Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2021/ДШМ/18

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

           Г.Б-д холбогдох эрүүгийн

           хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Д даргалж, шүүгч Д.Б, шүүгч В.Ц нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                        Прокурор                                                           С.Б

                        Шүүгдэгчийн өмгөөлөгч                                  С.П

                        Шүүгдэгч                                                          Г.Б

                        Нарийн бичгийн дарга                                     Б.Д нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Р.А даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч С.П-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.Бд холбогдох 201703000005 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Т.Д-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Архангай аймгийн Жаргалант сумын Асайт багийн Хүрээний буйр гэх газарт оршин суух, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлэн одоо Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 439 дүгээр хаалттай хорих ангид ял эдэлж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, Г.Б


            Шүүгдэгч Г.Б нь үйлдлээ түргэтгэх, зам мөрөө буруулах зорилгоор мотоцикл ашиглан Архангай аймгийн Цэцэрлэг суманд очиж 2016 оны 12 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө тус сумын Их булаг багийн нутаг Задгай хорооллын 06 тоотод оршин суух иргэн Х.Аын эзэмшлийн Ажраг хайрхан нэртэй хүнсний дэлгүүрээс 80.000 төгрөгийн үнэ бүхий скайтелын сим карт ордог ухаалаг гар утас 1 ширхэг, бэлэн 985.000 төгрөг зэргийг хулгайлж хохирогч Х.Ат 1.065.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Г.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Г.Б-г машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, орон байр агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Бд энэ шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 69 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 2 жил 11 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялыг эдлүүлэхээр тогтоож; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан 2 /хоёр/ жил 11 /арван нэг/ сар 20 /хорь/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бгийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 144 /нэг зуун дөчин дөрөв/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Бгийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн мотоциклийн үнэ 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг хураан улсын орлогод оруулж; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бгаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 30.000 /гучин мянга/ төгрөг гаргуулан “Мэргэн гүн” аудит ХХК-д олгож; Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бгаас 1.065.000 /нэг сая жаран таван мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Цэцэрлэг сумын Их булаг багийн Задгайн 06 тоотод оршин суух Х.А-т  олгож; Шүүгдэгч Г.Бд холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Г.Бгийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж; Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж; Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.П-ийн гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн шийтгэх тогтоолыг 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гардан аваад эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Яллагдагч Г.Б нь 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор 2019 онд үйлдсэн хулгайн үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн. Уг ялаа эдэлж байх хугацаанд нь түүний ял шийтгүүлэх үед мэдэгдээгүй байсан буюу 2016 онд бусдын дэлгүүрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан үйлдэл илэрсэн. Г.Бд холбогдох үйлдлүүдийг нэгтгэхгүйгээр шийдвэрлэж, хоёуланд нь гэм буруутайд тооцсон тохиолдолд яллагдагч нэг цаг хугацаанд нэг шүүхээр нэг цаг хугацаанд шийтгүүлэх боломжтой байсаар байхад нэг цаг хугацаанд нэг шүүхээр хоёр удаа гэм буруутайд тооцуулан ял шийтгүүлж, хувийн болон эрүүгийн хариуцлагын хувьд түүний эрх зүйн байдал дордохоор байна. Энэ тохиолдолд Г.Бд оногдуулсан 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолыг биелүүлэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг хэрэглэн ялыг нэмж нэгтгэсэн нөхцөлд түүний эрх зүйн байдал илтэд дордсон нөхцөл үүсэж байгаа. Энэ талаар прокурор болон анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн аваагүй юм. 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулж, хүчингүй болгосны дараа одоогийн энэ шийтгэх тогтоолоор ял шийтгүүлж байгаа үйлдлийг өмнөх үйлдэлтэй нь нэгтгэж шийдвэрлүүлэх хүсэлттэй. Иймд Г.Бд холбогдох хэргийг хянаж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.Б болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзэж байна. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зүйл тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн  өмгөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурорын тайлбар болон дүгнэлтийг сонслоо. Эрүүгийн хуулийн зохицуулалтын нэг онцлог нь өмнөх Эрүүгийн хуулийг шүүгдэгчид ашигтай байдлаар буцаан хэрэглэх юм. Прокурорын зүгээс нэг зүйл ангиар шийдэгдэх боломжгүй бөгөөд хоёр өөр цаг хугацаанд үйлдэгдсэн гэмт хэрэг гэж тайлбарлаж байна. Тэгэхээр Г.Бгийн үйлдсэн хоёр хэргийг нэгтгээд аль ашигтай байдлаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх боломжтой юм. Энэ нь Г.Бгийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх ашигтай юм. Г.Б нь 2019 оны нэг удаагийн хулгайн үйлдэлдээ 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Гэтэл 2016 оны хулгайн үйлдэлдээ мөн адил 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байгаа юм. Үндсэндээ Г.Б нь хоёрын удаагийн хулгайн үйлдэлдээ нийт 4 жилийн хорих ялаар шийтгүүлээд байгаа юм. Гэтэл энэ хоёр хэргийг нэгтгээд шийдвэрлэх тохиолдолд тэрээр үүнээс бага хорих ялаар шийтгүүлэх боломжтой нөхцөл байдал байгаа. Тэгэхээр Г.Бгийн эрх зүйн байдал илтэд дордож байгаа нөхцөл байдал үүсээд байна. Миний хувьд давж заалдах гомдлоо дэмжиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурор буцааж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.П-ийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Г.Б нь мотоцикл ашиглан, Архангай аймгийн Цэцэрлэг суманд очиж 2016 оны 12 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө тус сумын Их булаг багийн нутаг Задгай хорооллын 06 тоотод оршин суух иргэн Х.А-ын эзэмшлийн Ажраг хайрхан нэртэй хүнсний дэлгүүрт нэвтрэн, 80.000 төгрөгийн үнэ бүхий скайтелын сим карт ордог ухаалаг гар утас 1 ширхэг, бэлэн 985.000 төгрөг зэргийг хулгайлж, хохирогч Х.Ат нийт 1.065.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэн,  хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн үйл баримт гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тодруулжээ.

 

Мөн шүүгдэгч Г.Бд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, шүүгдэгчид оногдуулсан ял шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тохирсон байна.

 

Иймд  Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.П-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь ... Г.Бд холбогдох үйлдлүүдийг нэгтгэхгүйгээр шийдвэрлэж, хоёуланд нь гэм буруутайд тооцсон тохиолдолд яллагдагч нэг цаг хугацаанд нэг шүүхээр,  нэг цаг хугацаанд шийтгүүлэх боломжтой байсаар байхад нэг цаг хугацаанд нэг шүүхээр хоёр удаа гэм буруутайд тооцуулан ял шийтгүүлж, хувийн болон эрүүгийн хариуцлагын хувьд түүний эрх зүйн байдал дордохоор байна. Энэ тохиолдолд Г.Бд оногдуулсан 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолыг биелүүлэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг хэрэглэн ялыг нэмж нэгтгэсэн нөхцөлд түүний эрх зүйн байдал илтэд дордсон нөхцөл үүсэж байгаа. Энэ талаар прокурор болон анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн аваагүй юм. 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулж, хүчингүй болгосны дараа одоогийн энэ шийтгэх тогтоолоор ял шийтгүүлж байгаа үйлдлийг өмнөх үйлдэлтэй нь нэгтгэж шийдвэрлүүлэх хүсэлтэй ... гэж гомдол гаргасан.

 

Шүүгдэгч Г.Б нь Архангай аймаг дах сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдэлж байх үед  түүний  2016 оны 12 дугаар сарын 10-ны шөнө үйлдсэн хулгайн  гэмт хэрэг илэрсэн хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар орсон нэмэлт өөрчлөлтөөр шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг тогтооно гэж заасан тул хуулийн энэ зохицуулалтаар ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэсэн нь зөв юм.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдэгдсэн гэмт хэрэг илэрснийг шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэн, шинэ илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлтийг удаа дараа гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Учир нь шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлд заасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах үндэслэлд хамаарахгүй, тодруулбал оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн гэх үндэслэл биш юм.

 

Хэрэг давж заалдах шатны шүүхэд хянан шийдвэрлэх хугацаанд шүүгдэгч Г.Б нь 28 хоног цагдан хоригдсон байх тул түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                                 

                                                 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.П-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

           

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ийн цагдан хоригдсон 28 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

           

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.Д

 

                             ШҮҮГЧИД                                      Д.Б

 

                                                                                     В.Ц