Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 182/ШШ2024/03783

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 182/ШШ2024/03783

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэгт оршин байрлах, З ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэгт оршин суух, Г овогт Д-ын О /РД:***********/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 85,431,741 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь 2019 оны 04 сарын 05-ны өдөр 19-02 дугаар "Түрээсийн гэрээ-г хариуцагч Д.О-тэй Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах З ХХК-ийн үйлчилгээний төвд 302 тоот талбай бүхий 69 м.кв газрыг үйлчилгээний зохицуулалтаар сарын 3,857,100 төгрөг, менежментийн зардал 150,000 төгрөг, нийт сарын 4,007,100 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцож байгуулсан. Тус гэрээний дагуу бид өөрсдийн өмчлөлийн талбайг "Хүлээлцэх акт үйлдэж түрээслэгчид шилжүүлсэн бөгөөд, хариуцагч нь гэрээний 4.6-д заасны дагуу сар бүрийн түрээсийн төлбөрт 4,007,100 төгрөгийг 01-ний дотор, төлбөр төлөх хугацаа хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд нийт гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлөх үүрэгтэй байсан. Гэтэл хариуцагч нь 2019 оны 09 сарын 25-ны өдрөөс эхлэн гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрийг төлөөгүй удаа дараа төлөхөөс зайлсхийсэн тул бид 2021 оны 03 сарын 01-ний өдөр уулзалт зохион байгуулж гэрээг цуцалсан. Тус уулзалтаар Д.О нь түрээсийн үлдэгдэл төлбөр болох 57,954,494 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй байхгүй харин төлбөрийг 2021 оны 03 сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 03 сарын 31-ны өдөр хүртэл 6,000,000 төгрөг, 2021 оны 04 сарын 10-25-ны өдрүүдийн хооронд 20,000,000.00 болон түүнээс дээш төгрөг, 2021 оны 05 сарын 31-ны өдөр гэхэд үлдэх бүх төлбөрийг тус тус барагдуулна гэсэн байдаг. Мөн дээрх тохирсон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй бол Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ гэсэн амлалт өгсөн байдаг гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч З ХХК нь хариуцагч Д.Од холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 541,523 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч З ХХК нь Д.О-д холбогдох тус хэргийг урьд нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэж шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч Д.Од холбогдох Түрээсийн гэрээний үүрэгт 85,431,741 төгрөг гаргуулах тухай З ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь заалтыг баримтлан З ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 585,110 төгрөгийн 50 хувь буюу 292,555 төгрөгийг буцаан олгож, үлдэх 292,555 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 292,555 төгрөгийг хариуцагч Д.О-гээс гаргуулж, нэхэмжлэгч З ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.АМАРТӨГС