Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 202/ДШМ/19

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        Д.С, Б.О нарт холбогдох

      эрүүгийн  хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Б даргалж, ерөнхий шүүгч Т.Д, шүүгч В.Ц нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ш.Н, яллагдагч нарын өмгөөлөгч Ц.Б, М.А, яллагдагч Д.С, Б.О, нарийн бичгийн дарга Б.Д нарыг оролцуулж нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 2021/ШЗ/344 дүгээр захирамжтай Д.С, Б.О нарт холбогдох эрүүгийн 2012002680322 дугаартай хэргийг прокурорын гаргасан эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Б-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, 39 настай, эмэгтэй, Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн Ерөнхий боловсролын сургуулийн захирал ажилтай, Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багт оршин суух, ял шийтгэлгүй, Д.С

 

Монгол Улсын иргэн, 1972 онд онд төрсөн, 49 настай, эмэгтэй, Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн Ерөнхий боловсролын сургуульд сургалтын менежер ажилтай, Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багт оршин суух, ял шийтгэлгүй, Б.О

 

Д.С нь Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа Бага, дунд боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан “Ерөнхий боловсролын сургуулийн багшийг багш бэлтгэдэг их сургууль, дээд сургууль, коллежид бэлтгэнэ”, 21.2 дахь хэсэгт заасан “Багш нь багшлах эрхтэй байна”, 21.3 дахь хэсэгт заасан “Багш бус мэргэжлийн хүн заах арга зүйн сургалтад хамрагдсаны дараа багшлах эрх авна” гэж тус тус заасныг зөрчин багш мэргэжилгүй Ж.Ц-ыг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/12 дугаартай тушаалаар тус сургуулийн биеийн тамирын багшийн ажилд томилж ажиллуулан, түүнд давуу байдал олгосны улмаас төрд 13 164 532 төгрөгийн хохирол учруулсан, Б.Отай бүлэглэн 2019 онд Ж.Б нь тус сургуульд ажиллаагүй байхад түүнийг “Байгалийн ухааны багшийн ажилд томилох тухай” 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/05 дугаартай, тус ажлаас чөлөөлөх тухай 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/11 дугаартай тушаалыг тус тус сургуулийн байранд хуурамчаар үйлдэж, улмаар Ж.Б-ын ХААН банкны 5925151657 дугаартай дансанд 2019 оны 02, 03, 04, 06 дугаар саруудад цалин, ээлжийн амралтын мөнгө олгож, өөрийн данс руу буцаан шилжүүлэн авч, албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрт давуу байдал бий болгосны улмаас төрд 2 404 507 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2019 онд тус сургуульд ажиллаагүй буюу хүүхэд асрах чөлөөтэй байсан Ш.Д-ыг ажилд томилох тухай 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/09 дугаартай, ажлаас чөлөөлөх тухай 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/13 дугаартай тушаалуудыг тус тус сургуулийн байранд хуурамчаар үйлдэж, улмаар Ш.Д-ын ХААН банкны 5147110862 дугаартай данс руу цалин олгож, уг мөнгийг Д.М, Д.Д, П.Д, Б.О нарт хуваан өгч, албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосны улмаас төрд 769 601 төгрөгийн хохирол учруулсан буюу төрд нийт 16 338 640 төгрөгийн хохирол учруулсан,

Б.О нь Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерээр ажиллаж байхдаа Д.Сын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Ж.Б, Ш.Д нарыг ажилд томилж, чөлөөлсөн тушаалыг хуурамчаар үйлдэн өөртөө болон Д.М, Д.Д, П.Д, Б.О нарт давуу байдал олгосон дээрх гэмт үйлдлүүдэд үйлдлээрээ санаатай нэгдэн хамтран оролцож, багш Ж.Б, Ш.Д нарыг ажиллаагүй гэдгийг мэдсээр байж ажилласан мэтээр цагийн бүртгэлийг хийж, холбогдох албан тушаалтанд шилжүүлж, цалин хөлс олгох нөхцөлийг бүрдүүлэн бусдад давуу байдал олгосон,

Д.С, Б.О нар нь бүлэглэн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах тухай мөрдөгчийн тогтоолын дагуу 2019 оны 04 дүгээр сард ажиллаагүй багш Ж.Б-ыг ажилласан мэтээр цагийн бүртгэлийг нөхөн гаргаж, гарын үсэг зурж баталгаажуулан хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдэж, хууль сахиулагчид гаргаж өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 2021/ШЗ/344 дүгээр захирамжаар яллагдагч Д.С, Б.О нарт холбогдох 2012002680322 дугаартай эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил засуулах нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

 

Давж заалдах шатны шүүхэд прокурор Ц.С гаргасан эсэргүүцэлдээ: “Архангай аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих прокурор Ц.С би тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 2021/ШЗ/344 дугаартай шүүгчийн захирамжийг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянавал:

Яллагдагч Д.С нь Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа Бага, дунд боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан “Ерөнхий боловсролын сургуулийн багшийг багш бэлтгэдэг их сургууль, дээд сургууль, коллежид бэлтгэнэ”, 21.2 дахь хэсэгт заасан “Багш нь багшлах эрхтэй байна”, 21.3 дахь хэсэгт заасан “Багш бус мэргэжлийн хүн заах арга зүйн сургалтад хамрагдсаны дараа багшлах эрх авна” гэж тус тус заасныг зөрчин багш мэргэжилгүй Ж.Ц-ыг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/12 дугаартай тушаалаар тус сургуулийн биеийн тамирын багшийн ажилд томилж ажиллуулан, түүнд давуу байдал олгосны улмаас төрд 13 164 532 төгрөгийн хохирол учруулсан, яллагдагч Б.Отай бүлэглэн 2019 онд Ж.Б нь тус сургуульд ажиллаагүй байхад түүнийг “Байгалийн ухааны багшийн ажилд томилох тухай” 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/05 дугаартай, тус ажлаас чөлөөлөх тухай 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/11 дугаартай тушаалыг тус тус сургуулийн байранд хуурамчаар үйлдэж, улмаар Ж.Б-ын ХААН банкны 5925151657 дугаартай дансанд 2019 оны 02, 03, 04, 06 дугаар саруудад цалин, ээлжийн амралтын мөнгө олгож, өөрийн данс руу буцаан шилжүүлэн авч, албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрт давуу байдал бий болгосны улмаас төрд 2 404 507 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2019 онд тус сургуульд ажиллаагүй буюу хүүхэд асрах чөлөөтэй байсан Ш.Д-ыг ажилд томилох тухай 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/09 дугаартай, ажлаас чөлөөлөх тухай 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/13 дугаартай тушаалуудыг тус тус сургуулийн байранд хуурамчаар үйлдэж, улмаар Ш.Д-ын ХААН банкны 5147110862 дугаартай данс руу цалин олгож, уг мөнгийг Д.Мөнхтуяа, Д.Д, П.Д, Б.О нарт хуваан өгч, албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосны улмаас төрд 769 601 төгрөгийн хохирол учруулсан буюу төрд нийт 16 338 640 төгрөгийн хохирол учруулсан,

яллагдагч Б.О нь Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерээр ажиллаж байхдаа яллагдагч Д.Сын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Ж.Б, Ш.Д нарыг ажилд томилж, чөлөөлсөн тушаалыг хуурамчаар үйлдэн өөртөө болон Д.М, Д.Д, П.Д, Б.О нарт давуу байдал олгосон дээрх гэмт үйлдлүүдэд үйлдлээрээ санаатай нэгдэн хамтран оролцож, багш Ж.Б, Ш.Д нарыг ажиллаагүй гэдгийг мэдсээр байж ажилласан мэтээр цагийн бүртгэлийг хийж, холбогдох албан тушаалтанд шилжүүлж, цалин хөлс олгох нөхцөлийг бүрдүүлэн бусдад давуу байдал олгосон,

мөн яллагдагч Д.С, Б.О нар нь бүлэглэн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах тухай мөрдөгчийн тогтоолын дагуу 2019 оны 04 дүгээр сард ажиллаагүй багш Ж.Б-ыг ажилласан мэтээр цагийн бүртгэлийг нөхөн гаргаж, гарын үсэг зурж баталгаажуулан хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдэж, хууль сахиулагчид гаргаж өгсөн гэмт хэрэгт яллагдагч Д.Сыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, яллагдагч Б.Ог Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан прокурорын 44 дугаартай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх “1. ...Хэрэгт яллагдагч Д.Сын 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.С-д гаргасан гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэлгүй 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр дээд шатны буюу Архангай аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Г 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 1/366 тоот бичгээр гомдлыг буцааж хүргүүлсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч, бусад оролцогч, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой бол бүрэн, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хангахаас татгалзах тухай прокурор шийдвэр гаргана”, 2 дахь заалтад заасан “...хүсэлтийг хангах үндэслэл нь тодорхой бол даруй, шалгах шаардлагатай тохиолдолд түүнийг гаргаснаас хойш ажлын 5 өдрийн дотор хангах эсэхийг шийдвэрлэнэ” гэсэн заалтуудыг тус тус ноцтой зөрчиж яллагдагчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан албан тушаалтны гаргасан шийдвэрт тухайн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд хяналт тавих албан тушаалтанд гомдол гаргах эрхийг хязгаарласан байна гэж үзэв.

2. ...Мөн хэрэгт Хотонт сумын Өндөрсант багийн Ерөнхий боловсролын сургуулийн багш Ш.Д-ын ажиллаагүй хугацаанд буюу 2019 оны 04 дүгээр сард түүний тухайн сургуулийн сурагчдад орох байсан программт хичээл орсон эсэх, орсон бол хэн хэн гэдэг багш хэдэн цагийн хичээл заасан зэргийг тогтоож, 580 000 төгрөгийг хувааж авсан гэх Д.М, Д.Д, П.Д нар нь иргэний хариуцагчаар тогтоогдох үндэслэлтэй эсэхийг шалгах зэрэг нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг  хийлгэх зайлшгүй шаардлагатай байна…” гэж тус тус дүгнэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Учир нь:

Уг хэрэгт яллагдагч Б.Огаас гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай хүсэлтийг хяналтын прокурор Ц.С хүлээн авч 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Уг шийдвэрт яллагдагч Б.О нь гомдол гаргасныг аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор хүлээн авч хэргийг бүхэлд нь хянаад 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гомдлыг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж, улмаар тус прокурорын газраас 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 44 дугаартай яллах дүгнэлт үйлдсэн байна. Яллагдагч нь гомдлыг шийдвэрлэсэн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргасан бөгөөд Улсын ерөнхий прокурорын газраас хэргийг бүхэлд нь хянаад 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 4/139 дугаартай тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. Гэтэл үүний дараа Д.С нь прокурорын яллах дүгнэлтийг эс зөвшөөрч гомдол гаргасан бөгөөд уг гомдлыг хяналтын прокурор Ц.С-д гэж хаягласан байна. Гэвч гомдлыг яллах дүгнэлтийг эс зөвшөөрч нэмэлт ажиллагаа хийлгэхээр гаргасан тул хэнд хаяглан гаргаснаас үл хамааран Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг прокурорын шийдвэрт гаргасан гомдол гэж үзэх бөгөөд дээд шатны прокурор өмнө нь яллагдагч Б.Огийн гомдлын дагуу хэргийг бүхэлд нь хянасан тул дахиж хэргийг хянах үндэслэлгүй гэж дүгнэн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 1/366 дугаартай албан бичгээр гомдлыг буцаан хүргүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болжээ. Өөрөөр хэлбэл, дээд шатны прокурор эрүүгийн хэргийг хэргийн оролцогч нэг бүрийн гомдлын дагуу удаа дараа уншиж хянах, хянах бүртээ өөр өөр хууль зүйн дүгнэлт хийж, гомдлыг өөр өөрөөр  шийдвэрлэх байсан гэж дүгнэх нь учир дутагдалтай байна. Жишээ татвал, 5 яллагдагчтай эрүүгийн хэрэгт хяналт тавьж буй прокурор шийдвэрээ нэгэнт гаргасан байхад яллагдагч нар ээлжлэн дээд шатны прокурорт гомдол гаргах, улмаар дээрх гомдлуудыг дээд шатны прокурорууд шат дараалан хянах байдлаар яллагдагч нарт цаг хугацаа хожих боломж олгож, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүн таслах ажиллагааг удаашруулах нь хууль хэрэглээний буруу жишиг тогтоох үр дагавартай юм. Мөн багш Ш.Д-ын ажиллаагүй хугацаанд буюу 2019 оны 04 дүгээр сард түүний тухайн сургуулийн сурагчдад орох байсан программт хичээлийг бусад багш нар нөхөж зааж байсан талаар гэрчүүд болон яллагдагч нар мэдүүлдэг тул дээрх асуудлыг бүрэн тодруулсан гэж үзэх бөгөөд дахин шалгах шаардлагагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно гэж заасан бөгөөд Д.М, Д.Д, П.Д нар нь гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих этгээдүүд биш юм. Иймд Д.С, Б.О нарт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 344 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд прокурор оролцуулж өгнө үү.” гэжээ.

 

Прокурор Ш.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: “Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих болсон гол шалтгаан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зүйл, заалтыг зөв ойлгож нэг мөр хэрэглэх зорилгоор бичсэн байдаг. Яллагдагч нарын өмгөөлөгч нарын яриад байгаа шиг яллах дүгнэлт гардуулсны дараа гаргасан гомдлыг прокурорын шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол гэж үзэхгүй байна. Учир нь яллах дүгнэлт гардуулсны дараа оролцогчдоос гаргасан гомдол, хүсэлтийг шүүхэд шилжүүлнэ гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан байдаг. Прокурорын яллах дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр нь прокурорын тухайн хэргийг шийдвэрлэсэн эцсийн шийдвэр байдаг. Энэ шийдвэрийн цаана ямар нэг байдлаар нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэж өгнө үү, эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хүсэлт, гомдол нь прокурорын гаргасан шийдвэртэй холбоотой гарсан гэж үзнэ. Яагаад гэвэл хэрэгт нотолбол зохих ажиллагааг бүрэн нотолж тогтоосон, цагаатгах болон яллах талын нотлох баримтыг эргэлзээгүй байдлаар нотолж тогтоосон гэж үзсэний үндсэн дээр прокурор яллах дүгнэлт үйлддэг. Магадгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдоос хүсэлт, гомдол гаргаж нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаанд буцаах хүсэлт гаргавал хүсэлтийн дагуу яллах дүгнэлтийг хүчингүй болгоно гэсэн байдлаар прокурор эцсийн шийдвэрээ гаргадаггүй. Хэргийг бүрэн нотолсон, шүүхээр шийдвэрлүүлэх хэмжээнд энэ хэргийг шалгаж тогтоолгоно гэж үзсэний үндсэн дээр прокурор шийдвэрээ гаргадаг. Ийм учраас прокурор шийдвэрээ гаргасны дараа буюу 15, 25  хоногийн дараа гаргасан хүсэлтийг прокурорын шийдвэрт гаргасан гомдол гэж холбож үзэхээс өөр арга байхгүй. Прокурор хэргийг бүрэн нотолсон гэж үзэж байхад өмгөөлөгч, шүүгдэгч нар хэргийг бүрэн нотлоогүй, нэмэлт ажиллагаа хийж өгнө үү, өөр нөхцөл байдлыг тогтоож өгнө үү гэж байгаа нь тухайн прокурорын шийдвэр буюу яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргаж байгаа шилдэг жишээ байна. Үүнээс өөрөөр прокурорын шийдвэрт гаргасан гомдлыг ямрыг нь шийдвэртэй холбогдуулан гаргасан прокурорын гомдол гэж үзэж, ямар гомдлыг нь прокурорын шийдвэрт холбогдуулж гаргаагүй вэ гэж үзэх нь өөр асуудал юм. Хэргийн оролцогчид өөр өөр асуудлаар гомдол гаргасан гэж тайлбарлаж байна. Нэг яллагдагчийн гомдлын дагуу дээд шатны прокурор хэргийг хянахдаа энэ яллагдагчид холбогдох хэрэг нотлогдсон байна уу гэдгийг бусдаас нь ялгаж хянадаггүй бөгөөд хэргийг бүхэлд нь хянадаг. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянадагтай адил прокурор ч мөн адил хэргийг бүхэлд нь хянадаг. Хэрэгт бүхэлд нь үнэлэлт дүгнэлт хийж, хэрэгт нотолбол зохих ажиллагааг хийсэн байна уу, яллагдагч нарын гэм бурууг нотлох хангалттай нотлох баримт цугласан гэж үзвэл гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэдэг. Өмгөөлөгч нарын ярьснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн нэг яллагдагчийн гомдлыг хянаад гомдлыг хүлээн авахаас татгалзаж, дараа нь нөгөө яллагдагчийн гомдлын дагуу энэ асуудлыг дутуу шалгасан байна гэдгээр яллах дүгнэлтийг хүчингүй болгох асуудал байхгүй. Магадгүй яллагдагчийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж гаргасан гомдлыг хянаад өөр бусад яллагдагч нартай холбоотой дутуу шалгасан зүйл байгаа тохиолдолд яллах дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэх нь тодорхой юм. Ийм учраас гаргасан гомдол болгоноор прокурор шат дараатай хянах ёстой гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүхэд нэг шүүгдэгч нь миний хэргийг цагаатгаж өгнө үү гэсэн гомдлыг хянаж үзээд цагаатгачхаад,  дараагийн удаа нэг шүүгдэгч нь прокурорт буцааж өгнө үү гэсэн гомдол гаргахад шүүгч дахин хэргийг хянаад прокурорт буцааж шийдвэрлэх хууль бус шийдвэр байдаггүй шиг прокурорын хэргийг хянах процесс ажиллагаа адилхан гэдгийг та бүхнийг ойлгоно гэж бодож байна. Энэ нь хэргийн шийдвэртэй холбоотой дараа дараагийн хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагаанд нөлөөтэй гэж үзэж байна. Мөн оролцогчдын хувьд багшид хичээл заасны төлөө мөнгө өгсөн юм биш үү, бусдад давуу байдал олгосон нөхцөл байдал байхгүй байгаа юм биш үү,  тухайн багш нар хичээлээ заасан болохоор тухайн мөнгийг авах ёстой байсан гэх үндэслэлээр прокурорт буцаасан гэж үзэж байгаа. Гэхдээ хэрэгт авагдсан н.Г-ийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тухайн багш нар хичээлээ заасан. Гэхдээ тухайн багш нарт цалин хөлс олгохдоо чөлөөлсөн болон томилсон тушаалыг хуурамчаар үйлдсэн гэдгийг хэлмээр байна. Анхан шатны шүүх гэм буруугийн шүүх хуралдаанаар бусдад  давуу байдал олгосон гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоох боломжтой. Үүнийг заавал нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтын шатанд буцааснаар үүнээс өөр нөхцөл байдал тогтоогдохгүй гэж үзэж байна. Ийм учраас прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй гэж үзэж байна. Нэгэнт анхан шатны шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул Архангай аймаг дахь сум дундын  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 344 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч Ц.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Прокурор яллах дүгнэлт үйлдсэний дараа гомдол гаргаж болохгүй гэж хэллээ. Яллагдагчийн өмгөөлөгч миний хувьд прокурортой эсрэг байр суурьтай байна. Энэ талаар хуулийн зохицуулалт байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт  “яллах дүгнэлт гардуулсны дараа хэргийн талаар гаргасан хүсэлт, гомдлыг шүүхэд шилжүүлнэ” гэж заасан. Гэтэл тухайн гомдлыг яллах дүгнэлт гардуулаагүй үед гаргасан юм. Мөн хуулийн 15.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах тухай хүсэлтийг шүүх, прокурор, мөрдөгчид гаргах эрхтэй” гэж заасан бөгөөд  аль ч үе шатанд гаргаж болно гэдийг заасан байна. Тэгэхээр яллах дүгнэлт бичсэн учраас таны гаргасан гомдлыг хүлээн авахгүй гэж үзэж болохгүй юм. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж болохгүй. Өөрөөр хэлбэл яллах дүгнэлт гардуулсны дараа гомдол гаргасан тохиолдолд шүүхэд хамт шилжүүлнэ. Харин яллах дүгнэлт үйлдсэн хэр нь гардуулаагүй прокурор бэлэн байлгаж байгаа тохиолдолд  оролцогч аль ч үе шатанд прокурорт гомдол гаргаж болно. Тэгэхээр ийм хуулийн зохицуулалттай байгаа юм. Бид энэ хэргээр практик тогтоож болохгүй. Тэр тусмаа Б.О, Д.С нар нь өөр өөр гомдол гаргадаг. Гэтэл прокурор нэг гомдол гаргасан нэг асуудал гэж үзэж байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гарсан цагаатгах болон шийтгэх тогтоолд оролцогчид өөр өөр гомдол гаргадаг. Гэхдээ хэргийг бүхэлд нь хянадаг. Гэтэл Б.О, Д.С нар нь өөр өөр гомдол гаргасан. Б.О нь би хэрэг үйлдээгүй гэдэг бөгөөд түүний үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэдгийг өмгөөлөгч нь хэлж байна. Д.Сын хувьд нотолбол зохих зүйлийг нотлоогүй тул нэмэлт ажиллагаа хийж, нотолж тогтоох талаар гомдол гаргасан. Үүнийг ялгаж ойлгох хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар Д.Сын эрх, ашиг нь хөндөгдөж байна. Эрх, ашгийг хөндөхдөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчин эрх, ашгийг нь хязгаарлаж байна. Эрх, ашгийг хязгаарлахаар шүүхийн шийдвэр хүчингүй болох, дээд шатны шүүхээс хүчингүй болгох үндэслэлийг заасан байгаа. Яллагдагч нарын эрхийг хязгаарлаж болохгүй. Харин гаргасан гомдлыг хангасан ч бай, хангаагүй ч бай шийдвэрлэж хариу өгөх ёстой. Тэгвэл дараагийн шатандаа гомдлоо гаргана. Тухайн үед яллах дүгнэлтийг үйлдсэн, үйлдээгүйг мэдээгүй байхад хяналт тавьж буй прокурор хариу өгөх ёстой. Гэтэл аймгийн прокурор хариу өгөхөөр дээд шатны прокурорт гомдол гаргах эрхийг хязгаарлаж байна. Энэ нь анхан шатны шүүх дээр ирж тус шүүхээр шийдвэрлүүлэх байтал давж заалдах шатны шүүх шийдвэрлэсэн гэсэн үг юм. Ямар учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлд хүсэлт, гомдол шийдвэрлэх журмыг заасан байдаг юм. Харин прокурорын шийдвэртэй, үйл ажиллагаатай холбоотой ярьж байгаа нь Ш.Н прокурорын зөв юм. Дээд шатны прокурорт хүсэлт, гомдол гаргах эрхтэй. Анхан шатны прокурорт гомдлыг өгтөл түүний дагуу гомдлыг шийдвэрлэхгүйгээр дээд шатны прокурорт өгч алгасаад байгаад гомдоод байгаа юм. Бид нар энэ шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг тодруулахгүйгээр шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлж болохгүй. Уг хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаавал шүүх хуралдаанд маш их зүйл яригдаж дахин шалгахаар буцаах зүйл гарч ирнэ. Харин давуу байдал олгуулсан этгээд иргэний хариуцагчаар татагдаж орж ирэх ёстой бөгөөд н.Д нь иргэний хариуцагчаар орж ирэх ёстой. Үүн дээр 13 сая төгрөгийн асуудал яригдсан. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг шалгахгүй, хэрэгт дутуу ажиллагаа хийсэн байхад прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй гэж ярьж болохгүй. Хэлбэрийн төдий мөнгө төгрөгийн асуудал байхыг үгүйсгэхгүй. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 344 дүгээр шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан тул прокурорын эсэргүүцлийг хангахгүй орхиж өгнө үү.” гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч М.А давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 8 дахь зүйлийг ярилаа. Уг заалтад яллах дүгнэлт гардуулсны дараа хэргийн талаар гаргасан хүсэлт, гомдлыг шүүхэд шилжүүлнэ гэж заасан. Яллах дүгнэлт үйлдсэнийг яллагдагч мэдэх боломжгүй. Харин гардаж авсны дараа шүүхэд хэргийг шилжүүлэх гэж байгаа юм байна гэдгийг ойлгоно. Яллагдагчийн өмгөөлөгч Ц.Б сая ярилаа. 2021 оны  03 дугаар сарын 11-ний өдөр гомдол гаргаснаас хойш буюу 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр яллах дүгнэлтийг гардуулсан  хэр нь яллах дүгнэлт гардуулснаас хойш  гомдол гаргасан гэж яриад байна. Энэ цаг хугацааны асуудлыг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү. Мөн яллах дүгнэлт гардуулахаас өмнө гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гомдолд Улсын ерөнхий прокурорын газар хүртлээ хэргийг хянаж хариу өгөөгүй асуудал байгаа. Иймд оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал яригдаж байна. Прокурорын зүгээс  шүүх хэргийг тал бүрээс нь хянадагтай адилхан гомдлыг хянасан гэж хэлсэн. Үүнийг би худлаа гэж хэлмээр байна. Яагаад гэхээр хяналт тавьж буй прокурор хэргийг бүхэлд хянаж, хэрэгт байгаа процессын алдааг засахгүйгээр нүд нь балай, чих нь дүлий гэдэг шиг өгсөн. Хяналтын прокурорт гаргасан гомдлыг аймгийн прокурор хүлээн авч, таны гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэсэн. Аль шатанд ямар прокурор тал бүрээс хянаж шийдвэрлэж байгаа юм бэ. Энэ асуудал нь амьдрал дээр байхгүй юм. Сүүлийн үед прокурорууд шүүх дээр очоод учраа ол гэсэн байдалтай байгаа. Хэрэв үнэхээр гомдлыг хянадаг байсан бол хоёр хүний өөр өөр гомдлыг хянаж үзээд алдааг засах хэрэгтэй байсан. Ц.Б өмгөөлөгчийн хэлснээр шүүхэд шилжүүлэн ирвэл гэрч оролцуулах хүсэлт гаргана. Үүний цаана хүний хуулиар олгогдсон эрх, ашиг гэж байгаа бөгөөд  шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх зарчим алдагдана. Прокурор нийтдээ төрд 16.333.443 төгрөгийн хохирол учруулсан гэж ярилаа. Тэгэхээр хэнээс хэдэн төгрөг гаргуулж төрд учирсан хохирлыг төлүүлэх вэ гэдгийг ялгаж салгахгүй бол болохгүй. Миний үйлчлүүлэгч Б.Ог үйлдлээрээ нэгдсэн гэж хэлж байгаа. Үүнийг өмгөөлөгч миний хувьд гайхаж байна. Үйлдлээрээ нэгдсэн нь төлөх юм уу, тушаал гаргасан хүн нь төлөх юм уу энэ нөхцөл байдал нь асуудалтай байна. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхааран үзэж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокурор Ц.С-ийн гаргасан эсэргүүцлийг үндэслэн Д.С, Б.О нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Яллагдагч Д.Сын 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.С-д гаргасан гомдол хүсэлтийг хянан шийдвэрлэлгүй 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр дээд шатны прокурор буюу ерөнхий прокурор Б.Г 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 1/366 дугаар албан бичгээр гомдлыг буцаан хүргүүлсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогч, бусад оролцогч, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой бол бүрэн, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хангахаас татгалзах тухай прокурор шийдвэр гаргана”, 2 дахь хэсэгт заасан “Хүсэлтийг хангах үндэслэл нь тодорхой бол даруй, шалгах шаардлагатай тохиолдолд түүнийг гаргаснаас хойш ажлын 5 өдрийн дотор хангах эсэхийг шийдвэрлэнэ” гэсэн заалтуудыг тус тус ноцтой зөрчиж яллагдагчийн мөн хуулийн 15.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан энэ хуулийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан албан тушаалтны гаргасан шийдвэрт тухайн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд хяналт тавих албан тушаалтанд гомдол гаргах эрхийг хязгаарласан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Харин Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн ерөнхий боловсролын сургуулийн багш Ш.Д-ын ажиллаагүй хугацаанд буюу 2019 оны 04 дүгээр сард түүний тухайн сургуулийн сурагчдад орох байсан программт хичээл орсон эсэх, орсон бол хэн хэн гэдэг багш хэдэн цагийн хичээл заасан зэргийг тогтоож, 580 000 төгрөгийг хувааж авсан гэх Д.М, Д.Д, П.Д нар нь иргэний хариуцагчаар тогтоогдох үндэслэлтэй эсэх зэрэг нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх үндэслэлгүй гэж үзлээ.

 

Учир нь тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулснаас гадна мөн хуулийн 8.6 дугаар зүйлийн 2-т зааснаар дээрх хүмүүсийг иргэний  хариуцагчаар татан оролцуулах шаардлагатай гэж үзвэл шүүх иргэний хариуцагчаар татан оролцуулах боломжтой тул хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа гэж үзэхгүй.

 

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаас нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон                                                                     

                                                       ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 2021/ШЗ/344 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ц.С-ийн давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлийн зарим хэсгийг хангасугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.Б

 

                             ШҮҮГЧИД                                      Т.Д

 

                                                                                     В.Ц