Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2024/0305

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улсын ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга, ахлах прокурор Д.С

Нэхэмжлэгч: Улсын ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны хяналтын прокурор Б.И

Нэхэмжлэгч: Нийслэлийн прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурор Ш.С

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Гуравдагч этгээд: А.Б /РД: /

Гуравдагч этгээд: Б ХХК /РД:/ нарын хоорондын Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай А/955 дугаар захирамжийн хавсралт 65-д заасан ******* овогт А*******ын Бд холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1279 дугаар захирамжийн Б ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах маргааныг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.С, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л, гуравдагч этгээд Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О*******, Б.М, гуравдагч этгээд Б ХХК-ийн өмгөөлөгч Х.Ц, гуравдагч этгээд А.Бгийн өмгөөлөгч Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Улсын ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга, ахлах прокурор Д.С, Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны хяналтын прокурор Б.И, Нийслэлийн прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурор Ш.С нар нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай А/955 дугаар захирамжийн хавсралт 65-д заасан ******* овогт А*******ын Бд холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1279 дугаар захирамжийн Б ХХК-нд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар маргаж байна.

2. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/955 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд нэгж талбарын 18 дугаар бүхий 1094 м.кв газрыг А*******ы Бд Үйлчилгээ, контор-ын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

3. 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр А.Б, Б ХХК нар нь газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулжээ.

4. Б ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 08 дугаар албан бичгээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд нэгж талбарын 18 дугаар бүхий 1094 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг Б ХХК-нд шилжүүлэх тухай хүсэлт гаргасан байна.

5. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1279 дугаар захирамжаар А.Бгийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Б ХХК-нд шилжүүлсэн байна.

6. 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 01122- дугаар Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон Б ХХК нар нь байгуулжээ.

7. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ-1/115 дугаар албан бичгээр Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жад хандаж ..Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Нийслэл Улаанбаатар хотод үргэлжлэн орсон борооны улмаас үер усны аюултай нөхцөлийг бүрдүүлж, усны сан бүхий газарт тогтоосон хамгаалалтын бүсийг зөрчиж газар эзэмших, ашиглах зөвшөөрөл олгосон, үер усны далан шуудууг сэтлэн барилга, байгууламж барьсан этгээдүүдээс төр, олон нийтэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах агуулга бүхий албан бичгийг хүргүүлсэн байна.

8. Монгол Улсын Ерөнхий прокурорын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/86 дугаар Ажлын хэсэг байгуулах тухай тушаалаар Нийслэлийн Улаанбаатар хотод үүссэн үер, усны аюултай нөхцөл байдлын улмаас бий болсон хор уршиг, шалтгаан нөхцөл, эрх бүхий албан тушаалтан, хуулийн этгээдийн үйл ажиллагаа, шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийж, төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан байна.

2.1 Нэхэмжлэгч Улсын ерөнхий прокурорын газрын Шүүхийг төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга, ахлах прокурор Д.С, Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны хяналтын прокурор Б.И, Нийслэлийн прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурор Ш.С нар нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: ... Прокурорын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт прокуророос хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ баримтлах хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зарчмыг тодорхойлж, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцох, нотлох баримт цуглуулах тодорхой ажиллагаа явуулах, шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргах эрхийг хуулиар олгосон байна.

Монгол Улсын Ерөнхий сайд 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ- 1/115 дугаартай албан бичгээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1. Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасныг үндэслэн "Нийслэл Улаанбаатар хотод үргэлжлэн орсон борооны улмаас үер усны аюултай нөхцөлийг бүрдүүлж, усны сан бүхий газарт тогтоосон хамгаалалтын бүсийг зөрчиж газар эзэмших, ашиглах зөвшөөрөл олгосон, үер усны далан шуудууг сэтлэн барилга, байгууламж барьсан этгээдүүдээс төр, олон нийтэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах" агуулга бүхий хүсэлтийг прокурорын байгууллагад ирүүлсэн. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулж, төрийн байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл, судалгаа, холбогдох баримтыг гаргуулан авч, танилцахад эрх бүхий албан тушаалтнаас хууль тогтоомж зөрчин Сэлбэ, Дунд голын үерийн далангийн хамгаалалтын бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших, ашиглах зөвшөөрөл олгосон, тухайн газарт барилга, байгууламж бариагүй нөхцөл байдал тогтоогдсон.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 2-т заасан Монгол Улсын иргэний "эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хангах төрийн бодлого, үйл ажиллагааны хүрээнд үер усны аюулаас хамгаалах зорилгоор үерийн хамгаалалтын суваг, түүний хамгаалалтын даланг барьж, тодорхой хэмжээний зайд онцгой хамгаалалтын бүсийг тогтоож, тухайн бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулахыг хууль тогтоомжоор хориглосон.

Гэтэл Нийслэлийн Засаг дарга 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/955 дугаартай захирамжаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших эрх олгохдоо Усны тухай, Газрын тухай хууль болон "Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам" зөрчиж Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд нэгж талбарын 18 дугаар бүхий 1094м2 газрыг ******* овогт А*******ы Бд Үйлчилгээ, контор-ын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэр гаргасан, мөн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр А/1279 дугаар захирамжаар А.Бгийн газар эзэмших эрхийн гэрчилгээг "Б" ХХК-д шилжүүлсэн нь хууль тогтоомжоор хориглосон, хууль бус, нийтийн ашиг сонирхол зөрчсөн үйлдэл болжээ.

Тухайлбал, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2. Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно 22.2.1. онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулах"-ыг хориглосон; Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6. Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам-ын 2.3. Онцгой хамгаалалтын бүсийг дараах байдлаар тогтооно: 2.3.2.гол мөрөн, горхи, булаг, шандын эргээс 50 метрээс доошгүй зайд буюу түүнээс өргөн, намаг бүхий татамтай тохиолдолд нийт татмын хэмжээгээр өргөсгөж; 2.3.6. үерийн хамгаалалтын суваг, түүний хамгаалалтын далангаас 30 метр хүртэлх зайд" байхаар заасныг зөрчжээ.

Прокурор Монгол Улсын Үндсэн хуулийн 56 дугаар зүйлд заасан чиг үүргийнхээ хүрээнд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдол, мэдээлэл, хүсэлтийг шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих, хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, судлах явцад төр, нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй нөхцөл байдлыг илрүүлсэн, тогтоосон тохиолдолд зөрчигдсөн эрхийг сэргээх, хууль бус шийдээр. үйл ажиллагааг таслан зогсоох, хүчингүй болгох, учирсан хохирлыг төлүүлэхээр өөрийн санаачилгаар нэхэмжлэл гаргах арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Монгол Улсын Ерөнхий сайдаас прокурорын байгууллагад ирүүлсэн хүсэлтийг судлах, шийдвэрлэх явцад хүсэлтэд дурдагдаагүй, эрх бүхий албан тушаалтан хууль тогтоомжоор тогтоосон онцгой хамгаалалтын бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших эрх олгох шийдвэр гаргаснаар үерийн далан, суваг таглан барилга, байгууламж баригдах, олон нийтэд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үүднээс өөрийн санаачилгаар нэхэмжлэл гаргах шаардлагатай гэж дүгнэсэн.

Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт прокурор нийтийн ашиг сонирхлыг хамгаалж өөрийн санаачилгаар шүүхэд нэхэмжлэл гаргах, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт хуулиар тусгайлан эрх олгогдсон этгээд, бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус зохицуулсан. Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай" 30 дугаар тогтоолоор, прокурор өөрийн санаачилгаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах зорилгоор захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй болохыг тайлбарласан байна.

Монгол Улсын Үндсэн хуульд тус улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч байхаар, Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т усны сан бүхий газар-т нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газрыг хамааруулах ба мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 6 дугаар зүйлийн 6.2.5-д "усны сан бүхий газар"-ыг төрийн байгууллагын зохицуулалттайгаар нийтээр ашиглахаар тус тус зохицуулсан. Нийслэлийн Засаг дарга, иргэн А.Б болон Б ХХК-нд газар эзэмших эрхийг онцгой хамгаалалтын бүсэд олгосон нь нийтийн ашиг сонирхлыг зөрчиж хүрээлэн байгаа орчинд сөргөөр нөлөөлж байх тул эрх бүхий албан тушаалтны хууль бус шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгох, таслан зогсоосноор тухайн газарт барилга, байгууламж баригдан үер усны аюулд иргэдийн амь нас, эрүүл мэнд, иргэн, аж ахуйн нэгжийн эд хөрөнгө өртөх эрсдэлийг бий болгон олон нийтэд хохирол учруулахаас урьдчилан сэргийлж, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх хамгаалагдана гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, үйлдлийг таслан зогсоохыг тус тус зохицуулж, эрх бүхий албан тушаалтны хууль бус шийдвэрийг хүчингүй болгох гомдол, нэхэмжлэлийг түүний үйлчлэх хүрээ, хугацаа, шинж, үр дагавар, иргэн, хуулийн этгээд, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн байдал зэргийг харгалзан шийдвэр гаргасан тухайн албан тушаалтанд, дээд шатны байгууллагад нь эсхүл шүүхэд хандан шийдвэрлүүлэх эрхийг хуулиар олгосон байна.

Нийслэлийн Засаг даргын нарын хууль тогтоомж зөрчин онцгой хамгаалалтын бүсэд газар эзэмших эрхийг А.Б, Б ХХК- нд олгосон шийдвэрийн нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх шинж, учирч болзошгүй үр дагавар зэргийг үндэслэн Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэх шаардлагагүй, шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэв. Иймд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн "Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай А/955 дугаар захирамжийн хавсралт 65- д заасан ******* овогт А*******ы Бд холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 сарын 04-ний өдрийн А/1279 дугаар захирамжийн Б ХХК-д холбогдох хэсгийг тус тус Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргав. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т заасан үндэслэлээр шүүхийн зардлаас, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.14 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас тус тус чөлөөлж өгнө үү гэжээ.

3.1 Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ... Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай А/955 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын 18 дугаар бүхий 10000 м.кв газрыг Амины сууцны хотхон зориулалтаар 15 жилийн хугацаатай иргэн А.Бд эзэмшүүлж шийдвэрлэсэн. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай А/1279 дүгээр захирамжаар "Б" ХХК-д 1094 м.кв газрыг үйлчилгээ конторын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн "Б" ХХК-ын маргаан бүхий газар нь Монгол Улсын Газрын тухай хууль, Усны тухай хууль, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчиж олгогдсон, Усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс, Үерийн далангийн хамгаалалтын бус, Цахилгаан станцын хамгаалалтын бүсэд орсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд Шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу уг захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хариуцагчийн зүгээс татгалзах зүйлгүй болно гэжээ.

3.2 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нийслэлийн засаг даргын 2018 оны захирамжаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 метр квадрат бүхий газрыг иргэн А.Бд 15 жилийн хугацаатай амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлж шийдвэрлэсэн. Үүний дараа 2019 оны 1279 дугаартай захирамжаар Б ХХК-д 1094 метр квадрат талбайг амины орон сууцны зориулалтаар 17 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.10 дахь хэсэгт заасан үндэслэл хэрвээ тогтоогдох юм бол маргахгүй, хэрвээ тогтоогдохгүй бол маргана гэсэн байр суурьтай оролцож байгаа гэв.

4.1 Гуравдагч этгээд А.Б шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ...2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай А/955 дугаар захирамжаар холбогдох журмын дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд 1094 м.кв газрыг эзэмших болсон. Төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан боловч санхүүжилтийн боломжгүйн улмаас 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Б ХХК-нд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******гаар дамжуулан холбогдох журмын дагуу эзэмших эрхээ шилжүүлсэн болно. Миний хувьд тухайн үеийн мөрдөгдөж байсан журам дүрмийн дагуу хүсэлт гаргаж газраа эзэмшиж, эзэмших эрхээ шилжүүлсэн бөгөөд хариуцагч талын хариу тайлбартай танилцаж байж энэхүү нэхэмжлэлд хариу тайлбар бичих хүсэлтэй байна гэжээ.

4.2 Гуравдагч этгээд А.Бгийн өмгөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Гуравдагч этгээд А.Бгийн тухайд хуульд заасан үндэслэл журам төлөх ёстой төлбөр татварыг төлж, төрийн байгууллагын зөвшөөрлийн дагуу Б ХХК-д шилжүүлж өгсөн. Адилхан төрийн байгууллагаа төрийн байгууллагаа шүүхэд өгч гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гуравдагч этгээд Б ХХК-ийн тайлбарыг дэмжиж байна гэв.

5.1 Гуравдагч этгээд Б ХХК шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ...Манай компани нь Хан-Уул дүүрэг 15 дугаар хороонд байрлах 1093 м.кв талбай бүхий газрыг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр иргэн ******* овогт А*******ы Бтэй Газар худалдах, худалдан авах гэрээг байгуулан, түүний үндсэн дээр маргаан бүхий газрыг худалдан авч улмаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн А/1279 дугаар захирамжаар 17******* нэгж талбарын дугаартай 1093 м.кв талбай бүхий үйлчилгээ, конторын зориулалтай газрыг холбогдох байгууллагын зөвшөөрлөөр хуульд заасан үндэслэл журмын дагуу эзэмшиж байгаа билээ.

Хэрэв маргаан бүхий газар нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсанчлан тусгай хамгаалалтад хамаарах газар байсан бол анхнаасаа газар эзэмших эрхийн гэрчилгээг хариуцагчийн зүгээс хувь хүн цаашлаад манай компанид хууль зөрчиж олгохгүй байсан. Тухайн үед хариуцагч газар эзэмших, ашиглах эрхийг олгохтой холбоотойгоор холбогдох хууль тогтоомж, журамд заасан судалгааг хийсний үндсэн дээр тус газрыг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх бүрэн боломжтой гэж үзэж, хуульд заасны дагуу олгосон байдаг. Иймд тус нэхэмжлэлийн шаардлага нь гуравдагч этгээд болох Б ХХК-ийн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан 35 дугаар зүйлийн 35 шударгаар олж авах, өмчлөх эзэмших эрх, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх хэсэгт заасан Гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах эрх хөндөгдөж буй нь манай компанийн хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчигдөж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.2 Гуравдагч этгээд Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б ХХК нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах 1094 метр квадрат орон сууцны зориулалттай газрыг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр А.Бгээс худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр худалдаж авсан. Яагаад худалдаж авсан бэ? гэхээр тухайн газар нь хүчин төгөлдөр буюу Нийслэлийн засаг даргын захирамжаар олгогдсон байсан тул хууль зөрчөөгүй гэдэг үндэслэлээр худалдаж авсан. Гэтэл 2,3 жилийн дараа хууль зөрчсөн гэж байгаа нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа буюу Үндсэн хуульд зааснаар шударгаар эд хөрөнгийг өмчлөх, эзэмших эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5.3 Гуравдагч этгээд Б ХХК-ийн өмгөөлөгч Х.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагчийн зүгээс хэрэг маргааныг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хариу тайлбар гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд зааснаар гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхол хөндөгдөж байгаа тул энэхүү хариу тайлбар нь үндэслэлгүй байна гэв.

5.4 Гуравдагч этгээд Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б ХХК маргаан бүхий газрыг хуулийн дагуу шилжүүлж авсан. Гэтэл тус газар нь нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн тул хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь хэсэгт зааснаар хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг хуульчилж өгсөн. Хариуцагч хариу тайлбартаа Газрын тухай хууль, Усны тухай хууль хориглолт хязгаарлалтыг зөрчиж орсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбар өгсөн. Б ХХК болон А.Б нарын хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим хангагдахгүй байна. А.Бгээс манай компани руу шилжүүлэхгүй байх боломж байсан. Гэтэл манай компани маргаан бүхий газрыг худалдан авч гуравдагч этгээд Б ХХК-аас төлбөр мөнгө, санхүү эд хөрөнгө, цаг хугацаа олон зүйлээр хохирох эрсдэлтэй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:

2. Нэхэмжлэгч, Улсын ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга, ахлах прокурор Д.С, Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны хяналтын прокурор Б.И, Нийслэлийн прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурор Ш.С нар тус шүүхэд хандаж Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай А/955 дугаар захирамжийн хавсралт 65-д заасан А.Бд холбогдох хэсэг болон Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай А/1279 дугаар захирамжийн Б ХХК-нд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Усны тухай, Газрын тухай хууль болон "Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам" зөрчиж газар эзэмших эрх олгосон нь хууль бус, уг хууль бус эрхийг бусдад шилжүүлсэн захирамж үндэслэлгүй гэж тодорхойлсныг хариуцагч ...маргаан бүхий газар нь хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчиж олгогдсон, усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс, үерийн далангийн хамгаалалтын бүс мөн цахилгаан станцын хамгаалалтын бүсэд орсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй... гэж, гуравдагч этгээд Ц.Б хуульд заасан үндэслэл журмын дагуу төлбөр татварыг төлж, төрийн байгууллагын зөвшөөрлийн дагуу Б ХХК-д шилжүүлж өгсөн, гуравдагч этгээд Б ХХК-ийн тайлбарыг дэмжиж байна гэж, гуравдагч этгээд Б ХХК ...маргаан бүхий газар нь тусгай хамгаалалтад хамаарах газар байсан бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль зөрчиж олгохгүй, хариуцагч хуульд заасны дагуу газрыг олгосон гэж тус тус тайлбарлан маргаж байна.

4. Маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай А/955 дугаар захирамжийн хавсралт 65-д заасан ******* овогт А*******ы Бд холбогдох хэсэгт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд нэгж талбарын 18 дугаар бүхий 1094м2 газрыг ******* овогт А*******ы Бд шийдвэрлэсэн,

5. Харин Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай А/1279 дугаар захирамжаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл-ийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 2 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсүгэй гээд хавсралтын 2-т Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд нэгж талбарын 17*******, 18 дугаар бүхий 1094м2 газрыг Үйлчилгээ, контор-ын зориулалтаар Б ХХК-д шилжүүлсэн байна.

6. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4-т Нийслэл, дүүргийн засаг дарга нь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, бүсчлэлд нийцүүлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлыг шийдвэрлэх эрхтэйг, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно гэж, хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээг баталгаажуулна. гэж тус тус заасан.

7. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас иргэн А.Б нь Нийслэлийн Засаг даргад 2018 оны 09 дүгээр сард Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 1094,2 квадрат метр газрыг орон сууцны зориулалтаар эзэмших хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргаснаар Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/955 дугаар захирамжаар шийдвэрлэж, түүнд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны хаягт орших, нэгж талбарын 17*******, 18 дугаар бүхий 1094 м2 газрыг Үйлчилгээ, контор-ын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгон, 000*******дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан,

8. Иргэн А.Б нь өөрийн эзэмших эрх үүссэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд орших 1094 м2 Үйлчилгээ, контор зориулалт бүхий, нэгж талбарын 17*******, 18 дугаар бүхий газрын эрхээ 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулж Б ХХК-д шилжүүлснийг үндэслэн тус компанид Үйлчилгээ, контор-ын зориулалт бүхий газар эзэмших эрхийг шилжүүлэн баталгаажуулж тус компанитай 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 01122- дугаар газар эзэмшүүлэх гэрээ байгуулж 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 0000******* дугаар гэрчилгээ олгогдсон болох нь тус тус тогтоогдов.

9. Нэхэмжлэгч Прокурорууд нь хуульд заасан чиг үүргийн хүрээнд нийтийн эрх, ашгийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанд оролцсон прокуророос гуравдагч этгээд нарт олгосон газар нь усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд багтаж байх тул тухайн газрыг бусдад эзэмшүүлэх хууль зүйн боломжгүй, энэ нь нийтийн эрх ашигт хохирол учруулахуйц нөхцөл байдалд хамаарна гэж тайлбарлан маргаж байх ба энэ талаар хариуцагч болон гуравдагч этгээдээс тухайлан шаардлага гаргаж маргаагүй, харин анхнаасаа эзэмших боломжтой гэж үзэж газар эзэмших эрх олгогдсон гэх тайлбар гаргасан.

10. Түүнчлэн гуравдагч этгээд Ц.Бд анх эзэмших эрх үүсч улмаар, Б ХХК-д эзэмших эрхийг шилжүүлсэн нэгж талбарын 17******* дугаар бүхий газар нь усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд хамаарч улмаар Туул голын үерийн далангийн хамгаалалтын бүсэд орсон болох нь шүүхэд цугларсан нотлох баримт болох Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны кадастрын хэлтсийн, 2023 оны 08 дугаар сарын 17-ний өдрийн газрын масштабын зураг, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн, 2024 оны 03 дугаар сарын 27-ний өдрийн лавлагаагаар 2016 оны Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай 50 дугаар тогтоолоор батлагдсан усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхцалтай болох нь тус тус тогтоогдсон, шүүхээс тухайн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр энэ байдал нь давхар нотлогдсон болно.

11. Иймд усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүстэй давхацсан газрыг иргэн А.Бд эзэмшүүлж, улмаар уг газар эзэмших эрхийг Баянтуяарах од ХХК-д шилжүүлж шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д заасан хориглосон зохицуулалтыг зөрчсөн, Нийслэлийн засаг даргын уг хууль бус шийдвэрүүдийн улмаас нийтийн ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй нь тогтоогдож байх тул эдгээр захирамжуудыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

12. Дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Улсын ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга, ахлах прокурор Д.С, Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны хяналтын прокурор Б.И, Нийслэлийн прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурор Ш.С нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай А/955 дугаар захирамжийн хавсралт 65-д заасан ******* овогт А*******ын Бд холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай А/1279 дугаар захирамжийн Б ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Улсын ерөнхий прокурорын газрын Шүүхийг төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга, ахлах прокурор Д.С, Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны хяналтын прокурор Б.И, Нийслэлийн прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурор Ш.С нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай А/955 дугаар захирамжийн хавсралт 65-д заасан ******* овогт А*******ын Бд холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай А/1279 дугаар захирамжийн Б ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар прокурор нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН