Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2021/ДШМ/21

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        Ж.Б-д холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Д даргалж, шүүгч Д.Б, шүүгч В.Ц нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                        Прокурор                                                           Б.Б

                        Нарийн бичгийн дарга                                     Б.Д нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Г даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Б-ийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Ж.Бид холбогдох 2112000000057 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Т.Д-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1970 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатарын хотод төрсөн, эрэгтэй, 50 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Улаанхад гэх газарт оршин суух, Ж.Б

 

Шүүгдэгч Ж.Б нь 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг дэвсгэр Шивэрт гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд 1.7 м3 хэмжээтэй, хуурай шинэс төрлийн мод бэлтгэж, 71-31 УНС улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 186.592 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Ж.Бид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор:  Шүүгдэгч Ж.Б-ийг хууль бусаар зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож; Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ж.Бид 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж; Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 49.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Боос 559.776 /таван зуун тавин есөн мянга долоон зуун далан зургаа/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулж; Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 18 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн 71-31 УНС улсын дугаартай Портер маркийн  авто машиныг эзэмшигч Б.Б-д буцаан олгож, шүүгдэгч Ж.Боос гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 71-31 УНС улсын дугаартай Портер маркийн автомашины үнэ болох 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан, уг машины үнээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 559.776 төгрөгийг төлүүлэн, үлдсэн 1.940.224төгрөг, 1.7м3 хуурай шинэс мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөрөө  нэг ширхэг, сүх нэг ширхгийг тус тус улсын орлого болгож; Шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж; Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч  нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж; Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Б-ийн бичсэн эсэргүүцэлд: Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Б би эрүүгийн 2112000000057 дугаартай Ж.Бид холбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжилсэн 71-31 УНС улсын дугаартай Портер маркийн автомашины үнэ болох 2.500.000 төгрөгөөс гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 559.776 төгрөгийг гаргуулж, үлдэгдэл 1.940.224 төгрөг, 1.7 м3 хэмжээтэй хуурай шинэс мод, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цахилгаан хөрөө, 1 ширхэг сүх зэргийг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

Шийтгэх тогтоолыг 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч танилцахад шүүх шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг удирдлага болгоогүй буюу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна гэж дүгнэж, дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

Шүүгдэгч Ж.Б нь хэргийг шүүхэд шилжүүлэхийн өмнө хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, прокуророос 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол үйлдэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулан ялагдагч хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх хэргийг прокурорын саналын дагуу хянан шийдвэрлэсэн боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг удирдлага болгоогүй нь мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Иймд дээрх үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэлд хамаарч байх тул тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/87 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт удирдлага болгосон “...Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон” гэсэн дээр “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг” гэж нэмж өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд прокурор оролцуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч Ж.Бид холбогдох эрүүгийн хэргийг Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ удирдлага болгох уг зүйл, заалтыг хэрэглээгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зохих хэсэгт өөрчлөлт оруулж, уг заалтыг нэмүүлэх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурор Б.Б-ийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ж.Б нь 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг дэвсгэр Шивэрт гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд 1.7 м3 хэмжээтэй, хуурай шинэс төрлийн мод бэлтгэж, 71-31 УНС улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 186.592 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэх үндэслэлээр анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн үйл баримт гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тодруулсан, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэн,  хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна.

 

Мөн шүүгдэгч Ж.Бид холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, шүүгдэгчид оногдуулсан ял шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тохирчээ.

 

Харин шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн атал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг удирдлага болгоогүй байх ба энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй хэдий ч энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан шүүхийн тогтоолыг  өөрчлөх үндэслэл биш, тодруулбал эсэргүүцэлд заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэл биш тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч хангах боломжгүй байна.

 

Иймд  Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Үүнтэй холбоотойгоор анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлгийн холбогдох заалтыг нэг мөр хэрэглэж хэвшвэл зохихыг дурдаж байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                              

                                                 

                                                       

 

 

                                                        ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

           

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.Д

 

                             ШҮҮГЧИД                                      Д.Б

 

                                                                                     В.Ц