Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 964

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.А гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2020/00614 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.А гийн хариуцагч Н.Ц д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 8 040 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.А,

Хариуцагч: Н.Ц,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Ц бид хоёр хамтарч ажиллаад 2, 3 жил болж байна. Н.Ц 2019 оны 07 дугаар сарын 09-нд надаас 450 ширхэг лааг 5 400 000 төгрөгөөр авсан. Ингээд энэ лааны тооцоог хийгээгүй байж нэмж 100 ширхэг лаа авсан. Өнөөдрийн байдлаар надаас нийт 4, 5 удаагийн үйлдлээр 8 040 000 төгрөгийн лаа авсан. Н.Ц 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дотор бүх тоооцоог хийх болсон. Түүнээс хойш төлбөрөө төлөөгүй байгаа тул 8 040 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А-тай хамтарч ажиллаад 2, 3 жил болж байна. Би Аура төвд ажилладаг. Б.А-аас заримдаа мөнгөөр, заримдаа зээлээр лаагаа авдаг. 2019 оны 07 дугаар сарын 09-нд 450 ширхэг лааг 5 040 000 төгрөгөөр авсан. Дараа нь нэмж 100 ширхэг лааг нэг ширхэгийг нь 12 000 төгрөгөөр тооцож 1 200 000 төгрөгөөр авсан. Би 5 040 000 төгрөгөөс Б.А гийн 5029751368 дугаарын данс руу 500 000 төгрөг хийсэн. Б.А нь 1 200 000 төгрөгийн тооцоогоо 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дотор хийхгүй бол дахиж харьцахгүй гээд явсан. Би орлогогүй болчихоод 3 800 000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 16-ны дотор төлж чадаагүй. Хэрвээ шүүх, цагдаа гэж яваагүй бол энэ мөнгийг төлөх боломж байсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ням-Осорын Цэрэнчимэдээс 8 040 000 төгрөг гаргуулж Б.А т олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Ц ээс 143 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.А т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулахаар хуульчилсан байх боловч Б.А гийн нэхэмжлэлтэй Н.Ц надад холбогдох иргэний хэрэг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагдаагүй. Учир нь хариуцагч би нэхэмжлэгчийн төлбөрийг өөрийн төрсөн хүүгээр дамжуулан түүний дансруу шилжүүлдэг байсан боловч нэхэмжлэгч огт төлбөр авч байгаагүй мэт мэлэлзэж шүүхийн байгууллагаар хэргийг шийдвэрлүүлсэн. Хэдийгээр хариуцагч өөрийн татгалзалтай холбоотой нотлох баримтыг бүрдүүлж өгөх үүрэгтэй боловч миний төлбөрийг төлж байсан хүү Ц.П тухайн үед орон нутагт томилтоор сүлжээгүй газар ажилж байсан тул гэрчээр асуулгах боломжгүй түүнчлэн дансны хуулгыг нь гаргаж өгөх боломжгүй байсан бөгөөд энэ нөхцөл байдлаа шүүхэд илэрхийлж хүү Ц.П ийг ирэхээр холбогдох баримтыг гаргаж өгөх нөхцөл байдлыг тайлбарласан боловч анхан шатны журмаар хэргийг хянан хэлэлцэж нотлох баримт гаргаж өгөх боломжоор хангаагүй. Анхан шатны шүүх нотлох баримт гаргаж өгөх боломжгүй байдлыг харгалзан үзэж нотлох баримт гаргаж өгөх хугацаа олгосон бол хэрэг ингэж шийдвэрлэгдэхгүй байх байсан. Түүнчлэн хариуцагч миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж хугацаа алдагдуулсан зүйл байхгүй бөгөөд миний нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр эхний шүүх хурлаар хэргийг хэлэлцэн гэж бодоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Н.Ц д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 8 040 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...770 ширхэг лаа авснаас  2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 8 040 000 төгрөг төлөх ёстой” гэж тайлбарласан байна.

 

Хариуцагч нь татгалзлаа “2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 5 400 000 төгрөгийн үнэ бүхий 450 ширхэг лаа авч хүү Ц.П-ийн 5822060720 тоот данс, Ц.Д-ийн 5830060082 тоот данснаас Б.А гийн данс руу лааны төлбөр тооцоог хийж үлдэгдэл төлбөр 1 200 000 төгрөг болсон. Дараа нь 1 400 000 төгрөгийн үнэ бүхий 120 ширхэг лаа, мөн 1 200 000 төгрөгийн үнэ бүхий 100 ширхэг лаа авсан бидний тохиролцсон тооцоогоор 3 800 000 төгрөг төлөх байсан” гэх агуулга бүхий тайлбар гаргасан байна. /хх-16-18, 20-21/

 

Талуудын тайлбар зөрүүтэй байтал тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна. Иймээс хэргийн оролцогчид эрх, үүрэг тайлбарлан талуудыг хүсэлт гаргах эрхээр хангаж чиглүүлэх, хуульд нийцүүлсэн байдлаар нотлох баримт гаргах, улмаар тухайн баримтуудад дурдагдсан үйл баримтын талаар талуудыг мэтгэлцүүлэх ажиллагааг бүрэн хийсэн гэх байдал тогтоогдохгүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг зохигч өөрөө олж авах боломжгүй тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлдэг журамтай. Хариуцагчийн нэрлэн заасан Ц.П, Ц.Д нарын дансаар нэхэмжлэгчид лааны үнэд хэдэн төгрөг шилжсэнийг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байхад шүүх дээрх нөхцөл байдлыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн үндэслэлд хамаарна.

 

Анхан шатны шүүх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрхийг бүрэн хангаагүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчмыг шүүх хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

Иймд хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэх хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлтэй бөгөөд дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2020/00614 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.ОТГОНЦЭЦЭГ

 

                ШҮҮГЧИД                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ