Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар   128/ШШ2024/0354          

 

     

  Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би, Д.М*******гийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Соёлын сайдад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгчээс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Д.М******* миний бие Соёлын сайдад холбогдуулан тус сайдын 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Соёлын яамнаас Монголын Үндэсний музейн захирлын сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Төрийн албаны зөвлөлд өгч Төрийн албаны зөвлөлөөс 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Монголын Үндэсний музейн захирлын албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан учир Д.М******* миний бие Соёлын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Д.М*******гоос Монгол Улсын Соёлын сайдад холбогдуулан “Монгол Улсын Соёлын сайдын 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1.“нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх;”, 66 дугаар зүйлийн 66.1.“Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2. “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана.” гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь хуулийн дээрх заалтуудад нийцсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1.“Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар нэхэмжлэгч Л.М*******г нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан Д.М*******гийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Соёлын сайдад холбогдох “Монгол Улсын Соёлын сайдын 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Цэцэгсүрэнд даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

                                       

 

ШҮҮГЧ                                            Н.ДАМДИНСҮРЭН