжлэлийн үндсэн дээр Р.Э нь гуравдагч этгээд Ш.Б-тай 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ, 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр барьцааны гэрээ тус тус байгуулжээ.
Дээрх барьцааны гэрээг Р.Э нь 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасныг хариуцагч Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс хүлээн авч бүртгэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.3-т “энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т “барьцаагаар хангагдах үүргийг гүйцэтгэх хугацаа, үүрэг нь өөр гэрээнд үндэслэсэн бол уг гэрээний талууд, гэрээг байгуулсан он, сар, өдөр, түүнтэй холбоотой бусад нөхцөл”, 12 дугаар зүйлийн 12.2-т “Энэ хуулийн 11 дүгээр зүйл болон улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасан журмыг зөрчсөн гэрээг улсын бүртгэлд бүртгэхийг хориглоно”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 3.2-т “Мэдүүлэг хүлээн авахдаа мэдүүлгийг үзүүлэлт бүрээр бүрэн гүйцэт бөглөсөн эсэх, түүнд хавсаргасан нотлох баримтууд зөрүүтэй эсэхийг шалгана ...” гэж заасныг зөрчиж барьцааны гэрээний салгаж үл болох эрх зээлийн гэрээнд барьцаагаар хангагдах үүргийг гүйцэтгэх хугацаа 2 сарын хугацаатай буюу 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр дуусгавар болж байгааг анхаараагүй, түүнчлэн Р.Энхбаярт олгосон итгэмжлэлд банкны зээлийн барьцаанд тавих эрх олгосон байхад иргэд хоорондын зээлийн барьцаанд бариулсан 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн барьцааны гэрээг үүргийг гүйцэтгэх хугацаа дуусгавар болсноос хойш даруй 3 сарын дараа улсын бүртгэлд бүртгэсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогджээ.
Энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, 3.1.5-д заасан “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” гэсэн зарчимтай нийцэхгүй байх ба урт хугацаатай, хүү багатай банкны зээлийн барьцаанд бус /нийтэд илэрхий тодорхой үйл баримт/ нэг сарын 15 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай иргэд хоорондын зээлийн гэрээний барьцаанд бүртгэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээр байна.
Хэдийгээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөс барьцаанд тавих эрх олгосон байгаа боловч хариуцагч бүртгэлийн байгууллага нь барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэхдээ хэнд, ямар гэрээний үүргийн гүйцэтгэлд, ямар хугацаагаар барьцаанд тавих эрх олгосоныг шалгах үүрэгтэй, энэ үүргийг хуулиар хүлээлгэсэн атал хариуцагч талаас давж заалдах шатны шүүх хуралдаанд “итгэмжлэл байгаа тохиолдолд хэнд, ямар гэрээний үндсэн дээр барьцаалуулж байгааг шалгах үүрэг хүлээхгүй” гэж тайлбарлаж байгаа нь төрийн албаны хууль дээдлэх болон шударга ёсны зарчимтай үл нийцнэ.
Гэтэл анхан шатны шүүх үл хөдлөх хөрөнгийн барьцааг зөвхөн өмчлөгч, эсхүл барьцаалагч барьцаалуулагч хамтарсан мэдүүлгээр бүртгэхээр хуульчилсаныг зөрчсөн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай бөгөөд нэгэнт хуульд заасан шаардлага хангасан итгэмжлэл байгаа тохиолдолд заавал өмчлөгч байхыг шаардахгүйн зэрэгцээ барьцаалагч барьцаалуулагч нар хамтарсан мэдүүлэг гаргаагүй нь нэхэмжлэгч буюу өмчлөгчид хамааралгүй, гагцхүү барьцаалагч болон барьцаалуулагч нарт хамааралтай, тэдгээр нь тухайн бүртгэлийн талаар маргадаггүй тул Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй.
Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй ч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж чадахгүй бөгөөд маргаан бүхий орон сууцтай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон нь улсын бүртгэлтэй холбоотой маргасан захиргааны хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчтэй оролцох эрхийг удаа дараа хангасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “зээлийн ба барьцааны асуудлаар иргэний маргаан шийдэгдэж дууссан, энэ талаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан тухайд шүүх ямар нэг дүгнэлт өгөөгүй, хоорондоо холбоотой хэргийн талаар зөрүүтэй шийдвэр гарч ойлгомжгүй байдал үүсгэхэд хүргэж байна, өмгөөлөгчтэй оролцох боломжоор хангаагүй” гэх гомдол үндэслэлгүй.
Түүнчлэн, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж зөвтгөж шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд иргэний хэргийн шүүхийн шийдвэр энэхүү шийдвэрийн үндэслэл болоогүй байх тул гуравдагч этгээдээс гаргасан “нэхэмжлэлийн шаардлагыг шүүх өөрөө өөрчилж хянан шийдвэрлэсэн, иргэний хэргийн шүүхийн маргаантай уялдуулж хэргийг шийдвэрлэсэн” гэх гомдлыг хангах боломжгүй.
Мөн нэхэмжлэгчээс гаргасан гомдлыг захиргааны байгууллага урьдчилан шийдвэрлэх журмаар хянаад хариу өгсөн байх тул хөөн хэлэлцэх хугацааг дээрх хариу өгсөн хугацаанаас тооцсоныг буруутгахгүй.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 464 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2” гэснийг “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 11 дүгээр зүйлийн 11.5.3, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ О.НОМУУЛИН