Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 977

 

 

 

 

 

 

 

 

 

Х

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2020/00451 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х  хариуцагч А ХХК-д холбогдуулан 2016, 2017 оны зохицуулах үйлчилгээний хөлс 3 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Л,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Х, Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Х  А ХХК-ийн хооронд 1010/B/CA 05 тоот контент агрегаторын үйлчилгээ эрхлэх В ангиллын зөвшөөрлийн гэрээг байгуулсан. Талууд гэрээг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаатайгаар байгуулсан. Тус гэрээний 6.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх журмын дагуу ээлжит жилийн төлбөрийг тусгай зөвшөөрөл олгосон тухай шийдвэр гаргасан өдрөөс нэг сарын өмнө зохицуулах хорооны Голомт банкин дахь 1102626829 тоот дансанд төлнө” гэж зааж өгсөн байдаг. 1010/B/CA 05 тоот контент агрегаторын үйлчилгээ эрхлэх В ангиллын зөвшөөрлийн гэрээний төлбөр болох 3 000 000 төгрөгийг А ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь контент агрегаторын үйлчилгээ эрхлэх В ангиллын зөвшөөрлийн гэрээг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 3 жилийн хугацаатай байгуулсан. Энэхүү гэрээний дагуу тусгай зөвшөөрлийн төлбөр бус харилцаа холбооны зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлс болох 1 500 000 төгрөгийг бүрэн төлсөн. Нэхэмжлэгч нь харилцаа холбооны зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлс гэдэг ойлголтыг тусгай зөвшөөрлийн төлбөр мэтээр зориуд худал тайлбарлаж байна. Контент агрегаторын үйлчилгээ эрхлэх В ангиллын зөвшөөрлийн гэрээнд заасан мөнгөн дүн нь харилцаа холбооны зохицуулах хороон 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн батлах тухай 58 дугаар тогтоолоор батлагдсан ба энэхү тогтоолд жил бүр төлнө гэсэн үг үсэг огт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Харилцаа холбооны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.10-д зааснаар хариуцагч А ХХК-аас 3 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х т олгож,

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 62 950 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: А ХХК нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Х (РД:9089314) -ын нэхэмжлэлтэй, А ХХК-д  холбогдох гэрээний үүрэгт 3 000 000 төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэрэгт хариуцагчаар оролцсон. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2020/00451 дүгээр шийдвэрийг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. "... Контентийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авч 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд тухайн үйл ажиллагааг явуулсан..." гэж дүгнэсэн тухайд хариуцагч нь 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 3 жилийн хугацаатай "1010/В/СА 05 тоот контент агрегаторын үйлчилгээ эрхлэх "В" ангиллын зөвшөөрлийн гэрээ" байгуулсан хэдий ч тус тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа огт явуулаагүй. Өөрөөр хэлбэл тухайн тусгай зөвшөөрлийг ашиглаж, орлого олоогүй. Тус зөвшөөрлийн дагуу орон даяар 6 оронтой текст мессэж хүлээж авах тусгай дугаар ашиглах үйл ажиллагаа хамаарах бөгөөд тусгай зөвшөөрөл гарах үед хүсэлт гаргаснаас хойш 2 жил өнгөрсөн байсан бөгөөд хамтран ажиллахаар төлөвлөж байсан байгууллага өөр байгууллагыг сонгосон тул бид цаашид тус зөвшөөрлийг ашиглах боломжгүй болсон. Гэтэл шүүхээс хариуцагчийг тухайн үйл ажиллагааг явуулсан гэж дүгнэсэн нь нотолгоонд суурьлаагүй дүгнэлт болсон. "Харилцаа холбооны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-д "...тусгай зөвшөөрөл эзэмшигчид үзүүлэх зохицуулалты үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох журмыг батлах", "...зохицуулалтын үйлчилгээний хөлсний хувь хэмжээг тогтоох” заасан бүрэн эрхийг ... Харилцаа холбооны зохицуулах газар хэрэгжүүлнэ” гэсэн тухайд нэхэмжлэгч нь 2015 оны 07 дугаар сарын 29-ний 40 тоот тогтоолоор “Харил1 холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ыг баталсан байх ч тү журам нь Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэгдээгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэнэ”, мөн хуулийн 67 дугаар зүйл 67.2-т “Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ.”, 67.3- т “Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй” гэжээ. Иймээс бид тусгай зөвшөөрлийн үйлчилгээний хөлсийг зөвшөөрлийн төлбөр хэмээн тодорхойлж, жилээр төлөхөөр тогтоосон журам нь хүчингүй байгаа тул тус журмаар заасан үүргийг биелүүлээгүй нь хариуцлага хүлээх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Түүнчлэн нэхэмжлэгч хариуцагчид гэрээний хүчин төгөлдөр хугацаа болох 3 жилийн турш чухам ямар “ зохицуулалтын үйлчилгээ” үзүүлснээ нотлох баримтаар огт нотлоогүй, үнэхээр хариуцагчийн зүгээс нэхэмжпэгчээс үзүүлсэн зохицуулалтын үйлчилгээг авчихаад үйлчилгээний хөлсөө төлөхгүй байгаад байна уу гэдгийг шүүх анхаарч үзсэнгүй. “...Хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар ... зохицуулах хороо тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулах бөгөөд Зөвшөөрлийн гэрээнд энэ зүйлд заасан тусгах зүйлийг бүрэн тусгаагүй, цаашид үйл ажиллагаагаа хуульд нийцүүлэн хэрэгжүүлэхийг дурдав” гэсэн тухайд Шүүх дээр дүгнэлтийг зөв хийсэн боловч хууль зөрчсөн, хуульд заасан шаардпагыг ноцтой зөрчсөн гэрээг эрх зүйн хувьд хүчин төгөлдөр гэж үзэн , шаардах эрх бий гэж хүлээн зөвшөөрч байгааг хүлээн авах боломжгүй байна. Эрх зүйн хувьд зөрчилтэй гэрээ байгуулсан этгээд үр дагаврыг өөрөө хариуцаж шаардах эрх нь гэрээний бус үүрэг, үндэслэлгүй хөрөнгөжсөнтэй холбоотой үүсч болох юм. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн үзүүлсэн ямар үйлчилгээ хариуцагчийн хөрөнгөжүүлснийг нотлох үүрэгтэй болно. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Х нь хариуцагч А ХХК-д холбогдуулан 2016 он, 2017 оны зохицуулах үйлчилгээний хөлс 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ “...контент агрегаторын үйлчилгээ эрхлэх “В” ангиллын зөвшөөрлийн 2 жилийн төлбөрт 3 000 000 төгрөг гаргуулна” гэж, хариуцагч “...тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсөнд 1 500 000 төгрөг төлсөн, жил бүр төлөх зохицуулалт байхгүй тул зөвшөөрөхгүй” гэж тус тус тайлбар гаргасан байна. /хх-1, 21/

 

Хэргийн 13-14 дүгээр тал дах баримтаар хариуцагч А ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Харилцаа холбооны зохицуулах хороонд контент агергаторын тусгай зөвшөөрөл авах тухай хүсэлт гаргаж байсан болох нь тогтоогджээ.

 

Талуудын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 1010/В/СА 05 тоот контент агрегаторын үйлчилгээ эрхлэх “В” ангиллын зөвшөөрлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр А ХХК-д 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл 3 жилийн хугацаатай, Монгол улсын нутаг дэвсгэрт контент агрегаторын үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл эзэмшүүлэх, тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг тусгай зөвшөөрөл олгосон тухай шийдвэр гарсан өдрөөс нэг сарын өмнө төлөхөөр тохиролцсон болох нь зохигчдын тайлбар болон хэргийн 7-11 дүгээр талд авагдсан гэрээ зэрэг баримтаар тогтоогдсон бөгөөд энэ талаар хэн аль нь маргахгүй байна.

 

Дээрх гэрээг байгуулсаны дараа хэргийн 6-12 дугаар тал дахь баримтаар Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр А ХХК-д 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд Монгол улсын нутаг дэвсгэрт контент нийлүүлэх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгосон, гэрээний дагуу зохицуулалтын үйлчилгээний хөлс 1 500 000 төгрөг хариуцагч төлсөн үйл баримт тогтоогдсон энэ талаар талууд маргасангүй.

 

Харилцааны холбооны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх хэсэгт Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь “тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох журмыг батлах”, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11 дэх хэсэгт Зохицуулах хороо нь “энэ хуулийн 6.1.4-д заасан журмын дагуу зохицуулалтын үйлчилгээний хөлсний хувь хэмжээг тогтоох” эрхийг тус тус хэрэгжүүлэхээр заажээ.

 

Харилцаа холбооны зохицуулах хорооны цахим сайтад тавигдсан тогтоолоор дээрх хуулийг үндэслэн Харилцаа холбооны зохицуулах хороо нь 2002 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 4 тоот тогтоолоор Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журмыг баталсан байх ба уг журамд 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 70 тоот тогтоолоор, 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 8 тоот тогтоолоор, 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 38 тоот тогтоолоор, 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 40 тоот тогтоолоор тус тус өөрчлөлт оруулан мөрдөж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэргийн 78-99 дүгээр тал дах баримтаар тогтоогдож байна.

 

Мөн Харилцаа холбооны зохицуулах хорооны 2011 оны 15 тоот тогтоолоор Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг  “контент агрегаторын үйлчилгээний тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний жилийн хөлсний хэмжээ 1 500 000 төгрөг”-өөр тогтоожээ. /хх-32-38/

 

Ийнхүү Улсын Их Хурлаас Захиргааны ерөнхий хуулийг батлахаас өмнө талууд 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр контент агрегаторын үйлчилгээ эрхлэх “В” ангилалын зөвшөөрлийн гэрээ байгуулсан, хариуцагчид 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Монгол улсын нутаг дэвсгэрт контент нийлүүлэх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон тул дээрх Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам, Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ тогтоосон тогтоол нь Захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгэлгүй гэх хариуцагчийн тайлбар болон гомдол  үндэслэлгүй болно.

 

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2011 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 15 тоот тогтоолоор Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг  тогтоосон тогтоолын хавсралтын 3.2-т жил бүрийн мөнгөний ханшийн өөрчлөлтэй уялдуулан зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоож болно гэж зааснаас үзвэл хариуцагчийн жил бүр зохицуулалтын үйлчилгээний хөлс төлнө гэсэн зохицуулалт байхгүй гэх тайлбар болон гомдол үндэслэлгүй.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээгээр хариуцагч нь контент агрегаторын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авсан байгаа байдал болон Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журамд зааснаар зохицуулалтын үйлчилгээний хөлс нь зөвшөөрлийн төлбөр гэж үзэх үндэслэлтэй. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах хороонд хариуцагч “Ай контент” ХХК-иас 2016-2018 оны зөвшөөрлийн төлбөр 3 000 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь зөв боловч уг мөнгөн хөрөнгийг зохицуулах үйлчилгээний хөлс гэж дүгнэсэн нь буруу байгааг зөвшөөрлийн төлбөр гэж залруулна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2020/00451 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 62 950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                ШҮҮГЧИД                                      Ш.ОЮУНХАНД

 

                                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ