Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 184/ШШ2024/04260

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: УБ, тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ, тоотод оршин суух ******* овогт *******ы ******* /*******/-т холбогдох

 

хамтын амьдралтай байсныг тогтоолгох, дундын өмчлөлийн хөрөнгөөс ногдох хэсэг 37,574,500 төгрөг гаргуулах үндсэн,

23,900,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагч Л.*******, хариуцагчийн өмгөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ш.*******гаас хариуцагч Л.*******т холбогдуулж гаргасан хамтын амьдралтай байсныг тогтоолгох, дундын өмчлөлийн хөрөнгөөс ногдох хэсэг болох 37,574,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

 

... Би хариуцагч Л.*******тай 2008 оны 9 дүгээр сараас эхлэн хамтран амьдарч эхэлсэн. Хамтран амьдрах хугацааны эхний жилүүдэд цайны газар ажиллуулж, зээлээр автомашин авсан. Энэ талаарх баримтаа хэрэгт хавсарган өгсөн. Би 2 хүүхэдтэй гэдгээ анхнаасаа хариуцагчид хэлсэн. Хариуцагч тэр үед хамт амьдарна болно, бүтнэ гээд Чингэлтэй дүүргийн байрлах миний оршин суудаг байсан хаяг дээр ирж амьдарсан. Гэтэл хариуцагч өнөөдөр миний 2 хүүхдийг тэжээж байсан мэтээр ярьж байна. Мөн хариуцагч уул уурхайд ажилладаг байсан бөгөөд өвчин гараад карентин болоход хүртэл ажилгүй гэртээ байж байсан. Миний зүгээс Сонгинохайрхан дүүргийн 10-р хорооны Засаг даргаас энэ дүүргийн нутаг дэвсгэрт ажилладаг нь үнэн гэсэн тодорхойлолтыг хэрэгт хавсарган өгсөн байхад хариуцагч шүүхийн өмнө би энэ хүнтэй хамт амьдарч байгаагүй гэж хэлж болохгүй. Хамт амьдрахад наад захын талх, угаалгын нунтаг, савангаас эхлээд ихэнх хэрэглээний мөнгө надаас гарч байсан. Би 5 жил хариуцагчтай хамт амьдарсан бол эд хөрөнгөнөөс нь булаацалдахгүй, харин бид 15 жил хамтран амьдарсан. Хариуцагч анх надтай хамтран амьдрахдаа монгол гэртэй байсан. Бид хамтдаа л өнөөдрийн энэ амьдралыг босгосон. Энэ олон жилийн хугацаанд би нэг ч өдөр зүгээр суугаагүйг гэрч мэдүүлж өгнө. Тэр бүх орлогоо би гэр бүлдээ л зориулдаг байсан. Мөн хариуцагч гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж надад баригдаж байсан. Гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн хүн, хүнийг дарлахгүй, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхгүй байна гэж худлаа юм билээ. Би зөндөө тэвчээр гаргасан. Би одоо 50 нас гарчхаад айл айлын гэр дамжаад амьдармааргүй байна. Мөн миний толгой, тархи байнга өвддөг болсон учраас эмнэлэгт их үзүүлдэг. Би хариуцагчийн зодуурыг одоо бол тэсэж чадахааргүй болсон учраас эвлэрэх ямар ч боломж байхгүй. Би 50 нас гарсан учраас хариуцагчийн зодуурыг үнэхээр тэсэхээ больсон. Хариуцагч хаалгаа түгжээд над руу хутга барьж дайрч байсан. Миний өвчний карт хэрэгт авагдсан байгаа. Хариуцагчтай амьдрах хугацаанд толгойг нь угааж, хөлийг нь угааж, нэг удаа ч хариуцагчийн хувцсыг хиртэй, хоол өгөлгүй явуулж үзээгүй. Манай ойр хавийн айлууд намайг ганц бие гэж боддог байсан. Би хариуцагчийн гэр бүлээс нэг ч халбага авч үзээгүй. Хариуцагчтай амьдрах хугацаанд би нэг ч удаа зүгээр сууж үзээгүй. Би улирлын чанартай барилгын ажил хийдэг байсан ч амарсан үеэрээ бууз, банш хийж худалдаалдаг байсан. Хариуцагчийн цалингийн зээлийг авсан нь үнэн. Учир нь хариуцагч сахрын өвчтэй байсан тул би өөрийгөө хаяад өөрийн даатгалаа төлөлгүйгээр хэрэгцээндээ зарцуулдаг байсан. Хариуцагч даатгал төлдөг байсан учраас хариуцагчаар цалингийн зээлийг авхуулсан. Хариуцагч нэг удаа зах дээр явж байгаад хүмүүсийн дунд хүртэл намайг гэнэт өшиглөж хараалын үгээр дуудаж байсан. Би 5-6 удаа зулбаж байсан. Би хүүхдүүддээ салалт үзүүлээд яах вэ гэж бодож өдийг хүрсэн. Би сая өгсөн гэрэл зургийг гэрч тай хамт гэртээ орохдоо дарсан. Би гэрээсээ гарахдаа юу ч аваагүй. Харин хариуцагчийн баривчилгаанд явсан хойгуур ямар ч мөнгөгүй байсан учраас тэр мөнгөн аягийг ломбардад тавиад алдчихсан. Энэ талаар хариуцагч өөрөө мэдэж байгаа. Хариуцагч өөрөө хөөрөг, хивс, гутал гээд хамаг юмаа аваад явсан байсан. Бид 2008 оноос нэг ч өдөр хол байгаагүй, Хайлааст руу микрээр шугамд явдаг, хоолны газар ажиллуулдаг байсан. Миний данс Л.*******ын данстай холбогдоогүй нэг өдөр байхгүй. Бидний бүх зүйл холбоотой, гэрлэлтийн баталгаагүй л болохоос гэр бүл, эхнэр нөхөр шиг л байдаг байсан. Бид хамтын амьдралын явцад өөрсдийн байр сууцтай болох зорилгоор 5 жилийн өмнө маргаан бүхий хашаа байшинг бусдаас худалдаж авч байсан. Хашаа, байшинг авах үед би эмнэлэгт байсан учир ******* очиж гэрээгээ хийсэн, манай охин хамт явсан. Эндээ хамт амьдарч байсан, би өөрөө барилгын хүн учир энэ байшинд маш их засвар хийж, өөд нь татаж авсан. Засварын ажлыг би ганцаараа л хийдэг, дээвэр, тааз гээд засаагүй юм байхгүй. 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хашаа байшингийн төлбөр төлөгдөж дуусахад би зодуулаад хөөгдөөд гэрээсээ гарсан. Би 15 жил хариуцагчтай хамтран амьдарсан байхад хариуцагч машинтай хашаа байшинтай болсон байна. Тэгэхэд би жил гаруй хугацаанд бие өвдөөд гэрээсээ гадуур амьдарч байна. Ийм учраас би цааш үргэлжлүүлэн амьдахын тулд хамтын амьдралын олон жилийн хугацаанд бий болгосон хөрөнгөөсөө ганцхан маргаан бүхийн хашаа байшингийн 50 хувийг буюу 37,574,500 төгрөгийг Л.*******аас гаргуулах нэхэмжлэл гаргасан ... гэв.

 

2. Хариуцагч Л.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Биднийг анх нийлэхэд ******* хоёр хүүхдээ дагуулж ирсэн. Хамтран амьдрах хугацаанд 2 хүүхдийн зардал маш их гарсан. Өдөрт доод тал нь 5,000 төгрөг авна. Маргаан бүхий хашаа байшинг би өөрийн цалингийн зээлээр авсан бөгөөд тухайн үед нэхэмжлэгч бид 2 тусдаа амьдарч байсан. Нэхэмжлэгчийг ямархуу зантай хүн гэдгийг би мэддэг болохоороо өөрт нь энэ хашаа байшинг өөрийн охиндоо үлдээнэ, чи битгий булаацалдаарай гэж хэлж байсан. Миний өмнөх эхнэр бид хоёрын дундаас нэг охин төрсөн. Гэтэл нэхэмжлэгч 2 хүүхдээ надаар тэжээлгэж байж би өөрийн охиндоо хичээлийн юмаа бэлд гээд 300,000 төгрөг өгсний төлөө миний охин руу залгаад эцэгтээ гологдсон, чи мөнгө нэхэх эрхгүй гэж харааж байсан. Миний охин одоо энэ жил төгсөнө. Гэтэл оюутан охиндоо би ямар ч мөнгө өгч байгаагүй. Энэ хашаа байшинг би өөрийн охиндоо өгөх гэж авсан. Би нэхэмжлэгчид хэлэхдээ энэ миний гэр орон, надтай битгий булаацалдаарай гэж хэлээд гэртээ оруулсан. Энэ хашаа байшинг авахад нэхэмжлэгчийн зүгээс ямар ч хувь нэмэр оруулсан баримт хэрэгт байхгүй, нотлогдохгүй байна. Би нэхэмжлэгчээс болон, түүний гэр бүлээс мөнгө аваагүй. Би сард 1,800,000 төгрөгийн цалин авдаг, 150 тонны хүнд даацын машин барьдаг байсан бөгөөд ажлаасаа ирээд таксинд явдаг байсан. Би хашаа байшингаа өөрийн охиндоо өгнө. Манай охин одоо Монгол Улсын Их сургуулийн хуулийн ангид сурдаг. Миний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, цалингийн зээлийг нотлох баримт хэрэгт авагдсан. Нэхэмжлэгч хашаа байшинд ямар хувь нэмэр оруулсан гэдгийг өөрөө нотолж чадаагүй. Бид хоёрын дундаас хүүхэд байхгүй, бид гэрлэлтийн баталгаагүй. Нэхэмжлэгч ажил хийдэг байсан нь үнэн ч тэр мөнгөө надад өгдөггүй байсан. Тэр мөнгө нь 2 хүүхдийнх нь болон өөрийнх нь хэрэглээнд л зарцуулагддаг. Нэхэмжлэгч бид 2 нийтийн байранд ч амьдарч үзсэн. Тэр үед намайг гэр оронгүй гэж нэхэмжлэгч хараадаг байсан сүүлд хашаа байшинтай болсон чинь чи их баян хүн гэж намайг хараах болсон. Тухайн хашаа байшин хүртэл ганц миний нэр дээр байдаг. Би хашаа байшингаа огт хувааж чадахгүй харин энэ унаж байгаа приус 30 маркийн автомашинаас ногдос хэсгийг хариуцагчид өгөхийг зөвшөөрч байна. Нэхэмжлэгч өөрийн охиноо нөхөртэй нь *******с Улс руу явуулах гээд Соната автомашиныг зарсан. Мөн намайг 20 хоногийн баривчилгаанд ороод гараад ирэхэд микро автомашиныг зарсан байсан. Нэхэмжлэгч энэ хөрөнгөд ямар ч хувь нэмэр оруулаагүй, оруулсан бол хуваах байсан. Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна ... гэв.

 

3. Хариуцагч Л.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: .... Миний бие Ш.*******тай 2009 онд танилцаж амьдарч байсан ба гэр бүлийн хэрүүл маргаан үүсгэж хүчирхийллийн шинжтэй зөрчил гаргасан гэж цагдаагаас шалгаж шүүхээр 30 хоногийн баривчлах арга хэмжээ авхуулсан. Ш.******* нь намайг эзгүй хойгуур гэрийн эд хөрөнгийг ачиж аваад явсан байсан. Мөн шүүхэд хашаа, байшин приус маркийн машины 50 хувийг гаргуулахаар нэхэмжилсэн. Дээрх хашаа байшин, машиныг би өөрийнхөө ариун цагаан хөдөлмөрөөр ажил хийж, банкнаас зээл авч худалдан авсан бөгөөд зээлээ ганцаараа эргэн төлсөн. Намайг байхгүйд дур мэдэн зөвшөөрөлгүй авч явсан хөрөнгүүд болох хөргөгч 2,000,000 төгрөг, хөлдөөгч 450,000 төгрөг, цахилгаан зуух 750,000 төгрөг, угаалгын машин 450,000 төгрөг, печь 250,000 төгрөг, тоос сорогч 150,000 төгрөг, тень 250,000 төгрөг, өнгөт зурагт 1,600,000 төгрөг, мөнгөн аяга 3 ширхэг 1,2500,000 төгрөг, хөөрөг 3,000,000 төгрөг, буйдан урт 2,400,000 төгрөг, том өрөөний стенка 1,800,000 төгрөг, гал тогооны тавилга 1,900,000 төгрөг, хивс 250,000 төгрөг, жижиг хивс 200,000 төгрөг, түлээний мод 350,000 төгрөг, гал зуухны модон ширээ сандал 700,000 төгрөг, том авто машины дамхрад 200,000 төгрөг, усны сав 460,000 төгрөг, газын плитка 350,000 төгрөг, индукцийн плитка 140,000 төгрөг, модон ширээ 500,000 төгрөг, өвлийн гутал 200,000 төгрөг, зуны ботинка 300,000 төгрөг, жижиг шүүгээ 300,000 төгрөг, цонхны хөшиг 4 хос 700,000 төгрөг, шкаф 450,000 төгрөг, соната 6 автомашин 7,100,000 төгрөг, микро автобус 13,800,000 төгрөг, микро автобусны мотор 1,800,000 төгрөг, хүүхдийн сургалтын төлбөрт 5,000,000 төгрөг, нийт 47,800,000 төгрөгөөс 50 хувь, 23,900,000 төгрөгийг Ш.*******гаас гаргуулж өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгч Ш.******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ... Миний бие 2008.03.28-ны өдрөөс эхлэн Л.*******тай хамтран тоотод амьдарч эхэлсэн. Тухайн үед гэрийнхээ хажуу талд тогооч хийдэг байсан. Л.******* хамт амьдрахаар ирэхдээ Элентра маркийн машинтай, ижил буруу аягатай, ёроол нь цоорхо халуун савтай байсан. Бид хичээж зүтгэсний эцэст хайлаастын эцсийн буудалд цайны газар түрээслэн ажиллуулж байсан. 6 сар ажилласны эцэст дунд буудалд гэртээ ойр түрээс нь ч бага цайны газар түрээслэн ажиллуулж байгаад зохих зөвшөөрөл дүгнэлтийг аван пирошки, хуушуур хийж дэлгүүрт тараалт хийдэг байсан ба 20 гаруй борлуулдаг дэлгүүртэй болсон. Өдөр нь материалаа татаж, шөнө нь пирожкигоо хийгээд өглөө нь дэлгүүрүүддээ тарааж өгч 4 жил гаруй ажилласан. Энэ хугацаанд Л.******* нь материал, өвс, машинд 20,000 бензин хийдэг, гэрийн хоол унд авчирдаг орлогоо бүгдийг нь өөрөө л барьдаг байсан. 2009 онд Л.******* нь Төв аймгийн Баянчандманы харьяат байсан ба миний хаяг дээр өдий болтол амьдарч байна. 2011.01.19-ний өдөр Хадгаламж банкнаас анхны зээлээ авч байсан. Өрхийн тэргүүн гэрийн эзэн учираас би үүрэг гүйцэтгэгч эгч аар батлан даагч хийлгэж 6,500,000 төгрөгийн зээл авч Л.*******т цагаан өнгөтэй верна аксент маркийн машин 3,700,000 төгрөгөөр худалдаж авч банканд зээлдэгч болох эрхтэй болж байсан. Үүнээс хойш таван авто машин, орж ирсэн гурван утас, 1 зурагт, 1 хөргөгч, хашаа байшин зээлээр авч байсан. Л.******* нь орж ирсэн машиныг 2-3 жил унаад зардаг байсан. Амьдрал минь сайхан болж хэрэглээ өндөр болж Л.******* архи ууж, агсам тавьж, гар хүрч эхэлсэн. Хүү О.г 8 дугаар ангийн сурагч байхад Л.******* нь хайч тулгаж айлгаснаас болж би өөрийн ээж Т.ыг гэртээ цуг байхыг хүссэн тул ээжтэйгээ цуг амьдарсан. Гэвч Л.******* архи ууж, ээжийг маант айлган сүрдүүлж арга буюу хоёулаа хөөгдөөд нийтийн байранд орсон. Ингээд удалгүй бид 2012.01.11-ний өдөр мөнгөлөг саарал урт микро 13,700,000 төгрөгөөр худалдан аваад Л.******* жолооч хийж би өөрөө кондуктор хийгээд хайлааст нарантуул захын хооронд халтуур хийж эхэлсэн. Л.******* нь орлогоо бүгдийг нь аваад архи пиво, мөрийтэй тоглоомонд үрдэг байсан. Микрогоо 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр зарсан. 2012-2017 оныг дуустал шугаманд явсан. 2018 оны 5 дугаар сард Л.******* нь Бүрдэл майнинг ХХК-ийн оператроор ажилд орж, 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр цалингийн зээлээр тоот хаягт байршилтай хашаа байшинг худалдан авсан. Намайг эмнэлэгт хэвтэж байгаад гарч ирэхэд хашаа байшингийн гэрчилгээнд миний нэрийг бичээгүй байсан ба Л.*******аас асуутал хэний ч нэр байсан яах вэ гэсэн. Тухайн үед гэрээ нүүлгэх гээд зав муутай, мөн зулбасны улмаас бие сайнгүй байсан болохоор зүгээр өнгөрсөн. Л.******* нь Хаан банкны цалингын зээл 25,000,000 төгрөг авсан. Хашаа байшин худалдаж авахаас өмнө бид 2 ээжийнхээ хашаанд дөрвөн ханатай иж бүрэн тавилагтай гэрт амьдарч байсан, хашаа байшинтай болоод гэрээ эгч Л.Саранчимэгт бэлэглэсэн. Л.******* нь 2017.06.13-ны өдөр улсын дугаартай хар өнгийн приус маркийн машин худалдаж авсан. 2021 оны 5 дугаар сард 9,000,000 төгрөгөөр буцаан зарсан. 2021.06.22-ны өдөр улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгслийг БИД ББСБ ХХК-аас зээлээр авсан боловч хүү өндөр байна гэж үглээд байхаар нь Хаан банкны цалингийн зээлийг нь дуусгаж цалингийн зээлийг Голомт банканд шилжүүлж 2021.09.20-ны өдөр Голомт банкнаас 20,000,000 төгрөгийн зээлийг 24 сар хувааж төлж барагдуулахаар авсан. Энэхүү зээл нь 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр дууссан. Энэ хугацаанд ковидын улмаас банкны зээлээ төлж чадахгүй нөхцөлд хүрч тусгаарлалтад ороход Л.*******т мөнгөө дансаар болон бэлэн мөнгөөр өгөөд амьдарч байсан. Л.*******т нь 15 жил үнэн сэтгэлээсээ хичээж ирсэн орон гэр, машин тэрэг, эд хогшил бүх юмыг минийх гэж илт дарамтлан зодож хараалын үгнүүдийг байнга хэлж, хөөж туун биеийн болон сэтгэл санааны хүнд дарамтад оруулан, унтаж, идэж ч чадахгүй байдалд хүргэн сэтгэл санаа болон эд материалаар хохироосон. Тэр сүүлдээ хутга барьж мөчилж гаргаж хаяна гэж шөнөжингөө тамлаж, гэрийн хаалга түгжин, айлган сүрдүүлж дарамтлахад нь би ус өгөөч гэж гуйж байж том өрөөний жижиг цонхоор гарч цагдаа дуудаж амьд гарсан. 2023.10.11-ний өдөр 10 хоногийн баривчилгаанд явахдаа гэрээс өнгөтэй өөдтэй бүх юмыг, машины хамт аваад алга болсон. Үүнд 2 ширхэг зурагт, алтан булаг хивс, гутал, малгай, ширээ, багаж, төслийн зуух яндан, зурагтны станц гээд бүгд байхгүй болсон байсан тул би үлдсэн хөрөнгүүдээ л авсан. Намайг байхгүйд хулгайлж авч явсан гэж гүтгэж байгаад гомдолтой байна. Л.*******ын нэхэмжлэл ор үндэслэлгүй гэдгийг баталж өгөхөөс гадна сөрөг нэхэмжлэлийг эсэргүүцэж тайлбар гаргаж байна ... гэв.

 

5. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримт: СХД-ийн 10-р хорооны засаг даргын гаргасан оршин суух хаягийн тодорхойлолт, С.ын өмчилж байгаа газрын байршлын кадастрын зураг, Гэр хорооллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн № дугаартай гэрчилгээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000671183 дугаар гэрчилгээ, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.04-ний өдрийн 2021/ЗШ/1615 дугаар, 2023.10.11-ний өдрийн 2023/ЗШ/1897 дугаар шийтгэвэр, 2023.09.11-ний өдрийн 2023/ЗШ/1709 дугаар шийтгэвэр, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Аюулын зэргийн үнэлгээний маягт, Хаан үнэлгээ ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан, Голомт банк ХК, Л.*******, Ш.******* нарын хооронд байгуулагдсан 2021.09.20-ны өдрийн ЗГ210558291 дугаар Зээл болон барьцааны гэрээ, Хадгаламж банк ХХК, Л.*******, Ш.******* нарын хооронд байгуулагдсан 2012.01.11-ний өдрийн №13 дугаар Барьцаат зээлийн гэрээ, барьцаа хөрөнгийн жагсаалт, Бизнес инвест девелопмент ББСБ ХХК, Л.******* нарын хооронд байгуулагдсан 2021.06.23-ны өдрийн № дугаар Зээлийн гэрээ, мөн өдрийн №0 дугаар Барьцаа гэрээ, Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК, Л.*******, Ш.******* нарын хооронд байгуулагдсан 2016.08.26-ны өдрийн №107200358 дугаар Зээлийн гэрээ, мөн өдрийн Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх Фидуцийн гэрээ, 2018.10.22-ны өдрийн 4102, 4103 дугаар Худалдах, худалдан авах гэрээ, Сайн интернэйшнл ХХК-ийн нэхэмжлэх, Данистай трейд ББСБ ХХК, Ш.******* нарын хооронд байгуулагдсан 2022.06.30-ны өдрийн 15 дугаар Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, Инвескор ББСБ ХК, Л.******* нарын хооронд байгуулагдсан 2019.10.16-ны өдрийн №В17019101612 дугаар Зээлийн гэрээ, мөн өдрийн №С17019101612 дугаар Зээлийн барьцааны гэрээ, Омни капитал ББСБ ХХК, Ш.******* нарын хооронд байгуулагдсан 2020.06.17-ны өдрийн №ЗГ02-2006176 дугаар Зээлийн гэрээ, Хадгаламж банк ХХК, Л.******* нарын хооронд байгуулагдсан 2011.01.19-ний өдрийн №7 дугаар Барьцаат зээлийн гэрээ, баталгаат засварын хуудас, дугаар Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, эрүүл мэндийн бүртгэлийн маягт, Голомт банкны дансны хуулга, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, фото зураг.

 

6. Хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримт: Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Хаан банкны зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, ХААН банк ХК, Л.******* нарын хооронд байгуулагдсан №ЗГ502820182011-01 дугаар Зээлийн гэрээ, гэрийн эд хогшлийн талаар гэрэл зураг, 2021.05.10-ны өдрийн 587 дугаар Итгэмжлэл, Худалдаа хөгжлийн банкны картын гүйлгээний маягт, кассын орлогын баримт.

 

7. Хэргийн оролцогчдын хүсэлтийн дагуу шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: ХААН банк ХК-ийн 2024.01.08-ны өдрийн 29/218 дугаар албан бичиг, ХААН банк ХК, Л.******* нарын хооронд байгуулагдсан 2018.10.22-ны өдрийн №ЗГ502820181022-01 дугаар Зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, мөн өдрийн №БГХ502820181022-01 дугаар Барьцааны гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, харилцагчийн мэдээлэл, хамтран ажиллах гэрээний нөхцөл, зээл хүсэгчийн анкет, хүсэлт, шинжээч Ашидбилгүүн ХХК-ийн 2024.01.30-ны өдрийн №TXY-424/8968 тоот дүгнэлт, гэрч Ш., Д., Г. нарын мэдүүлэг.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч Л.*******т холбогдуулан хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хамтын амьдралын явцад үүссэн дундын хөрөнгө болох хашаа, хувийн сууц болон автомашинаас өөрт ногдох хэсэг 37,574,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан ба дундын эд хөрөнгө болох гэрийн эд хогшлийн үнээс өөрт ногдох хэсэг 23,900,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

 

3. Шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

4. Нэхэмжлэгч Ш.*******, хариуцагч Л.******* нар нь 2008 онд танилцаж, энэ үеэс эхлэн 2023 оныг хүртэл 15 жилийн хугацаанд хамтын амьдралтай байсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, гэрч Г., Д., Ш. нарын мэдүүлэг, хамт авахуулсан гэрэл зургууд, талуудын шүүхэд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байх ба хариуцагч нь хамтын амьдралтай байсан үйл баримтын талаар маргаагүй.

 

5. Тодруулбал зохигчид гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болоогүй боловч харилцан бие биеэ хайрлан хүндэтгэж, бие биедээ туслах, эдийн болон эдийн бус ашиг сонирхлоороо холбогдож 15 жилийн хугацаанд нэг гэрт амьдарч байсан, улмаар зан байдал тохирохгүй, хүчирхийлэл, дарамтын улмаас 2023 оноос тусдаа амьдарч байсан нь тогтоогдож байна.

 

6. Хариуцагч Л.******* нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.04-ний өдрийн №2021/ЗШ/1615 дугаар шийтгэврээр ... 2021 оны 10 дугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо, зүүн баян уулын 19-9 тоот болох гэртээ мөн 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 16 цагт тээврийн хэрэгсэл дотор гараараа нүүрэн тус газарт 2-3 удаа хамтран амьдрагч Ш.*******г хэл амаар доромжилж, зодсон ... зөрчилд холбогдож 25 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 12 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл, мөн шүүхийн 2023.09.11-ний өдрийн №2023/ЗШ/1709 дугаар шийтгэврээр ... 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ш.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж толгой, духны хэсэгт нь гараараа 2-3 удаа, баруун гарын булчин хэсэгт 3-4 удаа цохиж зодсон ... зөрчилд холбогдож 40 цагийн албадан сургалт, 17 хоногийн баривчлах шийтгэлээр, мөн шүүхийн 2023.10.11-ний өдрийн №2023/ШЗ/1897 дугаар шийтгэврээр ... 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ш.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хоолойг нь боож, гар утсыг нь булаан авч, хутга барьж цагдаад өгөх юм бол ална гэж айлган сүрдүүлсэн ... зөрчилд холбогдож 50 цагийн албадан сургалт, 30 хоногийн баривчлах шийтгэлээр тус тус шийтгэгдэж байсан нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдож байх ба дээрх шүүхийн шийтгэвэрүүдэд дурдсанаар хамтын амьдралын хугацаанд нэхэмжлэгч удаа дараа хүчирхийлэл үйлдэж, энэ байдал нь тэдний хамтын амьдрал дуусгавар болох шалтгаан болжээ.

 

7. Зохигчдын хамтын амьдралын хугацаанд хариуцагч Л.******* нь Б.Энх-Амгалантай байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Худалдах худалдан авах гэрээ-ний дагуу тоот хаягт байршилтай нэгж талбарын дугаар, 308 м.кв, Г- дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах 56 м.кв талбайтай, Ү- дугаарт бүртгэлтэй, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авч, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлжээ.

 

8. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1. Хуульд өөрөөр заагаагүй бол төр, аймаг, сум, нийслэл, дүүрэг, иргэн болон хуулийн этгээд өмчлөгч байна, мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасны дагуу хариуцагч Л.******* нь хэлцлийн үндсэн дээр нэхэмжлэлийн зүйл болох хашаа, хувийн сууцны өмчлөх эрхийг олж авсан байх тул түүнийг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэж үзнэ.

 

9. Нэхэмжлэгч нь хариуцагч Л.*******ын өмчлөлд бүртгэлтэй тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаар, 308 м.кв, Г- дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах 56 м.кв талбайтай, Ү- дугаарт бүртгэлтэй, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон хамтын амьдралын хугацаанд худалдан авсан Тоёота приус маркийн улсын дугаартай автомашиныг тэдний хамтын амьдралын туршид бий болгосон цалин орлого, хөдөлмөрийн хүчээр бий болсон гэж үзэж өөрт ногдох хэсгээ гаргуулах шаардлага гаргасан.

Хариуцагч Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбараараа Тоёота приус маркийн улсын дугаартай автомашинаас хариуцагчид ногдох хэсгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, харин газар, хувийн сууц нь хариуцагчийн дангаар өмчлөх хөрөнгө тул энэ талаар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн агуулгатай тайлбар гаргаж маргажээ.

 

10. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1. Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2. Хоёр буюу түүнээс дээш этгээдийн тус тусын өмчлөлийн зүйл болох хөдлөх эд хөрөнгө нийлсэн, холилдсоны үр дүнд салгах боломжгүй эд хөрөнгө шинээр бий болсон бол тэдгээр өмчлөгчид нь шинээр бий болсон эд хөрөнгийн хамтран өмчлөгч байна гэж заасан.

 

11. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар Л.*******, Ш.******* нар нь Голомт банк ХХК-тай байгуулсан 2021.09.20-ны өдрийн №ЗГ21051588291 дугаар Зээл болон барьцааны гэрээ-ээр 20,000,000 төгрөг, Хадгаламж банк ХХК-тай байгуулсан 2011.01.19-ний өдрийн №7 дугаар Барьцаат зээлийн гэрээ-ээр 6,500,000 төгрөг, 2012.01.11-ний өдрийн №13 дугаар Барьцаат зээлийн гэрээ-ээр 5,700,000 төгрөг, Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК-тай байгуулсан 2016.08.26-ны өдрийн №107200358 дугаар Зээлийн гэрээ-ээр 3,800,000 төгрөг тус тус зээлж, зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцож байсан нь тогтоогдож байх ба зохигчид тухайн зээлүүдийг өөрсдийн ахуйн хэрэгцээндээ буюу эд хөрөнгө худалдан авах, автомашин худалдан авах зориулалтаар авч байжээ.

Түүнчлэн нэхэмжлэгчийн ... *******тай амьдрал эхэлснээс хойш хүний дайтай амьдрал босгочих гээд өнөөдрийг хүртэл зээлнээс зээлийн хооронд өр тавьж, орон гэр, унах унаа, тавилга сэлт гээд айлын дайтай айл болгосон ... 2008 оноос хойш хариуцагчтай хамтран амьдрах хугацаанд санхүүг дандаа хариуцагч барьдаг байсан ... би өөрийн олсон мөнгөөрөө тухайн байшинд засвар хийж байсан, хамгийн сүүлд том өрөөндөө 400,000 төгрөгөөр завсар хийсэн, би барилга дээр ажил хийж байсан учраас 20 гаруй сая төгрөгөөр авсан байшингаа 50 сая төгрөгөөр үнэлэгдэх хүртэл засаж, янзалсан ... гэх тайлбар, гэрч Д.гийн ... *******, ******* хоёр ээжийнхээ гэрээс гараад түрээсийн байраар олон жил амьдарсан, хоёулаа хамт зүтгэж байж эд хөрөнгө үүсгэсэн, байшин аваад өдийг хүртэл ******* засдаг ..., ******* мөнгө олохын тулд бүх ажлыг хийдэг байсан ... , гэрч Г.гийн ... энэ хоёр 10-аад жил Хайлаастад амьдарсан ... миний мэдэх хугацаанд ямар ч байсан микронд явдаг, ******* кондуктор хийдэг байсан, мөн бууз, баншны цех ажилуулдаг, түүнийхээ түгээлтийг хийгээд микронд явдаг, ******* дандаа хувиараа хөдөлмөрлөөд авсан орлогоороо амьдардаг байсан ... ******* нь *******тай хамтран амьдрах хугацаандаа хөдөлмөрлөөгүй удаа байхгүй ... гэх мэдүүлэг болон нэхэмжлэгч Ш.*******гийн Голомт банк дахь 1825153395 тоот, Хаан банк дахь тоот данс, хариуцагч Л.*******ын Хаан банк дахь тоот дансны хуулга зэргээр зохигчид хамтран амьдрах хугацаанд хэн аль нь ажил хөдөлмөр эрхэлж, цалин орлоготой байсан, ийнхүү хөдөлмөрийн хөлс, цалин орлогоо хамтын амьдралдаа зарцуулж, өрхийн төсөв бүрдүүлэхэд, ахуйн хэрэгцээгээ хангахад ижил хэмжээгээр оролцоотой байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

12. Хариуцагч хэдийгээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн боловч талууд уг үл хөдлөх хөрөнгийг хамтын амьдралдаа зориулж буюу хамт амьдран суух зориулалтаар бусдаас худалдан авсан, ингэхдээ нэхэмжлэгч, хариуцагчийн цалин орлого болон хөдөлмөрийн хөлсөөр бий болсон хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй байна. Хариуцагчаас ... би *******д энэ хашаа байшинг өөрийн охиндоо үлдээнэ, чи битгий булаацалдаарай гэж хэлж байсан. Би өмнөх эхнэрээсээ охинтой, миний охин энэ жил сургуулиа төгсөнө, хашаа байшинг би өөрийн охиндоо өгөх гэж авсан ... гэсэн тайлбар гаргаж маргасан боловч түүний тайлбар, татгалзал хэргийн баримтаар нотлогдохгүй, тухайн хөрөнгийг хариуцагч дангаар өмчлөх эрхтэй этгээд гэж үзэх боломжгүй байна.

 

13. Тиймээс Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8. Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь дундын хөрөнгө болох хашаа, газар болон автомашинаас өөрт ногдох хэсгээ мөнгөн хэлбэрээр нэхэмжилсэн нь үндэслэлтэй.

 

14. Нэхэмжлэгч талаас гаргасан Хаан үнэлгээ ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн үнэлгээний тайланд зохигчдын дундын хөрөнгө болох хашаа, хувийн сууцыг 53,599,000 төгрөг, Тоёота приус маркийн автомашиныг 21,251,000 төгрөг, нийт 75,149,000 төгрөгөөр үнэлсэн бол хэргийн оролцогчдын хүсэлтийн дагуу хийгдсэн шинжээч Ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №ТХҮ-424-8968 дугаар дүгнэлтэд хашаа, хувийн сууцыг 49,737,240 төгрөг, Тоёота приус маркийн автомашиныг 19,000,000 төгрөг, нийт 68,737,240 төгрөгөөр үнэлжээ.

 

15. Шүүх эд хөрөнгийн шинж байдал, талуудын тайлбарыг харгалзан шинжээчийн дүгнэлтийг үндэслэж тоотод хаягт байршилтай, нэгж талбарын дугаар, 308 м.кв, Г- дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах 56 м.кв талбайтай, Ү- дугаарт бүртгэлтэй, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон Тоёота приус маркийн улсын дугаартай автомашиныг хариуцагчийн өмчлөлд үлдээж, тухайн хөрөнгөөс нэхэмжлэгч Ш.*******д ногдох хэсэг 34,368,620 төгрөг /хашаа, хувийн сууц 24,868,620 төгрөг, автомашин 9,500,000 төгрөг/-ийг хариуцагч Л.*******аас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,205,880 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

16. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж хамтын амьдралтай байсныг тогтоолгох шаардлага гаргасан боловч энэ нь нэхэмжлэлийн бие даасан шаардлага болж чадахгүй, харин дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байх тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож, мөн хариуцагч Л.******* нь дундын эд хөрөнгө буюу гэрийн эд хогшлоос ногдох хэсэг 23,900,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлах нь зүйтэй.

 

17. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 416,022 төгрөг, хариуцагчийн төлсөн 277,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.*******аас нэхэмжлэлийн хангасан дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 329,793 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.*******д олгов.

 

18. Шүүхийн зардал буюу шинжээчийн ажлын хөлсийг нэхэмжлэлийн хангасан дүнд хувь тэнцүүлэн тооцож, зохигчдод хуваарилан хариуцуулах тул хариуцагч Л.*******аас 455,000 төгрөг, нэхэмжлэгч Ш.*******гаас 45,000 төгрөг гаргуулж Төрийн сан дахь тоот дансанд оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.*******аас 34,368,620 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,205,880 төгрөгийн шаардлага болон хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Л.******* нь 23,900,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 416,022 төгрөг, хариуцагчийн төлсөн 277,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.*******аас улсын тэмдэгтийн хураамж 329,793 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.*******д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар шинжээчийн ажлын хөлсөнд хариуцагч Л.*******аас 455,000 төгрөг, нэхэмжлэгч Ш.*******гаас 45,000 төгрөг гаргуулж тус тус Төрийн сан дахь тоот дансанд оруулсугай.

 

5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН