Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 365

 

Н.Ө-А-ийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Засаг

даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                            Танхимын тэргүүн М.Батсуурь,

Шүүгчид:                               Г.Банзрагч,

                                              Х.Батсүрэн,

                                             П.Соёл-Эрдэнэ,

Илтгэгч шүүгч:                     Б.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга:    Д.Мөнхцэцэг.

Нэхэмжлэлийн шаардлага: “Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 31 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, төрийн албан хаагчид олгосон 1 удаагийн 300.000 төгрөгийн нөхөн олговор гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх”,

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 06 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2018/0304 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.С нар.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 06 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 26 дугаар зүйлийн 26.1, 26.13 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Ө-А-ийн Завхан аймгийн Цагаан хайрхан сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 31 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, тус Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, төрийн албан хаагчид олгосон 1 удаагийн 300.000 төгрөгийн нөхөн олговор гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2018/0304 дүгээр магадлалаар: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 06 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Ө-А, түүний өмгөөлөгч В.С нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгчээс “...Давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг хүлээн авч хянаад нэхэмжлэгч намайг хуулиар хүлээн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна гэж дүгнэжээ. Ингэж үйл явдалд дүгнэлт хийхдээ Завхан аймгийн Цагаахайрхан сумын Онц багийн нутаг дэвсгэр, Хуримтын ар цуврайгаас 27 ш нойтон модыг зөвшөөрөлгүй бэлтгэн сумын төвд байрлах Цагдаагийн хашаанд хураасан зөрчлийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх, зөрчил гаргасан этгээдийг олж тогтоох, байгаль орчинд учирсан хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх ямар ч ажиллагаа явуулаагүй, удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэгчийг ажлын хариуцлага алдаагүй гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзжээ.

4. Давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлт нь үйл явдлын бодит байдалд тохироогүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна.

5. Цагаанхайрхан сумын Засаг даргын орлогчоос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэдэг үндэслэлээр намайг ажлаас халсан боловч тухайн үйл явдлыг анх нойтон мод бэлтгэсэн талаар Г.Эрдэнэболдтой хамт тухайн нөхцөл байдалд шалгалт хийгээд явахад үйл явдал болсон, модыг хураан авч цагдаагийн албан хаагчийн хашаанд буулгасан байсан. Энэ үйл явдал нь ямар нэгэн зөрчил биш, гэмт хэргийн шинжтэй байсан учир нэгэнт гэмт хэргийг илрүүлэх, эзэн холбогдогчийг олж тогтоох эрх бүхий албан хаагч нар тухайн модыг илрүүлэн авсан учир эрх бүхий албан тушаалтнууд шалгаж тогтоох ёстой гэж үзсэн.

6. Хууль бусаар нойтон мод огтолсон үйлдлийг хуулийн байгууллагын албан хаагчид илрүүлж, хураан авсан учир давхар мөрдөх, тогтоох үйл ажиллагаа явуулахад хязгаарлагдмал байсан ба улсын орлого болгох, хураан авах, нөхөн төлбөр гаргуулах, буруутай этгээдэд хариуцлага тооцох эрх зүйн үндэс байхгүй байхад намайг үүрэг даалгавал биелүүлээгүй гэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

7. Маргаан бүхий акт нь анх 138 гэсэн дугаартайгаар гардуулан өгсөн боловч Захиргааны хэргийн шүүгч тухайн актад үзлэг хийн 31 гэж өөрчилсөн гэх боловч өөрчилсөн актыг надад гардуулаагүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлүүлэх хүсэлтийг шүүгчийн туслах н.Янжмаагаар дамжуулан өөрчлөх хүсэлтийг өгсөн боловч би эс зөвшөөрч шүүгчтэй уулзахад дугаарын өөрчлөлт гарсан, бусад нь үг үсгийн алдаагүй гэж хэлээд надаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлүүлсэн.

8. Ямар учраас Цагдаагийн байгууллагын ажилчид гэмт хэрэг гарсан байхад хэрэг нээгээгүй, эзэн холбогдогчийг олж тогтоох арга хэмжээ аваагүй нь тухайн албан хаагчдын ажил үүрэгтэй холбоотой гэж үзэж байна.

9. Цагдаагийн албан хаагчид хууль бусаар нойтон мод бэлтгэсэн үйл явдлыг анх илрүүлээгүй, хураан авч ирээгүй бол миний хувьд өөрт ногдсон эрх үүргийн дагуу ажил үүргээ гүйцэтгэх байсан. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал нь үйл явдлын бодит байдалд тохирсон дүгнэлт хийгээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Миний гомдлыг хянан үзэж, намайг ажилд эгүүлэн оруулах, ажилгүй байсан хугацааны мөнгийг олгож өгнө үү.” гэжээ.

10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн.

11. Нэхэмжлэгчид улсын байцаагчийн ажлын байрны тодорхойлолтоор ...Зөрчлийг хянан илрүүлэх... чиг үүрэгтэй боловч тухайн үед гарсан зөрчлийг шалгах эрх бүхий цагдаагийн байгууллагын албан хаагчид илрүүлсэн байхад нэхэмжлэгчийг заавал илрүүлэх нөхцөлөөр шаардаж, үүрэг даалгавар өгсөн нь үндэслэлгүй ба байдлыг анхааран үзэлгүй, олгогдсон эрх хэмжээтэй байсан байна гэж дүгнэсэн давж заалдах шатны дүгнэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

12. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

13. Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 31 дүгээр тушаалаар Н.Ө-А-ийг “...зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн зөрчлийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлээгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй” зөрчил гаргасан үндэслэлээр тус газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн үүрэгт ажлаас халсан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасантай нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй талаар шүүхүүд үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

14. Нэхэмжлэгч Н.Ө-А-ийн “...хууль бусаар нойтон мод огтолсон үйлдлийг хуулийн байгууллагын албан хаагчид илрүүлж, хураан авсан учир давхар би мөрдөх, тогтоох үйл ажиллагаа явуулахад хязгаарлагдмал байсан ба улсын орлого болгох, хураан авах, нөхөн төлбөр гаргуулах, буруутай этгээдэд хариуцлага тооцох эрх зүйн үндэс байхгүй байхад намайг үүрэг даалгавар биелүүлээгүй гэсэн нь хууль бус...” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй байна.

15. Учир нь, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлд байгаль орчны улсын байцаагчийн эрх, үүргийг тодорхойлж заасан байх ба улсын байцаагч нь хууль тогтоомж, түүнд нийцүүлж гаргасан дүрэм, журмыг чанд сахин биелүүлж, иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, зөрчил гаргасан этгээдэд шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах зэрэг үүргийг хэрэгжүүлэхээр хуульчилсан.

16. Нэхэмжлэгч Н.Ө-А нь 2017 оны 9 дүгээр сарын 20-ноос 22-ны өдрүүдэд сумын хэсгийн төлөөлөгч Д.Алтангэрэл, цагдаа Г.Доржбал нарын Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Онц багийн нутаг дэвсгэр, Хуримтын Ар цуврайгаас 27 ш нойтон модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэн сумын төв, цагдаагийн байрны хашаанд авчирч буулгасан зөрчлийг мэдсэн атлаа хуульд заасан журмын дагуу шийдвэрлээгүй, зөрчил гаргасан этгээдийг олж тогтоох, учруулсан хохирлыг төлүүлэх талаар ямар ч ажиллагаа явуулаагүй, энэ ажлыг зохион байгуулах талаар удирдлагаас тодорхой хугацаатай үүрэг даалгавар өгсөн байтал хэрэгжүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

17. Түүнчлэн, нэхэмжлэгч өмнө нь ажилдаа хариуцлагагүй хандаж, 2017 оны 9 дүгээр сарын 25-наас 27-ны хооронд тус сумын нэр бүхий уугуул иргэд тус сумын Хуримт гэх газраас аймгийн төв рүү зөвшөөрөлгүй мод тээвэрлэсэнд хяналт тавьж, хариуцлага тооцолгүй нэвтрүүлсэн зөрчил гаргаж, сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 23 дугаар тушаалаар 1 сарын хугацаагаар үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын арга хэмжээ авагдсан байна.

18. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д төрийн жинхэнэ албан хаагчид мөн хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулахаар заасан, өөрөөр хэлбэл, сахилгын шийтгэл ногдуулахдаа хүлээлгэх хариуцлага нь түүний гаргасан зөрчлийн шинж байдал, гэм бурууд тохирсон байх, түүнчлэн гаргасан зөрчил нь тогтоогдсон байхыг хуульчилжээ.

19. Дээрх байдлаар нэхэмжлэгч Н.Ө-А нь Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон ажлын байрны тодорхойлолтод заасан албаны чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, удирдах дээд албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан зөрчил гаргасан нь тогтоогдсон бөгөөд хариуцагч захиргааны байгууллага нь түүний өмнөх зөрчилд сахилгын шийтгэл ногдуулсан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад давтан гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан, төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

20. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 06 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2018/0304 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн  хяналтын  журмаар  гаргасан  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                                   ШҮҮГЧ                                                                    Б.МӨНХТУЯА