Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2024/0277

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г ХХК /РД:/,

Нэхэмжлэгч: Э ХХК /РД:/,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс,

Гуравдагч этгээд: Т ХХК /РД:/,

Гуравдагч этгээд: Б******* ХХК /РД:/ нарын хоорондын ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талаар гаргасан хариуцагчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э ХХК-ийн төлөөгч А.Б, нэхэмжлэгч Э ХХК-ийн өмгөөлөгч А.Т, нэхэмжлэгч Г ХХК-ийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М, Б.Э, гуравдагч этгээд Т ХХК-ийн төлөөлөгч А.О, өмгөөлөгч Э.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г ХХК-аас Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг, Ц нэртэй газарт орших 226.22 га талбай бүхий газарт Г ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэх Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 8/4571 тоот "Дүгнэлт хүргүүлэх тухай" албан бичгийг хүчингүй болгуулах-аар маргаж байна.

1.1. Гүр улам ундрам ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргад Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг, Ц нэртэй газарт 226.22 га талбай бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан.

1.2. Тус өргөдөлд тусгагдсан талбайд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шүүлт хийн Шүүлтийн үр дүн: Үр дүн шалгах: Татгалзах, үл хүлээн авах, Шалтгаанууд: Өмнө нь бүртгэгдсэн өргөдөлтэй давхцалтай, Сонгон шалгаруулалтанд орох талбайтай давхцалтай, Давхцал: Дараах хориглосон болон хязгаарласан талбайтай давхцсан эсэх: Хүсэлт гаргасан хайгуулийн ТЗ ХА-43*******-001-NE Д******* 166.90, ХА-43*******-001-NE Ц******* 0.24, Хаалттай талбай ХВ-01 Өндөр 125.95, ХВ-01 Ц 42.71 гэсэн тодорхойлолт гаргажээ.

1.3. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргад 8/4571 дугаар Дүгнэлт хүргүүлэх тухай албан бичгээр ...дараах өргөдлийн талбай нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй байна. Үүнд: Сэлэнгэ аймаг Сайхан сумын нутаг: Г ХХК-ийн Ц нэртэй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ХА-43 бүртгэлийн дугаартай 168.92 гектар талбай гэж дурджээ.

1.4. Тус дүгнэлтийг үндэслэн Сэлэнгэ аймгийн Засаг даргаас 2021 оны 10 дугаар сарын 20-ны 01/1085 дугаар албан бичгээр Г ХХК-ийн захирал Г.Лд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй хэмээн мэдэгджээ.

1.5. Нэхэмжлэгч Г ХХК-иас тус мэдэгдлийг хүлээн аваад Ашигт малтмал, газрын тосны газарт 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөрт гомдол гаргасанд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас 2022 оны 08 дугаар сарын 23-ний өдөр 10/4241 дүгээр албан бичгээр ...түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхэд зураг зүйн шүүлт хийж шалгахад түрүүлж ирүүлсэн "Э ХХК-ийн ХА-43******* тоот өргөдөлтэй 166.90 гектар, "Б*******" ХХК-ийн ΧΑ-43******* тоот өргөдөлтэй 0.24 гектар талбайгаар тус тус хэсэгчлэн давхцалтай тул 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 8/4571 тоот албан бичгээр олгох боломжгүй дүгнэлтийг Сэлэнгэ аймгийн Засаг даргад хүргүүлсэн байна. Сэлэнгэ Аймгийн Засаг дарга тус өргөдлийг татгалзаж шийдвэрлэн кадастрын зураг зүйн бүртгэлийн системд 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр бүртгэсэн бүртгэлтэй тул таны хүсэлтийг хүлээн авах боломжгүйг үүгээр мэдэгдье гэсэн хариуг хүргүүлсэн байна.

1.6. Ийнхүү нэхэмжлэгч Г ХХК нь тус шүүхэд нэхэмжлэл гаргаж түүний үндэслэлээ Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, Уул уурхайн Кадастрын хэлтсийн 2021.10. 14-ний өдрийн 8/4571 тоот "Дүгнэлт хүргүүлэх тухай" албан бичиг нь Сэлэнгэ аймгийн Засаг даргаас түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлын үндэслэл болж, улмаар хууль зүйн үр дагаврыг бий болгож байх ба мөн энэхүү албан бичгийг зөрчиж тусгай зөвшөөрлийг аймгийн Засаг даргаас олгох боломжгүй тул давхар захирамжилсан шинжтэй гэж үзэхээр байх бөгөөд тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан, гадагш чиглэсэн зэрэг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны актын шинжийг бүрэн агуулсан захиргааны акт гэж тодорхойлсон.

2. Нэхэмжлэгч Э ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 8/4329 тоот албан бичгээр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Д******* нэртэй газрын 189 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Э ХХК-д олгох боломжгүй талаарх дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгох-оор маргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ...Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Д******* нэртэй газрын 189 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Э ХХК-д олгох боломжтой гэсэн дүгнэлт гаргаж, Сэлэнгэ аймгийн Засаг даргад хүргүүлэхийг даалгах-аар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн.

2.1. Э ХХК-аас анх 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргад Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг, Д******* нэртэй газарт 189 га талбай бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргаснаар тус өргөдөлд тусгагдсан талбайд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр шүүлт хийн Шүүлтийн үр дүн: Үр дүн шалгах: Татгалзах зүйлгүй боловч лавлах зүйл байгаа, Давхцал: Дараах хориглосон болон хязгаарласан талбайтай давхцсан эсэх: Хаалттай талбай ХВ-01 Өндөр 136.88, ХВ-01 Ц 40.99 гэсэн тодорхойлолт гаргажээ.

2.2. Үүнийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 8/4329 дүгээр Дүгнэлт хүргүүлэх тухай албан бичгээр Сэлэнгэ аймгийн Засаг даргад ...дараах өргөдлийн талбай нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй байна. Үүнд:

Сэлэнгэ аймаг Сайхан сумын нутаг:.."Э" ХХК-ийн Д******* нэртэй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ХА-43******* бүртгэлийн дугаартай 189.08 гектар талбай гэх дүгнэлтийг хүргүүлсэн байна.

2.3. Уг дүгнэлтийг үндэслэн Сэлэнгэ аймгийн Засаг даргаас 2021 оны 10 дугаар сарын 08-ны 01/1034 дүгээр албан бичгээр Э ХХК-ийн захирал А.Бид түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй-г мэдэгджээ.

2.4. Нэхэмжлэгч Э ХХК-иас мэдэгдлийг хүлээн аваад Ашигт малтмал, газрын тосны газрын даргад 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөрт өргөдөл гаргасанд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 10/5860 дугаар албан бичгээр ...түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхэд зураг зүйн шүүлт болон эрдсийн хуримтлалтай эсэхийг ашигт малтмалын хайгуулын хэлтсээр шүүлт хийж шалгахад шохойн чулуутай давхцалтай тул 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 8/4329 тоот албан бичгээр олгох боломжгүй дүгнэлтийг Сэлэнгэ аймгийн Засаг даргад хүргүүлсэн байна. Сэлэнгэ Аймгийн Засаг дарга тус өргөдлийг татгалзаж шийдвэрлэн уул, уурхайн кадастрын бүртгэлийн системд 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр бүртгэсэн бүртгэлтэй тул таны хүсэлтийг хүлээн авах боломжгүйг үүгээр мэдэгдье. гэсэн хариуг хүргүүлсэн байна.

2.5. Үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Э ХХК нь тус шүүхэд нэхэмжлэл гаргаж түүний үндэслэлээ Сэлэнгэ аймгийн Сайхан сумын "Д*******" нэртэй газрын 189 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг авах зорилгоор хамгийн түрүүнд өргөдлийг гаргасан. Гэтэл үндэслэлгүйгээр татгалзаж хууль бус шийдвэр гаргасны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн. гэж тодорхойлсон.

3. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШЗ2024/3695 дугаар захирамжаар Э ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох захиргааны хэргийг Г ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох захиргааны хэрэгт нэгтгэжээ.

4. Нэхэмжлэгч Г ХХК-ийн захирал Г.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Манай компани нь замын эрдэс болон барилгын түүний эд болох замаск үйлдвэрлэх талаар нэлээд судалсны эцэст Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Номгон 3 дугаар багийн нутаг болох Цын гантиг чулуу нь стандарт шаардлагыг хангаж болохоор урьдчилсан төлөв гарсан туг 2019.11 21-ний өдөр хууль журамд заасны дагуу холбогдох бүх баримтыг бүрдүүлэн. Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандаж, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг. "Ц" нэртэй газарт орших 226.22 га талбай бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргасан. Ийнхүү манай компанийн гаргасан өргөдлийг төрийн захиргааны байгууллагын зүгээс хууль журамд заасан хугацаанд шийдвэрлэж хариу өгөөгүй ба өргөдлийнхөө хариуг авах талаар манайхаас удаа дараа шаардсан боловч цар тахалтай холбоотойгоор боломжгүй байгаа, өргөдөл шийдвэрлэх хугацааг хууль журмын дагуу сунгагдсан талаар бидэнд удаа дараа хэлж байсан ба мөн манай компанийн өргөдөл болон хавсаргаж өгсөн бух баримтууд алга болсон тул дахин бүрдүүлж өгөхийг хүссэний дагуу шинээр дахин өргөдөл болон бусад баримтуудыг бүрдүүлж өгч байсан Манай компанийг анх дээрх өргөдлийг гаргахтай зэрэгцэн цар тахал COVID-19 коронавирусын халдвар Монгол Улсад тархаж, Монгол Улсын Засгийн газраас удаа дараагийн хөл хорио тогтоож, бүхий нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор төрийн байгууллагууд, тэр дундаа улсын болон аймгийн онцгой комиссын ажлын ачаалал огцом нэмэгдсэн ба энэ нөхцөл байдал 2021 оныг дуустал үргэлжилсэн тул манай компанийн өргөдлийг шийдвэрлэх хугацаа ч сунжирсан гэж ойлгосон.

Энэ мэтээр төрийн байгууллага , албан тушаалтнаас хамаарах шалтгаанаар манай компанийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл маань шийдвэрлэгдэхгүй байсаар 2022 он гарч, төрөөс тогтоосон бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг цуцлагдсан ба манай зүгээс өргөдлийнхөө хариуг шаардсан боловч Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасны дагуу шүүлт хийлгэхээр Ашигт малтмал, газрын тосны газарт манай материалыг хүргүүлээгүй байсан болохыг оло мэдсэн. Хэдийгээр аймгийн Засаг дарга түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох эрх хэмжээг хуулиар эдэлдэг ч аливаа хэлбэрээр давхцал байгаа эсэхийг эхлээд Ашигт малтмал, газрын тосны газраар хянуулж, шүүлт хийлгэдэг гэж ойлгосон.

Ийнхүү манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэж, хариу өгөхгүй байсаар 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр боломжгүй гэх хариуг 2021.10 20-ны өдрийн 01/1085 тоот албан бичгээр өгсөн бөгөөд уг албан бичигт Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, Уул уурхайн Кадастрын хэлтсийн 2021 10 14-ний өдрийн 8/4571 тоот "Дүгнэлт хүргүүлэх тухай" албан бичгээр боломжгүй дугнэлт ирсэн талаар дурджээ

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т "энэ хуулийн 14.1.3-т заасны дагуу анхан шатны шүүлт хийсний дараа өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх", 14.2-т "Төрийн захиргааны байгууллага аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын таван өдөрт багтаан энэ хуулийн 14.1.4-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой, эсхүл боломжгүй талаар мэдэгдэнэ", 14 3-т "Өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай өргөдөл гаргасан этгээдэд аймаг, нийслэлийн Засаг дарга бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэнэ" гэж тус тус заасантай нийцэхгүй гэж үзэж байна.

Учир нь манай компанийн зүгээс 2019.11.21-ний өдөр гаргасан өргөдлийн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан зүйл огт байхгүй байхад ийнхүү боломжгүй гэх хариу өгөх хууль зүйн үндэслэлгүй юм. Энэхүү хариуг манай компанид Сэлэнгэ аймгийн Засаг даргын албан бичгээр 2022 07 08-ны өдөр мэдэгдсэн бөгөөд түүнээс хойш хуульд заасан хугацааны дотор буюу 2022.08 09-ний өдөр манай компаниас Ашигт малтмал, газрын тосны газарт гомдол гаргасны хариуг Кадастрын хэлтсээрээ дамжуулан 2022.08.23-ны өдрийн 10/4241 тоот албан бичгийг 2022 09.08-ны өдөр манайд гардуулан өгсөн ба түүнд дурдахдаа зураг зүйн шүүлт хийж үзэхэд түрүүлж ирүүлсэн "Э" ХХК-ийн ХА-43******* тоот өргөдөлтэй, 166.90 гекта Б*******" ХХК-ийн ХА-43******* тоот өргөдөлтэй, 0.24 гектар талбайгаар тус тус хэсэгчлэн давхцалтай талаар дурдсаныг хүлээн зөвшөөрөх боломжгүй

Учир нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13 1-т "Энэ хуулийн 61 дэх хэсэг 12 дугаар зүйлд заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн хуулийн этгээдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно" гэж заасныг зөрчиж, манай компанийн өргөдөл гаргасан талбай нь ямар нэгэн тусгай зөвшөөрөл бүхий талбай эсхүл хориглосон талбай болон түрүүлж гаргасан өргөдлийн талбайтай давхцалгүй байхад ийнхүү тусгай зөвшөөрлийг олгохоос татгалзсан хэрнээ ийнхүү шийдвэрийг гаргахаасаа ч өмнө манай компанийн өргөдлөөс хойш цаг хугацаанд өргөдөл гаргасан өөр бусад компанид олгож байгаа нь хуулийг ноцтой зөрчиж, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөж байна Түүнчлэн манай компани нь ийнхүү түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргахаасаа өмнө Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн дэмжсэн болно.

Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, Уул уурхайн Кадастрын хэлтсийн 2021 10. 14-ний өдрийн 8/4571 тоот "Дүгнэлт хүргүүлэх тухай" албан бичиг нь Сэлэнгэ аймгийн Засаг даргаас түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлын үндэслэл болж, улмаар хууль зүйн үр дагаварыг бий болгож байх ба мөн энэхүү албан бичгийг зөрчиж тусгай зөвшөөрлийг аймгийн Засаг даргаас олгох боломжгүй тул давхар захирамжилсан шинжтэй гэж үзэхээр байх бөгөөд тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан, гадагш чиглэсэн зэрэг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны актын шинжийг бүрэн агуулсан захиргааны акт байх тул түүнийг хүчингүй болгуулахаар ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг, "Ц" нэртэй газарт орших 226.22 га талбай бүхий газарт "Г" ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэх Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, Уул уурхайн Кадастрын хэлтсийн 2021.10.14-ний өдрийн 8/4571 тоот "Дүгнэлт хүргүүлэх тухай" албан бичгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч Э ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Нэхэмжлэгч "Э" ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын "Д*******" нэртэй газрын 189.08 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч Сэлэнгэ аймгийн Засаг даргад өргөдөл гаргасан. Тус өргөдлийг 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр батлагдсан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан өргөдөл гаргах журмын дагуу зохих ёсоор хандсан. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т "Энэ хуулийн 6.1 дэх хэсэг. 12 дугаар зүйлд заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн хуулийн этгээдэд тугамал тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно" гэж заасан. Манай "Э" ХХК нь 2007 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл авсан бөгөөд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 6.1, 12 дугаар зүйл. Ашигт малтмалын тухай хуулийн 17.1-17.3 зүйлд заасан шаардлагуудыг хангасан хуулийн этгээд. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу Сэлэнгэ аймгийн Засаг дарга нь тус хуулийн 14.1.3-т заасны дагуу анхан шатны шүүлт хийсний дараа өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллага буюу ашигт малтмалын газарт цахим хэлбэрээр хүргүүлсэн. Ашигт малтмал, газрын тосны газраас 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 8/4329 дугаартай албан бичгээр "Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.13-т заасны дагуу түгээмэл тархацтай ашиг малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн дараах өргөдлийн талбай нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй байна. Үүнд: Сэлэнгэ аймаг Сайхан сумын нутаг "Э" ХХК-ийн Д******* нэртэй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ХА-43******* бүртгэлийн дугаартай 189.08 гектар талбай" гэсэн дүгнэлтийг гаргасан.

Энэхүү дүгнэлтэд үндэслэн Сэлэнгэ аймгийн засаг дарга нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 01/1034 дугаартай албан бичгээр "Танай 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 09/12 тоот түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй болсныг мэдэгдье" гэж хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан. Энэхүү татгалзсан албан бичгийг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын холбогдох мэргэжилтнээс нэхэмжлэгч компанийн хувьцаа эзэмшигч Халтар овогтой Бямбажавын цахим мэйл хаяг руу илгээсэн.

Захиргааны байгууллага захиргааны актыг хэрхэн мэдэгдэх талаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд тодорхой зохицуулсан. Тус хуулийн 14.1.3-т "...шаардлагыг хангаагүй бол өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, татгалзсан шалтгаан, үндэслэлийг дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх". 14.2-т "Төрийн захиргааны байгууллага аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын таван өдөрт багтаан энэ хуулийн 14.1.4-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой, эсхүл боломжгүй талаар мэдэгдэнэ", 14.3-т "Өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай өргөдөл гаргасан этгээдэд аймаг, нийслэлийн Засаг дарга бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэнэ" гэж заасан.

Гэтэл манай компанид хуульд заасан журмын дагуу бичгээр мэдэгдээгүй. Харин цахим хэлбэрээр мэдэгдсэн байдаг. Манай компани мэдэгдэх ажиллагааг цахим хэлбэрээр хийсэнд гомдолтой байсан. Мөн тухайн мэдэгдэлдээ Ашигт малтмал газрын тосны газрын дүгнэлтийг үндэслэлийг мэдэгдэх ёстой байсан боловч мэдэгдэх ажиллагааг хийгээгүй. Зөвхөн тухайн өргөдөл гаргасан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй, татгалзсан тухай мэдэгдсэн.

Иймээс бидний хувьд 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 11/13 тоот албан бичгээр гомдол гаргасан. Тус гомдлын агуулга нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 8/4329 тоот албан бичгээр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын "Д*******" нэртэй газрын 189 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг "Э" ХХК-д олгох боломжгүй талаарх дүгнэлт болон Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 01/1034 тоот албан бичгээр "Э*******" ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 09/12 тоот түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг эргэн харж, тус актуудыг хүчингүй болгож өгч, бидэнд үндэслэлтэй, хууль ёсны хариу өгөхийг хүссэн юм.

Гэтэл 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 10/5860 дугаартай "Хариу хүргүүлэх тухай" албан бичгээр "...мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.2-т заасан аймаг, нийслэлийн Засаr даргын хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын таван өдөрт багтаан өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхэд зураг зүйн шүүлт болон эрдсийн хуримтлалтай эсэхийг ашигт малтмалын хайгуулын хэлтсээр шүүлт хийж шалгахад шохойн чулуутай давхцалтай тул 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 8/4329 тоот албан бичгээр олгох боломжгүй дүгнэлтийг Сэлэнгэ аймгийн засаг даргад хүргүүлсэн байна. Сэлэнгэ аймгийн засаг дарга нь тус өргөдлийг татгалзаж шийдвэрлэн уул, уурхайн кадастрын бүртгэлийн системд 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр бүртгэсэн бүртгэлтэй тул таны хүсэлтийг хүлээн авах боломжгүйг үүгээр мэдэгдье" гэж гомдлын хариуг бичгээр өгсөн.

Ашигт малтмал, газрын тосны газраас 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 8/4329 дугаартай албан бичгээр хүргүүлсэн дүгнэлт болон Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 01/1034 тоот албан бичгээр "Э" ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 09/12 тоот түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр нь хууль бус болсон. Үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.

Нэхэмжлэгч нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т "Энэ хуулийн 6.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлд заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн хуулийн этгээдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно" гэж заасны дагуу Сэлэнгэ аймгийн Сайхан сумын "Д*******" нэртэй газрын 189 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг авах зорилгоор хамгийн түрүүнд өргөдлийг гаргасан. Гэтэл үндэслэлгүйгээр татгалзаж хууль бус шийдвэр гаргасны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн.

Ашигт малтмал, газрын тосны газрын гаргасан татгалзсан дүгнэлтийн үндэслэл нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан татгалзах үндэслэлд хамаарахгүй юм. Учир нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар энэхүү хуулийн 14.1.4-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн үндсэн дээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсхүл боломжгүй гэсэн 2 шийдвэрийн аль нэгийг гаргана. Энэ шийдвэрийг гаргахдаа өргөдөлд дурдсан талбай нь 1/ ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, 2/ тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, 3/ түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн шийдвэрийг гаргах тухай хуульд тодорхой заасан.

Гэтэл ашигт малтмал, газрын тосны газрын дүгнэлтэд "зураг зүйн шүүлт болон эрдсийн хуримтлалтай эсэхийг ашигт малтмалын хайгуулын хэлтсээр шүүлт хийж шалгахад шохойн чулуутай давхцалтай тул" олгох боломжгүй гэж үзсэн. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд дээрх үндэслэлээр олгох боломжгүй байх хууль зүйн шалгуур, нөхцөлийг зааж өгөөгүй. Гэтэл хуульд заагаагүй үндэслэлээр татгалзсан. Энэхүү хууль бус захиргааны актыг үндэслэн Сэлэнгэ аймгийн засаг дарга нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын "Д*******" нэртэй газрын 189 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох боломжгүй талаар хууль бус захиргааны актыг гаргасан.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу өргөдөлд дурдсан талбай нь 1/ ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарлаагүй эсхүл хориглоогүй, 2/ тусгай хэрэгцээ, нөөцөд аваагүй, 3/ түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр игзит олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхцаагүй тохиолдолд хамгийн түрүүнд өргөдөл гаргасан хуулийн этгээдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох ёстой. Гэтэл хуульд заагаагүй үндэслэлээр манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, 2021 оны 09 сарын 29 өдрийн 8/4329 тоот албан бичгээр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын "Д*******" нэртэй газрын 189 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг "Э" ХХК-д олгох боломжгүй талаарх дүгнэлтийг Ашигт малтмал, газрын тосны газар гаргасан.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 8/4329 тоот албан бичгээр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын "Д*******" нэртэй газрын 189 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг "Э" ХХК-д олгох боломжгүй талаарх дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгож, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын "Д*******" нэртэй газрын 189 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Э ХХК-д олгох боломжтой гэсэн дүгнэлт гаргаж, Сэлэнгэ аймгийн Засаг даргад хүргүүлэхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Г ХХК нь Сэлэнгэ аймгийн Засаг даргад хүргүүлсэн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 14-ий өдрийн 8/4571 тоот "Дүгнэлт хүргүүлэх тухай" албан бичгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэг. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль 2014 оны 1 дүгээр сарын 09-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн бөгөөд хуулийн 10 дугаар зүйлд Төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг зохицуулсан. Нутгийн захиргааны байгууллагын зүгээс хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дах хэсэгт заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн хүсэлтийн хүрээнд холбогдох шүүлтийг хийж хариуг тухайн аймгийн Засаг даргад хүргүүлдэг. Хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 14-ий өдрийн 8/4571 тоот "Дүгнэлт хүргүүлэх тухай" албан бичиг хүргэгдсэн болно. Тус албан бичгийг Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн албан бичгээр мэдсэн гэх бөгөөд 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн №9 тоот албан бичгээр АМГТГ-т хандаж гомдол ирүүлсэн байх тул хариуг 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 10/4241 тоот албан бичгээр нэхэмжлэгч "Г" ХХК-д хүргүүлсэн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.14-т... Иргэн, хуулийн этгээдээс захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг энэ хуулийн 94 дүгээр зүйлд зааснаар, захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тодорхойлно, 94.1-т Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана... зааснаас үзэхэд нэхэмжлэлд дурдсан албан бичигтэй маргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байгааг шүүх анхаарч үзэх нь зүйтэй байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1. ...Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана... заасныг зөрчсөн байх тул мөн хуулийн 54.1.8 ...энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн... 109 дүгээр зүйлийн 109.2....энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана... гэж заасныг тус тус баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөл бүрэн бүрдсэн байна.

Хоёр: Сэлэнгэ аймгийн Засаг даргаас ирүүлсэн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн "Г" ХХК-ийн өргөдөлд зураг зүйн шүүлт хийж үзэхэд "Б*******" ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ХА-43*******, "Э" ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ХА-43******* дугаартай өргөдлийн талбайтай хэсэгчлэн давхцал үүссэн байна.

Гэтэл нэхэмжлэгч "Г" ХХК-ийн өргөдөл нь 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ХА43 дугаартай бүртгэлтэй байна. Нэхэмжлэгч Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13 1-т. ...Энэ хуулийн 6.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлд заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн хуулийн этгээдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно... заасныг зөрчсөн гэж маргаж байгаа нь дээрх үйл баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын /хуучин нэрээр/ хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 8/4571 тоот "Дүгнэлт хүргүүлэх тухай" албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасан захиргааны актын шинжийг агуулаагүй зөвхөн нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд зураг зүйн шүүлт хийж үзэхэд илэрсэн давхцалыг шалгаж хариуг Сэлэнгэ аймгийн Засаг даргад хүргүүлсэн албан бичиг юм.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

7. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэг: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль 2014 оны 1 дүгээр сарын 09-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн бөгөөд хуулийн 10 дугаар зүйлд Төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг зохицуулсан. Нутгийн захиргааны байгууллагын зүгээс хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дах хэсэгт заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн хүсэлтийн хүрээнд холбогдох шүүлтийг хийж хариуг тухайн аймгийн Засаг даргад хүргүүлдэг.

Хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд Сэлэнгэ аймгийн Засаг даргад Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 8/4329 дүгээр "Дүгнэлт хүргүүлэх тухай" албан бичиг хүргүүлсэн. Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 01/1034 дугаартай албан бичгээр Э ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй талаар мэдэгдэж, өргөдлийг татгалзаж шийдвэрлэн кадастрын бүртгэлийн системд 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр бүртгэсэн байна. Гэтэл Э ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газарт 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хандаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д "Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана" гэж заасныг зөрчсөн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д "Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой" гэж заасныг тус тус баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөл бүрэн бүрдсэн байна.

Хоёр: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Д******* нэртэй газрын 189 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг "Э" ХХК-д олгох боломжгүй талаарх дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д түгээмэл тархацтай ашигт малтмал гэж зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлалыг" гэж тодорхойлсон. Гэтэл Э ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд шүүлт хийхэд шохойн чулуутай давхцалтай байсан тул түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй юм. Тодруулбал шохойн чулуу нь түгээмэл тархацтай ашигт малтмалын төрөл бус харин металл бус ашигт малтмал юм.

Гурав: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Д******* нэртэй газрын 189 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг "Э" ХХК-д олгох боломжтой гэсэн дүгнэлт гаргаж, Сэлэнгэ аймгийн Засаг даргад хүргүүлэхийг даалгах шаардлагын тухайд: Э ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд шүүлт хийхэд шохойн чулуутай давхцалтай тул тус компанид түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэсэн дүгнэлт гаргах боломжгүй юм. Энэ тохиолдолд Сэлэнгэ аймгийн Засаг даргад хүргүүлэхийг даалгаж шийдвэрлэх боломжгүй юм. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

8. Гуравдагч этгээд Т ХХК-ийн захирал А.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай Т******* ХХК нь 2015 оноос эхлэн барилгын материалын хуурай хольц болох Супер 888 брэндийн плитаны цавуу, тэгшилгээний болон өнгөлгөөний хар, цагаан замаскыг олон улсын стандартад нийцүүлэн үйлдвэрлэж, барилгын салбарт 6 дахь жилдээ амжилттай ажиллаж 20 гаруй хүнийг ажлын байраар хангаж, идэвхтэй үйл ажиллагаа явуулж улс эх орныхоо хөгжил дэвшил, тэр дундаа барилгын салбарт үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн.

Манай компани нь 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Засаг даргын А/214 дугаар захирамжаар, Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 8/4576 тоот албан бичиг, Сайхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 19 тоот тогтоол, аймгийн Засаг даргын зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 03 тоот хурлын тэмдэглэлийн дагуу Сэлэнгэ аймаг, Сайхан сум "Ц*******" нэртэй 226,22 га газарт манай Т ХХК-д хайгуулын XV-43******* дугаар тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгосон болно.

Гэтэл Г ХХК манай компанид олгосон тусгай зөвшөөрөл олгосон Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн А/214 тоот захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан, мөн нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 8/4571 тоот дүгнэлттэй холбогдуулан хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан байна. Г ХХК нь удаа дараа захиргааны шүүхүүдэд үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байгаа үйлдэл нь манай байгууллагын хэвийн үйл ажиллагааг тасалдуулах гэсэн увайгүй үйлдэл гэж үзэж байна.

Г ХХК нь нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 8/4571 тоот "дүгнэлт хүргүүлэх тухай" албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйл 94.1.Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана. 94.2.Энэ хуулийн 94.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага уг хугацааг хэтэрснээс хойших гурван сарын дотор нөхөн сэргээх бөгөөд хугацаа сэргээхтэй холбогдсон хүсэлтийг гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана гэж зохицуулсан, дээд шатны гомдол шийдвэрлэх байгууллага байхгүй бол 30 хоногийн дотор Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн зохицуулалтай байх тул гомдол, нэхэмжлэл захиргааны шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримт, эрх бүхий байгууллагын дүгнэлтээр Г ХХК-ийн өргөдөл хүсэлт нь илт кадастр зурагзүйн давхцалтай байсан нь баримтаар тогтоогдож байна. Мөн "Г" ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын дүгнэлт-ийг бус харин 2021 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 8/4571 тоот байгууллага хоорондын "албан бичиг хүргүүлэх тухай" албан бичгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасан захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэсэн агуулгыг тус тус хангахгүй байгаа нь захиргааны хэрэг маргаан биш гэж үзхээр байна. Иймд Г ХХК-ийн нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

9. Гуравдагч этгээд Б******* ХХК-ийн захирал Л.Ө******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Манай компани нь XV-43******* дугаар бүхий Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч бөгөөд тус тусгай зөвшөөрлийг авахдаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт "Энэ хуулийн 6.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлд заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн хуулийн этгээдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно" гэж заасны дагуу Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт орших Ц******* нэртэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Сэлэнгэ аймгийн Засаг даргад 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр албан хүсэлт болон бусад холбогдох бичиг баримтын хамт өгсөн байдаг. Үүнээс хойших түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл манай компанид олгогдох хүртэлх процесс бүхэлдээ хуульд заасан ном журмын дагуу явагдаж манай компани Сэлэнгэ аймгын Засаг даргын 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн А/15 тоот захирамжийг үндэслэн 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 01/492 тоот "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгээр мэдэгдэл хүлээн авч 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий гэрчилгээгээ Сэлэнгэ аймгын Засаг даргаас хүлээн авсан бөгөөд одоог хүртэл хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулж байна. Нийслэл дэх захиргааны хэргийн Анхан шатны шүүхэд гаргасан Г ХХК-ийн нэхэмжлэлд тус компани 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр буюу манай компанийн өргөдөл гаргасан өдрөөс хойш 13 сар 6 хоногийн дараа Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандаж түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан талаар дурдсан байна. Иймд Г ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан байгаа тус компанийн өргөдлөөс хойш цаг хугацаанд өргөдөл гаргасан өөр бусад компанид" тусгай зөвшөөрөл давхардуулж олгосон талаар дурдсан нь манай компанид олгосон тусгай зөвшөөрлийн хувьд хамааралгүй гэж бид үзэж байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх хэсэгт өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагааны талаар зохицуулахдаа ...хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх гэж заасан байх бөгөөд тус магадлан шалгах ажиллагааг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс хариуцан гүйцэтгэдэг.

Иймд манай байгууллага аливаа компанийн гаргасан өргөдөлд дурдсан талбай бусад компанийн өргөдөлд дурдсан талбайтай давхцалтай эсэхэд дүгнэлт гаргах эрх бүхий этгээд биш тул Г ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Засаг даргад гаргасан 2019 оны 11 дүгээр сарын 21- ний өдрийн өргөдөлд дурдсан талбай нь манай компанийн Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалтай эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх боломжгүй юм. Иймд бидний гаргасан хариу тайлбар болон хариу тайлбарт хавсаргасан материалуудыг хянан үзэж Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхэд үүсгэсэн Г ХХК, Э ХХК-иудын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст тус тус холбогдох захиргааны хэргийг хуулийн дагуу хянан үзэж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэлээ.

Нэг. Нэхэмжлэгч Г ХХК-ийн гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 8/4571 тоот "Дүгнэлт хүргүүлэх тухай" албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...манай компани анх 2019 оны 11 сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргад Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг, Ц нэртэй газарт 226.22 га талбай бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан,...түрүүлж ирүүлсэн Э ХХК-ийн ХА-43******* тоот өргөдөлтэй 166.90 гектар, "Б*******" ХХК-ийн ΧΑ-43******* тоот өргөдөлтэй 0.24 гектар талбайгаар тус тус хэсэгчлэн давхцалтай, сонгон шалгаруулалтын талбайтай давхцалтай гэснийг хүлээн зөвшөөрөхгүй гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс манай байгууллагаас Сэлэнгэ аймгийн засаг даргад хүргүүлсэн албан бичиг нь захиргааны актын шинжийг агуулахгүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж, гуравдагч этгээд Т ХХК-ийн төлөөлөгчөөс ...хариуцагчийн тайлбарыг дэмжиж, Б******* ХХК-ийн төлөөлөгчөөс ...манай компанид тусгай зөвшөөрөл олгогдсон гэж тайлбарлан тус тус маргав.

1.2. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 8/4571 тоот "Дүгнэлт хүргүүлэх тухай" албан бичгээр Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандаж Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн дараах өргөдлийн талбай нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй байна, Үүнд: Сэлэнгэ аймаг Сайхан сумын нутаг, Г ХХК-ийн Ц нэртэй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ХА-43 бүртгэлийн дугаартай 168.92 гектар талбай гэжээ.

1.3. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдэд олгоно. гэж, 10 дугаар зүйлийн 10.1-д Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага доор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ 10.1.-д түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн бүртгэл хөтлөх 10.1.2-д түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн зураг зүйн бүртгэл хөтлөх 10.1.3-т ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар дүгнэлт гаргаж Засаг даргад хүргүүлэх гэж, хуулийн 14.1-т Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 13.2-т заасан өргөдлийг хүлээн авч, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 2-т зааснаас гадна дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:, 14.1.3-д өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 12.1, 12.2, 13.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд бүртгэсэн даруйд нь анхан шатны шүүлт хийж, шаардлагыг хангаагүй бол өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, татгалзсан шалтгаан, үндэслэлийг дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр мэдэгдэж, бүртгэлд энэ тухай тэмдэглэх;, 14.1.4-т энэ хуулийн 14.1.3-т заасны дагуу анхан шатны шүүлт хийсний дараа өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх., 14.2-т Төрийн захиргааны байгууллага аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан энэ хуулийн 14.1.4-т заасан магадлан шалгах ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр холбогдох дүгнэлтийг цахимаар хүргүүлнэ. гэж тус тус заасан.

1.4. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Г ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гаргасан ХА-43-001-NE өргөдлийн дагуу уг өргөдөлд заасан солбицол бүхий 168,92 га талбайд дүгнэлт гаргуулахаар Сэлэнгэ аймгийн засаг даргаас материалыг цахимаар ирүүлсэн, үүнийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт хийснээр Шүүлтийн үр дүнд Үр дүн шалгах: Татгалзах, үл хүлээн авах, Шалтгаанууд: Өмнө нь бүртгэгдсэн өргөдөлтэй давхцалтай, сонгон шалгаруулалтанд орох талбайтай давхцалтай, Давхцал: Дараах хориглосон болон хязгаарласан талбайтай давхцсан эсэх: Хүсэлт гаргасан хайгуулын ТЗХА-43*******-001-NE Д******* 166.90, ХА-43*******-001-NE Ц******* 0.24, Хаалттай талбай ХВ-01 Өндөр 125.95, ХВ-01 Ц 42.71 гэх тодорхойлолт гаргасан, уг тодорхойлолтыг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 8/4571 тоот "Дүгнэлт хүргүүлэх тухай" албан бичгийг гаргасан болох нь тус тус тогтоогдов.

1.5. Дээр дурдсанчлан, хүсэлт гаргасан хайгуулын ТЗ ХА-43*******-001-NE Д******* 166.90 гэх өргөдлийн талбай нь Э ХХК-ийн гаргасан өргөдлийн талбай, харин ХА-43*******-001-NE Ц******* 0.24 гэх талбай нь Б******* ХХК-ийн гаргасан өргөдлийн талбай болох нь тус тус тогтоогдсон, мөн энэ нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн хайгуулын тусгай зөвшөөрлийн дотоод хяналтын хуудсаар давхар нотлогдсон болно.

1.6. Эндээс Гүр улам ундрам ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 21-нд анх өргөдөл гаргасан гэх болон 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Дархан-Уул аймгийн Дархан суманд орших 226,22 га талбайд гэх өргөдлийг ...талбайг андуурч бичсэн гэх, дахин өргөдлөө нөхөж гаргасан гэх, 12 ширхэг солбицлоор дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн гэх үйл баримтууд нь нэхэмжлэгч Г ХХК-ийн Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэгдэх асуудал тул энэ талаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх дүгнэлт өгөхгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компани анх хэдийд хүсэлтээ Сэлэнгэ аймгийн засаг даргад гаргасан гэх үйл баримт энэ маргааны тухайд хамааралгүй, харин Сэлэнгэ аймгийн засаг даргаас цахимаар ирүүлсэн хүсэлтийн дагуу тус компанийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гаргасан ХА-43-001-NE өргөдлийн дагуу гаргасан хариуцагч байгууллагын дүгнэлтийн хүрээнд энэхүү шийдвэрийг гаргасныг тэмдэглэх нь зүйтэй.

1.7. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дээр дурдсан заалтуудаас үзвэл түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд нь тухайн талбай орших Аймаг, Нийслэлийн засаг дарга байх бөгөөд уг тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргаж буй талбайн солбицлууд нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох хүсэлтийг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст цахимаар хүргүүлэх, хариуцагч төрийн захиргааны байгууллага нь уг өргөдлийн дагуу хуулийн 14.2-т заасан нөхцөл байдал үүссэн эсэхийг зураг зүйн шүүлтийн үндсэн дээр шалгаж тогтоох, түүний үр дүнг үндэслэн Засаг дарга нь өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэл хүргэхээр тус тус зохицуулжээ.

1.8. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс дээрхи хуулийн 14.1.4-т заасан ажиллагааг хийж гүйцэтгэсний үндсэн дээр нэхэмжлэгчийн хүсэлт болгож буй өргөдлийн талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжгүй талаар дүгнэлт гаргаж, энэ тухайгаа 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 8/4571 дүгээр албан бичгээр Сэлэнгэ аймгийн Засаг даргад хүргүүлсэн байх ба уг дүгнэлтийг хариуцагч болон гуравдагч этгээдээс захирамжилсан шинжгүй, мэдэгдэл учраас захиргааны акт биш гэж маргасан боловч Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж зааснаас үзвэл хариуцагчийн, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 8/4571 дүгээр албан бичиг нь нэхэмжлэгчид үр дагавар үүсгэсэн, захирамжилсан шинж бүхий захиргааны акт мөн гэж шүүх дүгнэв.

1.9. Учир нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 8/4571 дүгээр ...тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэх дүгнэлтэд үндэслэн Сэлэнгэ аймгийн Засаг даргаас нэхэмжлэгч компанид тухайн тусгай зөвшөөрлийг олгох боломжгүй гэж шийдвэрлэсэн, Аймгийн засаг даргын үйл ажиллагааны талаар нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа нь тогтоогдсон, энэ тохиолдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан дүгнэлт хүргүүлэх тухай албан бичиг нь захиргааны акт биш, үр дагавар үүсгэхгүй гэх тайлбар бодит үнэнд нийцэхгүй, нөгөө талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 0119 дүгээр тогтоолоор ...дүгнэлт...нь захиргааны актын шинжийг агуулаагүй гэж дүгнэсэн Шүүгчийн захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон, уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр байгаа болно.

1.10. Тухайн маргаан бүхий захиргааны актаар хариуцагч нь нэхэмжлэгч Г ХХК-ийн, Ц нэртэй 168.92 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ХА-43-001-NE бүртгэлийн дугаар бүхий өргөдлийг хянаад ...Э ХХК-ийн, өмнө нь бүртгэгдсэн өргөдөлтэй давхцалтай гэж дүгнэсэн боловч Э ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн ХА-43*******-001-NE бүртгэлийн дугаар бүхий өргөдлийг шохойн чулуу давхцалтай гэх үндэслэлээр 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 8/4329 дүгээр дүгнэлтээр тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж дүгнэн Э ХХК-ийн өргөдлийг хааж шийдвэрлэснээр уг талбай нь сул чөлөөтэй болсон, давхцалгүй талбай гэж үзэхээр байхад ...өмнө нь бүртгэгдсэн өргөдөлтэй давхцалтай гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

1.11. Түүнчлэн шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий захиргааны актыг гаргасан үндэслэлээ ...Э ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн ХА-43*******-001-NE дугаар өргөдөлтэй давхацсан гэж үзээгүй, зөвхөн Б******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайтай 0,24 га-гаар давхацсан..-ыг үндэслэсэн гэж хоёрдмол агуулгаар буюу өмнө гаргасан бичгийн тайлбарт дурдсан үндэслэлээ үгүйсгэсэн тайлбар гаргасан.

1.12. Эндээс дүгнэвэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 8/4571 дүгээр дүгнэлтэнд заасан ...түрүүлж ирүүлсэн "Э ХХК-ийн ХА-43******* тоот өргөдөлтэй 166.90 гектараар давхцалтай гэх үндэслэл хууль бус болох нь тогтоогдож байхаас гадна сонгон шалгаруулалтанд орох талбайтай давхцалтай гэх үндэслэлээр татгалзсан боловч энэ үндэслэлээ нотлох баримтуудыг хариуцагч захиргааны байгууллага шүүхэд гаргаж мэтгэлцээгүй, уг татгалзлаа дэмжихгүй байна.

1.13. Түүнчлэн хариуцагч нь Б******* ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий талбайтай 0,24 га-гаар давхацсан гэх үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан гэж тайлбарласан боловч хариуцагчийн татгалзсан дүгнэлтийн эхний үндэслэлийг шүүх дээр дурдсанчлан хууль бус гэж дүгнэсэн ба харин 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийн талбайд шүүлт хийх үед Б******* ХХК-д тусгай зөвшөөрөл олгогдоогүй байсан буюу тус компанид Сэлэнгэ аймгийн засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/15 дугаар захирамжаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг Ц******* нэртэй 83,49 га газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдсон тул хүсэлт гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөлтэй давхацсан гэж үзэхгүй, дүгнэлтийн энэ хэсэг мөн хууль бус гэж шүүх дүгнэв.

1.14. Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас Сэлэнгэ аймгийн засаг даргад хүргүүлсэн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 8/4571 дүгээр Дүгнэлт хүргүүлэх тухай албан бичгийг /дүгнэлтийг/ хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Хоёр. Э ХХК-ийн гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын, 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 8/4329 дүгээр дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2.1. Нэхэмжлэгч Э ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...шохойн чулуутай давхцалтай гэж татгалзсан нь захиргааны байгууллага сонгох боломжоо хэтрүүлсэн, хэрвээ манай компанийн тухайд энэ үндэслэлээр татгалзаж байгаа бол Т ХХК-д ч олгогдох боломжгүй, хуулийн 10.1.3-д заасны дагуу олгох боломжгүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч уг дүгнэлт нь захиргааны акт биш, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, шохойн чулуутай давхцалтай нь тогтоогдсон ба шохойн чулуу нь түгээмэл тархацтай ашигт малтмалд хамаардаггүй... гэж, гуравдагч этгээд Т ХХК бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

2.2. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д түгээмэл тархацтай ашигт малтмал гэж зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлалыг" хэлэхээр, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага доор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ 10.1.-д түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн бүртгэл хөтлөх 10.1.2-д түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн зураг зүйн бүртгэл хөтлөх 10.1.3-т ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар дүгнэлт гаргаж Засаг даргад хүргүүлэх-ээр тус тус заасан.

2.3. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Э ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт 189,08 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргаснаар ХА-43*******-001-NE-д бүртгэгдэж улмаар Сэлэнгэ аймгийн засаг даргаас тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст материалыг цахимаар ирүүлсэн байна.

2.4. Түүнчлэн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөр огноолсон, уг өргөдлийн дотоод хяналтын хуудсанд шохойн чулуу давхцалтай гэж үзсэн, харин өргөдөлд дурдсан солбицлын дагуу кадастрын системд зураг зүйн шүүлт хийсэн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт хийсэн тодорхойлолт-оор татгалзах зүйлгүй боловч лавлах зүйл байгаа, дараах хориглосон болон хязгаарласан талбайтай давхацсан эсэх: хаалттай талбай ХВ-01 Өндөр-136,88, ХВ-01 Ц 40,99, түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14.3-т заасан талбайтай давхцалгүй гэх шүүлтийн дүнг гаргаж ирүүлсэн, үүнийг үндэслэн Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 8/4329 дүгээр Дүгнэлт хүргүүлэх тухай албан бичгээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн дараах өргөдлийн талбай нь түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй байна, үүнд: Э ХХК-ийн Д******* нэртэй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ХА-43*******-001-NE бүртгэлийн дугаартай 189,08 гектар талбай гэжээ.

2.5. Үүнээс үзвэл нэхэмжлэгч Э ХХК-ийн өргөдлийн дагуу зураг зүйн шүүлт хийснээр түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн байхад Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 8/4329 дүгээр Дүгнэлт хүргүүлэх тухай албан бичгээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн дараах өргөдлийн талбай нь түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэх дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

2.6. Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс зурагзүйн хувьд татгалзалгүй гэсэн дүгнэлт гарсны дараа хариуцагч байгууллагын дотоод хяналтын хуудас гэх баримтын хүсэлт гаргасан талбайд орд илрэл, давхцалтай эсэхийг шүүх гэсэн хэсэгт шохойн чулуу давхцалтай гэж дүгнэсэн, шохойн чулуу нь түгээмэл тархацтай ашигт малтмал биш гэх тайлбар гаргасан боловч энэ талаархи тайлбар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шохойн чулууны орд илрэлтэй тухайн талбай давхцаж байгаа гэж шууд дүгнэх боломжгүй, шүүх дараахь үндэслэлээр уг тайлбарыг бодит байдалд нийцээгүй тул хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь:

2.7. Хэрэгт цугларсан нотлох баримт болох Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 8/4329 дүгээр Дүгнэлт хүргүүлэх тухай албан бичгийг үндэслэн гаргасан Сэлэнгэ аймгийн засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 01/1034 дүгээр албан бичгээр Э ХХК-д уг талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй-г мэдэгдсэний дараа 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гаргасан Т ХХК-ийн ХА-43*******-001-NE өргөдлийг хүлээн авч хариуцагч захиргааны байгууллагад хүргүүлснийг үндэслэн Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт хийсэн тодорхойлолт-оор Байршил: Аймаг: Сэлэнгэ, Сум: Сайхан, Нийт талбайн хэмжээ /га/: 226.22, Планшетийн дугаар: М-48-92. Шүүлтийн үр дүн: Үр дүн шалгах: Татгалзах зүйлгүй боловч лавлах зүйл байгаа, Шалтгаанууд: Өмнө нь бүртгэгдсэн өргөдөлтэй давхцалтай, Сонгон шалгаруултанд орох талбайтай давхцалтай.Давхцал: Дараах хориглосон болон хязгаарласан талбайтай давхцсан эсэх: Хүсэлт гаргасан хайгуулын ТЗ ХА-43-001-NE Цахиур уул 168.67,Хаалттай талбай ХВ-01 Өндөр 152.27,Хаалттай талбай ХВ-015159 Элстэй 13.14,Хаалттай талбай ХВ-015538 Сайхан-1 18.02,Хаалттай талбай ХВ-01 Ц 42.77 Тайлбар: ХА-43-001-NE тоот өргөдөл 2021 оны 10 дугаар сарын 14-ны өдөр 8/4571 тоот дүгнэлтээр олгох боломжгүй мэдэгдэл хүргүүлсэн байна гэж тодорхойлсон тухай өргөдлийн дотоод хяналтын хуудаснаас үзвэл орд илрэл давхцалгүй, талбайн 90 хувь нь шохойн чулуутай-г тус тус тодорхойлсон болох нь тогтоогдов.

2.8. Түүнчлэн энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож буй Т ХХК-ийн ХА-43*******-001-NE өргөдлийн дагуу Ашигт малтмал газрын тосны газрын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 8/4576 Дүгнэлт хүргүүлэх тухай албан бичгээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн дараах өргөдлийн талбай нь тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түүнчлэн түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцалгүй тул түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой байна. Үүнд: Сэлэнгэ аймаг Сайхан сумын нутаг: "Т*******" ХХК-ийн Номгон Цахиурт нэртэй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ХА-43******* бүртгэлийн дугаартай 226.22 гектар талбай хэмээн дүгнэсэн.

2.9. Уг дүгнэлтийг үндэслэн гарсан Сэлэнгэ аймгийн засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/214 дүгээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай захирамжаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5, 13 дугаар зүйлийн 13.1, 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5, 14.7, дэх заалтуудыг тус тус үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 8/4576 тоот албан бичиг, Сайхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 19 тоот тогтоол, аймгийн Засаг даргын Зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 03 тоот хурлын тэмдэглэлийн дагуу Сэлэнгэ аймаг, Сайхан сумын нутаг "Ц*******" нэртэй 226,22 га газарт "Т" ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэсэн үйл баримтууд тогтоогдов.

2.10. Эдгээр үйл баримтуудаас үзвэл хариуцагч захиргааны байгууллагаас Э ХХК-ийн хүсэлт болгосон талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй шалтгаанаа шохойн чулуу илрэлтэй гэж үзэж татгалзсан атлаа яг тухайн талбайд дараа нь өргөдөл гаргасан Т ХХК-ийн тухайд мөн шохойн чулуу илрэлтэй гэж тодорхойлсон байхад түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж дүгнэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан захиргааны байгууллагын үйл ажиллагаанд дараахь тусгай зарчмыг баримтална, 4.2.1-д хуульд үндэслэх;, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн хууль бус шийдвэр гэж шүүх үзлээ.

2.11. Өөрөөр хэлбэл хариуцагч захиргааны байгууллага нь ижил нөхцөлд гаргасан 2 компанийн өргөдлийг шийдвэрлэхдээ хоёуланд нь түгээмэл тархацтай ашигт малтмалд хамаардаггүй шохойн чулууны орд-ын давхцал үүссэн нь тодорхойлогдсон байхад чухам ямар үндэслэлээр нэг компанид нь олгох боломжтой гэх дүгнэлт гаргасан нь тодорхойгүй, энэ тохиолдолд захиргаа Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 14.1.4-т заасан ажиллагааг гүйцэтгэх явцад хуульд заасан сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлж, өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт хууль бус болох нь тогтоогдож байна.

2.12. Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас Сэлэнгэ аймгийн засаг даргад хүргүүлсэн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 8/4329 дүгээр Дүгнэлт хүргүүлэх тухай албан бичгийг /дүгнэлтийг/ хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

3. Нэхэмжлэгч Э ХХК-ийн гаргасан Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Д******* нэртэй газрын 189 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Э ХХК-д олгох боломжтой дүгнэлт гаргаж Сэлэнгэ аймгийн Засаг даргад хүргүүлэхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

3.1. Нэхэмжлэгч Э ХХК-ийн гаргасан энэхүү шаардлага нь хариуцагч захиргааны байгууллагын сонгох боломжийн хүрээнд, түүнчлэн тус байгууллагын хуулиар тогтоосон чиг үүрэгт хамаарч байх тул шүүх Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Д******* нэртэй газрын 189 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Э ХХК-д олгох боломжтой дүгнэлт гаргаж Сэлэнгэ аймгийн Засаг даргад хүргүүлэхийг хариуцагчид шууд даалгаж шийдвэрлэх боломжгүй.

3.2. Нөгөө талаар нэхэмжлэгч Э ХХК-ийн гаргасан, тухайн өргөдлийн солбицолд дурдсан талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг гуравдагч этгээд Т ХХК-д Сэлэнгэ аймгийн засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/214 дүгээр шийдвэрээр олгосон, уг хүчин төгөлдөр захиргааны шийдвэртэй хэргийн оролцогчид маргаагүй байгаа нөхцөлд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй. гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийх эрхгүй.

3.3. Иймд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1 Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 14 дүгээр зүйлийн 14.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 8/4571 тоот Дүгнэлт хүргүүлэх тухай албан бичгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 8/4329 тоот Дүгнэлт хүргүүлэх тухай албан бичгийг хүчингүй болгож, тус компанийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Д******* нэртэй газрын 189 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Э ХХК-д олгох боломжтой гэсэн дүгнэлт гаргаж, Сэлэнгэ аймгийн Засаг даргад хүргүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 болон 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч тус бүрт 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгож, нэхэмжлэгч Э ХХК-иас илүү төлсөн 70.200 төгрөгийг буцаан олсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН