| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 183/2019/01652/И |
| Дугаар | 979 |
| Огноо | 2020-05-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 979
В ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/00281 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч В ийн хариуцагч Х ХХК-д холбогдуулан 1 380 305 741 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Н,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: БНХАУ-ын иргэн В Д Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 6 гудамж, Стадион оргил 1-д оршил байрлах Хаан банк цамхагт байрлах Хаан банкны төв дээр хадгаламжийн данс 5062258907 дансыг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нээлгэж хадгаламжийн гэрээ байгуулсан. Хадгаламжийн дансанд 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс хойш нийт 1 319 776 000 төгрөг хадгалуулсан. В Д нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр БНХАУ-руу буцсан. 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Монгол улсад ирж 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Хаан банкнаас өөрийн хадгалуулсан мөнгөө авах гэхэд түүний хадгаламжийн дансанд 7 670 013 төгрөг байсан. Гэтэл нэхэмжлэгч огт данснаасаа мөнгө аваагүй. Мөн Монгол улсад байгаа байгаагүй. Иймд Хаан банкнаас хадгаламжийн гэрээний дагуу үндсэн хадгаламж болох 1 322 000 000 төгрөг, 5 сарын хадгаламжийн хүү болон хүүгийн үлдэгдэл 58 305 741 төгрөг, нийт 1 380 305 741 төгрөг Хаан банкнаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбартаа: В Д Хаан банкинд хугацаатай хадгаламжийн данс нээлгэсэн. Хугацаатай хадгаламжийн хугацаа дууссаны дараа буюу 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 89-ийн 1-л Сэлбэ плаза төвийн 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны Хүлэг тооцооны төвөөс хариуцагч В ийн тус банк дахь хадгаламжийн 5062258907 дугаар данснаас 1 322 000 000 төгрөгийг В Д нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Б.Б-д олгосон итгэмжлэлийн дагуу Б.Б нь бэлэн бусаар Ц.И ийн Хаан банкны 5926013648 дугаар данс руу шилжүүлж улмаар Ц.И ийн данснаас бэлэн мөнгөний хэлбэрээр авсан. Өөрөөр хэлбэл хадгаламжийн хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан бөгөөд В ийн итгэмжлэлээр Бямбадорж нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр бэлэн бусаар мөнгийг авсан. Уг итгэмжлэл нь нотариатаар баталгаажуулсан учраас хуулийн шаардлага хангасан гэж банк үзэж итгэмжлэлийн дагуу үйлчилсэн. Банк ямар нэгэн хууль тогтоомж зөрчсөн гэж үзэхгүй байна. Өөрөөр хэлбэл анхны шаардлагаар итгэмжлэлийн дагуу үйлчилсэн. Үүнтэй холбоотой Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр мөрдөн шалгах ажиллагаа буюу хэрэг бүртгэлийн хэрэг нээх тогтоолоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэлтэй ба нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгаж шийдвэрлэсний эцэст иргэний журмаар шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй. Энэ заалтыг дээд шүүхийн тайлбарт нэхэмжлэлтэй холбоотой гэдгийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бөгөөд нэхэмжлэгч хариуцагч хоёрын хоорондын харилцаанаас үүссэн маргаантай холбоотой гэж ойлгож, тухайн асуудал нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй эсэхийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол энэ ажиллагаа дуусах хүртэл иргэний журмаар гаргасан нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэх боломжгүй гэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрүүгийн журмаар шалгах ажиллагааг хэрэг бүртгэл болон мөрдөн байцаалтын ажиллагааг хэлнэ. Өөрөөр хэлбэл, хэрэг бүртгэл нээсэн нь энэ хуульд зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл болно. Тус хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т мөн заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.36 дугаар зүйлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, түүнд прокурор хяналт тавих, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, эрүүгийн хэргийг анхан, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг ойлгоно гэсэн. Тэгэхээр хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэл байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 8.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдолтой нэхэмжлэлийг тухайн эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээгүй байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхийг хориглоно. Хэргийг хэрэгсэхгүй болгох нь нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлаж байгаа зүйл биш. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд үүссэн маргааныг эрүүгийн журмаар эцэслэн шийдвэрлээгүй байхад хохирлын асуудлыг иргэний шүүхээр шийдвэрлүүлэх нь хууль зүйн үндэслэлгүй болно. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэж байгаа нь мөнгөн төлбөр нэхэж байна. Маргааны зүйл өөрөө мөнгөн төлбөрийг буцааж нэхэх, оролцогч нь нэхэмжлэгч хариуцагч нарыг адилхан байхыг шаардаж байгаа нь хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болж байна. Хэрвээ эрүүгийн журмаар шалгаж байгаа иргэний хэргийг хэрэгсэхгүй болгохгүй, тэнд эрүүгийн журмаар хохирол төлбөрийн асуудалд нэхэмжлэгч оролцоотой бол энд гарсан шийдвэр хууль ёсны болж чадахгүй. Гэм буруутай, итгэмжлэл хууль ёсны эсэхийг тогтоогүй байхад иргэний шүүх хэргийг шийдвэрлэх бол хариуцагчийн эрх ашиг зөрчигдөнө. Тийм учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх: Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1, 455 дугаар зүйлийн 455.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х ХХК-аас 1 341 628 371 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн В Д /Wang Donxi/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 38 677 370 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 059 478 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-аас 6 866 092 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна. Хүүгийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд В нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Х ХХК-тай Иргэдийн харилцах данс, хугацаатай хадгаламж, цахим үйлчилгээний гэрээ байгуулж 5 000 төгрөгөөр 2 удаа орлого хийж нийт 10 000 төгрөгийн үлдэгдэлээр 506258907 тоот хугацаагүй хадгаламжийн данс нээлгэж 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хугацаанд 20 удаагийн орлогын гүйлгээгээр нийт 1 319 776 000 төгрөгийн хадгаламжийн үлдэгдэлтэй болж, банк гэрээний дагуу 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хүү тооцож 10 995 959.76 төгрөгийн хүүгийн орлого дансанд хийсэн. Үүнээс Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т заасан "хүүгийн орлого” нь хөрөнгийн орлогод хамаарах бөгөөд мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4-д “хүүгийн орлогын нийт дүнгээр” хөрөнгийн орлогод албан татвар ногдуулах орлогод хамаарах бөгөөд тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4-д зааснаар нийт орлогын 10 хувиар албан татвар төлөх хуулийн дагуу мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “Албан татвар төлөгчийн харилцах данс, хадгаламжид хүү тооцох бүрдээ банк, санхүүгийн байгууллага нь суутган төлөгчийн үүрэг хүлээж, албан татвар ногдуулан суутгаж, холбогдох төсөвт шилжүүлнэ” гэж заасны дагуу 10 995 959.76 төгрөгийн албан татварт 1 099 595.98 төгрөгийг албан татварг суутган төлсөн байна. Үүнээс дүгнэхэд анхан шатны шүүх Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу улсын төсөвт төлсөн албан татвар болох 1 099 595.98 төгрөгийг хасаж шийдвэрлээгүй нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн банк гэрээнд заасны дагуу хадгалуулагчид хүү төлсөн болох нь түүний дансны хуулгаар нотлогдож байгаа бөгөөд В гийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Б.Б-д олгосон хуулийн шаардлага хангасан нотариатч гэрчилсэн итгэмжлэлийн хүрээнд төлөөлөгч Б.Б ийн анхны шаардлагаар 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр банкны үйлчилгээг үзүүлж Б.Б нь тус итгэмжлэлээр 1 322 000 000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийж хадгаламж эзэмшигч В гийн хадгаламжийн үлдэгдэл 7 670 013.78 төгрөг үлдсэн бөгөөд банк 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүү орсоноос хойш 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл нийт 24 хоног байгаа ба дансанд 4 721 240.16 төгрөгийн хүү хуримтлагдсан, 2019 оны 01 дугээр сарын 24-нөөс 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэл дансны үлдэгдэл 7 670 013.78 төгрөгт 130 хоногоор 147 516.42 төгрөгийн хүү нийт 4 868 756.58 төгрөгийн хүү хуримтлагдсан байна. Хүүний бодолтыг дэлгэрэнгүй харуулав. Иймд банк дээрх тооцоолол гэрээний дагуу хадгаламж эзэмшигчид 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүү орсоноос хойш 2019 оны 01 дүгээр сарын 24 хүртэл нийт 24 хоног байгаа ба дансанд 4 721 240.16 төгрөгийн хүү /Уг хадгаламжийн хүүг 1 329 670 263.78 төгрөгөөс тооцсон/, 2019 оны 01 дүгээр сарын 24-нөөс 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэл дансны үлдэгдэл 7 670 013.78 төгрөгт 130 хоногоор 147 516.42 төгрөгийн хүү нийг 12 538 770.36 төгрөг төлөхөөс Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу хүүний орлогыг банк суутгаж улсын төсөвт шилжүүлэх үүрэгтэй бөгөөд 2019 онд бодогдсон нийт хүүнээс 486 756.58 төгрөгийг албан татварыг хасаж хадгаламж эзэмшигчид нийт 12 052 013.78 төгрөг төлөхөөр байна. Гэтэл анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлгүй шийдвэрлэсэн нь иргэний хууль болон бусад хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хууль зүйн үндэслэлийн хүвьд 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Х ХХК-ийн Хүлэг тооцооны төвөөс харилцагч В гийн тус банкин дахь хадгаламжийн 5062258907 тоот данснаас 1 322 000 000 төгрөгийг түүний 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Б.Б-д олгосон хуулийн шаардллга хангасан нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэлийн дагуу Б.Б нь бэлэн бусаар Ц.И ийн Хаан банкны 5926013648 дугаар данс руу шилжүүлж, улмаар Ц.И ийн данснаас бэлэн зарлагын гүйлгээ хийж хийж авсан. Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.3, 25 дугаар зүйлийн 25.1.3, 41 дүгээр зүйлд итгэмжлэл гэрчлэхийг тус тус хуульчилсан байна. Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д “заавал байлгах нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг Монгол банкнаас тогтоосон журмын дагуу зохих хэмжээ, хэлбэрээр хангахын зэрэгцээ хадгаламж эзэмшигч, харилцагчиин мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж, тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж өгөх, шилжүүлэх; " гэж, талуудын хооронд байгуулсан хадгаламжийн гэрээний 4.1.5-д “Хадгаламж эзэмшигч нь гуравдагч этгээдэд итгэмжлэл олгох эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж, тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж өгөх” зохицуулалтад хамаарах бөгөөд төлөөлүүлэгч В гийн олгосон дээрх хуулийн шаардлага хангасан нотариатч гэрчилсэн итгэмжлэлийн хүрээнд төлөөлөгч Б.Б ийн анхны шаардлагаар 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр банкны үйлчилгээг үзүүлж ажилласан нь банкны буруутай үйлдэл гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно. Мөн дээрх гүйлгээний талаар Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр эрүүгийн 190502704 дугаартай хэрэг нээн шалгаж байгаа болох нь тус цагдаагийн газрын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 3-9977 тоот албан бичиг болон хэрэг нээх тогтоолоор тус тус нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, дээрх гүйлгээний талаар Цагдаагийн байгууллагаас эрүүгийн журмаар шалгаж байхад нь хохирлын асуудлыг иргэний журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д “ Нэхэмжлэлтэй холбоотой” гэдгийг нэхэмжлэлийн шаардлагьш үндэслэл бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч хоёрын хоорондын харилцаанаас үүссэн маргаангай холбоотой гэж ойлгож, тухайн асуудал нь эргүүгийн гэмт хэргийн шинжтэй эсэхийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол энэ ажиллагааг дуусах хүртэл иргэний журмаар гаргасан нэхэмжлэлийг шүүх шийдвэрл боломжгүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж Монгол Улсын Дээд шүүхээс тайлбарласан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 6-д “Гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдолтой нэхэмжлэлийг тухайн эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээгүй байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхийг хориглоно” гэж заасан уг нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн эрүүгийн журмаар шалгаж байх тул Иргэний хэрзг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д “уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэлтэй бөтөөд нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгаж шийдвэрлэсний эцэст уг иргэний хэргийг шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцэх төдийгүй шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад давхар нийцэх юм. Харин “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.36-д “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явүулах, түүнд прокурор хяналт тавих, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, эрүүгийн хэргийг анхан, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа“ гэж, мөн хуулийн 30.9 дүгээр зүйлийн 2 дох хэсэгт "Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нь энэ хуульд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл болно” гэж тус тус хуульчилсан байка. Өөрөөр хэлбэл, шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбоотой хэрэг эрүүгийн журмаар шалгагдаж байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Түүнчлэн дээрх итгэмжлэл нь бодитоор үйлдэгдсэн эсэх, хэрэв бодитоор үйлдэгдсэн бол ямар агуулгатай үйлдэгдсэн эсэх, уг итгэмжлэлийг В өөрөө үйлдсэн эсэх, нотариатч гэрчилсэн эсэх, мөнгийг В хүлээн авсан эсэх зэрэг асуудлаар хуулийн байгууллага эрүүгийн журмаар шалгаж байгаа бөгеөд өнөөдрийн байдлаар хууль хяналтын байгууллагаас уг асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй байна. Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн дагуу шүүхээс уг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа шийдвэр биш бөгөөд уг маргаантай асуудлыг хууль хяналтын байгууллага эрүүгийн журмаар эцэслэн шийдвэрлэсний дараа хэдийд ч шүүхэд хандан нэхэмжлэл гаргах нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлахгүй юм. Мөн анхан шатны шүүхэд гэрч нарыг оролцуулах хүсэлтийг хариуцагчийн төлөөлөгчөөс гаргасан боловч гэрчийг асуух шаардлагагүй гэж шүүх дүгнэж хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т заасан “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзнэ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн В Д нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан 1 380 305 741 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нь “...хадгаламжийн гэрээ байгуулж, хадгалуулсан мөнгөө гаргуулан авна” гэх, хариуцагч нь “...В Д нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Б.Б-д олгосон итгэмжлэлийн дагуу Б.Б нь бэлэн бусаар Ц.И ийн Хаан банкны 5926013648 дугаар данс руу шилжүүлж улмаар Ц.И ийн данснаас бэлэн мөнгөний хэлбэрээр авсан” гэх агуулга бүхий тайлбарыг тус тус гаргажээ.
Анхан шатны шүүх хэргийн 56-58 дугаар тал дах 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нотариатч С.Н-гийн тодорхойлолтод “...2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 97 тоот итгэмжлэл гэгч баримтыг гэрчлээгүй” гэх бичгийн баримтыг нотлох баримтаар үнэлж, гэрчлээгүй болох нь түүний тайлбар, бүртгэлийн дэвтрээр тогтоогдсон гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт хэргийн оролцогчийн хүсэлтээр гэрчийг асуулгах ажиллагааг шүүх явуулах бөгөөд шүүхэд гэрчээр асуугдаагүй С.Н-гийн тайлбар гэх баримтыг үнэлж итгэмжлэлийн талаар анхан шатны шүүх дүгнэлт хийж банк буруутай гэж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзнэ.
Мөн талуудын маргаж буй итгэмжлэлд В Д гарын үсэг зурсан эсэх, уг итгэмжлэлийг нотариат гэрчлээгүй нөхцөлд итгэмжлэлд нотариатын 146 тоот тамга болон баталгааны тэмдэг хэрхэн дарагдсан нөхцөл байдал тодорхой бус байна. Түүнчлэн банкны ажилтан их хэмжээний мөнгөний гүйлгээ хийхтэй холбоотой баримт нь харилцагч бүртгэх журмыг зөрчсөн эсэх үйл баримтыг тогтоох шаардлагатай. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ван Донхи-гийн гарын үсгийн баталгаа банкинд байдаг гэх тайлбарыг хариуцагч гаргасан тул уг гарын үсгийн банкин дахь баталгаа нь хэргийг шийдвэрлэхэд харьцуулан дүгнэлт хийхэд ач холбогдолтой байна. Дээрх нөхцөл байдал тодорхой бус хэргийн оролцогчийн шүүхэд нотлох баримт гаргах ба цуглуулах, бүрдүүлэх ажиллагаа дутуу хийгдсэн, хэргийн бүрдэл хангагдаагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу болжээ.
Иймд хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, маргааны зүйлийн талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/00281 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 866 092 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ