| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 1734005350111 |
| Дугаар | 2022/ДШМ/32 |
| Огноо | 2022-05-12 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 2022/ДШМ/32
2022 05 12 2022/ДШМ/32
..........д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Н.Энхмаа, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор П.Даваасүрэн,
Шүүгдэгч .........., түүний өмгөөлөгч Х.Ургаа,
Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан,
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж, шүүгч Т.Батжаргал, Ю.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШТ/21 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурор П.Даваасүрэнгийн эсэргүүцлээр шүүгдэгч ..........д холбогдох 1734005350111 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
.......... нь 2017 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 01 цаг 58 минутын үед согтуурсан үедээ тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хохирогч ..........тай маргалдаж түүний биед цээжний хөндийд нэвтэрсэн нуруунд хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн хацарт зулгаралт, духны зүүн хэсэгт шарх гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Төв аймгийн Прокурорын газраас ..........д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ..........д холбогдох эрүүгийн 1734005350111 дугаартай хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцааж,
Хэргийг прокурорт очтол шүүгдэгч ..........д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,
Эрүүгийн 1734005350111 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар СD 1 ширхэг, шар иштэй хутга нэг ширхэг хураагдан ирсэн болохыг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч .......... нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор П.Даваасүрэн бичсэн эсэргүүцэлдээ: ...Яллагдагч .......... нь 2017 оны 12 дугаар сарын 10 наас 11 нд шилжих шөнө 01 цаг 58 минутын үед согтуурсан үедээ тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хохирогч ..........тай маргалдаж түүний биед цээжний хөндийд нэвтэрсэн нуруунд хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн хацарт зулгаралт, духны зүүн хэсэгт шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдсон байна.
Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч ..........д нь тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 10 -ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч ..........д холбогдох эрүүгийн хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэж дараах үндэслэлээр прокурорт хэргийг буцаажээ.
Үүнд: Тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27 ны өдрийн 2021/ШТ/54 дугаар тогтоолын 2 дахь заалтад заасан хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан 1 минут 21 секундын яриа бүхий бичлэгтэй СД бичигдсэн яриаг гэрч .........., хохирогч .......... нарын хоорондох яриа гэх боловч дуу хоолой нь чухам хэн хэний дуу хоолой болохыг тогтоогоогүй байна. Энэ 1 минут 21 секундийн бичлэгийн эх сурвалжийг тогтоох ажиллагааг огт хийлгүй зөвхөн хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан СД-г шинжилгээнд тэнцэх эсэхийг шинжээч нараас урьдчилан утсаар асуусан болж хялбарчилсан хэлбэрийн төдий ажиллагаа хийсэн байгаа нь тус шүүхийн дээрх тогтоолын уг заалтыг биелүүлээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан "Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ " гэснийг, мөн хуулийн 16.15 дугаар зүйлд заасан " Нотлох баримтыг шалгаж үнэлэх, гэснийг тус тус зөрчсөн, улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан... гэмт хэргийг хэн үйлдсэн...гэсэн нотолбол зохих байдал нотлогдоогүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй ба шүүхийн тогтоолд хэрэгт ямар ажиллагаа хийх талаар тодорхой ойлгомжтой тусгаагүй байна. Тухайн хэргийг өмнө нь буцаасан шүүхийн шийдвэрт тусгасны дагуу эд мөрийн баримтаар хураагдсан СД-нд шинжээч томилж, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлсэн бөгөөд Шүүх шинжилгээний хүрээлэнгээс "Гэрч .........., хохирогч .......... нарын хоорондох яриа" бүхий хэрэгт авагдсан СД-г шинжилгээ хийх боломжгүй байна. Учир нь уг дуу хоолойны анхны бичлэг хийсэн төхөөрөмж байхгүй бөгөөд хуулбарласан бичлэгнээс дуу хоолойны шинжилгээ хийх боломжгүй гэсэн хариуг албан тоотоор ирүүлснийг хэрэгт хавсаргасан болно.
Түүнчлэн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогддог Тухайлбал: 1.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 28-36 дугаар хуудас/, хохирогч ..........ын............. хутгаараа орон дээр хатгах гэхэд би цээж рүү нь жийгээд .......... орны урдуур унасан, би орноос бууж ирэхэд .......... баруун гартаа хутга барьсан байсан, би зүүн гарнаас нь бариад тэврээд авах гэхэд баруун гартаа барьж байсан хутгаар миний нуруун тус газар хутгалсан...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43,50-51-рт/, гэрч Э.Болдбаатарын... би Баянчандмань сумын цагдаагийн хяналын постонд д/ч Мөнх-Эрдэнийн хамтаар 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэгтэл 23 цагийн үед Амьтны хүрээлэнд хутгалуулсан хүн байна, хүрээд ир гэсэн би очиход урд талын орон дээр нуруундаа хутаглуулсан хүн их хэмжээний цус алдсан хэвтэж байсан бид хутгалаад зугтаасан залууг хайж байгаад хашаан дотор унтаж байхад барьж авч постон дээр хүргэж өгсөн гэх мэдүүлэг /хх-н 84/, гэрч С.Лхагважавын... 2017 оны 12 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад би унтаж байтал гаднаас Төмрөө намайг хүн алах гээд байна гээд хөл нүцгэн ар нуруундаа хутгалуулсан бие нь нил цус болчихсон орж ирсэн гэх мэдүүлэг /хх-н 70/, гэрч Л...........гийн............., .......... хоёр маргалдаад хоорондоо зодолдсон, нэг харсан чинь ..........ын нуруунд нь .......... хутгалсан... гэх мэдүүлэг /хх-н 71-72,86-87,90-91-рт/, шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гаргасан 142 дугаартай дүгнэлт /хх-ийн 108-109/... Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай эмчийн үзлэгийн тэмдэглэл, өвчний түүх /хх-ийн 58-67/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байхад гэмт хэргийг хэн үйлдсэнийг нотлох гэсэн шүүхийн шийдвэр нь ойлгомжгүй, биелүүлэх боломжгүй.
Мөн шүүхийн шийдвэрт хохирогчийг гомдол гаргах эрхийг тусгаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж дүгнэхээр байна.
Иймд Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШТ/21 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулж анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх, 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар прокурорын эсэргүүцэл бичиж байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор оролцох болно гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор П.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Бичлэгийг яагаад хий болсон талаар гэрч Л........... ярьсан байдаг. CD дээрх яриа нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг нотлох баримт биш учраас хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байна. Иймд шүүхийн тогтоолыг хүчингүй болгон хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ургаа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлтэй. Бичлэгийг дахин шалгах шаардлагатай. Хэдийгээр энэ хэрэг удсан ч гэсэн хэргийн бодит байдлыг тогтоох ёстой. Шүүхийн тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ..........д холбогдох 1734005350111 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор П.Даваасүрэнгийн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч .......... нь 2017 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 01 цаг 58 минутын үед согтуурсан үедээ хохирогч ..........тай маргалдаж тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зуйл хэрэглэн түүний биед цээжний хөндийд нэвтэрсэн, нуруунд хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн хацарт зулгаралт, духны зүүн хэсэгт шарх гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүхээс 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 21 дугаартай тогтоолоор “ ...тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 54 дугаартай тогтоолын 2 дахь хэсэгт заасан “хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан 1 минут 21 секундийн яриа бүхий бичлэгтэй СД-д бичигдсэн яриаг гэрч Л..........., хохирогч .......... нарын хоорондох яриа гэх боловч дуу хоолой нь чухам хэн, хэний дуу хоолой болохыг тогтоогоогүй байна. Энэ нь тус шүүхийн дээрх тогтоолын уг заалтыг биелүүлээгүй... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг..., мөн хуулийн 16.15 дугаар зүйлд заасан ”нотлох баримтыг шалгах, үнэлэх” гэснийг зөрчсөн, улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан ... гэмт хэргийг хэн үйлдсэн.. гэсэн нотолбол зохих байдал нотлогдоогүй” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.
Мөрдөгчийн 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн тогтоолоор яллагдагч ..........аас гэрч Л..........., хохирогч .......... нар ярьсан гэх яриаг CD-нд хуулбарлан өгснийг хэрэгт хавсаргасан байна. /1хх-н 129/ Уг CD-нд бичигдсэн аудио бичлэгийг мөрдөгч 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр сонсож тэмдэглэл үйлджээ. /1хх-н 130/
Анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 54 дугаартай тогтоолд заасан асуудлыг шалгах зорилгоор мөрдөн байцаалтын шатанд мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн тогтоолоор DVD-нд дуу хоолойг адилтгах шинжилгээ хийхийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчид даалгасан байна. /2хх-н 25/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Дүн шинжилгээ, бүртгэлийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, цагдаагийн хошууч Б.Эрдэнэхүүгийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 10/530 дугаартай албан бичгээр шинжилгээнд ирүүлсэн DVD дискэнд хадгалагдаж байгаа дуу авианы бичлэг нь “Шүүхийн шинжилгээний тухай хууль”-ийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг болон “Дуу авианы адилтгалын шинжилгээ хийх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн заалтуудад тус тус нийцэхгүй байгаа тул шинжээч томилж, шинжилгээ хийлгэх нэг хувь тогтоолыг DVD дискийн хамт буцаан хүргүүлсэн байна.
Мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-т заасан хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэйн дагуу хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөн шалгах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу явуулж хохирогч .........., гэрч Э.Болдбаатар, С.Лхагважав, Л........... нараас мэдүүлэг авах, хохирогч ..........ын эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох зорилгоор шинжээч томилж шинжилгээ хийлгэх зэрэг болон бусад нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр 1-т заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэл тогтоогдохгүй байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг харьцуулан шинжлэх, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж, хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт нь хэрэгт хамааралтай ач холбогдолтой эсэхийг хянаж, үнэлэх байдлаар шийдвэрлэж чадаагүй байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ямаат овгийн Баянжаргалын ..........д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Иймд прокурорын эсэргүүцлийг ханган, хэргийг прокурорт буцаах тухай анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгон шүүгдэгч ..........д холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Хэргийг анхан шатны шүүхэд хүргэгдэн очих хүртэл шүүгдэгч ..........д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр
зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШТ/21 дугаартай шүүхийн тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, прокурор П.Даваасүрэнгийн гаргасан эсэргүүцлийг хангасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч ..........д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД Н.ЭНХМАА
Р.МӨНХ-ЭРДЭНЭ