Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 515

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч

О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн

улсын яллагч С.Оюунжаргал

шүүгдэгч Г , түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй

хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн

27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

1703000010071 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн

авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сэлэнгэ

аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,

мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4

 ялгүй, Г

Шүүгдэгч Г  2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 19 цаг 45 минутын орчим

Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Барс” захын хойд талын зам дээр

Н.Амгаланбаатарын эзэмшлийн Тоёота Приус маркийн 53-20 УБҮ улсын дугаартай

тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль,

түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын

хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг

мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга

хэмжээ авна”, 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч

хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” заалтуудыг

зөрчсөний улмаас явган зорчигч С.Батцэцэгийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол

учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Г  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Би замын хоёрдугаар

эгнээнд явж байтал хохирогч эмэгтэй нэгдүгээр эгнээгээр явж байсан автобусны араар,

Приус машины урдуур гэнэт гүйгээд гараад ирсэн. Тэгээд би хүн мөргөснөөс машин

мөргөсөн нь дээр гэж бодоод зэрэгцээ явсан машин руу дарсан боловч хохирогчийг

мөргөсөн. Буугаад очиход хохирогч ухаангүй байхаар нь шууд машиндаа суулгаад

эмнэлэг рүү явсан. Явах замдаа би өөрийнхөө гар утсаар цагдаад дуудлага өгсөн.

Миний гар утас унтраад, хохирогчийн гар утсыг авч бас цагдаа руу ярьсан. Мөн

хохирогчийг мэдэх хүмүүс рүү нь залгаж хэлсэн. Цагдаатай ярихад Гэмтлийн эмнэлэг

дээр манай цагдаа байгаа гэж байсан. Хохирогчид боломжоороо тусалж байсан.

Эмчилгээний зардалд гэж 800.000 төгрөг өгсөн. Миний ар гэрийн амьдрал, эхнэр ажил

төрөл хийхгүй байгаа, бага насны хоёр ихэр хүүхэдтэй зэргийг минь харгалзан үзээд

хөнгөн ял оногдуулж өгнө үү. Би саяхнаас FM радиод ажил орсон гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох

баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн байцаалтын явцад

хохирогч Сэмжидийн Батцэцэг “... 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 19 цаг

45 минутын орчим Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, "Барс" захын хойд талын явган

хүний гарцан дээр автомашинд мөргүүлсэн. Тэгээд нэг сэрэхэд эмнэлэгт ухаан орсон.

Ослоос болоод эмнэлэгт 10 хоноод гарсан. Тухайн осол болсон газарт гэрэл дохио

байхгүй замын голоор төмөр хашлагатай явган хүний гарцтай газар байсан. Машинд

мөргүүлэх мөргүүлсэн гэдгээ санаж байгаа болохоос ханаас явсан ямар машинд

мөргүүлснээ мэдэхгүй байна. Би замын хойд урсгал буюу зүүнээс баруун чиглэлтэй

явдаг урсгал дээр мөргүүлсэн. Тухайн үед архи дарс угаагүй эрүүл явсан. Би маш

гомдолтой байна. Намайг мөргөсөн жолооч надтай нэг ч удаа уулзаж мөнгөн туслалцаа

үзүүлээгүй. Би ээж охины хамт амьдардаг. Би ганцаараа ажил хийж гэрээ тэжээдэг.

Хотод нийтийн байранд амьдардаг. Энэ ослоос болоод орлого байхгүй амьдрал тун

хүнд болж байна. Тийм болохоор маш их гомдолтой байна. Мөнгө байхгүй болохоор

эмчилгээ хийлгэж чадахгүй хэцүү байна” /хх-н 12-13/,

“... тухайн осол болсон өдөр би ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй

явган хүний гарцаар гарч яваад уг машинд мөргүүлж биедээ хүнд гэмтэл авсан.

Эмчилгээний баримт гэж нийт 561.113 төгрөгний баримт гаргаж өгсөн энэ мөнгөнөөсөө

ерөөсөө гаргаж аваагүй. Өрх толгойсон эмэггтэй болохоор ямар нэг орлого байхгүй

болохоор эмчилгээ хийлгэж чадахгүй байна. Мөргөсөн жолооч би шорондоо явна гээд

ямар ч мөнгө төгрөг өгөхгүй байгаа юм тийм болохоор асар их гомдолтой байна. Одоо

миний зүүнд нүд бараг юм харахаа байлаа мөн тархи байнга өвдөөд зарим юм аа сайн

санахаа байгаад байна. Хамгийн гол нь залуу хүнийг шоронд явуулах нь чухал биш

биеэ эрүүл болгомоор байна. Мөнгөггүй болохоор эмчилгээ хийлгэж чадахгүй байна. Би

энэ залуугаас 10.000.000 төгрөг нэхэмжилж байна. Гомдолтой болохоор шүүх

хуралдаанд сууна” /хх-н 14/ гэж,

гэрч Батцэцэгийн Отгонцэцэг “... 9 дүгээр сарын 13-ны өдрийн 19 цагийн орчим

манай төрсөн ээж Сэвжидийн Батцэцэг нь “Барс” захын хойд зам дээр явган хүний

гарцан дээр автомашинд мөргүүлж биедээ хүнд зэргийн гэмтэл авсан. Энэ ослоос болж

ээж ГССҮТ-д 10 хоног хэвтээд гарсан, одоо гэртээ байнга хэвтэрт байна. Би ээж

Батцэцэг эмээ Хорлоо нарын хамтаар амьдардаг. Гэрээсээ манай ээж Батцэцэг

Улаанбаатар хотод “Барс” зах дээр хүний ногоо зарж өгч гэр орноо тэжээдэг байсан.

Манай гэрийн ганц ажил хийдэг хүн маань осолд ороод бид одоо ямар ч орлого байхгүй

ээжийнхээ эмчилгээг ч хийлгэж чадахгүй маш хүнд байна. Энэ мөргөсөн жолооч ямар

нэгэн эдийн засгийн тусламж үзүүлээгүй хүний урамд утсаар ч биеийг нь асуухгүй

байгаа тийм болохоор энэ хүнд асар их гомдолтой. Ер нь энэ хүнээс эмчилгээний

зардпаа гаргуулан авч ээждээ эмчилгээ хийлгэж хөл дээр нь яаралтай босгомоор

байна. Одоогоор нэг сая орчим төгрөг гарсан байгаа үүнийхээ 700.000 орчим төгрөгний

баримтыг гаргаж өгсөн. Үлдсэн баримтаа удахгүй гаргаж өгнө” /хх-н 16/ гэж,

гэрч Сүхбаатарын Адарсүрэн “... 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 19 цаг 45

минутын орчим өөрийн эзэмшилийн 6202 УБЕ улсын дугаартай Криста маркийн

автомашинтай машиндаа ганцаараа Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр

Барс захын арын зам дээр ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй замын 2 дугаар

эгнээгээр явж байгаад “Барс” захын хойд талын явган хүний гарцан дээр миний урд

явсан 5320 УБҮ улсын дугаартай Т.Приус-20 маркийн автомашин жолооч явган хүний

гарцаар хойноосоо урагшаа чиглэлтэй гарч явсан эмэгтэй хүнийг мөргөсөн юм. Тухайн

үед нэгдүгээр эгнээнд нэг автобус явж байсан тэр автобусны ар талаар явган хүний

гарцаар гарч явсан эмэгтэйг 2 дугаар эгнээнд явж байсан 5320 УБҮ улсын дугаартай

Т.Приус-20 маркийн автомашин мөргөсөн юм. Тэгээд жолооч нь гээд нэг залуу бууж

ирээд тэр мөргөсөн хүүхнээ машиндаа суулгаад аваад явсан юм тэгэнгүүт би ард нь

явж байсан болохоор юмыг яаж мэдэхэв гээд өөрийнхөө 99198074 утсаар цагдаад

дуудлага өгсөн юм. Тухайн үед “Барс” захын арын гэрэл дохиотой уулзвараас хөдпөөд

хол яваагүй байсан болохоор машинууд их хурд аваагүй 30-40 орчим км цагийн хурдтай

л явж байсан. Харагдах орчин чөлөөтэй зам халтиргаа гулгаа байхгүй машин тэрэгний

хөдөлгөөн их цаг агаар таатай байсан” /хх-н 23/ гэж тус тус мэдүүлжээ.

Түүнчлэн хохирогч С.Батцэцэгийн гэмтэл холбоотой “С.Батцэцэгийн биед тархи

доргилт, суурь ясны зүүн талын их далавч, нүдний ухархайн гадна, дээд хана болон дух

ясыг хамарсан нийлмэл хугарал, тархины тенториумын зүүн хэсгийн субарахнойдаль

зайн цус харвалт, бүсэлхийн 4, 5-р нугаламын хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн нүдний

дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний язарсан шарх,

баруун хацрын зулгаралт гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн

үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д

зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын

тогтонги алдалтанд хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” /хх-н 47-48/

гэсэн 11702 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн

шинжээч гаргасан ба

Техникийн шинжээчийн “... БГД-ийн 20-р хороо “Хөсөг трейд” ХХК-ний байранд

байрлах АТҮТ-ийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвд 5320УБҮ улсын дугаартай

Тоуоtа маркийн Рrius20 загварын автомашин дээр 2017 оны 09 дүгээр сарын 19-ний

өдрөөс 09 дүгээр сарын 25-ныг хүртэлх өдрүүдэд шинжээчээр ажиллав.

2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 19 цаг 45 минутын орчим Баянгол

дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Барс” захын арын зам дээр Г  нь

Т.Prius20 маркийн 5320УБҮ улсын дугаартай автомашин жолоодож яваад явган зорчигч

С.Батцэцэгийг мөргөж хохирол учруулсан хэрэгт Тоуоtа маркийн Рrius20 загварын

5320УБҮ улсын дугаартай автомашины бүрэн бүтэн байдлыг шалгахад техникийн

шинжээчийн тусгай мэдлэг шаардлагатай болсон тул шинжээчийн дүгнэлт гаргуулахаар

ирүүлжээ.

ХАС банкны эзэмшлийн, Г ийн жолоодож явсан Тоуоtа маркийн Рrius20

загварын, хар өнгөтэй, Япон улсад 2003 онд үйлдвэрлэсэн, 5320УБҮ улсын дугаартай,

NHW200019491 арлын дугаартай, баруун гар талдаа жолооны хүрдтэй, ксенеон их

гэрэлтэй суудлын автомашиныг 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1440 цагаас

1505 цаг хүртэл MNS4598:2011 “Автотээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага”

стандартыг шалгуур болгон MNS5011:2003 “Автотээврийн хэрэгслийн техникийн

хяналтын үзлэг хийх заавар” стандартыг мөрдлөг болгон шалгаж үзэхэд уг автомашин

нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Урд салхины шил зүүн гар талын доод хэсэгтээ

цацарч хагарсан, урд буферийн сетк байхгүй, урд буферийн хормой голоороо цуурч

хагарсан, хойд буфер баруун гар талын хэсэгтээ цуурсан, гэрэлтүүлэх хэрэгсэл бүрэн

бус (улсын дугаарын хоёр гэрлийн чийдэн, зүүн гар талын урд оврын гэрлийн чийдэн,

баруун гар талын их гэрлийн чийдэн хол дээрээ асахгүй), иж бүрдэл бүрэн бус /эмийн

сан, гал унтраагуур гэх мэт/ зэрэг эвдрэл, гэмтэлтэй байлаа.

Уг тээврийн хэрэгслийг Швед улсад үйлдвэрлэгдсэн ЕШ тоног төхөөрөмж дээр

шалгаж үзэхэд урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 17,2 мм, урд дугуйн

тоормосны хүч зүүн талдаа 2,40кН, баруун талдаа 2,70кН, зөрүү нь 11,11% (стандарт

<20%), хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1,00кН, баруун талдаа 0,80кН, зөрүү нь

20,0% (стандарт <30%) буюу тоормосны хүчний зөрүү стандартын шаардлагад нийцэж

байна. Зогсоолын тоормос зогссон. Зүүн гар талын их гэрлийн тусгал хол, ойр дээрээ

хэвийн, баруун гар талын их гэрлийн тусгал ойр дээрээ хэвийн, хол дээрээ асахгүй

гэмтэлтэй байлаа. Автомашиныг суваг дээр STENHOJ Микро-20/26 хийн шингэн, тосон

хосолмол шахуургатай өргөгч /домкрат/ ашиглан өргөж үзлэг хийхэд тос гоожилт

байхгүй, явах анги, холооны механизмын эд ангиуд эвдрэл, гэмтэлгүй байна. Дугуйн

хээний гүний хэмжээг штангенциркулээр хэмжилт хийж үзэхэд 2,0-2,2мм (стандарт

суудлын автомашины дугуйн хээний гүн газарт тулах хэсгээрээ 1 .6 мм-ээс багагүй

байх) буюу дугуйнуудын хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангаж байна.

Нэгдүгээр тэнхлэг дээрхи дугуйнуудын марк, дугуйн хэмжээс, хээ ижил байна.

Хоёрдугаар тэнхлэг дээрхи дугуйнуудын марк, дугуйн хэмжээс ижил бус байна,

Автомашины урд болон хойд дугуйнуудын хэмжилтийг хүснэгтээр харууллаа” гэсэн

дүгнэлт /хх-н 37-41/ зэрэг дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг

нотолно.

Прокуророос шүүгдэгч Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар

зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллаж байгаа нь хэргийн бодит байдалд

нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг “Автотээврийн хэрэгслийн

жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан

захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол

учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцлоо.

Шүүхээс шүүгдэгч Г эд ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг

гарах болсон шалтгаан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзав.

Тухайлбал, тэрээр урьд өмнө ял шийтгэл хүлээж байгаагүй талаарх Ял

шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 74/,

гэрч Түвшинжаргалын Мөнхзулын “... Г  нь манай нөхөр байгаа юм. Бид

2012 онд нэг гэрт орсон, дундаасаа 2 хүүхэдтэй, 2 хүүхэд маань ихэр одоо 2 нас хүрч

байгаа. Г  архи дарс уухгүй, их дөлгөөн сэтгэл сайтай, хүнд их тусархуу, сайхан

сэтгэлтэй, гэр бүлдээ их халамжтай ямар нэгэн гаж зангүй, хувиараа ажил төрөл хийж

гэр орноо тэжээх гэж зүтгэж л яваа хүн” /хх-н 21/ гэсэн мэдүүлэг зэрэгт тусгагджээ.

Шүүгдэгч Г  бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч С.Батцэцэг “... миний

бие Г ээс хохирол эмчилгээний төлбөр 800.000 төгрөг авсан. Иймд миний бие

үүнээс цааш гомдолгүй, хохиролгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд суухгүй”

гэсэн тайлбар бүхий хүсэлтийг шүүхэд хүргүүлсэн байна.

Тээврийн прокурорын газраас хэргийн хамт ирүүлсэн Г ийн 985323

дугаартай Жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц

Цагдаагийн Ерөнхий газрын харъяа Бүртгэл хяналтын төвд хүргүүлэхээр

шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Г  цагдан хоригдсон

хоноггүйг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл,

36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар

зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Г ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай

хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас

хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг баримтлан

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар

шүүгдэгч Г ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар

хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2

дахь хэсгийн 2.5-д зааснаар Г эд оршин суух газар, ажлаа өөрчилвөл хяналт

тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар

Г эд оногдуулсан эрх хасах ялын хугацааг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын

арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

5. Г  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч

С.Батцэцэг гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

6. Тээврийн прокурорын газраас хэргийн хамт ирүүлсэн Г ийн 985353

дугаартай Жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц

Цагдаагийн Ерөнхий газрын харъяа Бүртгэл хяналтын төвд хүргүүлэхийг шүүгчийн

туслах Б.Мөнхцэцэгт даалгасугай.

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргах эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл

тогтоол гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж

заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны

прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эрх бүхий

этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын

биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г эд урьд авсан “хувийн

баталгаа” гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ

ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ