Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 514

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч

О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн

улсын яллагч Н.Ням-Очир

шүүгдэгч М , түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл

хохирогч Г.Билэгсайхан

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй

хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай

ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

1705001820146 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр

хүлээн авч, энэ өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Завхан аймгийн

Завханмандал суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,

мэргэжилгүй, ам бүл 4; оршин суух, ялгүй,

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч М  2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 4

дүгээр хороо, 8 дугаар байрны ойролцоо хохирогч Г.Билэгсайханг зодож, бие махбодид

нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх

гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч М  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө. Хохирогчоос

уучлалт гуйсан гэв.

Хохирогч Г.Билэгсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Миний ярьсан бүгд хавтаст хэрэгт бичигдсэн байгаа. Одоо надад гомдол санал

байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох

баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн байцаалтын явцад

хохирогч Ганчимэгийн Билэгсайхан “... 2017 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд

шилжих шөнө үүрээр 03 цагийн орчим Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг

дэвсгэрт байрлах 8 дугаар байрны хойд талд би найз Хонгорын Н.Каппа маркийн

машиныг зогсоолд байрлуулж тавих гээд ухарч байтал зүүн талд байсан Соната-5

маркийн автомашиныг шүргэчихээд ослын гэрлээ асаагаад зогстол нэг танихгүй залуу

цонхоор намайг 2 удаа гараараа цохьсон. Би тэр Соната-5 маркийн автомашины

жолооч юм байх гэж бодсон чинь биш байсан. Намайг шууд 200.000 төгрөг өг, тэгээд

салъя гээд байсан. Би биш гэдгийг нь мэдээд ахаа АТМ-ээс аваад өгье гэж хэлээд

зутгаагаад цагдаа дуудсан. Миний гар утсыг “надад гар утсаа өг” гэж хэлээд базаад

далий болгосон, эсвэл 200.000 төгрөг өг гээд байсан. Миний гар утас өнөөдөр шинээр

авсан I phone-6 маркийн гар утас байсан, тухайн үед машины эзэн Хонгороо бид хоёр

1,1 шил Сэнгүүр шар айраг уусан байсан. Миний толгой өвдөж, дотор эвгүй байна, нүд

битүү хавдсан. Шүүх эмнэлэгт үзүүлнэ, би гомдолтой байна. Өөр нэмж ярих зүйлгүй.

Миний ярьсан зүйл үнэн намайг зодсон ахтай би юу ч яриагүй гар ч хүрээгүй

миний мөргөсөн Соната-5 машины жолооч мөн бол тохирно. Хохирлыг нь барагдуулна

л гэж бодож байсан” /хх-н 9-10/ гэж,

гэрч Ганбаатарын Хонгор “... 2017 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих

шөнө 00 цагийн орчим би өөрийн найз Билэгсайханы хамт андууд орчихоод хүүхэдтэй

уулчихаад хоёулаа байр руугаа буцсан байгаа юм. Буцаж явж байхад манай 54 дүгээр

байрны ард талын зогсоолд аавын машин байхаар нь зогсоолоос гаргаад гэрийнхээ урд

талын 52 дугаар байрны зогсоолд аваачиж тавьсан. Гэтэл тэнд зогсоол байхгүй

байхаар нь манай найз Билэгсайхан машин бариад ухарч байтал машины хойд талаас

нэг согтуу залуу гарч ирээд Билэгсайханыг буугаад ир гэж хэлсэн. Билэгсайхан бууж

уулзчихаад буцаж суугаад зогсоол байдаггүй ээ хоёулаа гаръя гэхэд түрүүний согтуу

залуу орилж ирээд Билэгсайханы цонхон талаар Билэгсайханы нүд рүү чанга цохьсон.

Тэгээд би хөөе битгий явуулаарай гэж хэлээд машинаас буусан. Гэхдээ миний биед

гэмтэл учрахаар цохиогүй ээ. Тэгтэл Билэгсайхан миний хаалган талаар суудал

дамжиж буухад нөгөө залуу Билэгсайханг тосч аваад нүүр рүү, нүд рүү нь цохиж

эхэлсэн. Билэгсайхан ухарч байхдаа тэр Билэгсайхаг цохиж зодсон залуу хойд замд нь

саад учруулж хойд талын машиныг шүргүүлчихсэн юм аа. Тэгэхдээ тэр машинд ямар

нэгэн гэмтэл учраагүй байгаа юм. Мөргүүлсэн машиныг миний машин гэж худал хэлж

мөнгө төгрөг авах санаатай байсан. Тэр залуу Билэгсайханыг ямар нэгэн шалтгаангүй

цохиж зодсон. Өмнө нь харж байгаагүй танихгүй залуу байсан. Тэр залуу болохоор

нилээн согтолттой байсан. Мөн тэр залуу Билэгсайханы гар утсыг голоор нь

нугалчихсан” /хх-н 12/ гэж тус тус мэдүүлжээ.

Түүнчлэн хохирогч Г.Билэгсайханы гэмтэлтэй холбоотой “Г.Билэгсайханы биед

зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхины цус

хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацрын төвгөрт цус хуралт, баруун эгэмэнд цус

хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн

удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-

т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт

хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 9369

тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан

/хх-н 15/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

Прокуророос шүүгдэгч М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар

зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн,

Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол

учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцлоо.

Шүүхээс шүүгдэгч М д ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт

хэрэг гарах болсон шалтгаан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзав.

Тухайлбал, тэрээр урьд өмнө ял шийтгэл хүлээж байгаагүй талаарх Ял

шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 27/,

гэрч Алтанхуягийн Бат-Эрдэний “... Би М тай бага наснаасаа найзалж,

одоо хамт ажиллаж байгаа. М  1995 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын 13

дугаар сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж бид танилцаж байсан. Тэр цагаас хойш

одоог хүртэл найзалж байна. М  хүнд тусархаг, ажилдаа сайн, эд зүйлд гамтай,

цэвэрч ханддаг, хааяа архи согтууруулах ундаа хэрэглэдэг, гэхдээ хэтрүүлж хэрэглэж

байгаагүй. Ажил мэргэжлээрээ байгууллагаас олон шагнал авч байсан. Одоо эхнэр 2

хүүхдийн хамт Шархад-нд хашаа байшинд амьдардаг. М  их тайван, баргын

зүйлд түрүүлж хөдлөөд байдааггүй, асуудалд нухацтай ханддаг, найз нөхдийн хүрээлэл

сайтай, өөрөө их тусархаг болохоор найзууд нь их хүндэлдэг” /хх-н 13/ гэсэн мэдүүлэг

зэрэгт тусгагджээ.

Шүүгдэгч М  бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Билэгсайханы зүгээс

“... нэхэмжлэх зүйлгүй, хохирлын 120.000 төгрөгийг барагдуулсан нь үнэн” /хх-н 41/

гэсэн бөгөөд тэрээр шүүх хуралдааны явцад “... гомдолгүй” гэдгээ илэрхийлсэн болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй,

шүүгдэгч М  цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл,

36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. М г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах

гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. М д оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий

ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр

150.000 төгрөг төлөхөөр тогтоосугай.

4. М  торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3

дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх

хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. М  бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Билэгсайхан гомдолгүй, нэхэмжлэх

зүйлгүй гэснийг,

энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй,

шүүгдэгч М  цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд гомдол гаргах эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол

гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны

шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих

эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эрх бүхий этгээд

давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг

түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл М д урьд авсан “хувийн баталгаа” гаргуулах

тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ