Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 1210

 

 

 

 

 

 

 

 

 

А.С  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Мөнхзул, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/00977 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: А.С  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: З.Б  холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: А.С ,

Хариуцагч: З.Б ,

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Баасансүрэн,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн эзэмшлийн, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэн бүст баг 5-13-66 тоот 3 өрөө орон сууцыг төрсөн ах А.С 30 000 000 төгрөгөөр 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр худалдсан ба ах орон сууц худалдан авсан мөнгөө өгч чадалгүй 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өвчний улмаас нас барсан.

Иймд одоо тус орон сууцыг өв залгамжилж авсан З.Б гаас 30 000 000 төгрөгийн гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нөхөр А.С  нь 2002 онд Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг 5-13-66 тоот хаягт байрлах 38 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг өөрийн хөрөнгөөр төрсөн дүү А.С гээр худалдан авахуулсан. Энэ хугацаанд нөхөр маань орон сууцанд өөрийн ээжийг түр амьдруулж, төрсөн дүүгийнхээ нэр дээр байлгаж байгаад өвчний улмаас эрүүл мэнд нь өдөр өнгөрөх тусам муудаж байсан тул 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр эд хөрөнгөө өөрийн гэр бүлд үлдээхийн тулд өөрийн дунд хүү С.М ий хамтаар А.С гээс шилжүүлж авч гэрчилгээг гаргуулсан.

Ингээд 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өвчний улмаас нас барсан учир Иргэний хуулийн 520, 531 дүгээр зүйлийг тус тус үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 12 тоот өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэж өвлөж авсан. Миний бие гэр бүлийн хамтаар 2004-2019 оныг хүртэл тус байранд зуны амралт болон бусад шаардлагатай үедээ ирж очин амьдарсаар байсан. 2017 оны 01 дүгээр сард талуудын хооронд ямар нэгэн төлбөр тооцооны асуудал байхгүй байсан учир эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллага гэрээг бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон.

Гэтэл одоо 7-15 насны 3 өнчин хүүхдээ ганцаараа өсгөж яваа намайг сэтгэл санааны хувьд хямраагаад зогсохгүй өөрийн ахынхаа ясыг өндөлзүүлэх үйлдэл гаргаж байгаад үнэхээр их гайхаж, харамсаж байна. Иймд хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Зоригтбаатарын Б гаас үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн А С /ФБ76102211/-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэх хэсэгт дурдсан “шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй” гэдэг нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэгчтэй холбоотой худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, анх худалдаж авсан, мөнгө хүлээлгэж өгсөн зэрэг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Харин А.С худалдаад мөнгө аваагүй учраас энэ талаарх баримт надад байхгүй бөгөөд үүнийг маргаж байгаа хариуцагч тал гаргаж өгч нэхэмжлэлийг няцааж нотлох үүрэгтэй. Хариуцагчийн ярьж байгаа 2004-2019 он хүртэл тус байранд ирэн очин амьдарч байсан гэдэг худлаа. Хариуцагч З.Б  2005 онд анх манай бэр болж ирсэн бөгөөд тус байрыг би 2002 оны 6 дугаар сард худалдаад авчихсан амьдарч байсан. Ингээд би 2006 он хүртэл амьдарч байгаад 2019 оны 11 дүгээр сар хүртэл миний ээж С.С, төрсөн дүү А.Э нар гэр бүлийн хамтаар амьдарч байсан юм.

Энэ хугацаан дахь байрны мөнгө болон ашиглалтын зардлыг би төлж байсан. Миний ээж С.С нь одоо 67 настай, хэвтэрт, бүрэн асаргаанд байдаг бөгөөд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт заасан өвлөх эрхээсээ татгалзаагүй. Энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэлээ Иргэний хуульд заасны дагуу худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбогдуулан, хөөн хэлэлцэх хугацааны дотор гаргасан бөгөөд Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйлд зааснаар “Өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ” гэсний хүрээнд гаргасан болно.

Иймд дээрх үндэслэл, нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, өөрчлөлт оруулан нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

 

Нэхэмжлэгч А.С  нь хариуцагч З.Б  холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

А.С  нь А.С , С.М  нартай 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, гэрээний зүйл болох Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг 5-13-66 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг 30 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцжээ. /хх 3/ Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг худалдан авагч А.С , С.М  нарын нэр дээр гарсан эсэх баримт хэрэгт байхгүй байна.

 

А.С  нь 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр нас барсан, түүний эхнэр З.Б  Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг 5-13-66 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцны өвлүүлэгчид ногдох хэсгийг өмчлөх эрхийг өвлөх гэрчилгээг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн тойргийн нотариатаас олгожээ. /хх14/

 

Хариуцагч З.Б  нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэгт зааснаар А.С өвлөгч байх бөгөөд тэрээр өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээх юм. Өвлөгчийн хүлээн авсан өвийн хэмжээ тодорхойгүйгээс түүний үүргийг тодорхойлох боломжгүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг М  хөрөнгийг аваагүй гэдгээ нотлоогүй гэж дүгнэж нотлох үүргийн хувиарлалтыг буруу хийсэн алдаа гаргажээ.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/00977 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНХАНД

 

                                                          ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

 

                                                                                                          Э.ЗОЛЗАЯА