Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2024/0198

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х.О******* /РД:И*******/

Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлд холбогдох төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.О******* /цахим/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э*******, О.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхамноров нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргажээ.

2. Хэргийн товч үйл баримт, процессын тухайд:

2.1. Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Х.О*******ыг албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагын мэргэшлийн хэсгийн ахлах түшмэлийн багц сургалтад хамрагдаж төгссөн байх гэж заасныг хангаагүй байна гэж үзэн Салбар зөвлөлөөс зохион байгуулсан сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцсон байна.

2.2. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 01/384 тоот албан бичгээр Х.О*******т Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам-ын дагуу Салбар зөвлөлд сул орон тооны захиалгыг дахин хүргүүлэх болсныг мэдэгджээ.

2.3. Нэхэмжлэгч Х.О******* нь 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар тогтоолыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байна.

2.4. Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 461 дүгээр Маргаан хянан шийдвэрлэсэн тухай тогтоолоор Х.О*******ын гомдлын шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэн, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 06/2339 тоот албан бичгээр тогтоолыг хүргүүлсэн байна.

2.5. Нэхэмжлэгч нь дээрх тогтоолыг эс зөвшөөрч шүүхэд 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.

3. Нэхэмжлэгч Х.О******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

3.1. Х.О******* миний бие Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын сул орон тооны сонгон шалгаруулалтад өрсөлдөн тус газрын даргаар томилогдсон. Гэвч иргэний гомдол, мэдээллийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан "Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам, загвар батлах тухай" журмын 13 дугаар зүйлийн 13.3-т "Энэ журамд заасан болзлыг хангаагүй, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, худал мэдүүлсэн бол тухайн оролцогчийн шалгалтыг хүчингүй болгоно" гэж заасныг үндэслэж Х.О******* миний биеийг албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагын мэргэшлийн хэсэгт "ахлах түшмэлийн багц сургалтад хамрагдаж төгссөн байх" гэж заасныг хангаагүй тул сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

3.2. Учир нь Х.О******* миний бие албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагын мэргэшлийн хэсэгт "ахлах түшмэлийн багц сургалтад хамрагдсан болох" нь Удирдлагын академийн 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 08/57 дугаар албан бичгээр ахлах түшмэлийн багц цагийн сургалтад бүртгэсэн болно гэх тодорхойлолтоор нотлогдож байна. Түүнчлэн хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, худал мэдүүлсэн гэх зөрчлийг шалгаж тогтоолгүйгээр сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон нь хуульд нийцэхгүй байна. Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан "Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам, загвар батлах тухай" журам нь 2023 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс үйлчилж эхэлсэн тул 2023 оны 2 сард зохион байгуулагдсан сонгон шалгаруулалтыг тухайн хүчин төгөлдөр үйлчлэлгүй байсан журмын 13.3 дахь заалтыг үндэслэж хүчингүй болгосон нь үндэслэлгүй.

3.3. Төрийн албаны зөвлөлд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэж гомдол гаргасан боловч Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 10 сарын 26-ны өдрийн 461 дугаартай тогтоолоор гомдлын шаардлагыг хангаагүй орхисон байх тул Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э*******, О.Г******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

4.1. Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөл Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалын тусгай шалгалтыг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны байранд зохион байгуулж, оролцогч Д.Ц******* 79.6 оноо, Х.О******* 96.2 оноо авсан.

4.2. Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан Х.О*******ыг Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт тогтоолыг хүргүүлсэн.

4.3. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/27 дугаар тушаалаар Х.О*******ыг Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд томилсон байдаг.

4.4. Төрийн албаны зөвлөлөөс "...Бүртгэлд хамруулж шалгалтад оролцуулсан Х.О******* нь албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагын мэргэшил хэсэгт "ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх гэж заасныг хангаагүй байх тул Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасны дагуу тус албан тушаалын сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцож, дахин сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Төрийн албаны зөвлөлд ирүүлнэ үү. ..." гэсэн утгатай 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн "Сонгон шалгаруулалтын тухай 02/1061 дугаар албан бичгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлд ирүүлсэн.

4.5. Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам, загвар батлах тухай" 25 дугаар тогтоолоор 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам"-ын 4 дүгээр зүйлд шалгалтад оролцохоор бүртгүүлэх төрийн албан хаагч, иргэнд тавигдах шаардлагыг тусгасан байдаг бөгөөд 4.1.5-д албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан байх. гэж заасан.

4.6. Аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалын тодорхойлолтын албан тушаалд тавигдах тусгай шаардлага хэсгийн мэргэшил хэсэгт ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх гэж тусгасан.

4.7. Нэхэмжлэгч Х.О*******ын нэхэмжлэлд Учир нь Х.О******* миний бие албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагын мэргэшлийн хэсэгт ахлах түшмэлийн багц сургалтад хамрагдсан болох" нь Удирдлагын академийн 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 08/57 дугаар албан бичгээр ахлах түшмэлийн багц цагийн сургалтад бүртгэсэн болно гэх тодорхойлолтоор нотлогдож байна." гэжээ.

4.8. Удирдлагын академийн уг албан бичигт Х******* овогтой О******* /И*******-г Төрийн захиргааны Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад суралцуулахаар Завхан аймгийн ЗДТГ-ын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 3/141 тоот албан бичиг ирсний дагуу бүртгэсэн болно. гэсэн нь аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалын тодорхойлолтын албан тушаалд тавигдах тусгай шаардлага хэсгийн мэргэшил хэсэгт "ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх гэсэн шаардлагыг хангасан гэж үзэхээргүй байна.

4.9. Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн "Тусгай шалгалтыг хүчингүйд тооцох тухай" 12 дугаар тогтоолын үндэслэх хэсэгт Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам, загвар"-ын 13.3 дахь хэсгийг үндэслэсэн бөгөөд 13.3-т "Холбогдох хууль, журам зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан нь тогтоогдсон бол Зөвлөл, Салбар зөвлөл тухайн сонгон шалгаруулалтыг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно." гэжээ.

4.10. Өөрөөр хэлбэл албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагын мэргэшлийн хэсгийн "ахлах түшмэлийн багц сургалтад хамрагдаж төгссөн байх" гэж заасныг хангаагүй шалтгаанаар тус албан тушаалын сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцсон.

4.11. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан "... хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, худал мэдүүлсэн..." гэсэн үндэслэлээр сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцоогүй болно.

4.12. Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг томилох үйл ажиллагаанд тавих хяналт зохицуулалтыг тусгасан бөгөөд 30.2-т "Энэ хуулийн 30.1-д заасан хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна.", 30.3-т "Энэ хуулийн 30.2-т заасан үүрэг, даалгаврыг биелүүлээгүй бол төрийн албаны төв байгууллага хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгоно." гэж тус тус заасан.

4.13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-т заасны дагуу захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдснийг тодорхой тусгаж нэхэмжлэлийн шаардлага гаргах ёстой.

4.14. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/46 дугаар тушаалаар нэхэмжлэгч Х.О*******ыг Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалаас чөлөөлж, даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон бөгөөд өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа болно. Мөн тус албан тушаалын тусгай шалгалтыг зарлахад оролцох эрх нь нээлттэй байна.

4.15. Нэхэмжлэгч Х.О*******ын нэхэмжлэлд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар тогтоол нь нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа талаар тусгаагүй байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 52.5.1-д заасан шаардлагыг хангахгүй байна. Иймд нэхэмжлэгч Х.О*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Х.О*******ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Маргааны үйл баримтын тухайд:

1. Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 3/141 тоот албан бичгээр ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад суралцах албан хаагчдын судалгааг хүргүүлсний дагуу /хавсралтын 1-рт Х.О*******ын нэр байгаа/ Удирдлагын академийн захирлын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/113 дугаар Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад суралцуулах тухай тушаалаар суралцах төрийн албан хаагчдын нэрсийг баталсны дотор нэхэмжлэгч Х.О******* нь багтсан.

2. Улмаар нэхэмжлэгч нь Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалын тусгай шалгалтад оролцохоор бүртгүүлэхдээ Удирдлагын академийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 08/57 дугаар тодорхойлолтыг хавсарган өгч бүртгүүлсэн.

3. Уг тодорхойлолтод Х******* овогтой О*******ыг төрийн захиргааны ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад суралцуулахаар Завхан аймгийн ЗДТГ-ын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 3/141 тоот албан бичиг ирсний дагуу бүртгэсэн болно гэжээ.

4. Нэхэмжлэгч нь 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлөөс зохион байгуулсан Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалын тусгай шалгалтад оролцож 96.2 оноо авсан байна.

5. Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад тэнцэн хамгийн өндөр оноо авсан нэхэмжлэгч Х.О*******ыг Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсний дагуу Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/27 дугаар тушаалаар Х.О*******ыг Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд томилжээ.

6. Энэхүү сонгон шалгаруулалтын талаар иргэнээс гаргасан гомдлыг Төрийн албаны зөвлөл хянаад, 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 02/1061 дүгээр албан бичгийг Салбар зөвлөлд хүргүүлсэн.

7. Уг албан бичигт ...тус албан бичигт өрсөлдөхөөр хүсэлт ирүүлсэн иргэдийн анкет холбогдох материалыг Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т заасны дагуу хянан үзлээ. Бүртгэлд хамруулж шалгалтад оролцуулсан Х.О******* нь албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагын мэргэшил хэсэгт ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх гэж заасныг хангаагүй байх тул Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасны дагуу тус албан тушаалын сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцож, дахин сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Төрийн албаны зөвлөлд ирүүлнэ үү... гэсний дагуу маргаан бүхий Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Тусгай шалгалтыг хүчингүйд тооцох тухай 12 дугаар тогтоол гарсан.

8. Нэхэмжлэгч Х.О******* нь Удирдлагын академийн захирлын 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/374 дүгээр Суралцагчдыг төгсгөх тухай тушаалаар төрийн захиргааны ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн тул түүнд сертификат олгосон үйл баримтууд тогтоогдов.

Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн талаар:

9. Маргаан бүхий Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар Тусгай шалгалтыг хүчингүйд тооцох тухай тогтоолд Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журмын 5.7, 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам, загвар батлах тухай журмын 13.3 дахь заалтыг тус тус үндэслэл болгож, Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад оролцсон Х.О******* нь албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагын мэргэшлийн хэсэгт ахлах түшмэлийн багц сургалтад хамрагдаж төгссөн байх гэж заасныг хангаагүй тул Салбар зөвлөлөөс зохион байгуулсан сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцжээ.

10. Нэхэмжлэгчээс уг тогтоолыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...миний бие албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагын мэргэшлийн хэсэгт "ахлах түшмэлийн багц сургалтад хамрагдсан болох" нь Удирдлагын академийн 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 08/57 дугаар албан бичгээр ахлах түшмэлийн багц цагийн сургалтад бүртгэсэн болно гэх тодорхойлолтоор нотлогдож байна. ...хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, худал мэдүүлсэн гэх зөрчлийг шалгаж тогтоолгүйгээр сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон нь хуульд нийцэхгүй, ... Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан "Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам, загвар батлах тухай" журам нь 2023 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс үйлчилж эхэлсэн тул 2023 оны 2 сард зохион байгуулагдсан сонгон шалгаруулалтыг тухайн хүчин төгөлдөр үйлчлэлгүй байсан журмын 13.3 дахь заалтыг үндэслэж хүчингүй болгосон нь үндэслэлгүй... гэж маргаж байна.

11. Төрийн жинхэнэ албаны тусгай шалгалтад бүртгүүлэхэд төрийн захиргааны ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад бүртгэгдсэн тухай Удирдлагын академийн тодорхойлолт нь хууль болон тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан төрийн албаны мэргэшсэн байх шаардлагыг хангах эсэхэд шүүхээс дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэлээ.

12. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах гэж, 3.1.3-т "чадахуйн зарчим /мерит/" гэж төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг ойлгохоор, 23 дугаар зүйлийн 23.2.3-т ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх ... гэж, 24 дүгээр зүйлийн 24.2-т Мэргэшүүлэх багц сургалтыг Засгийн газрын харьяа төрийн албаны сургалтын байгууллага хариуцан зохион байгуулна. гэж тус тус заажээ.

13. Ийнхүү хууль тогтоогчоос 2017 онд Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн батлахдаа төрийн албан хаагчийг сонгон шалгаруулахад чадахуйн зарчим-ыг баримтлах талаар шинэ ойлголтыг оруулж ирсэн бөгөөд чадахуйн зарчимд төрийн албан хаагчийн мэргэшсэн байдал хамаарахаар, төрийн албан тушаалд тавигдах тусгай шаардлагад мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх шаардлагыг тусгайлан зааж, мэргэшүүлэх багц сургалтыг Засгийн газрын харьяа төрийн албаны сургалтын байгууллага болох Удирдлагын академи хэрэгжүүлэхээр хуульчилсан байна.

14. Хуулийн эдгээр заалтын агуулгаас үзвэл төрийн албан хаагч нь мэргэшүүлэх багц сургалтын агуулга, хөтөлбөрийг бүрэн эзэмшиж төгссөнөөр төрийн албан хаагчийн мэргэшсэн байх шаардлага хангагдана гэж үзэхээр байна.

15. Мөн Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалын тодорхойлолтын мэргэшил хэсэгт ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх гэж тодорхойлсон.

16. Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг гарснаас хойш төрийн захиргааны ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдан төгсөж сертификат авсан нь нотлогдож байх тул мэргэшүүлэх сургалтад бүрэн хамрагдаж төгсөөгүй, тус сургалтад дөнгөж бүртгэгдээд байсан төрийн албан хаагчийг төрийн албаны мэргэшсэн байх шаардлагыг хангасан гэж үзэх боломжгүй.

17. Иймд хариуцагч Салбар зөвлөл нь тухайн тусгай шалгалтыг зохион байгуулах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор баталсан Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам-ын 4.1-д Дараах болзлыг хангасан албан хаагч, иргэн шалгалтад бүртгүүлнэ: ...4.1.5-д албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан байх., мөн өдрийн 16 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журам-ын 2.1-д Энэ журамд заасан шаардлагыг хангасан төрийн жинхэнэ албан хаагч шатлан дэвшүүлэх тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-д оролцох эрхтэй. 2.5-д Төрийн албаны тухай хуулийн 26.3-т заасны дагуу ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан төрийн албан хаагч дараах тохиолдолд шатлан дэвшүүлэх тухайн албан тушаалын шалгалтад оролцох эрхтэй: ...2.5.2. мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх; байх гэж журамласныг тус тус зөрчиж, тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэшсэн байх шаардлагыг хангаагүй нэхэмжлэгч Х.О*******ыг Удирдлагын академийн сургалтад бүртгэгдсэн тухай тодорхойлолтыг үндэслэн шалгалтад бүртгэн, улмаар сонгон шалгаруулалтад оролцуулсан нь дээрх хууль, журамд нийцээгүй хууль бус захиргааны үйл ажиллагаа болжээ.

18. Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага өөрөө, эсхүл иргэний гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ., 30.2-т Энэ хуулийн 30.1-д заасан хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна. гэж тус тус заасан.

19. Төрийн албаны зөвлөлөөс хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан болохыг тогтоож дахин сонгон шалгаруулалт явуулах үүрэг даалгаврыг өгснийг үндэслэн Салбар зөвлөл нь сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож маргаан бүхий тогтоолыг гаргасан нь хуульд нийцсэн бөгөөд тусгай шалгалтад бүртгүүлэх үедээ төрийн албан хаагчийн мэргэшсэн байх шаардлагыг хангаагүй байсан нэхэмжлэгч Х.О*******ын хувьд эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхгүй.

20. Мөн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон маргаан бүхий тогтоол нь 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гарсан тул 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 13.3-т Холбогдох хууль, журам зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан нь тогтоогдсон бол Зөвлөл, Салбар зөвлөл тухайн сонгон шалгаруулалтыг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно. гэж заасныг үндэслэл болгосон нь зөв тул нэхэмжлэгчийн энэ талаарх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

21. Түүнчлэн маргаан бүхий тогтоолд нэхэмжлэгч Х.О*******ыг хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, худал мэдүүлсэн гэж огт дурдаагүй, энэ үндэслэлээр сонгон шалгаруулалтыг хүчингүй болгоогүй байхад нэхэмжлэгч нь нэхэмжлэл болон шүүх хуралдаанд хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, худал мэдүүлсэн зөрчил гаргаагүй гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна.

22. Дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий акт нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт заасанд нийцсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 30 дугаар зүйлийн 30.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.О*******ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ