Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2021/ДШМ/22

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        Р.Г-д холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Д даргалж, шүүгч Д.Б, шүүгч В.Ц нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                        Хохирогчийн өмгөөлөгч                                  Г.Э

                        Шүүгдэгчийн өмгөөлөгч                                  В.У

                        Нарийн бичгийн дарга                                     Э.О нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Г даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Р.Г, түүний өмгөөлөгч В.У нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Р.Год холбогдох 1812000010238 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1966 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, эрэгтэй, 53 настай, дээд боловсролтой, дулааны тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэй, “Хангай хүнс” ХХК-ийн менежер ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн Хангайн хүнсний 01-01 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар 960.000 төгрөгөөр торгох ялаар, мөн Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2018/ШЦТ/355 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 131 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Р.Г

Шүүгдэгч Р.Г нь 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр иргэн Т.З-тэй зээлийн гэрээ байгуулан нүүрсний уурхайд хөрөнгө оруулалт хийж байгаа хэмээн төөрөгдөлд оруулан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 20.000.000 төгрөгийг залилж авсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Р.Год холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Р.Г-ыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Гыг  6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Год энэ тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялд, 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 131 дугаартай Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолоор түүнд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 7.145.000 /долоон сая нэг зуун дөчин таван мянга/ төгрөг буюу 1 /нэг/ жил 3 /гурав/ сар 21 /хорин нэг/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 9 /ес/ сар 21 /хорин нэг/ хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Год оногдуулсан 1 /нэг/ жил 9/ ес/ сар 21 /хорин нэг/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Шүүгдэгч Р.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,  Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Р.Год авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Р.Г-ын гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. 1812000010238 дугаартай эрүүгийн хэрэгт Р.Г миний бие гэм буруугаа сайн дурын үндсэн дээр хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн. Миний бие 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс “Ар Ус Ундарга” ХХК-д дулааны инженер мэргэшлээр ажиллаж байсан. Миний бие мэдрэл болон нурууны гүн суулттай. Мөн астомтай болно. Уг өвчнүүдийн улмаас эмчийн хяналтад байдаг бөгөөд эмчилгээ хийлгэдэг. Миний хувийн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. Шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцох болно гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.У-ын гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Р.Г нь 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр иргэн Т.Зг залилж, 20.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож, түүнд холбогдох 1812000010238 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Архангай аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн хэргийг Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хурлаар хянан хэлэлцээд түүнийг тус хэрэгт гэм буруутайд тооцож, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, түүний урьд нь ял шийтгэгдсэн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас эдлээгүй үлдсэн торгох ялыг 1 жил 3 сар 21 хоногийн хорих ялд шилжүүлж, нийт 1 жил 9 сар 21 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулахыг хуульчилсан. Тус хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулж байгаа тохиолдолд нэгтгэн ял оногдуулах уу, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх үү гэдгийг шүүхэд сонгон хэрэглэх боломжтой байдлаар зохицуулсан. Р.Гын тухайд түүнд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх бүрэн боломж байсан. Хэдийгээр 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 220 дугаартай шийтгэх тогтоолыг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай магадлалаар хүчингүй болгосон боловч хохирлыг бүрэн нөхөн төлөөгүй байхад түүнд 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж байсан атлаа одоо хохирлоо бүрэн нөхөн төлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхад түүнд 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг хорих ялд шилжүүлэн 1 жил 9 сар 21 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэж байгаа нь үндэслэл муутай байна. Мөн түүнчлэн хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулахыг хуульчилсан ч Р.Г өмнө нь  2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор торгох ял шийтгэгдсэн бөгөөд түүнийг уг шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг дахин шийтгэх тогтоолоор хорих ял болгон өөрчилж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэсэнтэй зөрчилдөж байна. Р.Год оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Р.Год оногдуулсан ял шийтгэлийн хувьд миний зүгээс хэлэх санал байхгүй. Хохирогч Т.З-ийн хувьд хохирол төлбөрөө бүрэн гүйцэд авсан тул тусгайлан гаргах санал байхгүй гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний хувьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Р.Год ял шийтгэл оногдуулсан шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Р.Г-ын  2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр үйлдэгдсэн гэх залилангийн хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолоор шийдвэрлэсэн торгох ялыг хэрэгжүүлж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Р.Г, түүний өмгөөлөгч В.У нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

 Шүүгдэгч Р.Г нь 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр иргэн Т.З-тэй зээлийн гэрээ байгуулан нүүрсний уурхайд хөрөнгө оруулалт хийж байгаа хэмээн төөрөгдөлд оруулан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 20.000.000 төгрөгийг залилж авсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Р.Г нь хохирогч Т.З-ээс мөнгө авахдаа нүүрсний уурхайд хөрөнгө оруулалт хийж байгаа хэмээн худал хэлж хуурсан нь шүүгдэгч анхнаасаа бусдын эд хөрөнгийг хууль бусаар авах санаа зорилготой байсныг илэрхийлж байх бөгөөд энэхүү нөхцөл байдал нь тэдгээрийн хооронд талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон эрх тэгш гэрээний харилцаа үүсээгүй гэж үзэх үндэслэл юм.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан Р.Г-ыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан үйлдэлд үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийг зөв зүйлчилсэн байна.

 

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, эдгээр нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэж, шүүгдэгч Р.Г-ыг дээрх хэрэгт гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

 Харин 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт...гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...гэж хуульчилсныг Монгол Улсын Их Хурал 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрчилж, улмаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дахь хэсэгт...2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй... гэж хуульчилсан.

 

Дээрх хуулийг Монгол Улсын Үндсэн Хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлээр Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцэд гомдол гарсны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн байна гэж үзэж баталсан өдрөөс хүчингүй болгож шийдвэрлэсэн.

 

  Шүүгдэгч Р.Г-ын үйлдэл нь  2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн, түүнд холбогдох  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг юм.

 

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Г нь дээрх гэмт хэргийг үйлдсэнээс хойш гурван жил өнгөрсөн байх тул  2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан,  2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

   Шүүгдэгч Р.Г нь анхан шатны шүүхийн шийдвэрээр 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 04-ны өдөр хүртэл нийт 130 хоног цагдан хоригдсон.

 

              Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Год энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялд, 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 131 дугаартай Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолоор түүнд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 10.000.000  төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 7.145.000  төгрөг буюу 1 жил 3 сар 21 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 9 сар 21 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэн, түүнийг дээрх оногдуулсан ялыг эдлүүлэхээр шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорьсон ба түүний цагдан хоригдсон 130 хоногийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хорих ял болгон нэмж нэгтгэсэн торгох ялаас хасаж шийдвэрлэх нь шүүгдэгчид ашигтай байх тул түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж шийдвэрлэх нь  үндэслэлтэй байна.

 

             Хэдийгээр өмнөх тогтоолоор оногдуулсан торгох ял хэдий ч сүүлд шийдвэрлэсэн шийтгэх тогтоолд нэгтгэгдсэн, торгох ялыг хорих ял болгон нэмж нэгтгэж эдлэх ялыг тогтоож шийдвэрлэсэн нь өмнөх тогтоолын ялыг ч мөн эдэлж байсан гэж үзэхээр байна.

 

             Иймд  шүүгдэгчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн гомдлыг хүлээн авч, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулах нь үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

 Анхан шатны шүүх шүүх хуралдаанаас гаргасан шийдвэрээ уншиж танилцуулахдаа  шийтгэх тогтоолын 3 дахь заалтын 3 /гурав/ сар гэснийг 6  сар гэж уншсан атлаа шийдвэртээ 3 гэж бичсэн нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл хуульд зааснаар үүссэн учир анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, улмаар анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүйг дурдах нь зүйтэй байна.

 

  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2,  34, 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх  хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                                 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн... 2 дахь заалтын “Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Г-ыг  6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэснийг “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Год холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Год энэ тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялд, 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 131 дугаартай Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолоор түүнд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 7.145.000 /долоон сая нэг зуун дөчин таван мянга/ төгрөг буюу 1 /нэг/ жил 3 /гурав/ сар 21 /хорин нэг/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 9 /ес/ сар 21 /хорин нэг/ хоногийн хугацаагаар тогтоосугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Год Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 131 дугаартай тогтоолоор оногдуулсан 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялын эдлээгүй үлдсэн 7.145.000 /долоон сая нэг зуун дөчин таван мянга/ төгрөгийн торгох ялаас 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож цагдан хоригдсон 130 хоногт оногдох 1.950.000 /нэг сая есөн зуун тавин мянга/ төгрөгийг хассугай” гэж тус тус өөрчилж, 4, 6 дахь заалтыг хасаж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.Д

 

                             ШҮҮГЧИД                                      Д.Б

 

                                                                                     В.Ц