Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2021/ДШМ/16

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        Ж.Д-д холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Д даргалж, шүүгч Д.Б, шүүгч В.Ц нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                        Прокурор                                                           Ц.С

                        Хохирогчийн хууль ёсны

                        төлөөлөгчийн өмгөөлөгч                                Г.Э

                        Шүүгдэгчийн өмгөөлөгч                                  С.П

                        Шүүгдэгч                                                          Ж.Д

                        Нарийн бичгийн дарга                                     Б.Д нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.А даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Д-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ж.Д-д холбогдох 2012002360266 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Т.Д-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 2000 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах,  дүү нарын хамт Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн Хөтөл нуур гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Ж.Д

 

Шүүгдэгч Ж.Д нь 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн нутаг Улаан хужир гэх газар согтуурсан үедээ Приус-11 маркийн 46-64 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдож, тухайн тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн Н.Н-ын эрүүл мэндэд хүзүүний 2-р нугалмын их бие, баруун, зүүн талын үений сэртэн дайрсан зөрүүтэй хугарал, хүзүүний 3-р нугалмын их бие, зүүн талын үений сэртэн хамарсан хугарал, хүзүүний 2, 3-р нугалмын түвшинд хагас мултрал бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Ж.Д-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор:  Шүүгдэгч Ж.Д-ыг согтуурсан үедээ жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 1 сарын хугацаагаар хасах ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж; Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-оос 1.700.765 /нэг сая долоон зуун мянга долоон зуун жаран тав/ төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Архангай аймгийн Хотонд сумын Хөөвөр багийн Ухаа сайрт гэх газар оршин суух Боржигон овогт Даваасүрэнгийн Энхжаргал /РД:АН77091700/-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхжаргалын нэхэмжлэлээс 2.299.235 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож; Шүүгдэгч Ж.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ж.Д-ын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхжаргал бусад учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч; Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ж.Д-ын гаргасан давж заалдах гомдолд: Шүүгдэгч Ж.Д би Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/68 дугаартай шийтгэх тогтоолыг 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гардан аваад дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх Ж.Д надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 1 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Ж.Д миний тухайд үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хүлээж ирсэн. Шийтгэх тогтоолоор төлөхөөр тогтоогдсон 1.700.765 /нэг сая долоон зуун мянга долоон зуун жаран тав/ төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-д бэлэн мөнгөөр өгч, хохирогчийн хохирлыг барагдуулсан. Иймд хэргийг хянан надад оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэн хянан харгалзаж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралд өмгөөлөгч С.П-ийн хамт оролцоно гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын хувьд гомдол, саналгүй болон хохирлыг шүүгдэгчийн зүгээс төлж барагдуулсан талаарх баримт хэрэгт авагдсан байна. Шүүгдэгч Ж.Д-д оногдуулсан ялыг тэнсэх эсэх нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Шүүгдэгч Ж.Д-д оногдуулсан ялыг шүүхийн зүгээс хөнгөрүүлж шийдвэрлэхэд прокурорын зүгээс татгалзах зүйл байхгүй гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ж.Д-ын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байхад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч миний хувьд татгалзах зүйл байхгүй гэв.

 

Шүүгдэгчийн  өмгөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Ж.Д-д төрийн энэрэнгүй ёсны зарчмыг хэрэгжүүлж өгнө үү. Мөн Ж.Д нь анх удаа санамсаргүй байдлаар гэмт хэрэгт холбогдсон бөгөөд цаашид ажиллаж амьдрах нөхцөлийг нь бүрдүүлж өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Ж.Д-ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ж.Д нь 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн нутаг Улаан хужир гэх газар согтуурсан үедээ Приус-11 маркийн 46-64 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдож, тухайн тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн Н.Н-ын эрүүл мэндэд хүзүүний 2-р нугалмын их бие, баруун, зүүн талын үений сэртэн дайрсан зөрүүтэй хугарал, хүзүүний 3-р нугалмын их бие, зүүн талын үений сэртэн хамарсан хугарал, хүзүүний 2, 3-р нугалмын түвшинд хагас мултрал бүхий хүнд хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогджээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна.

 

Шүүгдэгч Ж.Д-ыг согтуурсан үедээ жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Түүнчлэн  шүүгдэгч Ж.Д-ын холбогдох гэмт хэргийн зүйлчлэл тохирсон,  Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Анхан шатны шүүх  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм бурууд тухайн цаг хугацаанд тохирсон байна.

 

 Шүүгдэгч Ж.Д шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч “...Миний тухайд үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хүлээж ирсэн. Шийтгэх тогтоолоор төлөхөөр тогтоогдсон 1.700.765 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-д бэлэн мөнгөөр өгч, хохирогчийн хохирлыг барагдуулсан. Иймд хэргийг хянан надад оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэн хянан харгалзаж өгнө үү..” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.

 

Шүүгдэгч Ж.Д нь  өсвөр насандаа, болгоомжгүйгээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид гэм хорын хохиролд 1.300.000 төгрөгийг сайн дураараа төлсөн, түүнчлэн анхан шатны шүүх хуралдаанд шийтгэх тогтоолоор тогтоосон хэмжээгээр гэм хорын хохирол төлөхөө илэрхийлж байсан ба улмаар шийтгэх тогтоол гарсны дараа  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-д олгуулахаар шийдвэрлэсэн  1.700.765 төгрөгийг төлсөн, анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон учраас сандраад өөрийн хэлэх гэсэн зүйлээ буруу тайлбарласан гэх тайлбар,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э “... миний бие хэргийн холбогдогч Ж.Д-д гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Надад Ж.Д-ыг хорих ялаар шийтгүүлж, биечлэн эдлүүлэх сонирхол байхгүй бөгөөд анхан шатны шүүхийг хорих ялаар шийтгэхгүй байх гэж бодож байсан. Шийтгэх тогтоолоор Ж.Д-оос гаргуулахаар тогтоосон гэм хорын хохирлын 1.701.000 төгрөгийг түүний өмгөөлөгч С.П-ээр дамжуулан бэлэн мөнгөөр хүлээн авсан. Давж заалдах шатны шүүхээс Ж.Д-д хорих ял шийтгэсэн шийтгэх тогтоолыг өөрчилж өгөхийг хүсэж байна...” гэх тайлбар зэргийг харгалзан давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, түүнд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан  тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэвээр үлдээж, харин 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг өөрчилж, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

 Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг авсан үеэс тоолох бөгөөд шүүгдэгч Ж.Д тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хэдий ч тэнссэн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх үүднээс тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр  шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Ж.Д нь хэрэг давж заалдах шатны шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 42 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                                 

                                                 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь  заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хасаж...” гэсний ард “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй” гэж, 6 дахь заалтын “хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э бусад учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй” гэснийг “хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-д гэм хорын хохиролд 1.700.765 төгрөг төлсөн бөгөөд бусад учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй гэж тус тус өөрчлөн, 3, 4, 5 дахь заалтыг хасаж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

           

2. Шүүгдэгч Ж.Д-ыг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

4. Шүүгдэгч Ж.Д нь 42 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

           

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.Д

 

                             ШҮҮГЧИД                                      Д.Б

 

                                                                                     В.Ц